A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

                                                                                                                     Захиргааны хэрэг шүүхэд хянан
                                                                                                                          шийдвэрлэх тухай хуулийн
                                                                                                                 зарим зүйл заалтыг тайлбарлах тухай

Хэвлэх

      Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.3, 114 дүгээр зүйлийн 114.1, 119 дүгээр зүйлийн 119.5, 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, 122.6.3 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

      Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 32 дугаар зүйлийн 32.6, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.3, 114 дүгээр зүйлийн 114.1, 119 дүгээр зүйлийн 119.5, 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, 122.6.3 дахь хэсгийг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлага дараах шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.

      2.1. Хуулийг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа байдлыг судлах зорилгоор Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2313 дугаар албан бичгээр захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт хандан уг хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж буй шүүхийн шийдвэр, практикийн талаар тодорхой тохиолдол, шалтгааны хамт тодорхойлж, саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхээс 83 санал, давж заалдах шатны шүүхээс 15 саналыг тус тус ирүүлсэн байна. Захиргааны хэргийн танхимын 2022 оны 10 дугаар сарын 11, 18-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар шүүхүүдээс ирүүлсэн саналыг тус тус хэлэлцээд, шүүхийн шийдвэр, практикийг судлах шаардлагатай гэж үзэж, судалгаа хийлгэхээр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд захиалга өгсний дагуу тус хүрээлэнгээс шүүхийн шийдвэр, практикт судалгаа хийж, тайланг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн танхимд ирүүлжээ.[1]

      Мөн Захиргааны хэргийн танхимаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хуулийг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж буй үндэслэл, тайлбарыг сонсож ярилцах уулзалтуудыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, нийслэл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдтэй биечилсэн байдлаар зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үр дүн, шүүхүүдээс ирүүлсэн санал, судалгааны тайлангаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтуудыг нэг мөр хэрэглэх зорилгоор албан ёсны тайлбар гаргах шаардлагатай байгаа нь тогтоогдов.

      2.2. Хуулийн 32.6-д заасан "хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй" гэх заалтын хүрээнд "нотлох баримт гаргуулах", "нотлох баримт хасуулах" хүсэлтийг анхан шатны шүүх хангасан, эсхүл хангахаас татгалзсанаас үл хамаарч хуулийн 122.1-д заасанд хамааруулж шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ихэвчлэн хянадаг боловч хянахгүй байх тохиолдол ч гарч, зөрүүтэй хэрэглэжээ.

      Судалгааны тайлангаас үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хуулийн 32.6 дахь хэсэгт хамааруулж нотлох баримт гаргуулах, хасуулахтай холбоотой хүсэлтийг хангасан болон хангахаас татгалзсан 403, үүний дотор хүсэлтийг хангасан 33, хангахаас татгалзсан 370 шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянасан, 1 захирамжийг хуулийн 122.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн байна.

      Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0257 дугаар тогтоолд "... анхан шатны шүүх ... Газрын албанаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь 122.1-д заасан хүрээнд хамаарахгүй, өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч, тухайн тогтоолын холбогдох хэсгийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй төдийгүй нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэж, түүнийгээ үнэлэх эсэх нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан "шүүхээс хэрэгт ач холбогдолгүй буюу маргаагүй компанийн барилгын доорх газрын хувийн хэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй" гэх гомдлоор анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй" гэж дүгнэжээ.

      Анхан шатны шүүхүүдээс бичгээр ирүүлсэн санал, уулзалт хэлэлцүүлгийн явцад хуулийн дээрх заалтыг шүүхүүд хэрэглэхдээ зөвхөн "нотлох баримтаас хасах" хүсэлтийг шийдвэрлэхэд эсхүл "нотлох баримтыг гаргуулах болон талуудын гаргаж өгсөн баримтыг хүлээн авах эсэх"-ийг шийдвэрлэхэд хэрэглэх эсэхийг өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, үүнээс улбаалан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол ямар тохиолдолд хуулийн 122.1-д зааснаар хянагдах нь тодорхой бус, хуулийн нотлох баримт гаргуулахтай холбоотой 32.2, 32.3 дахь хэсгээс 32.6 дахь хэсгийг хэрхэн ялгаж хэрэглэх нь ойлгомжгүй байгааг тодорхой болгох хүсэлтийг гаргав.

      Тухайлбал: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 894 дүгээр тогтоолд "...анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийн "Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй" гэсэн заалтыг баримтлах атал 32.1 дэх хэсгийн "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэх шийдвэрлэсэн асуудалтай хамааралгүй заалтыг баримталсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй" гэж үзээд шүүгчийн захирамжид хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

      2.3. Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ" гэж зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж болон түдгэлзүүлэхгүй үлдээсэн захирамжийг агуулгын хувьд ялгаатай эсэх талаар, уг заалтын "бусад тохиолдолд", "захиргааны акт" гэх агуулгыг тайлбарлаж нэг мөр ойлголт тогтоох нь зүйтэй байна.

      Хуулийн 122.1-д "... 61.1-д зааснаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн бол" гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулсан бол 62.1-д зааснаар актын биелэлтийг түдгэлзүүлээгүй бол гомдол гаргах эсэх талаар шүүхүүд өөр өөрөөр шийдсэн, хуулийн аль заалтыг хэрэглэснээс хамаарч, гомдол гаргах эрхтэй эсэхийг ялгаатай шийдсэнээр шүүхүүдийн хооронд хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн, хэргийн оролцогчдын хувьд ч ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсгэжээ.

