A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/92 дугаар тушаалын хавсралт

 

ДАЛБААНЫ ЭЗЭН УЛСЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц болон багийн бүрэлдэхүүн олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжид заасан шаардлага хангаж байгаа эсэхэд далбааны эзэн улсын зүгээс хяналт, шалгалт (цаашид "хяналт, шалгалт" гэх) хийх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Далай ашиглах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу эрх олгогдсон далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч (цаашид "улсын байцаагч" гэх),  мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т заасны дагуу Далайн захиргаанаас (цаашид "Захиргаа" гэх) томилогдсон далайн эрэг бүхий улсын хянан шалгагч (цаашид "хянан шалгагч" гэх) хяналт, шалгалт хийхдээ энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3. Улсын байцаагч, хянан шалгагч нь Далай ашиглах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан чиглэлээр хяналт, шалгалт хийнэ.

Хоёр. Улсын байцаагч, хянан шалгагч, түүний эрх, үүрэг

2.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь Далай ашиглах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь заалтад заасан ерөнхий шаардлагуудыг хангасан байна.

2.2. Хөлөг онгоцны техникийн болон холбогдох бусад сургалтын хөтөлбөрт хамрагдаж онолын болон дадлагын мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн ур чадварын гэрчилгээтэй байна.

2.3. Хөлөг онгоцны тавцан өөд авирах, буух, хөлөг онгоцны хөдөлгүүр болон ачаа хадгалах ёроолын хэсэгт орж хяналт, шалгалт хийх зэрэг биеийн хүч шаардсан хөдөлгөөн хийхэд эрүүл мэндийн хувьд тохирохуйц байна.

2.4. Далайн боомтын хил, гааль, Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр чөлөөтэй нэвтрэх эрх бүхий үнэмлэх, дүрэмт хувцастай байна.

2.5. Хяналт, шалгалтыг хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хийж, хууль дээдлэх зарчмыг баримтлан аливаа шийдвэрийг хараат бусаар олон улсын гэрээ, конвенц болон хууль тогтоомжид нийцүүлэн гаргана.

2.6. Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар хөлөг онгоц эзэмшигч, ахмадад шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах үүрэгтэй.

Гурав. Хяналт, шалгалтад бэлтгэх

3.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалтын удирдамж боловсруулан батлуулж, хяналт, шалгалтын бүртгэл, мэдээллийн санд оруулж дугаар авна.

3.2. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалт хийх гэж буй хөлөг онгоцыг далайн боомтод ирэхээс өмнө тухайн хөлөг онгоц эзэмшигч болон түүний төлөөлөгч, хөлөг онгоцны ахмадтай холбоо барьж урьдчилан мэдэгдэнэ.

3.3. Хөлөг онгоцны ахмадаас боомтод ирэхээр төлөвлөсөн хугацаа болон дараагийн боомт руу аялахаар төлөвлөж буй хугацааны талаар урьдчилан мэдээлэл авна.

3.4. Улсын байцаагч нь хөлөг онгоцны байршил тогтоох хянах системийг ашиглан хяналт, шалгалт хийх гэж буй хөлөг онгоцны байршлыг тогтмол хянан шалгаж баталгаажуулна.

3.5. Хөлөг онгоцны эзэмшигч, төлөөлөгч нь Далай ашиглах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу улсын байцаагч, хянан шалгагчийг хөлөг онгоцон дээр хяналт, шалгалт явуулахад шаардагдах, хил гааль, боомтод нэвтрэхэд шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан байна.

Дөрөв. Хяналт, шалгалтыг эхлүүлэх

4.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь Захиргаанаас баталсан хяналтын хуудаст холбогдох хөлөг онгоцны мэдээлэл, шалгалт явуулж буй боомтын нэр, огноог тэмдэглэн хяналт, шалгалтыг эхлүүлнэ.

4.2. Улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоцны багийн бүх гишүүд онгоц дээр байх үед болон хөлөг онгоцны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хяналт, шалгалт хийнэ.

4.3. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт шалгалт хийхдээ хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээ болон шаардлагатай бичиг баримт, мэдээллийг хөлөг онгоцны ахмадаас гаргуулан авна.

