- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 28
Төрийн ордон, Улаанбаатар хот
Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасугай.
2.Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/онцгой дэглэм тогтоосон 6 сарын хугацаанд багтаан компанийн удирдлага, зохион байгуулалтын оновчтой бүтцийг бий болгож, засаглалыг сайжруулж, гүйцэтгэх удирдлагыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох;
2/компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүндтэй, хөндлөнгийн аудитын компаниар нэн даруй аудит хийлгэх;
3/"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үндсэн үйл ажиллагаанд эрх зүйн нийтлэг хэм хэмжээ, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг чанд сахин мөрдүүлж, олон улсын болон Монгол Улсын стандарт, шаардлагыг хангуулах;
4/онцгой дэглэм тогтоосон хугацаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
5/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах талаар шуурхай арга хэмжээ авч, тус тогтоолын биелэлтийн явцыг сар бүр Улсын Их Хуралд танилцуулах.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Т.Энхтүвшин/-нд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