      Судалгааны тайлангаас үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхтэй холбоотойгоор 227 захирамж, тогтоол хянаснаас актын биелэлтийг түдгэлзүүлээгүй 121 шүүгчийн захирамж, тогтоолыг хянасан байна.

      Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хуулийн аль заалтыг хэрэглэснээс хамаарч, гомдол гаргах эрхтэй эсэхийг ялгаатай шийдвэрлэснээр шүүхүүдийн хооронд хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн, хэргийн оролцогчдын тухайд ч ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүсжээ.

      Түүнчлэн захиргааны актын тухайд түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэхээс гадна захиргааны байгууллагын эс үйлдэхүй, захиргааны гэрээ, захиргааны төлөвлөлт, захиргааны хэм хэмжээний актыг түдгэлзүүлэх эсэх нь нэг мөр болоогүй, шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа тул хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох шаардлагатай.

      Мөн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй үндэслэлд заасан "илт хохирол", "ноцтой хохирол" гэдгийг хууль зүйн агуулга, хэл зүйн талаас нь тус тус тайлбарлаж, нэгдсэн ойлголт тогтоох хэрэгтэй байна.

      2.4. Хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасан "шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг илт үндэслэлгүй" гэж дүгнэх талаар шүүхийн практикт хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох шаардлагатай, үүнд шүүгч, шүүх бүрэлдэхүүний "үйл баримтыг илт үндэслэлгүй тогтоох", "хуулийн илэрхий заалтыг илт буруу тайлбарлаж хэрэглэх", эсхүл "материаллаг хуулийн заалтыг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэх", "процессын хуулийн тодорхой заалтыг илэрхий буруу хэрэгжүүлсэн" аль үндэслэлд хамаарах эсэхийг хуулийг тайлбарлах замаар нэг мөр болгох шаардлагатай нь шүүхийн практик судалгаагаар тогтоогдсон.

      2.5. Мөн хуулийн 114.1, 119.5 дахь хэсэгт заасан "гардан авсан" хугацааг, хуулийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч өөрөө "гардан авсан өдөр"-өөс, түүнчлэн хуулийн 108.6 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид 108.4 дэх хэсэгт заасан 14 хоногийн дотор гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа болон ажлын газрын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар "хүргүүлсэн өдөр"-өөс хойш тус тус тоолж эхлэх боловч "гардан авсан" гэдэгт хэргийн оролцогч өөрөө, эсхүл түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн хэн нь "гардаж авсан" эсэхийг бодитой тогтоогоогүйгээс давж заалдах гомдол гаргах хугацааг хэзээнээс эхэлж тоолох нь тодорхойгүй байдалд хүргээд байна.

      Хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй. Ингэснээр хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргах эрх нь үүсдэг. Харин давж заалдах гомдол гаргах хугацааг шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногоор хязгаарладаг. Хэрэв хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрийн биеэр гардан авах 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд 15 дахь хоногоос эхлэн хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр гардан аваагүй байсан ч давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацаа тоологдоно.

      Шүүхүүд хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаандаа шүүхийн шийдвэрээ гардан аваагүй, улмаар 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хэргийн оролцогчдын гомдлын хугацааг өөр өөрөөр тоолж хүлээн авах тохиолдлууд гарч байна. Иймд тус зохицуулалтын хүрээнд нэг мөр тайлбарлах шаардлагатай талаарх судалгааг ирүүлжээ. Тухайлбал:

      -шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж гардан аваагүй тул байгууллагын хаягаар хүргүүлсэн, хариуцагчийн нэрийг тодорхой зааж хүргүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэртэй танилцаагүй гэж үзэн хугацааг сэргээсэн (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тогтоол);

      -хариуцагчийн өмгөөлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн он, сар, дугаар нь зөрүүтэй тул хугацааг шууд тооцох боломжгүй, дахин шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн хугацааг сэргээлгэх асуудлыг дахин шалгуулахаар буцаасан (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр тогтоол);

      -хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалыг гардан авсан өдөр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан шүүхийн шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд багтаж байгаа гэх үндэслэлээр хугацааг сэргээсэн (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол);

      -гомдол гаргагч нь хуулийн этгээд байгаа тохиолдолд хэдэн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон болохыг хэргийн материалаас татан авч, тэдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тус бүрд нь давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг холбогдох баримтад нь үндэслэн дахин дүгнэх гэсэн үндэслэлээр хугацааг сэргээлгэх асуудлыг дахин шалгуулахаар буцаасан (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоол);

      -анхан шатны шүүхээс шийдвэрийг мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д зааснаар гардан авах хугацаа өнгөрснөөс хойш долоо хоногийн дотор хариуцагч байгууллагын ажлын газрын хаяг руу шууданд хүргүүлэх ажиллагаа хийх ёстой байсан ч энэхүү гардуулах ажиллагааг хийгээгүй бөгөөд 114.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш тооцон давж заалдах гомдол гаргасныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж хугацааг сэргээсэн (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоол);

      -нэхэмжлэгч анхнаасаа хуульд заасан 14 хоногийн дотор гардан авсан, давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй, өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх болсон нөхцөл байдал нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаантай гэж үзэн хугацаа сэргээсэн захирамжийг хэвээр үлдээсэн (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоол);

