- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 04 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх хууль тогтоомж
2.1.Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал /цаашид "төрөөс олгох урамшуулал" гэх/ авах эрх үүссэн, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх иргэнд хамаарна.
4 дүгээр зүйл.Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх иргэнд тавигдах шаардлага
4.1.Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах иргэн дараах шаардлагыг хангасан байна:
4.1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 7 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгоогүй байх;
4.1.2.нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй байх;
4.1.3.төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхийг зөвшөөрч, хүсэлт гаргасан байх.
5 дугаар зүйл.Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журам
5.1.Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
5.2.Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5.1-д заасан журмын дагуу суутган эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын байгууллагын холбогдох дансанд шилжүүлнэ.
6 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
6.1.Энэ хуулийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A