Тав. Хяналт, шалгалтыг гүйцэтгэх

5.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалтын удирдамж, хяналтын хуудасны хүрээнд хөлөг онгоц дээрх хяналт, шалгалтыг тухайн хөлөг онгоцны овор, хэмжээ, даацнаас хамaаран ажлын нэгээс хоёр хоногийн хугацаанд бүрэн гүйцэд хийнэ.

5.2. Хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг холбогдох хууль, олон улсын гэрээ, конвенцод заасны дагуу авч хэрэгжүүлнэ.

5.3. Хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчил дутагдлыг гэрэл зураг, дуу, дүрсний бичлэг зэрэг боломжит арга хэрэгслээр баримтжуулж хяналтын хуудас болон хяналт шалгалт хийсэн тайланд хавсаргана.

5.4. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналтын хуудсыг 2 хувь үйлдэж, нэг хувийг хөлөг онгоцны ахмадад өгнө.

Зургаа. Хөлөг онгоцны аюулгүй ажиллагаанд хяналт, шалгалт хийх

6.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт шалгалт хийхдээ хөлөг онгоцны ахмад болон багийн гишүүд хөлөг онгоцны техникийн аюулгүй ажиллагааг хангах, осол аваарт өртөх, багийн гишүүдийн амь нас, далайн хүрээлэн буй орчин, өмч, хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх хөлөг онгоцны Аюулгүй ажиллагааны менежментийн системийн хэрэгжилтэнд нэн тэргүүнд хяналт шалгалт хийнэ.

6.2. Улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоцны аюулгүй ажиллагааны дагуу дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлнэ.

6.2.1. хөлөг онгоцны ахмад нь аюулгүй ажиллагааны менежментийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан ойлгож, түүнийг хэрэгжүүлж байгаа эсэх;

6.2.2. Аюулгүй ажиллагааны менежментийн гарын авлага нь хөлөг онгоцны тавцан дээрх багийн гишүүдэд танилцахад нээлттэй байх;

6.2.3. ахмад нь аюулгүй ажиллагааны менежментийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж чадаж байгаа эсэх;

6.2.4. гэнэтийн ослын үед холбоо тогтоох, мэдэгдэх талаарх журам байгаа эсэх;

6.2.5. Аюулгүй ажиллагааны менежментийн шаардлагын дагуу хөлөг онгоц эзэмшигчээс дотоод хяналт хийгдсэн эсэх;

6.2.6. зөрчил дутагдал, аюул ослын тохиолдлын талаар хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад мэдээлсэн тухай тайлан байгаа эсэх;

6.2.7. гол хөдөлгүүр, туслах хөдөлгүүр ба бусад тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг шалгаж, тэмдэглэл хөтөлдөг эсэх,

6.2.8. хүний амь нас, хүрээлэн буй орчныг  хамгаалах, түүнчлэн галын аюулгүй байдал, гал унтраах хэрэгслийн засвар үйлчилгээг шалгасан талаар тэмдэглэл хөтөлдөг эсэх,

6.2.9. ахмад нь хөлөг онгоц боомтод нэвтрэх, боомтоос гарах үеийн аюулгүй ажиллагааны хяналтын хуудас ашигладаг эсэх, ачаа ачих, буулгах үеийн аюулгүй ажиллагааны журмын хэрэгжилтийн байдлыг шалгаж тэмдэглэл хөтлөдөг эсэх.

Долоо. Хөлөг онгоцны бүртгэлийн болон далайчны чадамжийн гэрчилгээнд хяналт, шалгалт хийх

7.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоц болон багийн гишүүдэд олгосон бүх гэрчилгээг нэг бүрчлэн нягтлан шалгана. Хэрэв аль нэг гэрчилгээний хугацаа дууссан нь тогтоогдвол гэрчилгээг яаралтай сунгах эсхүл цаашид авах шаардлагатай арга хэмжээг хяналт, шалгалтын тайланд тусгасан байна.

7.2. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц нь дараах гэрчилгээнүүдийг хөлгийн тавцан дээр заавал авч явах шаардлагатай.

7.2.1. бүртгэлийн гэрчилгээ;

7.2.2. багийн гишүүдийн аюулгүй ажиллагааны гэрчилгээ;

7.2.3. радио холбооны гэрчилгээ;

7.2.4. хөлөг онгоцны нэр, дуудлагын дугаар тэмдэглэлийн гэрчилгээ;

7.2.5. далайчны чадамжийн гэрчилгээ;

7.2.6. техникийн гэрчилгээнүүд.