      -"Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 811 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж гардан аваагүй тул шүүх 4 шийдвэрийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/47 дугаар албан бичгээр хүргүүлснийг "Н" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардан авсан буюу шуудангаас тус компанийн ажилтан У-д хүлээлгэж өгсөн болох нь "Монгол шуудан" ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл бүхий шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар, "Монгол шуудан" ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09/199 дүгээр тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байх тул тус хугацаанаас тооцож анхан шатны шүүх давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 316 дугаар тогтоол);

      -нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож буй этгээдийн хувьд түүнтэй нэг ашиг сонирхол бүхий этгээд гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хэн нь шүүхийн шийдвэрийг түрүүлж гардан авсан огноогоор давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолох учиртай, хэргийн оролцогч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан авах үүрэгтэй, иймээс өмгөөлөгчийн "...өмгөөлөгч надад шүүхийн шийдвэрийг гардуулах, мэдэгдээгүй нь учир дутагдалтай" гэсэн үндэслэлээр хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 739 дүгээр тогтоол);

      -шүүхийн шийдвэрт "5 хоногийн дотор гомдол" гаргах хугацааг "14 хоногийн дотор гомдол гаргана" гэж буруу бичсэнээс шалтгаалан гардан авсан хугацаанаасаа тооцон хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлыг үүсгэсэн гэж хугацааг сэргээж шийдвэрлэсэн (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 689 дүгээр тогтоол);

      -хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд гардан аваагүй бол 108.6-д заасны дагуу хүргүүлэх ажиллагаа хийх байсан, "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал"-ын 6.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн бол уг хугацаанаас хойш давж заалдах гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй бөгөөд шүүх уг үүргээ биелүүлээгүй гэж хугацааг сэргээж шийдвэрлэсэн (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 90 дүгээр тогтоол);

      -нэхэмжлэгч шийдвэрийг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацааны дотор гардан аваагүй байх тул шүүх 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шууданд хийсэн, ... З.Догсмаа шүүхийн шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, гомдлоо мөн сарын 07-ны өдөр хүргүүлсэн болох нь тогтоогдсон (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 542 дугаар тогтоол);

      -хүсэлт гаргагч "Э" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж, гардан авч, шүүхийн шийдвэр гардуулах баримт дээр гарын үсэг зурсан болох нь баримтаар тогтоогдсон, компанийн захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн нь давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэх нь байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал байх тул шүүхээс тэдгээрийг зөвтгөн хуулийг буруу тайлбарлаж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх боломжгүй (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 51 дүгээр тогтоол) гэх мэт үндэслэлээр янз бүр шийдвэрлэжээ.

      Эдгээрээс үзэхэд, шүүхийн шийдвэрийг "гардан авах", "хүргүүлэх" талаар нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байна. Учир нь, шүүхүүд шүүх хуралдаанд оролцсон оролцогч, ороогүй оролцогч гэж ангилан шийдвэрийг хуульд заасан журмаар гардан аваагүй тохиолдолд шуудангаар хүргүүлснээр шууд хугацаа тооцох, эсхүл шуудангаар хүргүүлсний дараа түүнийг гардан авсан хугацаанаас эхлэн хугацаа тооцох зэрэг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний нэгдмэл байдалд хүрээгүй байгааг харуулж байна.

      2.6. Судалгаа болон анхан, давж заалдах шатны шүүхэд хийсэн хэлэлцүүлгийн үр дүнгээс харахад, хуулийн 122.1-д заасан гомдол гаргаж болох "шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол"-ыг тодорхой болгож тайлбарлах шаардлага байгаа нь илэрлээ.

      Анхан шатны шүүхүүдээс хуулийн тухайн хэсэгт хамаарахгүй гомдлыг давж заалдах шатны шүүхэд ирүүлэх тохиолдлууд байна. Тухайлбал,

      -хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0083 дугаар тогтоол)

      -хэргийг тусгаарласан (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 167 дугаар тогтоол)

      -шүүх хуралдааны явцад прокурорыг биечлэн оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 738 дугаар тогтоол)

      Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд "гомдол гаргах" зохицуулалтыг тодорхой болгох, хуулийн 114.6-д зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн, 109.2-д зааснаар шүүх хуралдааны үед хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон зэрэгт хуулийн 122.1-д заасны дагуу гомдол гаргах эрхтэй эсэх, бичгээр гарсан өдрөөс хойш гэдгийг зөрүүтэй ойлгож өөрөөр шийдвэрлэх явдал гарч байгаа тул эдгээр хууль зүйн ойлголтуудыг нэг мөр тайлбарлаж, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох нь зүйтэй.

      Хуулийн 122.5-д "Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй" гэж заасныг хэргийн оролцогчдоос гомдол гаргах боломжгүй шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах, давж заалдах шатны шүүх рүү гомдол, хэргийг хүргүүлэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах тохиолдлууд их гарч байгаатай холбогдуулан "энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан" гэдгийг тайлбарлах шаардлагатай гэж үзсэн болно.

      Хэлэлцүүлгийн явцад давж заалдах шатны шүүх хуулийн 122.6.3 дахь заалтын хүрээнд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хуульд нийцэж байгааг эсэхийг тодруулах шаардлага үүссэнийг харуулав.

      Гурав. Тайлбарын цар хүрээ

      Тайлбарын цар хүрээ нь хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.3, 114 дүгээр зүйлийн 114.1, 119 дүгээр зүйлийн 119.5, 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, 122.6.3 дахь хэсгийн дараах хууль зүйн ойлголтуудаар хязгаарлагдана.

