A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 111

Улаанбаатар хот

ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 10.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.1, 8.1.24, Цэргийн албаны тухай хуулийн 7.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан"-ийн үйл ажиллагааг 1 жилийн хугацаанд туршилтын журмаар ажлын өдрүүдэд 24 цагаар, их, дээд сургуулиудын номын санг улирлын болон төгсөлтийн шалгалтын үеэр 24 цагаар тус тус ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, цаашид жил, жилийн улсын төсвийн төсөлдөө тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт нарт тус тус даалгасугай.

2.Засгийн газраас хэрэгжүүлж байгаа халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийг хамруулах арга хэмжээ авч, холбогдох зардлыг төсвийн ерөнхийлөгч захирагчийн 2023 оны батлагдсан төсвийн багцынхаа хүрээнд тооцож санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.

3."Оюутан-цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутны тоог 1500 (нэг мянга таван зуу)-д хүргэж, уг сургалтын үйл ажиллагаанд 2023 онд шаардлагатай зардлыг залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн төсвөөс зохицуулалт хийх замаар, 2024 оноос улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тус тус даалгасугай.

4.Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээр олгох, цэнэглэх, ашиглахтай холбогдсон асуудлыг тодорхой зохицуулж журамлах, нийтийн тээврийн хэрэгслээр ажлын өдөрт оюутан нэг удаа үнэ төлбөргүй зорчиж байгааг хоёр удаа болгон нэмэгдүүлж, шаардагдах зардлыг тооцон, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасугай.

5.Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх "Эрүүл мэндийн төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, шаардагдах зардлын эх үүсвэрийг 2024 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

6.Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд оюутанд зориулсан тусгай цэс бий болгож, номын сан, соёлын зэрэг үйлчилгээ авах, хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН