A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 17.40 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Г.Баясгалан, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, П.Ундрах-Эрдэнэ болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов.

Уг хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалт; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

"Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;" гэж заасан нь; мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт "Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана:" гээд 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт "Дараах үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана:" гээд 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно:" гээд 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", мөн зүйлийн 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ...", Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 2 дахь заалтад "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн байна.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан шүүхийн шүүн таслах ажиллагааны үндсэн тогтолцоо нь хэрэг маргааныг анхан, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх гурван үе шатнаас бүрддэг бөгөөд дээрх гурван шатны хүрээнд аливаа хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж хүн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх, цаашлаад эрүүгийн хэргийн тухайд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох, цагаатгах, ял оногдуулах үндсэн чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.

Хэрэг маргааныг хяналтын шатны журмаар шийдвэрлэх нь Улсын дээд шүүхийн онцгой бүрэн эрх бөгөөд үүнийгээ бусад шатны шүүхтэй хуваалцдаггүй. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн үндсэн чиг үүрэг нь шүүхийн хяналтын зорилготой бөгөөд улсын хэмжээнд аливаа хэрэг, эрх зүйн маргааныг хэргийн оролцогч талуудын гомдлоор эцэслэн шийдвэрлэдэг. Тиймээс Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллагын хувьд доод шатны шүүх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг аль алийг нь хяналтын журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж үзнэ.

Гэтэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад Улсын дээд шүүх нь зөвхөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг л хянахаар хуульчилсан нь Үндсэн хуулиар Улсын дээд шүүхэд олгосон "доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх" бүрэн эрхэд нийцэхгүй байна.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр зөвхөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны журмаар хянана гэж заасан нь анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн тохиолдолд шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан үзэх боломжгүй. Тодруулбал, хэргийн оролцогчид нь дээрх тохиолдолд л хууль хэрэглээний асуудлаар шүүхийн хяналтын шатанд гомдол гаргах болж байна. Үүнээс үүдэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд зөрүүгүй адил гарсан хэдий ч хоёулаа хууль зөрчсөн, эсхүл хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн бол уг асуудлаар хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, гаргасан ч хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэх боломжгүй байх үр дагаврыг үүсгэж болзошгүй юм. Энэхүү үр дагавар нь иргэний шүүхэд гомдол мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхэд нийцэхгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх эрх мэдлийн үндсэн зорилго нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоохын тулд нийгмийн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэж хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд оршдог. Тиймээс шүүх эрх мэдэл нэгдмэл, нэг үндсэн тогтолцоотой, дээд шүүх нь хяналтын шатны шүүх мөн бол иргэний шүүхэд мэдүүлэх эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх нь материаллаг хууль хэрэглээний гомдолтой асуудлаар шүүхийн бүх шатанд гомдол гаргаж хянуулснаар хангагдах юм.

Үүнээс гадна доод шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглээгүй тохиолдолд материаллаг хууль хэрэглээний хувьд хууль хэрэглээний маргаантай асуудлаар дээд шүүхэд гомдол гаргах боломжгүй, дээд шүүх уг асуудлыг хүлээн авч хянан шийдвэрлэх боломжгүй байгаа нь шүүхийн үндсэн тогтолцооны талаарх Үндсэн хуулийн зарчимд үл нийцэж байна.

3.Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Энэ нь шүүх эрх мэдэлд шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсэн зарчмаар илэрдэг. Үүний дагуу шүүх нь "шүүх эрх мэдэл"-ийг хэрэгжүүлэхдээ хуулийг дээдлэн, захирагдаж тодорхой хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэдэг. Харин шүүх эрх мэдэл гэдэг нь аль нэг шатны шүүх, шүүхүүд биш бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан шүүхийн үндсэн тогтолцоо. Гэтэл шүүхийн анхан болон давж заалдах шатанд шийдвэр нь хууль хэрэглээний хувьд адил тохиолдолд уг шийдвэрүүдийг хууль зөрчсөн гэж үзэж байсан ч хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд тухайн хууль хэрэглээний асуудлаар гомдол гаргах эрхгүй болжээ. Энэ нь Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага байх Үндсэн хуулийн заалтад нийцэхгүй гэж үзэж байна.

4.Анхан болон давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр, магадлал нь хуульд нийцээгүй гэж үзвэл хэргийн оролцогчид уг асуудлыг хяналтын шатны шүүхэд гомдол гаргах байдлаар хянуулах эрхтэй байдаг. Энэ нь шүүх эрх мэдлийн үндсэн тогтолцооны нэгдмэл байдал бөгөөд дагнасан шүүхийн тухайд түүний шийдвэр үйл ажиллагаа нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур үл байх зарчим юм. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зөрүүтэй, зөрүүгүй хэрэглэсэн эсэхээс үл хамааран тэдгээрийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзвэл хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж хянуулах нь шүүхийн үндсэн тогтолцоо ажиллаж байгаа нэг илэрхийлэл юм.

Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль хэрэглээний хувьд адил буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь тэдгээр шүүхийн шийдвэрийг шүүхийн эцсийн шийдвэр гэж үзэх боломжгүй. Нэгэнт шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давж заалдах, хяналтын шат гэж Үндсэн хуулиар тодорхойлсон тул анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль хэрэглээний хувьд адил (зөрүүгүй) байвал гомдол гаргах эрхгүйгээр эцсийн байх агуулгаар хуульчлан тогтоосон нь шүүх эрх мэдэл нь үндсэн тогтолцоотой нэгдмэл байх зарчимд үл нийцэж байна. Энэ нь дагнасан шүүхийн хувьд мөн хамааралтай.

5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.б дэд заалтад "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;" гэснийг процессын хуулиудад тусгаснаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхүүд Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу хууль хэрэглэн шийдвэрлэсэн бол хяналтын шатанд гомдол гаргах боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэсэн нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарласан дээд шүүхийн шийдвэрт үл хамаарах ба хэрэг маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт л хамаатай гэж үзнэ. Учир нь Үндсэн хуулийн мөн хэсэгт Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэсэн байдаг.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан Улсын дээд шүүхийн тайлбар (шийдвэр) нь хуульд нийцээгүй, учир дутагдалтай гэж үзвэл Үндсэн хуульд заасанчлан хуулийг дагаж биелүүлнэ. Тиймээс хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах зохицуулалт нь шүүгч гагцхүү хуульд захирагдах, дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна.

6.Шүүхийн хяналтын шатны үндсэн зорилго нь шүүхийн анхан шат, давж заалдах шатанд хууль зөрчигдөхөөс, алдаа гарах, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд оршдог. Энэ нь шүүхийн шийдвэр тухайн маргаантай асуудалд эцсийн болдогтой холбоотой.

Үүнээс гадна шүүхийн хяналтын шат нь Монгол Улсад хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгоход оршдог. Хууль хэрэглээний нэгдмэл байдал гэх ойлголт нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хамааралтай биш ба нийт шүүхүүдэд хамаатай. Харин тэрхүү зөрүүг арилгах нь хууль хэрэглээний нэгдмэл байдлын зарчим юм.

Түүнчлэн хууль хэрэглээний нэгдмэл байдал нь зөвхөн шүүхэд хамааралтай гэж үзэх нь учир дутагдалтай. Энэ нь хууль гүйцэтгэх, хууль сахиулах, иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ч мөн хамаатай гэж үзэж болно. Нэгэнт тодорхой эрх зүйн маргааныг хууль хэрэглэн шүүх эрх мэдэл эцэслэн шийдвэрлэсэн бол түүнтэй адил өөр тохиолдолд дахин хууль зөрчих шаардлагагүй ба шүүхийн шийдвэрлэсэн хууль хэрэглээний дагуу асуудалд хандах ёстой. Энэ ч утгаараа Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэрийг бүх шүүхүүд заавал биелүүлэхээс гадна аливаа бусад этгээд ч мөн заавал биелүүлнэ гэж заасан байдаг.

Гэтэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад дээд шүүхийн хяналтын шатны чиг үүргийг зөвхөн "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;" гэж явцуу байдлаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэсэнд нийцэхгүй байна.

Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай хууль эрүү, иргэн, захиргааны процессын хуульд заасанчлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид шүүхийн хяналтын шатанд гомдол гаргах эрхтэй байгаа нь учир дутагдалтай, Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байна." гэжээ.

Хоёр.Монгол Улсын иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

"1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөвхөн буруу хэрэглэсэн биш харин "зөрүүтэй" хэрэглэсэн тохиолдолд тухайн хэргийг Улсын дээд шүүх хянахаар заажээ. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн өөр өөр зүйлийг баримталж шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэр, магадлалыг хянах ба харин анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд адилхан шийдвэрлэсэн буюу ижил шийдвэр гаргасан тохиолдолд хянах эрх хэмжээгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хууль хэрэглээний өөрчлөлт оруулаагүй тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт "зөрүү" гараагүй гэж үзэж Улсын дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг хянах эрхгүй. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болох юм. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно." гэснийг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 2 дахь заалтад "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;" гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэснийг тус тус зөрчсөн байна.

2.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалт, мөн өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өмнөх хуульд байсан "шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэснийг "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн" гэж өөрчилж Улсын дээд шүүхийн эрх хэмжээг зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зөрүүг арилгах хүрээнд хязгаарлажээ.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх түүнийг залруулалгүйгээр хэвээр үлдээсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зөрүү гарахгүй бөгөөд үүгээр иргэний хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх хязгаарлагдаж, давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болох ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... " иргэний үндсэн эрхийг хөндөж, мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ..." үүрэг зөрчигдөхөд хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтэд "Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ..." эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна. ..." гэжээ.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;" гэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.

Гурав.Монгол Улсын иргэн М.Амарнасаа Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, тус хуулийн 3 дугаар зүйлд "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:" гээд 3/"172.2.Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана:" 172.2.1.анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; 172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; 172.2.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн; 4/"173.4.Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана." гэж өөрчлөн найруулж хуульчилжээ.

Дээр дурдсан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэрэг маргаан Улсын дээд шүүхээр хянагдаад анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр аль аль нь хүчингүй болж тухайн шийдвэр, магадлалаар шийдвэрлэснээс өөрөөр шийдвэрлэгдэх, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах зэрэг тохиолдол багагүй гардаг. Тухайлбал, Улсын дээд шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн статистикийг тус шүүхийн цахим хуудаснаас харахад сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг аль алиныг нь хүчингүй болгосон 993 хэрэг байгаа гэсэн үзүүлэлт гарсан байх бөгөөд энэ нь 5 жилийн хугацаанд Улсын дээд шүүхээр хянагдсан нийт хэргийн 14.3 хувь байна. Түүнчлэн дээрх хугацаанд 905 шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан байгаа нь нийт хянагдсан хэргийн 13.5 хувь байна. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд аль аль нь хуулийг зөрүүтэй хэрэглээгүй хэдий ч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг зөрчсөн шийдвэр гаргадаг гэдгийг харуулж байна.

Иймд тус заалт нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээд хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалтад "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;" гэсэн нь Улсын Их Хурлаас шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргаж болно, гэхдээ уг зөрчил нь ноцтой зөрчил байх, түүнчлэн тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан нь дээр дурдсан хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг хүлээсэн төрийн үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана." гэж заасан бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг өчүүхэн төдий ч зөрчихгүйгээр хуулиар тогтоосон журмыг чанд баримтлан ажиллах явдал нь Үндсэн хуулиар тогтоосон үзэл санаа, агуулга зарчимд нийцнэ гэж ойлгож байна. Гэтэл энэ мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа зөрчил гаргахыг зөвшөөрсөн, уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилж байгаа нь Үндсэн хуулийн агуулга, зарчимтай зөрчилдөж байна.

3.Мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж хуульчилжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэг болон дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн Улсын дээд шүүхээс тайлбарласан хуулийг шүүх хэрэглэхээр заагаагүйгээс гадна Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй хэдий ч бүх хуулийг тайлбарлах боломж байхгүй бөгөөд амьдрал дээр зөрүүтэй хэрэглэгдэж байгаа хуулийг Улсын дээд шүүхээс нэг мөр, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах шаардлагатай байдаг бөгөөд Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшлах ч тохиолдол байж болно. Энэ ч утгаараа Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ." гэж хуульчилсан.

Гэтэл хууль тогтоогч дээр дурдсаны дагуу явцуу байдлаар хуульчлан оруулснаараа зохигч, гуравдагч этгээдийн шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан эрхийг эдлэх баталгааг бүрдүүлэх үүргээ умартсан байна. Нөгөө талаас хууль хэрэглээний практикт тогтсон ойлголтыг эвдэж, Улсын дээд шүүхээс бусад онолын болон хэл зүйн тайлбаруудыг үгүйсгэх, улмаар хуулийг өөр өөрийнхөөрөө дур мэдэн тайлбарлах, хууль хэрэглээний ойлгомжгүй байдлыг бий болгох, Үндсэн хуулиар бататгасан үнэт зүйлс алдагдах үр дагаврыг үүсгэх боломжтой байдлаар хуульчилсан гэж үзэж байна.

