- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 120
Улаанбаатар хот
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.1, 6.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Шинжлэх ухаан, технологийг орчин үеийн жишигт нийцүүлэн салбарыг хөгжүүлэх, Шинжлэх ухааны академийн бүтэц, зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг бий болгох талаар судалгаа хийж зохих арга хэмжээ авах, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд дэвшүүлсэн Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй багц асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
2.Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологид тулгуурлах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дор дурдсан Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгасугай:
2.1."Аж үйлдвэрийн сэргэлт"-ийн бодлогод тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэсэн техник, технологи, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааны ажлын жагсаалт гаргаж, танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт;
2.2."Эрчим хүчний сэргэлт"-ийн хүрээнд тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, түүнд суурилсан төлөвлөлтийг гаргаж, танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт;
2.3."Хот хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн бүсчлэл тогтоох схем, арга зүй, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох, эдийн засгийн өсөлтийн төв боомтуудын тусгайлсан орон зайн хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга нарт;
2.4."Ногоон хөгжлийн сэргэлт"-ийн хүрээнд Монгол орны бүс нутагт тохирсон төрөл зүйл модны үр, хөрсийг бий болгох, тарьж ургуулах технологи дамжуулах, нутагшуулах судалгааны сууриныг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулах, усны нөөцийн хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн цогц судалгаа хийх, ундны усны чанарыг сайжруулах, хаягдал ус цэвэрлэх, усны хэмнэлттэй технологи боловсруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологи, ногоон санхүүжилтийн механизмыг бүрдүүлж, хог хаягдлыг дахин боловсруулах болон электрон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, устгалд оруулах технологийн шийдэл бүхий техник эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулж, танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт;
2.5."Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухаан, технологи, инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн бэлтгэх "сургалт-судалгаа-үйлдвэрлэл" хосолсон ахисан түвшний сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт;
2.6."Шинэ бүтээл, оновчтой санааны эздийн улсын уралдаан"-ыг сэргээн зохион байгуулах санал боловсруулж, танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд;
2.7.Эрдэм шинжилгээний байгууллагыг төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах болон оюуны өмчид үнэлгээ тогтоож, хөрөнгийн барьцаа болгон ашиглах зохицуулалт хийх боломжийг судалж, саналаа танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт;
2.8.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тухайн чиглэлийн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдаар хийлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудлыг судалж, саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт.
3.Энэ тогтоолд заасан арга хэмжээг 2024 оноос эхлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, холбогдох Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт тус тус даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
