- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙГУУЛЛАГЫГ ТОМИЛОХ, ТҮҮНИЙ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/91 дүгээр тушаалын хавсралт
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙГУУЛЛАГЫГ ТОМИЛОХ, ТҮҮНИЙ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Далай ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг (цаашид "ХЗБ" гэх) томилох, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэх болон бүртгэгдсэн хөлөг онгоцонд далбааны эзэн улсын нэрийн өмнөөс техникийн үзлэг, шалгалт хийж, хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, хянан зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. ХЗБ-ыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах ажлыг Далайн захиргаа (цаашид "Захиргаа" гэх) нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд эрхлэн явуулна.
1.3. ХЗБ-ын үйл ажиллагаа нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана.
Хоёр. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад тавигдах шаардлага
2.1. ХЗБ нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу чанарын өндөр түвшинд үзлэг оношилгоо хийж, техникийн хяналт тавьж, холбогдох гэрчилгээ олгодог байх;
2.1.2. ХЗБ-ын ажилтнууд, эрх бүхий байцаагч, аудиторууд нь мэргэжлийн, мэдлэг чадвартай, туршлагатай байх;
2.1.3. ХЗБ-ын ажилтнууд, эрх бүхий байцаагч, аудиторууд нь хөлөг онгоцонд үзлэг оношилгоо хийх, техникийн хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох үүргээ шударгаар хэрэгжүүлэхэд саад болохуйц аливаа хөндлөнгийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, хараат бус байх, дарамт шахалтаас ангид ажилладаг байх;
2.1.4. хөлөг онгоцны загвар бүтэц, холбогдох машин механизмын чухал бүрдэл хэсгүүдэд хамаарах дүрэм, журмуудыг боловсруулж, үйл ажиллагаандаа баримталдаг байх;
2.1.5. далбааны эзэн улсын нэрийн өмнөөс техникийн гэрчилгээ олгох болон ажил үйлчилгээ явуулахтай холбоотой бүх мэдээллийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах.
Гурав. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох
3.1. Захиргаа нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журам болон энэхүү журамд заасан шаардлагыг хангасан ХЗБ-тай гэрээ байгуулсны үндсэн дээр томилон ажиллуулна.
3.2. Захиргаа нь ХЗБ-тай байгуулах гэрээнд дараах гол нөхцөлүүдийг тусгана.
3.2.1. Гэрээний үйлчлэл;
3.2.2. Захиргаанаас олгосон эрхийн төрөл;
3.2.3. Гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг;
3.2.4. Захиргаанаас олгосон эрхийн хүрээнд гүйцэтгэх үүргийн эрх зүйн үндэслэл;
3.2.5. Захиргаанд тайлан мэдээлэл хүргүүлэх;
3.2.6. холбогдох дүрэм, журмуудыг боловсруулахад хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
3.2.7. Захиргаанаас ХЗБ-ын үйл ажиллагаанд хяналт тавих;
3.2.8. зөрчил, дутагдлыг арилгах;
3.2.9. гэрээний хугацаа
3.2.10. гэрээний хариуцлага
Дөрөв. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын эрх, үүрэг
4.1. ХЗБ нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журам болон Захиргаатай байгуулсан гэрээнд зааснаас гадна дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
4.1.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх болон бүртгүүлсэн хөлөг онгоцонд үзлэг оношилгоо хийх, техникийн хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох;
4.1.2. энэхүү журмын 4.1.1-т заасан үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах;
4.1.3. энэхүү журмын 4.1.1-т заасан үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл болон ХЗБ-аас батлан гаргасан дүрэм, журам холбогдох баримт бичиг, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг Захиргаанд тухай бүр мэдээлэх;
4.1.4. хөлөг онгоцны үзлэг оношилгоо, техникийн хяналтын үр дүнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах болон зөрчил, дутагдлын шалтгааныг тодруулж, дахин гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг Захиргаатай хамтран гүйцэтгэх;
4.1.5. энэхүү журмын 4.1.1-т заасан асуудлаар эргийн болон боомт улсын хяналтын албатай хамтран ажиллах, Захиргааг мэдээллээр хангах;
4.1.6. далбааны эзэн улсын хяналтын чиглэлээр Захиргаатай хамтран ажиллах;
4.1.7. хөлөг онгоцонд олгосон холбогдох гэрчилгээнүүдийн хуулбарыг Захиргаанд тухай бүр ирүүлэх;
4.1.8. ХЗБ-ын дотоод дүрэм, журам холбогдох баримт бичгийг боловсруулахад Захиргаанаас санал авах;
4.1.9. ХЗБ-ын чанарын удирдлагын тогтолцоог тогтмол сайжруулан, хүний нөөцийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, холбогдох сургалтад хамруулах;
4.1.10. хөлөг онгоцны чанар, аюулгүй байдлыг хангах, бохирдлоос урьдчилан сэргийлэх үүрэг, амлалт, бодлого, зорилтуудаа тодорхойлох;
4.1.12. жил бүр үйл ажиллагаандаа хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэх, гурван жил тутамд дотооддоо аудитын шалгалт зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах.