4.Дээрх хуулийн 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсгийг өөрчлөн найруулж "Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана." гэж заасан нь тус хуулийн 172 дугаар зүйлд заасан гомдолд тавигдах шаардлагыг орхигдуулан зөвхөн гомдол гаргах хугацаа, улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагыг хамруулан өөрчлөн найруулсан нь шүүхээс хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрхэх, түүнчлэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хяналтын журмаар гомдол гаргаж буй этгээдэд гомдлыг нь шүүх хүлээж авах журам нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бий болгосноороо иргэдийнхээ өмнө хүлээсэн эрх зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үүрэг алдагдахад хүрч, улмаар Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх үр дагавар үүсгэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна.

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад "Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:" гээд 25.7.5.а-д "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б-д "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;", 25.7.5.в-д "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн." гэж заасан. Мөн хууль хоорондын нийцлийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн бол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр тус тус зохицуулсан. Энд дурдсан маш тодорхой үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянадаг болж буй нь Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах Үндсэн хуулийн гол чиг үүргээ хэрэгжүүлдэг болоход чиглэнэ гэж хууль тогтоогч үзсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасанчлан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн хүн уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн нь иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн гэж үзсэн эрхээ хамгаалуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаагаар хангагддаг. Хууль тогтоогч хяналтын шатны шүүхэд хандах үндэслэлийг нарийвчилсан шалгуураар тодорхойлж өгсөн нь тэрхүү эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг хөндөөгүй.

Иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх нь хуулийн цогц зохицуулалтаар хангагддаг эрх юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт үйл баримтын болон хууль хэрэглээний алдаа гарсан тохиолдолд давж заалдах шатны шүүхэд энэ талаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжийг шүүхийн тухай болон процессын хуулиудаар бүрэн хангаж өгсөн. Улсын дээд шүүхийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал нь анхан шатны болон давж заалдах шатны бүхий л хэрэг маргаан руу орж шийдвэрлэх бус, харин Монгол Улсад хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах явдал юм. Монгол Улсын шүүхийн тухай хууль, түүнтэй холбогдуулан процессын хуулиудад оруулсан зохицуулалт нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн чиг үүргийг Үндсэн хуулийн үзэл баримтлал, олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нийцүүлэн зохистой хуваарилан зохицуулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлын баталгааг олон талаар хангаж буй тул шударгаар шүүлгэх эрхийг хангахад чиглэсэн чухал шинэчлэл болсон. Дээд шүүх бүх хэрэг маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэдгийг хязгаарлаж, зөвхөн хуулийн хэрэглээний хамгийн ноцтой асуудлуудыг хуульд зааснаар тодорхой шийдэхээр хуульчилсан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг зөрчөөгүй юм. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал гэдэг бол шүүх эрх мэдэл бүхэлдээ бусад эрх мэдлүүдээс хараат бус байх утгаас гадна, шүүхийн тогтолцоо дахь "дотоод хараат бус байдал"-тай салшгүй холбоотой юм.

... Дээд шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх эрхийг олгох тохиолдолд доод шатны шүүх болон түүний шүүгчдийг шатлан захирах, хянах үр дагавар үүсэх магадлалтай. ... Ийм өргөн эрх бүхий Дээд шүүхийн гаргасан тайлбар, зөвлөмж, сургалтын агуулга, шийдвэр бичих аргачлалд ягштал захирагдахгүй бол анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид чөлөөлөгдөх, эсхүл ийм айдастайгаар ажиллаж, шүүгчийн дотоод хараат бус байдлыг зөрчих эрсдэлтэй гэж хууль тогтоогч үзсэн. Мөн бүх шатны шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтлэх замаар тэдгээрийн улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах, дээд шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл бүхий журамтай байх нь шүүгчийн хараат бус байдлыг эрсдүүлэхгүйгээр хуулийн тайлбар, хэрэгжилтийг тууштай, нэгдмэл болгоход хангалттай гэж үздэг.