3.1. Хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан "нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй"

3.2. Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан "бусад тохиолдолд", "захиргааны актын";

3.3. Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан "ноцтой хохирол", "илт хохирол";

3.4. Хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасан "илт үндэслэлгүй"; "болно"; "уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн";

3.5. Хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан "гардан авсан";

3.6. 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан "хүргүүлсэн";

3.7. Хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан "энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан", "гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол", "бичгээр гарсан өдрөөс хойш";

3.8. Хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан "хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан";

3.9. Хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3-т заасан "хүчингүй болгох";

      Дөрөв. Тайлбарын арга зүй

      Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр; хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэр утгаар нь тайлбарлах (authentic); хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах; хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлээр (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах-structural) нь тайлбарлах, ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах (hermeneutic) болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) аргаар тус тус тайлбарлана.

      Хэрэглэсэн аргыг тайлбарын үндэслэлд нэг бүрчлэн дэлгэрэнгүй томьёолов.

      Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл

      5.1. Хуулийн 32 дугаар зүйлд нотлох баримт гаргах, цуглуулах ажиллагааг зохицуулахдаа:

      - 32.1-32.5-д нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;

      - 32.6-д цугларсан баримтаас шаардлага хангаагүйг хасах; харилцааг тус тус зохицуулжээ.

      Хуулийн энэхүү системчлэл болон логикийн үүднээс авч үзвэл, " ... нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй" гэдгийг байгууллага, албан тушаалтан, хүнээс хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг шүүх шаардан гаргуулж болохгүй бөгөөд тийнхүү гаргуулсан бол нотлох баримтаас хасна гэж ойлгохоор байна.

      Мөн хууль тогтоогчоос, хуулийн 122.1-д заасан гомдол гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд 32 дугаар зүйлийг бүхэлд нь бус зөвхөн 32.6 дахь заалтыг тусгасан нь анхан шатны шүүхийн нотлох баримт цуглуулах, гаргуулахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх оролцохгүй, зөвхөн цугларсан нотлох баримтаас хассан тохиолдолд гомдлыг үндэслэн хянахаар зохицуулсан гэж үзэхээр байна.

      Хуулийн 32.6-д заасан "нотлох баримтаас хасах" ажиллагаа нь шүүх хэрэгт цугларсан баримтаас хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг тусгаарлаж, энэ талаар шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно.

      Энэ тохиолдолд шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхой заах үүрэгтэй.

      5.2. Хуулийн 61.1-д "энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ" гэж заасны "хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд" гэдгийг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй тохиолдлыг бусад хуулиар тусгайлан заасныг ойлгоно.

      Хуулийн 62.1-д захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй тохиолдлыг хууль тогтоогчоос нэрлэн заасан тул эдгээр тохиолдолд зарчмын хувьд захиргааны актыг түдгэлзүүлэхгүй юм.

      Анхан шатны шүүх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ актын биелэлтийг түдгэлзүүлснээр, эсхүл түдгэлзүүлэхгүй орхисноор /акт хэрэгжсэнээр/ маргалдагч талуудын эрх, ашиг сонирхолд хэрхэн, яаж нөлөөлөх, хэнд нь ямар үр дагавар үүсэж болох зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр аль болох "хамгийн бага" сөрөг үр дагавар үүсгэхүйц сонголтыг хийх нь зүйтэй.

      Жишээлбэл, гуравдагч этгээдэд барилга барих зөвшөөрөл олгосон захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нэхэмжлэгч нь "барилга барих ажиллагааг зогсоолгох" буюу актын биелэлтийг аль болох түдгэлзүүлэх хүсэлтэй, харин гуравдагч этгээдийн хувьд барилгаа хурдан барьж дуусгах зорилготой буюу актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй байх сонирхолтой байдаг. Энэ үүднээс аль аль тал нь актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар үндэслэл, нотолгоо гаргаж шүүхэд мэтгэлцэх бөгөөд шүүгч асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэнд нь "ноцтой", "илт" хохирол учруулахуйц байгааг үнэлж, дүгнэх юм.

      Хэргийн нөхцөл байдал, актын хууль зүйн үндэслэлээс харахад ерөнхийдөө хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/-ийн хувьд захиргааны актыг түдгэлзүүлэх зайлшгүй хамгаалагдах онцгой ашиг сонирхол байхгүй бол маргаан бүхий актыг түдгэлзүүлэхгүй байх боломжтой.

      Уг хэсгийн "захиргааны акт" гэснийг Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан "захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа" гэж ойлгохоор байна.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын биелэлтийг шүүхээс түдгэлзүүлэх нь тухайн актад холбогдох маргаан үүссэн бөгөөд уг маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий захиргааны актын сөрөг үр дагавар талуудад үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн үр дагаврыг цаг алдалгүй зогсоох зорилгоор захиргааны актын хэрэгжилт /биелэлт/-ийг тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрээр түр зогсоодог. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны акттай холбоотой шүүхэд маргаан үүссэн бөгөөд хуулиар хориглоогүй тохиолдолд шүүх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх боломжтой, энэ нь "эрх зүйн хамгаалалт үр дүнтэй байх" зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөөс "урьдчилан хамгаалах" зорилготой.

      Гэхдээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх ажиллагааг шүүгч өөрийн санаачилгаар эхлүүлэхгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр, бусад оролцогчийн байр суурийг сонсож, мэтгэлцэх зарчмыг баримтлан шийдвэрлэх нь шүүгч аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ "хөндлөнгийн байх" зарчимд нийцнэ.

      Хэдийгээр захиргааны хэргийн шүүх нь нотлох зарчмыг хэрэгжүүлдэг боловч энэ нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгах нэхэмжлэлээр үүсэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, харин хүсэлтээр үүсэх ажиллагаанд (хүсэлт шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлэгт) хэрэгжихгүй. Иймд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээн, тайлбар, тэдний гаргасан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ.

      Шүүхийн практикт ихэнхдээ захиргааны актыг "хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг маргаанд "актын биелэлтийг түдгэлзүүлэх" хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргадаг, энэ тохиолдолд захиргааны актыг түдгэлзүүлж болохгүй үндэслэлийг нотлох нь хариуцагчийн болон ижил ашиг сонирхолтой гуравдагч этгээдийн үүрэг гэж үзнэ.

      Түүнчлэн, "актын биелэлтийг түдгэлзүүлэх" зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын төрөлтэй холбогдуулан өөр өөрөөр авч үзэх нь зүйтэй байна. Жишээ нь, "захиргааны акт гаргахыг даалгах" нэхэмжлэлийн тухайд захиргааны акт бодитоор гараагүй, харин ирээдүйд тодорхой асуудлыг шийдвэрлэхийг даалгах зорилготой захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогддог тул актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудал үүсэхгүй.

      Түүнчлэн, "захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох" шаардлагын тухайд, маргаан бүхий захиргааны акт нь хэрэгжээд дууссан байдаг тул эрх зүйн үйлчлэлгүй актын биелэлтийг "түдгэлзүүлэх" тухай ойлголт үүсэхгүй. Харин "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хууль зүйн боломжтой. Тусгайлсан хуульд заасан тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг түдгэлзүүлж болно.

      Иймээс уг хэсгийн "захиргааны акт" гэснийг сөрөг үр дагавар учруулсан захиргааны актын эсрэг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтэд заасан маргаан бүхий захиргааны акт гэж ойлгохоор тайлбарлав.

      5.3. Хуулийн 62.1.1-д "захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол" гэсний:

      - "ноцтой хохирол" гэдгийг захиргааны актыг түдгэлзүүлснээр хэргийн оролцогч иргэний хувьд болон маргаан бүхий актын үйлчлэл шууд хандаж буй бусад иргэний амь нас нь эрсдэлд орох, эрүүл мэнд нь доройтох, эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох, тухайн этгээд түүнийг өөрийн хүчээр эргүүлэн сэргээх боломжгүй, эсхүл сэргээсэн ч өмнөх байдлаасаа чанар байдлын хувьд дордохоор сөрөг үр дагавар үүсэхийг ойлгоно.

      - "илт хохирол" гэдгийг:

      - хэргийн оролцогч хуулийн этгээдийн мөнгө болон мөнгөөр үнэлэгдэхүйц баялаг, эд хөрөнгөөр хэмжигдэх эрх, болон хөрөнгө, мөнгөөр хэмжигдэхгүй эдийн бус эрхэд их хэмжээний алдагдал бий болох нь илэрхий, тодорхой, нотлогдохуйц байхыг;

      - эсхүл нийтийн ашиг сонирхлыг эргэж сэргээх боломжгүйгээр хохироохуйц сөрөг үр дагавар учрах нь бодитой, нотлох шаардлагагүй байхыг тус тус ойлгоно.

      5.4. Хуулийн 111.1-д "энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана" гэж заасан тул анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэрт хуулийн 111.3-т заасан зохицуулалт хамаарахгүй байна.

      Хуулийн 111.3-т "энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно" гэж заасны "илт үндэслэлгүй" гэсэн нь хууль зүйн илэрхий алдааг ойлгоно.

      Тухайлбал, тухайн захирамж, тогтоолоор шийдвэрлэж буй асуудалтай огт хамааралгүй /жишээ нь, үндэслэх хэсэгтээ хүсэлтийг хангасан агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт "татгалзсугай" гэж бичсэн, хэргийн оролцогчийн нэр, эрх зүйн статусыг буруу бичсэн гэх мэт/, хэн ч харсан утга агуулга, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай болох нь ямар нэгэн нэмэлт тайлбар, баримтын шаардлагагүйгээр илэрхий байх тохиолдлыг ойлгохоор тайлбарлав.

      Харин хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах журмаар хянагдах бөгөөд шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг өөрөө дахин хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ нь хуулиар хязгаарлагдсан гэж үзнэ.

      Иймд, шүүгч, шүүх бүрэлдэхүүний гаргасан захирамж, тогтоол нь "хуульд нийцэж байгаа эсэх" нь уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс түүнийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарахгүй, хуулийн 111.3-т заасан зохицуулалт нь захирамж, тогтоолд гарсан үндэслэл нь илэрхий алдааг шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрөө засах агуулгаар ойлгоно.

      Энэ заалтын "болно" гэснийг уг ажиллагааг шүүх хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан, эсхүл хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран тухайн захирамж, тогтоол гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн алдаагаа өөрөө залруулах зорилгоор өөрчилж, хүчингүй болгох эрхтэй гэж ойлгоно. Энэ тохиолдолд шүүх ийнхүү өөрчилж, хүчингүй болгосон талаарх гаргасан шийдвэрээ хэргийн оролцогчид мэдэгдэж, баримтаа хүргүүлэх үүрэгтэй.

