A

A

A

Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тушаалын хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЭДЭЛГЭЭНИЙ ЖИШИГ

ХУГАЦАА ТОГТООХ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг энэхүү дүрэм болон холбогдох норм, нормативын баримт бичигт заасны дагуу тогтоход хамаарна.

1.2. Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг "Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага" /БНбД 20-01-11/, "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын жишиг хугацаа" /БД 13-104-20/ барилгын норм, дүрэм болон тухайн барилга байгууламжийн ашиглалтын нөхцөл байдалтай уялдуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд болон мэргэжлийн байгууллага тогтооно.

1.3. Түүх соёлын үл хөдлөх дурсгал, архитектурын дурсгалт барилга байгууламжийн эдэлгээний хугацааг тогтоохдоо зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

1.4. Эдэлгээний жишиг хугацааг батлан хамгаалахын салбарын болон зам, гүүрийн барилга байгууламжийг энэ дүрмээр тогтоохгүй.

1.5. Байгалийн гамшиг, цаг уурын онцгой нөхцөл болон гал түймэрт өртсөн барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг мэргэжлийн байгууллага /барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага/-ын дүгнэлтийг үндэслэн тогтооно.

Хоёр. Норм, норматив эшлэл

2.1. Энэхүү дүрэмд эшлэл татсан дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлийн, албан ёсны хэвлэлийг хүчинтэйд тооцож мөрдөнө. Үүнд:

2.1.1. "Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага" /БНбД 20-01-11/;

2.1.2. "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын жишиг хугацаа" /БД 13-104-20/;

2.1.3. "Орон сууцны барилгын техник ашиглалтын дүрэм";

2.1.4. "Орон сууцны барилгын физик элэгдэлийг үнэлэх заавар" /БД 31-104-01/;

2.1.5. "Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар" /БД 31-101-00/;

2.1.6. "Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар" /БД 31-102-00/;

2.1.7. "Барилга байгууламжийн галын аюулгүй байдал" /БНбД 21-01-02/.

Гурав. Эдэлгээний жишиг хугацааг тодорхойлох

3.1. Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг "Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага /БНбД 20-01-11/" барилгын норм ба дүрмийн 3.2.4-т "Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа /Хүснэгт 1/"-нд заасны дагуу төлөвлөлтийн үе шатанд тооцож, тодорхойлно.

3.2. Өмчлөгч, ашиглагчийн хүсэлтээр барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын жишиг хугацаа /БД 13-104-20/" барилгын дүрмийн 4.1-д "Барилга байгууламжийн ашиглалт, засварын жишиг хугацаа /Хүснэгт 1/"-ны үзлэгийн хугацаатай уялдуулан хуулийн этгээд ашиглалтын үе шатанд тооцож, тодорхойлно.

3.3. Ашиглаж байгаа эвдрэл гэмтэлтэй барилгын эдэлгээний жишиг хугацааг тооцохдоо "Орон сууцны барилгын физик элэгдлийг үнэлэх заавар", "Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар", "Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар", "Газар хөдлөлтийн бүсэд барьсан барилгын паспортжуулалтын аргачилсан заавар" барилгын норм, нормативын баримт бичигтэй уялдуулан тогтооно.

3.4. Барилга байгууламжийн эдэлгээний хугацаа дуусгавар болсны дараа тухайн барилга байгууламжийг цаашид ашиглах эсэхийг Барилгын тухай хуулийн 14.10-т заасан байгууллага тогтооно.

3.5. Дээр дурдсанаас бусад барилга байгууламжид тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээд "Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага /БНбД 20-01-11/"-ыг үндэслэн тодорхойлно.

Дөрөв. Барилга байгууламжийн физик элэгдлийн эдэлгээний хугацааг тодорхойлох

4.1. Барилга байгууламжид техникийн дүгнэлт гаргаж буй хуулийн этгээд "Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага /БНбД 20-01-11/" барилгын дүрмийн заасан 1-р хүснэгт болон "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын жишиг хугацаа /БД 13-104-20/" барилгын дүрмийн 6.8-д заасныг харгалзан нормоор тогтооно.

4.2. Барилга байгууламжийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад зориулалтыг өөрчилсөн, эвдрэл гэмтэл үүссэн бол "Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар /БД 31-101-00/" барилгын дүрмийн дагуу эдэлгээний хугацааг дахин тооцно.

4.3. Барилга байгууламжийн их засвар, урсгал засварыг "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын жишиг хугацаа /БД 13-104-20/" барилгын дүрэмд заасны дагуу гүйцэтгүүлж, барилгад хагарал цуурал, эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд хүчитгэх арга хэмжээг авна.

4.4. Барилгын үндсэн хийц, бүтээцэд үзлэг хийхдээ үл эвдэх аргаар хийсэн туршилтыг үндэслэн эдэлгээний жишиг хугацааг мэргэжлийн байгууллага тодорхойлно.

4.5. Барилга байгууламжийн угсралт болон ашиглалтын хугацаанд галын аюулгүй байдал алдагдаж, гал түймэр гарсан тохиолдолд тухай барилга байгууламжийн ашиглалтын шаардлагыг хангах эсэхийг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.

4.6. Техникийн дүгнэлт гаргасан хуулийн этгээд /мэргэжлийн байгууллага/ холбогдох орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зөвлөлөөс гарсан зөвлөмжийг үндэслэн тухайн барилга байгууламжийн ашиглалтын хугацааг тодорхойлно.

Тав. Бусад

5.1. Эдэлгээний жишиг хугацааны талаарх санал гомдлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

5.2. Эдэлгээний хугацааг дахин шинэчлэн тогтоосон бол зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээд болон өмчлөгч, ашиглагч нь Барилгын тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

 

__о О о__