- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨЛӨГ ОНГОЦЫГ АЛСЫН ЗАЙНААС ХЯНАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/90 дугаар тушаалын хавсралт
ХӨЛӨГ ОНГОЦЫГ АЛСЫН ЗАЙНААС ХЯНАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, далайн хүрээлэн буй орчныг хамгаалах, далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үүднээс хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журам нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн олон улсын аялал хийж буй 300 тонн болон түүнээс дээш бохир даацтай ачаа тээврийн хөлөг онгоц, мөн өрөмдлөгийн цамхагт үйлчилнэ.
1.3. Бохир даац нь 300 тонноос бага даацтай, далайн эргээс 40 миль (74 км) хүртэлх зайд үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоц, хөвөгч тавцанд энэ журам хамаарахгүй.
1.4. Далайн захиргаа нь (цаашид "Захиргаа" гэх) хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааг Олон Улсын Далайн Байгууллагаас хүлээн зөвшөөрсөн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай (цаашид "үйлчилгээ үзүүлэгч" гэх) гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
1.5. Хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагаандаа Олон Улсын Далайн Байгууллагаас баталсан Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийг (цаашид "систем" гэх) ашиглана.
Хоёр. Хөлөг онгоцны байршил тогтоох төхөөрөмж
2.1. Хөлөг онгоц нь Далай ашиглах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан хөлөг онгоцыг алсын зайнаас хянах зориулалттай байршил тогтоох, харилцаа холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
2.2. Байршил тогтоох төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байна.
2.2.1. системийн төхөөрөмжтэй холбогдож 6 цагийн давтамжтайгаар автоматаар байршлын мэдээллийг дамжуулах,
2.2.2. мэдээлэл дамжуулах давтамжийг өөрчлөх боломжтой байх,
2.2.3. эрчим хүчний нөөц эх үүсвэртэй байх,
2.2.4. цахилгаан соронзон орны нөлөөнд автахгүй байхаар суурилуулагдсан байх.
Гурав. Хөлөг онгоцны байршлын мэдээлэл дамжуулах
3.1. Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай конвенцод заасны дагуу хөлөг онгоцны байршил тогтоох төхөөрөмж нь өөрийн байршлыг өдөрт 4-өөс багагүй удаа автоматаар үйлчилгээ үзүүлэгчид мэдээлнэ.
3.2. Хөлөг онгоцны байршлын мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгчид дамжуулснаас хойш 15 минутын дотор Захиргаанд мэдээлнэ.
3.3. Хөлөг онгоцны байршил тогтоох төхөөрөмж нь дараах мэдээллийг автоматаар дамжуулна.
3.3.1. хөлөг онгоцны нэр, төрөл, ОУДБ-ын дугаар,
3.3.2. хөлөг онгоцны байрлал, уртраг ба өргөрөг,
3.3.3. мэдээлэл дамжуулсан огноо, хугацаа.
Дөрөв. Мэдээлэл дамжуулах давтамжийг өөрчлөх
4.1. Хөлөг онгоц нь далайн аяллаа түр зогсоож боомтод засвар үйлчилгээнд орох тохиолдолд хөлөг онгоцны ахмад Захиргаанаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хөлөг онгоцны байршлын мэдээлэл дамжуулах давтамжийг өдөрт нэг удаа болгож өөрчлөх эсхүл төхөөрөмжийг түр хугацаагаар унтрааж болно.
4.2. Хөлөг онгоцны ахмад нь мэдээлэл дамжуулах давтамжийг өөрчилсөн огноо, цагийг тэмдэглэж, Захиргаанд мэдэгдэнэ.
Тав. Захиргааны эрх, үүрэг
5.1. Захиргаа нь системийг хэрэглэх хэрэглэгчийн нэрсийг үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлнэ.
5.2. Захиргаа нь хөлөг онгоцыг алсын зайнаас хянахын тулд дараах мэдээллүүдийг үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлнэ.
5.2.1. хөлөг онгоцны нэр,
5.2.2. ОУДБ-ын дугаар,
5.2.3. дуудлагын дугаар,
5.2.4. хиймэл дагуулын холбооны дугаар.
5.3. Захиргаа нь алсын зайнаас хянах хөлөг онгоцонд системийн тохиргоо, туршилт хийлгүүлэхээр хөлөг онгоцны эзэмшигч болон үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэнэ.
5.4. Захиргаа нь хөлөг онгоцны дараах мэдээллийг системд оруулахаар үйлчилгээ үзүүлэгчид цахимаар хүргүүлнэ.
5.4.1. хөлөг онгоцны үндсэн мэдээлэл,
5.4.2. хөлөг онгоцыг бүртгэлээс хассан тухай,
5.4.3 хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материалд өөрчлөлт орсон талаарх мэдээлэл.
Зургаа. Үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага
6.1. Үйлчилгээ үзүүлэгч нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлнэ.
6.2. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна.
6.2.1. ОУДБ-аас хүлээн зөвшөөрсөн байх,
6.2.2. Олон Улсын Хөдөлгөөнт Хиймэл Дагуулын Байгууллагын аудитад жил бүр хамрагдаж, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах,
6.2.3. системд шаардлагатай хөгжүүлэлт, тохиргоо, туршилтыг олон улсын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх,
6.2.4. мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахуйц чадамжтай байх,
6.2.5. шуурхай байдлын үед холбоо тогтоох боломжтой нөхцлийг бүрдүүлсэн байх.
6.3. Үйлчилгээ үзүүлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг Захиргаатай байгуулсан гэрээгээр зохицуулна.
Долоо. Бусад
7.1. Энэхүү журмыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A