      Захирамж, тогтоол гаргасан шүүгч, эсхүл бүрэлдэхүүний шүүгч нь аливаа шалтгаанаар тухайн шүүхэд ажиллахаа больсон тохиолдолд уг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх, хэрхэх нь тодорхойгүй болох нөхцөл байдал үүсэж болзошгүй юм. Энэ тохиолдолд, тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу өөр шүүгчид хуваарилах, бүрэлдэхүүнд өөр шүүгч томилох боломжтой байдлаар "уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн" гэсэн ойлголтыг тодруулах нь зүйтэй гэж үзэв.

      5.5. Хуулийн 114.1, 119.5-д тус тус заасан агуулгаас үзэхэд хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд өөрөө шүүхэд ирж гардан авах үүргийг нийтлэг хүлээлгэсэн байна.

      Шүүх хуралдаанд биечлэн оролцсон хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг хуралдааны танхимд уншиж сонсгосноор мэдсэн байдаг, хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авахыг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна.

      Зарим хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тохиолдол гардаг, шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авахыг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна. Ямар нэг шалтгаанаар өөрөө ирж гардан аваагүй тохиолдолд шүүх шүүхийн шийдвэрийг уг хугацаа (14 хоног) өнгөрснөөс хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажлын газрын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхээр хуулийн 108.6-д заажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хаягаа өөрөө шүүхэд тодорхойлж өгнө, уг хаяг буюу шүүхэд бүртгэгдсэн хаяг нь өөрчлөгдсөн тохиолдолд шүүхэд мэдэгдэх үүрэгтэй тул хуульд заасан "хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажлын газрын хаяг" нь хэргийн оролцогчийн өөрөө шүүхэд тодорхойлсон буюу шүүхэд бүртгэлтэй хаяг байна гэж тодорхойлов.

      Шүүхийн шийдвэрийг өөрөө ирж гардан аваагүй хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмаар хүргүүлснээр түүнийг "шүүхийн шийдвэрийг гардан авсан"-д тооцох тул "хүргүүлсэн" хугацааг тодорхой тогтоож тайлбарлав.

      Шүүхийн шийдвэрийг гардан авсан буюу гардуулсан цаг хугацаа нь уг шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хугацаа тоолох өөр бусад хууль зүйн үр дагавар үүсгэх тул уг хугацааг шүүх хэрхэн тооцож буй нь тодорхой, ойлгомжтой байх үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1, 119.5 дахь заалтын "гардан авсан" хугацааг:

      a/ шүүх хуралдаанд биечлэн оролцсон этгээд шүүхийн шийдвэрийг гардан авахыг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор өөрөө шүүхэд ирж гардан аваагүй бол 14 дэх хоногийг;

      б/ шүүх хуралдаанд оролцоогүй этгээдэд шүүхийн шийдвэрийг гардан авахыг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор өөрөө шүүхэд ирж гардан аваагүй бол шүүх 14 дэх хоног дуусмагц хэргийн оролцогчийн шүүхэд бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсэн өдрийг;

      в/ хэргийн нэг оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хэн аль нь түрүүлж (эхэлж) гардан авсан хугацааг тухайн тал шүүхийн шийдвэрийг "гардан авсан" хугацаагаар тус тус тогтооно.

      Тухайлбал, нэхэмжлэгч өөрөө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын аль аль нь шүүхийн шийдвэрийг гардан авсан /гардан авсанд тооцогдсон/ тохиолдолд цаг хугацааны дарааллаар хамгийн эхэнд шүүхийн шийдвэрийн авсан хугацааг "гардан авсан" хугацаагаар тооцно.

      Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд шүүхийн шийдвэрийг гардан авахыг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч өөрөө шүүхэд ирж гардан авах үүрэгтэй, аль аль нь ирж гардан аваагүй бол 14 дэх хоногийг шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг "гардан авсан" хугацаагаар тооцно. Харин шүүх хуралдаанд оролцоогүй нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийг гардан авахыг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоног дуусмагц хэргийн оролцогчийн шүүхэд бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсэн өдрийг "гардан авсан" хугацаагаар тооцно.

      Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчийн өөрөө шүүхэд тодорхойлсон буюу шүүхэд бүртгэгдсэн хаягаар хүргүүлэх бөгөөд хуулийн 119.5-д заасан "хүргүүлсэн" хугацааг тооцохдоо:

      а/ шүүхийн шийдвэрийг баталгаат шуудангаар илгээсэн бол заагдсан хаягт хүргэгдсэн талаарх шуудангийн дардсанд тэмдэглэгдсэн өдрөөр "хүргүүлсэн" хугацааг тогтооно;

      б/ шүүхийн шийдвэрийг шүүхийн ажилтнаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн тухайн өдрөөр "хүргүүлсэн" хугацааг тогтооно.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсэн шүүхийн шийдвэрийг уг этгээд бодитоор гардан аваагүй нь хугацаа тоолоход саад болохгүй гэж үзлээ.

      Мөн хэргийн нэг талын оролцогч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгчийн хэн аль нь түрүүлж /эхэлж/ шүүхийн шийдвэрийг гардаж авсан /гардан авсанд тооцогдсон/, эсхүл хүргүүлсэн /хүргүүлсэнд тооцогдсон/ үеэс тухайн талын давж заалдах гомдол гаргах хуульд заасан 14 хоногийг тоолж эхлэхээр тайлбарлав.