Судалгаа (Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зохицуулалтад холбогдох харьцуулсан судалгаа)-аас үзэхэд бусад орнуудын Дээд шүүх нь анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн бүх хэрэг маргааныг хянан хэлэлцдэг эсэх асуудал нь шүүхийн тогтолцоо болон эрх зүйн тогтолцооноосоо шалтгаалж харилцан адилгүй байна. Судалгаанд хамрагдсан ихэнх улсын Дээд шүүх нь анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэрэг маргааныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хяналтын шатны журмаар хэлэлцдэг бөгөөд үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн тухай хуульдаа тусгайлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхэд ямар тохиолдолд хандаж гомдол гаргах, түүнийг нь хүлээн авах үндэслэл, хүлээн авахгүй байх тохиолдлуудыг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа тусгайлан нарийвчилж зохицуулж өгсөн нь Дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхой болгож, хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл нь болдог байна. Тухайлбал, ХБНГУ-ын эрүүгийн процессын хуулийн 337 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр зөвхөн материаллаг буюу процессын хуулийг зөрчсөн бол хянана. Хууль зөрчсөн гэж эрх зүйн хэм хэмжээ хэрэглээгүй буюу буруу хэрэглэснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Түүнчлэн зарим улсад дээд шүүхэд гомдол гаргах үндэслэл нь хууль хэрэглээний утгаар, хуулийн нэг мөр хэрэглээг тодруулах, өмнө шийдвэрлэгдэж байгаагүй маргааныг хянуулах хүрээнд хязгаарлагдаж байгаа нь анхаарал татаж байна. Их Британийн хувьд хэрэг хянан шийдвэрлэсэн урьдын туршлагыг эш үндэс болгон шүүх үнэлэлт өгдөг нөхцөл байдал нь энэхүү зохицуулалттай холбоотой гэж ойлгогдохоор байна. Мөн зарим улсын Дээд шүүх нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хууль тайлбарлах, хуулийг нэг мөр хэрэглэх талаар тайлбар гаргадаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон гаргасан шийдвэр нь эрх зүйг хөгжүүлэх, шүүхийн нэгдсэн практикийг төлөвшүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Хууль тогтоогч нь Улсын дээд шүүх мөн чанараараа давж заалдах шүүх мөн эсэх, (тэрээр зөвхөн доод шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг л авч үздэг пакт буюу баримтуудыг авч үздэггүй, зарчмын хувьд хэргийг шүүхэд буцаадаг) эсхүл баримтууд болон хуулийг хэрэглэсэн байдлыг авч хэлэлцэж эцсийн шийдвэр гаргадаг Улсын дээд шүүх байгууллага уу гэдгийг тодруулах зорилгоор ийнхүү хуульчилсан бөгөөд Улсын дээд шүүхийн мөн чанарыг тодруулж өгсөн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:" гээд 1 дэх заалтад "... хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;", Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоодог бөгөөд шүүхийн үйл ажиллагааны үндэст Улсын дээд шүүхэд гомдол гаргах үндэслэл, журам багтах учраас уул үндэслэл, журмыг хэрхэн хуульчлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал бөгөөд Үндсэн хуулийн зөрчил биш юм.

Зарим төрлийн хэрэг, маргааныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хянан шийдвэрлэж эцэслэх хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц өмнө (Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт) нь шийдвэрлэж байсан нь Улсын дээд шүүхийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг хуулиар тогтоох Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн.

... Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэн, холбогдох тайлбарыг хүргүүлж байна." гэжээ.

Тав.Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар уг хууль нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой бөгөөд энэ хүрээнд тус хуулийн 25 дугаар зүйлд Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг (чиг үүрэг) хуульчилжээ.

Ингэж хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хэвээр хадгалснаас гадна Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно гэж заасны дагуу "шүүхийн шийдвэр нэгдмэл байх" зарчмыг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд бэхжүүлж өгснөөрөө урьд өмнөх шүүхийн тухай хуулиудтай харьцуулахад үзэл баримтлалын болоод зарчмын хувьд дэвшилттэй болсон төдийгүй дэлхий нийтээр түгээмэл хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, сайн туршлагад нийцсэн билээ.

Дэлхий нийтээр түгээмэл хүлээн зөвшөөрсөн ойлголтын хүрээнд авч үзвэл аливаа улсын Дээд шүүх нь хоёр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдгээрээ анхан болон давж заалдах шатны шүүхээс ялгагддаг. Тэдгээр хоёр чиг үүргийг тухайлан дурдвал, шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангуулах (хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах) болон эрх зүйг хөгжүүлэх явдал юм. Энэхүү үзэл баримтлал, зарчмыг Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хангаж өгчээ. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт "Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана." гэж, улмаар энэхүү зарчмыг бодитоор хэрэгжүүлэх механизмыг нь бүрдүүлэхийн тулд мөн зүйлийн 25.7.5 дахь заалтад "Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:" гээд 25.7.5.а-д "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б-д "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;", 25.7.5.в-д "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн." гэж тус тус зааж өгсөн байна.

