- Нүүр
- Сайдын тушаал
- ДАЛАЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/89 дүгээр тушаалын хавсралт
ДАЛАЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцтой холбоотой гарсан далайн осол, зөрчлийг (цаашид "осол, зөрчил" гэх) шинжлэн шалгах ажиллагааг олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Осол, зөрчил гэдэгт Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тохиолдлыг ойлгоно.
1.3. Далайн захиргаа нь (цаашид "Захиргаа" гэх) Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулна.
1.4. Осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, осол зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байна.
ХОЁР. ДАЛАЙН ОСОЛ, ЗӨРЧИЛ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ
2.1. Осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
2.1.1. хараат бус, бие даасан байх;
2.1.2. үр дүнтэй, шуурхай, бүрэн гүйцэд явуулах,
2.1.3. осол, зөрчлийн шалтгааныг үнэн зөв тогтоох,
2.1.4. аливаа этгээдийн гэм бурууг тогтоох, хариуцлага тооцоход чиглэхгүй байх;
2.1.5. бусад улсууд болон ашиг сонирхол нь хөндөгдөх талуудын хамтын оролцоог дэмжих;
2.1.6. хөлөг онгоцны багийн гишүүдтэй эрх тэгш харьцах.
2.2. Осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагааг тухайн осол, зөрчилтэй холбогдуулан явуулж буй бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгэн адил авч үзнэ.
ГУРАВ. ШИНЖЭЭЧ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. Захиргаа нь Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу осол, зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг тухай бүр томилно.
3.2. Шинжээч нь дараах шаардлагыг хангасан байна:
3.2.1. далайн салбарын техникийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дадлага туршлагатай байх;
3.2.2. Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцод заасан хөлөг онгоцны ахмад, навигацын ахлах офицер, хөдөлгүүрийн ахлах инженерийн чадамжийн гэрчилгээ эзэмшсэн байх
3.2.3. энэхүү журмын 3.2.1, 3.2.2-т заасан чиглэлээр хөлөг онгоц дээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.2.3. далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
3.3. Шинжээч нь далайн салбарын бусад чиглэлээр хамрагдсан сургалтын талаар мэдээллийг Захиргаанд ирүүлж болно.
ДӨРӨВ. ДАЛАЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГАА
4.1. Захиргаа нь осол, зөрчилтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.1.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцтой холбоотой гарсан осол, зөрчлийг боомт болон эргийн улсын хяналтын алба, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, осол, зөрчлийн хэрэгт хамаарал бүхий улсын эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэж, холбогдох мэдээллийг хүргүүлэх;
4.1.2. Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг явуулах талыг хэлэлцэн шийдвэрлэх;
4.1.3. Осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаанд 2 болон түүнээс дээш тал оролцох бол энэхүү журмын 2.1.6-д заасныг баримтлан ажиллах;
4.1.4. Осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө шинжээчийг дараах мэдээллээр хангаж ажиллах:
4.1.4.1. хөлөг онгоцны ерөнхий мэдээлэл;
4.1.4.2. хөлөг онгоцонд олгосон бүртгэлийн болон техникийн гэрчилгээ;
4.1.4.3. хөлөг онгоцны даатгалтай холбоотой баримт бичиг;
4.1.4.4. хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоцны менежентийн асуудал хариуцсан компани, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөлөг онгоцны багийн гишүүдийн мэдээлэл;
4.1.4.5. осол, зөрчил гарсан байршил;
4.1.4.6. Захиргаатай зэрэгцэн осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын мэдээлэл;
4.1.4.7. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаа явуулахад зайлшгүй мэдэх шаардлагатай Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам болон холбогдох баримт бичиг;
4.1.4.8. осол, зөрчлийг шинжлэн шалгах ажилд шаардлагатай гарын авлага, материалууд;
4.1.5. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагааны туршид шинжээчтэй холбоотой байж, холбогдох мэдээллээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