      5.6. Хуулийн 122.1-д нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх, нотлох баримтаас хасах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоо өөрчилж, хүчингүй болгосон, маргаж байгаа асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаас татгалзсан зэрэг хүсэлт гаргагч болон хэргийн оролцогчдын шүүхэд маргах эрхийг дуусгавар болгосон, эсхүл урд гаргасан шийдэл өөрчлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зэрэг үр дагавартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргаж болохоор хуульчилжээ.

      Дээрх агуулгаас үзвэл 122.1-д заагдсан гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хүрээг гомдлыг хангасан, хангахаас татгалзсан гэх байдлаар бус үгийн шууд утга, агуулга болон хуулийн системчлэлээр нь ойлгож тайлбарлахаар байна.

      а/ Хуулийн 122.1-д "захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх" асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргаж болохоор заасан.

      Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хуулийн системчлэлээр нь авч үзвэл, 61.1 дэх хэсэг нь захиргааны актыг түдгэлзүүлэх ерөнхий зохицуулалт, харин 62.1 дэх хэсэг нь түдгэлзүүлэхгүй байх тусгай зохицуулалт байна. Хуулийн 61.1-д 62.1-ийг эшилсэн байх тул захиргааны актыг түдгэлзүүлээгүй шийдвэрт ч мөн хуулийн 122.1-д заасны дагуу гомдол гаргаж болохоор хуульчилсан гэж үзэхээр байна.

      б/ Хуулийн 114.6-д хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн үндэслэлээр гаргасан хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэх журмыг;

      119.5, 123.7-д магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг мөн үндэслэлээр сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх журмыг;

      109.2-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны үед илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;

      54.2-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаах журмыг тус тус зохицуулжээ.

      Хуулийн 122.1-д дээрх заалтуудын зарим нь буюу 54.2, 119.5, 123.7-д заасан шүүгчийн захирамжид гомдол гаргаж болохоор тусгагджээ.

      Хуулийн холбогдох заалтуудыг бүхэлд нь системчлэн авч үзвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээр хянуулах боломжтой байна.

      Иймд, хуулийн 114.6, 109.2-т заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд 122.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй.

      в/ Мөн хэсэг дэх заалтын "бичгээр гарсан өдрөөс нь хойш" гэдгийг шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэр гардуулахтай адилтган тайлбарлав.

      г/ Хуулийн 122.5-д "Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй" гэж заасны "энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан" гэх агуулгад үг зүйн бүтцээр нь дүгнэлт хийж үзвэл "энэ хуульд заасан" гэдэг нь гомдол гаргаж болох буюу хуулийн 122.1-д заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шууд заасан гэж ойлгохоор байна.

      Иймд, хуулийн 122.5 дахь заалтын "энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан" гэх агуулгыг шүүгч, шүүх бүрэлдэхүүн гомдол гаргаж болох хуульд заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гаргахдаа 122.1-д нэрлэн заасан хуулийн холбогдох заалтыг бус хуулийн өөр бусад зүйл, заалтыг баримталсан байхыг ойлгохоор тайлбарлав.

      д/ Хуулийн 122.6-д мөн хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг шийдвэрлэж, гаргах тогтоолын төрлийг тодорхой хуульчилсан бөгөөд "шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг "хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах" зохицуулалт тусгагдаагүй, тодруулбал, 122.6.3 дахь заалтад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг зөвхөн "хүчингүй болгох"-оор заажээ. Энэ тохиолдолд шүүх хуулийн 121.1.4, 127.2.5 дахь заалтуудыг төсөөтэй хэрэглэж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахгүй гэж ойлгоно.

      Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар

ТАЙЛБАРЛАХ нь:

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийн:

      "нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй" гэснийг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг шүүх шаардан гаргуулж болохгүй бөгөөд тийнхүү гаргуулсан бол нотлох баримтаас хасна гэж ойлгоно.

      "нотлох баримтаас хасах" гэдгийг шүүх хэрэгт цугларсан баримтаас хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг тусгаарлаж, энэ талаар шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно. Шүүх гаргасан шийдвэртээ тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхой заах үүрэгтэй.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн:

      "бусад тохиолдолд" гэснийг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй тохиолдлыг бусад хуулиар тухайлан заасныг ойлгоно;

      "захиргааны акт" гэснийг хүчингүй болгуулах болон илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн зүйл болох, захиргааны байгууллагаас гаргасан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн:

      "ноцтой хохирол" гэдгийг захиргааны актыг түдгэлзүүлснээр хэргийн оролцогч иргэний хувьд болон маргаан бүхий актын үйлчлэл шууд хандаж буй бусад иргэний амь нас нь эрсдэлд орох, эрүүл мэнд нь доройтох, эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох, тухайн этгээд түүнийг өөрийн хүчээр эргүүлэн сэргээх боломжгүй, эсхүл сэргээсэн ч өмнөх байдлаасаа чанар байдлын хувьд дордохоор сөрөг үр дагавар үүсэхийг ойлгоно.

