- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 4 дүгээр сарын 12 өдөр
Дугаар 130
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймагт хийгдэж буй Алтанцөгц сумын 3 км хатуу хучилттай авто замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 1 дүгээр хавсралт, Алтай сумын 2.4 км цемент бетон хучилттай авто замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 2 дугаар хавсралт, Улаанхус сумын 24.7 метр урт төмөр бетон гүүрний авто зам, барилга угсралтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Батлагдсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арманд даалгасугай.
3.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам барилгын ажлын явцад түүх, соёлын эд зүйлс илрэх тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх, зам барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арманд нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