7.3. Энэхүү журмын 11.2-т заасан гэрчилгээнүүд нь хөлөг онгоц дээр байхгүй тохиолдолд улсын байцаагч, хянан шалгагч нь тухайн бичиг баримтын бүрдлийг хангаж ажиллахыг хөлөг онгоцны ахмад болон эзэмшигчид мэдэгдэнэ.

7.4. Гэрчилгээнүүдийн олгосон болон дуусах хугацааг хяналтын хуудсанд тэмдэглэнэ.

7.5. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалт явуулж буй хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүний жагсаалтыг хөлөг онгоцны ахмадаас авч хяналтын хуудсанд хавсаргана.

7.6. Хөлөг онгоцны багийн гишүүд тухайн албан тушаалын зэрэгт тохирсон чадамжийн гэрчилгээтэй эсэхэд хяналт, шалгалт хийнэ.

7.7. Тухайн ажлын байранд ажиллаж буй далайчин нь холбогдох олон улсын гэрээний шаардлагад нийцсэн гэрчилгээ, бичиг баримт байхгүй эсхүл далбааны эзэн улсаас чадамжийн гэрчилгээ олгоогүй тохиолдолд нэн яаралтай гэрчилгээжүүлэх шаардлагыг хөлөг онгоцны ахмад болон эзэмшигчид тавина.

7.8. Хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий багийн гишүүдийн тооны доод хязгаарыг тогтоохдоо Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай конвенцод заасан шаардлагад тохирох түвшний үүргийг харгалзан үзсэн байна.

7.9. Хөлөг онгоц дээр ажиллах багийн гишүүдийн тооны доод хязгаар нь багийн гишүүдийн аюулгүй ажиллагааны гэрчилгээтэй нийцэж байх ёстой.

Найм. Багийн гишүүдийн ажиллаж, амьдрах нөхцөлд хяналт, шалгалт хийх

8.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь багийн гишүүдийн ажиллаж, амьдрах нөхцөлд хяналт, шалгалт хийхдээ амьдарч буй өрөөний зохион байгуулалт, бүтэц, ашиглалт, хангамжийн нөхцөл байдалд давхар хяналт, шалгалт явуулж болно. Хяналт шалгалтаар дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

8.1.1. өрөөний зохион байгуулалт, хана, шал, таазны өнгөлгөө болон дулаалгад ашигласан материал нь дуу чимээ, чичиргээнээс тусгаарлагдсан, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэхэд тохирсон байх;

8.1.2. агааржуулалт болон халаалт хэвийн ажиллагаатай эсэх;

8.1.3. гэрэлтүүлэг бүрэн бүтэн ажиллагаатай, хүртээмжтэй эсэх, тоноглол болон хамгаалалт нь бүрэн, эвдрэл, гэмтэл байгаа эсэх;

8.1.4. аваарын гарц саадгүй, чөлөөтэй орж, гарах боломжтой эсэх, гарцын тэмдэглэгээ нь тодорхой, ойлгомжтой байдлаар тэмдэглэгдсэн эсэх;

8.1.5. эрүүл ахуй бие засах өрөө, угаалгын өрөөнүүд шаардлагатай усны нөөцөөр хангагдсан, цэвэр эсэх, мөн ариун цэврийн, бохирын хоолойнууд бүрэн бүтэн, цоорч, гоожсон эсэх, тэмдэг, тэмдэглэгээ байгаа эсэх;

8.1.6. ундны усны хангамжийн зохицуулалт хүртээмжтэй эсэх;

8.1.7. гал тогоо, хооллох ундлах цайны өрөө, хүнсний агуулах – цэвэрлэгээ, ерөнхий нөхцөл байдал, утаа, хиншүү сорогч, тос шүүгчийн цэвэрлэгээнд анхаарах, мөн гал унтраах багаж, хэрэгсэл хангалттай байгаа эсэх;

8.1.8. багийн гишүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх өрөөнд эрүүл мэнд дасгал хөдөлгөөнийг дэмжих тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эсэх;

8.1.9. сургалт, засвар, үйлчилгээний талаар багийн гишүүдэд танилцуулах гарын авлага зэргийг ашигладаг эсэх.

Ес. Хяналт, шалгалтыг дүгнэх

9.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоц дээр хяналт шалгалт хийсэн хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хяналтын хуудаст тэмдэглэсэн баримтыг үндэслэн дүгнэлт гаргана.