      "илт хохирол" гэдгийг:

      - хэргийн оролцогч хуулийн этгээдийн мөнгө болон мөнгөөр үнэлэгдэхүйц баялаг, эд хөрөнгөөр хэмжигдэх эрх, болон хөрөнгө, мөнгөөр хэмжигдэхгүй эдийн бус эрхэд их хэмжээний алдагдал бий болох нь илэрхий, тодорхой, нотлогдохуйц байхыг;

      - эсхүл нийтийн ашиг сонирхлыг эргэж сэргээх боломжгүйгээр хохироохуйц сөрөг үр дагавар учрах нь бодитой, нотлох шаардлагагүй байхыг тус тус ойлгоно.

      4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгийн:

      "илт үндэслэлгүй" гэснийг тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн асуудлын агуулгатай огт хамааралгүй, хэн ч харсан утга агуулга, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай болох нь ямар нэгэн нэмэлт тайлбар, баримтын шаардлагагүйгээр илэрхий байхыг ойлгоно.

      "болно" гэдгийг хуулийн 111.3-т заасан ажиллагааг шүүх хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан, эсхүл хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран тухайн захирамж, тогтоол гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн алдаагаа өөрөө залруулах зорилгоор өөрчилж, хүчингүй болгох эрхтэй. Энэ тохиолдолд шүүх ийнхүү өөрчилж, хүчингүй болгосон талаарх гаргасан шийдвэрээ хэргийн оролцогчид мэдэгдэж, баримтаа хүргүүлнэ.

      "уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн" гэснийг уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, бүрэлдэхүүн /бүрэлдэхүүний нэг буюу хэд хэдэн шүүгч/ тухайн шүүхэд ажиллахгүй болсон, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас урт хугацаагаар эзгүй байгаа бусад тохиолдолд тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилагдсан өөр шүүгчийг адилтган ойлгоно.

      5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 119 дүгээр зүйлийн 119.5 дахь заалтын "гардан авсан" гэснийг дараах байдлаар тооцно:

      a/ шүүх хуралдаанд биечлэн оролцсон этгээд шүүхийн шийдвэрийг гардан авахыг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор өөрөө шүүхэд ирж гардан аваагүй бол 14 дэх хоногийг "гардан авсан" хугацаагаар тогтооно;

      б/ шүүх хуралдаанд оролцоогүй этгээдэд шүүхийн шийдвэрийг гардан авахыг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор өөрөө шүүхэд ирж гардан аваагүй бол шүүх 14 дэх хоног дуусмагц хэргийн оролцогчийн шүүхэд бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсэн өдрийг "гардан авсан" хугацаагаар тогтооно;

      в/ хэргийн нэг оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хэн аль нь түрүүлж (эхэлж) гардан авсан хугацааг тухайн тал шүүхийн шийдвэрийг "гардан авсан" хугацаагаар тогтооно.

      6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан "хүргүүлсэн" гэснийг дараах байдлаар тооцно:

      а/ шүүхийн шийдвэрийг баталгаат шуудангаар илгээсэн бол заагдсан хаягт хүргэгдсэн талаарх шуудангийн дардсанд тэмдэглэгдсэн өдрөөр "хүргүүлсэн" хугацааг тогтооно;

      б/ шүүхийн шийдвэрийг шүүхийн ажилтнаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн тухайн өдрөөр "хүргүүлсэн" хугацааг тогтооно;

      хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсэн шүүхийн шийдвэрийг уг этгээд бодитоор гардан аваагүй нь хугацаа тоолоход саад болохгүй;

      мөн хэргийн нэг талын оролцогч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгчийн хэн аль нь түрүүлж /эхэлж/ шүүхийн шийдвэрийг гардаж авсан /гардан авсанд тооцогдсон/, эсхүл хүргүүлсэн /хүргүүлсэнд тооцогдсон/ үеэс хэргийн уг талын давж заалдах гомдол гаргах хуульд заасан 14 хоногийг тоолж эхэлнэ.

      7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийн:

      "энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол..." гэсэнд дараах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ойлгоно.

а/ шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нөхөн сэргээх хүсэлтийг хангаагүй;

б/ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг нотлох баримтаас хассан;

в/ нэхэмжлэлийг хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, буцаасан;

г/ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн болон түдгэлзүүлэхээс татгалзсан;

д/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн;

е/ шүүгч захирамж, шүүх тогтоолоо хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн;

ё/ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэсэн;

ж/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан;

     Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа хуулийн 54.2-т заасныг зааж, нэхэмжлэлийг буцаах тул хуулийн 109.2-т зааснаар гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хуулийн 122.1-д зааснаар гомдол гаргах зохицуулалт нэг адил хамаарна.

      Хуулийн 114.6-д анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэж гаргасан шүүгчийн захирамжид хуулийн 119.6, 123.7-д заасантай адил 122.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй.

      Мөн заалтын "бичгээр гарсан өдрөөс хойш" гэснийг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тамга дарж ёсчилсон, энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдсэн, түүнийг баримтжуулсан үеэс хойш гэж ойлгоно.

      8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийн:

      "энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан" гэдгийг шүүх хуулийн 122.1-д заасан гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гаргахдаа 122.1-д нэрлэн заасан хуулийн холбогдох заалтыг бус хуулийн бусад зүйл, заалтыг баримталсан байхыг ойлгоно.

      9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь заалтын "хүчингүй болгох" гэдгийг шууд утгаар нь буюу шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно, дахин хэлэлцүүлэхээр буцаахгүй гэж ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА


[1] Судалгааны тайланг хуралдаанд танилцуулсан.