4.2. Шинжээч нь осол, зөрчилтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.2.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцтой холбоотой гарсан осол, зөрчлийг шинжлэн шалгах. Үүнд:
4.2.1.1. хөлөг онгоцонд олгосон гэрчилгээ болон даатгалын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх;
4.2.1.2. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас хөлөг онгоцонд олгосон холбогдох гэрчилгээнд дүн шинжилгээ хийх;
4.2.1.3. хөлөг онгоцны хөдөлгүүр, эд ангиудыг шинжлэн шалгах;
4.2.1.4. осол, зөрчил болсон үеийн холбогдох цаг агаарын байдалд дүн шинжилгээ хийх;
4.2.1.5. эвдэрч гэмтэж тарсан эд ангийн байршлыг тогтоож нарийвчилсан зураг гаргах, ослын газрыг шинжлэн шалгах;
4.2.1.6. ослын газрын болон эвдэрсэн эд ангийн нарийвчилсан зураг авах, дүрс бичлэг хийх;
4.2.1.7. осол, зөрчилд нөлөөлөх хүний хүчин зүйл байгаа эсэхийг шинжлэн шалгах;
4.2.1.8. хөлөг онгоц дээрх галтай тэмцэх ажиллагааны зохион байгуулалтыг шинжлэн судлах;
4.2.1.9. шаардлагатай тохиолдолд хөлөг онгоцны багийн гишүүд, хохирогчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах;
4.2.1.10. гэрчээс мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэх;
4.2.1.11. шаардлагатай тохиолдолд осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаатай холбогдуулан ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс тайлбар авах;
4.2.1.12. ослын улмаас хувь хүн, эд хөрөнгө болоод далайн орчинд учруулсан хохирол байгаа эсэхийг шинжлэн шалгах;
4.2.1.13. шаардлагатай бусад арга хэмжээг авах.
4.2.2. осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг аль болох түргэн хугацаанд явуулах;
4.2.3. осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг эхлүүлэхээс өмнө энэхүү журмын 4.1.4-т заасан мэдээлэлтэй танилцах;
4.2.4. осол, зөрчил шинжлэх шалгах ажиллагааны туршид Захиргаатай холбоотой байж, холбогдох мэдээллээр хангаж, нөхцөл байдлыг мэдээлэх;
4.2.5. осол, зөрчлийн цар хүрээнээс шалтгаалан мэргэжлийн этгээдийг татан оролцуулах саналаа Захиргаанд гаргах;
4.2.6. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор олж авсан нотлох баримт, мэдээллүүдийг осол, зөрчлийн шалтгааныг тогтоохоос өөр зорилгоор ашиглахгүй байх;
4.2.7.эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр дараах нотлох баримт, мэдээллүүдийг бусдад задруулахгүй байх. Үүнд:
4.2.7.1. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагааны явцад ярилцлага хийсэн аливаа этгээд болон тэдгээрээс авсан тайлбар, тодорхойлолт;
4.2.7.2. хөлөг онгоц дээрх болон доторх дүрс, ярианы бичлэг;
4.2.7.3. аливаа этгээдийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн дүгнэлт болон хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл;
4.2.7.4. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаанд оролцогчийн илэрхийлсэн санал, хүсэлт.
4.2.8. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор олж авсан нотлох баримт, мэдээллүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
ТАВ. ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ
5.1. Шинжээч нь осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагааг дуусгасан даруйд тайлан гаргаж Захиргаанд ирүүлнэ.
5.2. Ажлын тайланд дараах зүйлийг тусгана:
5.2.1. энэхүү журмын 4.2.1-д заасан ажил үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажиллагааны талаар мэдээлэл, холбогдох баримт бичиг, нотлох баримт;
5.2.2. энэхүү журмын 4.2.5-д заасан этгээд оролцсон бол энэ тухай мэдээлэл;
5.2.3. осол, зөрчлийн шалтгаан, дүгнэлт;
5.2.4. осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны зөвлөмж.
5.3. Захиргаа нь ажлын тайланг хүлээн авч, дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд шинжээчээс нэмэлт тодруулга тайлбар авч болно.
5.4. Захиргаа нь ажлын тайланг хүлээж авснаас хойш холбогдох бусад мэдээллийн хамт ажлын 14 хоногийн дотор Олон улсын далайн байгууллагын Далайн тээврийн мэдээллийн нэгдсэн системд (www.gisis.imo.org) байршуулна.
5.5. Захиргаа нь энэхүү журмын 5.2.4-т заасан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилго бүхий осол, зөрчлийн мэдээллийн сан бүрдүүлж болно.
5.6. Захиргаа нь ажлын тайланг бүртгэж, хадгалах ажлыг зохион байгуулна.
ЗУРГАА. БУСАД
6.1. Энэхүү журмыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A