Тав. Захиргааны эрх, үүрэг
5.1. Захиргаа нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журам болон ХЗБ-тай байгуулсан гэрээнд зааснаас гадна дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
5.1.1. ХЗБ-ын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, хяналт тавих,
5.1.2. ХЗБ-ын үзлэг оношилгоо, техникийн хяналтын үр дүнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахтай холбоотой асуудлаар ХЗБ, эргийн болон боомт улсын хяналтын албатай хамтран ажиллах;
5.1.3. хамтран ажиллаж буй ХЗБ-ын жагсаалт, ХЗБ-тай байгуулсан гэрээний талаар мэдээллийг Олон Улсын Далайн Байгууллагад тухай бүр мэдээлэх;
5.1.4. Олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журамд орсон нэмэлт, өөрчлөлт болон Захиргаанаас ХЗБ-ын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан баримт бичиг, мэдээллийг ХЗБ-д тухай бүр мэдээлэх;
5.1.5. ХЗБ-ын чадамжаас давсан чиг үүргийг гүйцэтгүүлэхгүй байх.
Зургаа. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас үзлэг оношилгоо, техникийн хяналт, гэрчилгээ олгохтой холбоотой үйл ажиллагааг тайлагнах, мэдээлэх
6.1. ХЗБ нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх эсхүл бүртгэгдсэн хөлөг онгоцонд үзлэг оношилгоо хийх, техникийн хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох зэрэг үйл ажиллагааны жилийн тайлан болон холбогдох бусад мэдээллийг Захиргаанд жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан ирүүлнэ.
6.2. ХЗБ нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх эсхүл бүртгэгдсэн хөлөг онгоцонд хийсэн үзлэг оношилгоо, техникийн хяналт болон олгосон гэрчилгээний талаар цахим мэдээллийн сан үүсгэж, тус системд нэвтрэх эрхийг Захиргаанд олгоно.
6.3. ХЗБ нь хөлөг онгоцны үзлэг оношилгоо, техникийн хяналттай холбоотой тайлан, мэдээлэл болон баримт бичгийг Захиргаанд тухай бүр гаргаж өгнө.
6.4. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь дараах тохиолдолд Захиргаанд нэн даруй мэдэгдэж, холбогдох мэдээллийг хүргүүлнэ.
6.4.1. хөлөг онгоц эргийн болон боомт улсын хяналт шалгалтаар саатуулагдах үндэслэл болохуйц зөрчил илэрсэн эсхүл саатуулагдсан;
6.4.2. Хөлөг онгоцны эзэмшигч Олон улсын аюулгүй ажиллагааны менежментийн дүрмийг хэрэгжүүлэх зааварчилгааны шаардлагыг зөрчсөн;
6.4.3. Хөлөг онгоц аяллаа үргэлжлүүлэх боломжгүй аюултай нөхцөл байдал үүссэн, осол зөрчил гарсан, хөлөг онгоцны тоног төхөөрөмж, бүтцэд эвдрэл, гэмтэл гарсан.
Долоо. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, хяналт тавих
7.1. Захиргаа нь ХЗБ-ын үзлэг оношилгоо, техникийн хяналт болон холбогдох гэрчилгээ олгох ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор хяналтын хөтөлбөр боловсруулна.
7.2. Хяналтын хөтөлбөр нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журмын шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг хянах болон ХЗБ-ын үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоог сайжруулахад чиглэнэ.
7.3. Захиргаа нь хяналтын хөтөлбөрт дараах үйл ажиллагааг тусган хэрэгжүүлнэ:
7.3.1. ХЗБ-ын үйл ажиллагаа нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхэд далбааны эзэн улсын хяналт шалгалт явуулах;
7.3.2. ХЗБ-ын үйл ажиллагаанд тавих хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх үүднээс далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нарын мэдлэг, мэдээллийг тогтмол дээшлүүлж, сургалтад хамруулах;
7.3.3. ХЗБ-ын үзлэг оношилгоо, техникийн хяналт, холбогдох гэрчилгээ олгохтой холбоотой үйл ажиллагааг сайжруулах асуудлаар ХЗБ-тай санал солилцох;
7.3.4. ХЗБ-ын үйл ажиллагаанд аудитын шалгалт зохион байгуулах болон зайнаас хяналт хэрэгжүүлэх;
7.4. Захиргаа нь аудитын шалгалтыг мэргэжлийн, албан ёсны гэрчилгээтэй байгууллагаар жилд нэг удаа гүйцэтгүүлнэ.
7.5. Аудитын байгууллагын эрх, үүрэг, шалгалтын цар хүрээ болон давтамжийг гэрээгээр зохицуулна.
7.6. Захиргаа нь зайнаас хяналт хийх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
7.6.1. Энэхүү журмын 6.3-т заасан тайланд дүн шинжилгээ хийх;
7.6.2. Үзлэг оношилгоо, техникийн хяналтын үр дүнд илэрсэн зөрчил, дутагдлыг хэрхэн арилгаж буйд дүн шинжилгээ хийх;
7.6.3. Олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журам, Захиргаанаас өгсөн зааварчилгааг үйл ажиллагаандаа баримталж, хэрэгжүүлж буй эсэхийг тодорхойлох;
7.7. Захиргаа нь ХЗБ-ын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийхдээ дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
7.7.1. ХЗБ-ын дотоод аудитын шалгалтын дүгнэлт;
7.7.2. Аудитын байгууллагаас чанарын удирдлагын тогтолцоонд явуулсан аудитын дүгнэлт;
7.7.3. Захиргаанаас зайнаас хэрэгжүүлсэн хяналтын дүгнэлт;
7.8. Захиргаа нь хяналтын хөтөлбөрт дүгнэлт хийж, гарсан үр дүнд тулгуурлан зөрчил, дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналтын хөтөлбөрийн цаашдын үр дүнг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
Найм. Хариуцлага
8.1. ХЗБ-д ногдуулах хариуцлагыг Захиргаа, ХЗБ-ын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлно.
8.2. Энэхүү журмыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.
- - - о О о - - -
Текст томруулах
A
A
A