9.2. Хяналтын хуудаст илэрсэн зөрчил дутагдал болон хяналт шалгалтын дүгнэлтийг хөлөг онгоцны ахмадад танилцуулан гарын үзэг зурж, тэмдэг даруулан баталгаажуулан өгнө.

9.3. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, хяналт шалгалтын үр дүнгийн талаар удирдах болон дээд шатны албан тушаалтанд танилцуулна.

9.4. Шалгалтын дүн эцэслэн гарсны дараа улсын байцаагч хяналт шалгалтын талаарх тайлан, мэдээллийг хөлөг онгоцны оноосон нэр, бүртгэлийн дугаар, ОУДБ-ын дугаар тус бүрээр хөлөг онгоцны бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулна.

Арав. Хяналтын хуудас

10.1. Хяналтын хуудасны загварыг Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан "Хяналт шалгалт хийх нийтлэг журам"-ын 161-т заасны дагуу Захиргаа батална.

10.3. Улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт шалгалт хийх батлагдсан хяналтын хуудаст заасан асуудлын хүрээнд хийнэ.

10.4. Хяналтын хуудсыг бүрэн гүйцэд дэлгэрэнгүй бөглөсөн байх бөгөөд хэрэв тэмдэглэл хийгдээгүй бол шалтгаанаа тайлбарласан байна.

10.5. Улсын байцаагч, хянан шалгагчийн илрүүлсэн зөрчлийг хяналтын хуудсанд  заавал тэмдэглэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт хуудас хавсаргаж болно.

10.6. Хяналтын хуудаст тэмдэглэсэн зөрчлийн талаар хөлөг онгоцны ахмадад мэдэгдэх бөгөөд зөрчлөө нэн яаралтай арилгах арга хэмжээ авах талаар үүрэг болгоно.

Арван нэг. Фото зургаар баримтжуулах

11.1. Улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоцны дараах хэсгийн фото зургийг баримтжуулан хяналтын хуудсанд хавсаргана.  

11.1.1. хөлөг онгоцны оноосон нэр, ОУДБ-ын дугаар болон холбогдох тэмдэглэгээг харуулсан хэсэг,

11.1.2. хөлөг онгоц бүхэлдээ харагдах байдал,

11.1.3. хөлөг онгоцны урд болон хойд хэсгийн тавцан,

11.1.4. удирдлага, жолоодлогын навигацийн өрөө,

11.1.5. багийн гишүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө,

11.1.6. гол хөдөлгүүр, аваарын нэмэлт хөдөлгүүр, түүний эд анги,

11.1.7. хөдөлгүүрийн удирдлага хяналтын өрөө,

11.1.8. аливаа зөрчил, дутагдлыг баримтжуулсан зураг гэх мэт.

Арван хоёр. Боомтын хяналтын албаны үзлэг, шалгалт

12.1. Боомтын хяналтын албаны үзлэг, шалгалтаар хөлөг онгоц саатуулагдсан эсхүл тухайн үзлэг, шалгалт нь далбааны эзэн улсын хяналт, шалгалттай зэрэг хийгдэж зөрчил илрүүлсэн бол улсын байцаагч, хянан шалгагч нь боомт улсын үзлэг, шалгалтаар илрүүлсэн бүх зөрчлийг нягтлан давхар шалгах бөгөөд тухайн зөрчил бүрт тэмдэглэл хөтлөн хяналтын хуудсанд тэмдэглэнэ.

12.2. Боомтын хяналтын албаны үзлэг, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан эсэх, цаашид хөлөг онгоцонд ямар засвар үйлчилгээ шаардлагатай талаарх мэдээллийг улсын байцаагч, хянан шалгагч нь хяналтын хуудсанд тэмдэглэнэ.  

Арван гурав. Хөлөг онгоц саатуулах

13.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц далайн тээврийн аюулгүй байдал, далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх талаарх олон улсын гэрээ, конвенц, хууль, тогтоомжийн дагуу техникийн аюулгүй ажиллагаагааг бүрэн хангаагүй эсхүл аливаа шаардлагыг зөрчсөн тохиолдолд далбааны эзэн улс уг хөлөг онгоцыг саатуулж болно.

Арван дөрөв. Бусад

14.1. Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---