1.Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлэн хамгаалсан иргэний эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарласан (дордуулсан), хориглосон гэж үзэх үндэслэл байхгүй болно. ...

2.Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;" гэсний "зөрүүг арилгах", "зөрүүтэй хэрэглэсэн" гэдгийг ойлгохдоо шүүхүүдийн материаллаг болон процессын хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг ойлгох бөгөөд мэдээлэл гаргагч нарын бичээд буй шиг "анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээвэл Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргах боломжгүй болно" гэсэн үг биш юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдлийн хувьд адил ч гэлээ үндэслэж буй хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх явдал зөрүүтэй байж болно. Энэ тохиолдолд хяналтын шатны шүүх тухайн зөрүүтэй хэрэглэсэн эрх зүйн хэм хэмжээний бүтэц дэх урьдчилсан нөхцөл буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг (гипотез, диспозици, санкци) зөв задлан шинжилж, тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хянах замаар хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг арилгаж, шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг тогтооно.

3.Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.б дэд заалтад "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана." гэснийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Учир нь эрх зүйн ерөнхий онолын үүднээс авч үзвэл эрх зүйн хэм хэмжээний албан ёсны тайлбарт хуулийн аутентик тайлбараас гадна Улсын дээд шүүхийн тайлбар хамаарна. Албан ёсны шинж гэдэг нь тухайн тайлбарын заавал биелэгдэх шинжийг илэрхийлдэг. Шүүгч хуульд захирагдах хэдий ч хууль тогтоогчийн баталсан бүх хууль эрх зүйн хийдэлгүй, ойлгомжтой буюу тодорхой байдаггүй тул түүнийг тодорхой хэрэг, маргаанд хэрхэн зөв ойлгон хэрэглэх, хийдэлтэй орон зайг хэрхэн нөхөх зэрэг асуудлыг Улсын дээд шүүх тайлбараараа төлөвшүүлэх нь эргээд тухайн шүүгчийн хараат бус байдалд эерэг нөлөө үзүүлэх (онол-практикийн маргаантай хуулийг буруу хэрэглэхээс сэргийлэх, хуулийг алдаа мадаггүй тайлбарлан хэрэглэснээр шүүхэд итгэх нийгмийн итгэл хамгаалагдах гэх мэт)-ээс гадна "эрх зүй тодорхой, тогтвортой байх" зарчмыг хангаж, шударга ёс, хууль ёс амьдралд саадгүй хэрэгжих нэг баталгаа болдог гэдгийг дэлхий нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн болно.

Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;" гэж Монгол Улсын дээд шүүхийн үндсэн бүрэн эрх байхаар баталгаажуулж, улмаар түүнийг заавал биелүүлэхийг тогтоожээ. ..." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт "Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана." гэж заасан бөгөөд мөн зүйлийн 25.7.5 дахь заалтад "Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:" гээд 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;", 25.7.5.в дэд заалтад "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн." гэж хуульчлан хяналтын шатны шүүхийн чиг үүргийн зорилгыг тодорхойлж, хяналтын журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тохиолдлыг заажээ.
Улмаар дээрх хуульд нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.

2.Гэхдээ Улсын дээд шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн", "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн" тохиолдолд хянан шийдвэрлэхээр хуульчилсан нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгыг бүрэн хангаагүй, хэргийн оролцогчдын хяналтын шатны шүүхэд хандах боломжийг хязгаарласан байна. Тодруулбал, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан бусад тохиолдлуудыг Улсын дээд шүүх хянах боломжгүй болгон явцууруулж хуульчилсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хөндсөн байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны процессын хууль хоорондын уялдааг хангах хүрээнд шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хязгаарласан эрх зүйн хийдлийг арилгах шаардлагатай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;"; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ..."; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ..." гэж заасанд нийцээгүй байна.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалт; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, мөн хуулийн 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь иргэдийн мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;"; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ..."; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД

Г.ТУУЛХҮҮ

Ц.НАНЗАДДОРЖ

Г.БАЯСГАЛАН

Д.ГАНГАБААТАР