A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Засгийн газрын тогтоолын заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар
тогтоолоор хүчингүй болгосон Засгийн газрын тогтоолын заалтыг
агуулгаар нь дахин сэргээсэн эсэхмаргааныг хяналтын
журмаар хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд мэдээлэл гаргагч, иргэн Д.Алтангэрэл, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар оролцов.

Уг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтад "2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох." гэж заасан нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Д.Алтангэрэл, Д.Оюунгэрэл, Ж.Осоржамаа, Д.Алтандуулга, Н.Дэнсмаа нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл, гомдол, өргөдөл гаргажээ. Үүнд:

"Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн "Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 22 дугаар тогтоолын 2 дахь заалтад "1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, …-ийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсгийн "Хүнийг … нас, ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж хүчингүй болгон 02 дугаар тогтоол гаргасан.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтад "2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянга) төгрөгөөр тооцох." гэж зааж Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь сэргээсэн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, …-ийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсгийн "Хүнийг … нас, ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн.

Ижил мэргэжилтэй, авдаг цалин, ажилласан жил ойролцоо байхад тэтгэврийг өөрөөр шийдвэрлэн тогтоосноос гадна, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого өөр байхад ийнхүү 1.080.000 (нэг сая наян мянга) төгрөгөөр хязгаарлан тооцсоноос сард авах тэтгэврийн хэмжээг багасган тооцож, тэтгэврээ шударгаар тогтоолгон авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Энэ асуудлаар эрхээ хамгаалахаар өргөдөл гаргагч иргэд холбогдох шүүхэд хандсан. Ийнхүү хандахад Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол, 2012 оны 153 дугаар тогтоолын дээрх заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 02 дугаар дүгнэлтийг үндэслэн бидний нэхэмжлэлийг хангаагүй учраас Цэцэд хандлаа.

Холбогдох асуудлыг судлан үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтаар Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрээр хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь сэргээсэн. Иймд уг заалтыг хүчингүй болгож өгнө үү." гээд холбогдох тайлбар, үндэслэлийг гарган, нотлох баримт болгож шүүхийн шийдвэрүүдийг хавсарган ирүүлсэн байна.

Хоёр. Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар болон нэмэлтдээ:

"Улс орнууд өөрийн орны онцлогт нийцсэн тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгон хэрэгжүүлж түүнийгээ хөгжүүлдэг. Монгол Улсын тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь нэг давхаргатай, цалинд суурилсан аргаар тэтгэврийг тогтоодог, эв санааны нэгдлийн зарчим буюу хуваарилалтын зарчмаар санхүүждэг. Үүний илрэл нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрдсэн мөнгөн хөрөнгийн сангаас одоогийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг санхүүжүүлдэг бөгөөд өндөр цалин хөлснөөс шимтгэл төлж, өндөр тэтгэвэр тогтоолгон авах арилжааны даатгалын тогтолцоо биш юм.

Манай энэхүү тогтолцооны хувьд шимтгэл төлөх, тэтгэврийг тогтоох харилцаа нь хоорондоо нягт уялдаатай. Зөвхөн даатгуулагчийн шимтгэл тооцож төлсөн дүнгээс тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтоодог эрх зүйн зохицуулалттай. Улмаар шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газраас тогтоож байгаа нь тэтгэврийн тогтолцоонд илэрдэг шударга бус байдал, гажуудал гарахаас, тэтгэврийн зөрүүнээс хамгаалах бодлогын арга хэмжээ юм. Дээд хязгаарлалт тогтоогоогүй тохиолдолд харьцангуй цөөн жил, бага орлогоос шимтгэл төлж, тэтгэвэр тогтоолгохын өмнөх сүүлийн жилүүдэд өндөр цалин хөлснөөс шимтгэл төлж, өндөр тэтгэвэр тогтоолгон насан туршдаа авах боломж нээгдэх бөгөөд улмаар тогтмол орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил тасралтгүй төлж нийгмийн даатгалын санд хувь нэмрээ илүү оруулж байсан даатгуулагчаас илүү өндөр тэтгэвэр тогтоолгох тэгш бус байдал үүсэх юм. ...

Шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хязгаарыг тогтоох арга хэмжээ нь бусад улс орнуудад ч нийтлэг байдаг. Тухайлбал, нийгмийн хамгааллын хамгийн ардчилсан, шударга тогтолцоотой орон гэгдэх Швед Улсын хувьд шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг Засгийн газраас жил бүр тогтоодог бөгөөд суурь үнийг 7.5 дахин өсгөсөнтэй тэнцүү байхаар хуульчилсан бол Норвеги Улсын хувьд шимтгэл төлөх дээд орлогыг нийгмийн хамгааллын суурь үнийг 12 дахин өсгөсөнтэй тэнцүү байхаар тооцож, энэхүү суурь үнийг хөдөлмөрийн хөлсний өсөлттэй уялдуулан жил бүр шинэчилдэг байна. Мөн Их Британид шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг 7 хоногоор тогтоосон орлогын дээд хязгаарыг 52 дахин өсгөсөнтэй тэнцүү байхаар хуульчилсан бол, Австри Улсын хувьд эрхэлсэн сайдын тогтоосон дүнг баталсан итгэлцүүрээр өсгөхөөр, Оросын Холбооны Улсын хувьд тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний дундаж өсөлттэй уялдуулан индексжүүлж тогтоохоор тус тус хуульчилсан байна. ...

Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтөөр "Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно." гэж хуульчилсан. Дээрх хууль зүйн үндэслэл, төрөөс баримтлах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай захиргааны хэм хэмжээний актыг батлан хэрэгжүүлсэн.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын дагуу 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацаанд 1.080.000, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон шийдвэрүүдийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1.404.000, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1.920.000 төгрөг гэх зэргээр нэмэгдүүлэн тус тус мөрдөн иржээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай" тогтоолыг мөрдөж байгаа бөгөөд энэхүү тогтоолоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар зохицуулсан. ...

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хязгаарлаж байгаатай холбогдуулан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт нь 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 төгрөгөөр тооцохоор зохицуулсан шийдвэр бөгөөд хэрэв энэ шийдвэр гараагүй бол 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны хөдөлмөрийн хөлсийг сонгон тэтгэвэр тогтоолгох даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ буурах, тэтгэврийн зөрүү үлэмж хэмжээгээр ихсэх учир дутагдалтай юм.

Учир нь Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын 1 дэх заалтад "Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар ..." тогтоосон бөгөөд даатгуулагчид 1995 оноос хойш мөрдөж ирсэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг үндэслэн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлсийг хязгаарлахаар байсан. Тухайлбал, 2005-2006 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 42.5 мянгантөгрөг, шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 425.0 мянган төгрөг, 2006-2007 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 53.0 мянган төгрөг, шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 530.0 мянган төгрөг, 2007-2008 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90.0 мянган төгрөг, шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 900.0 мянган төгрөг тус тус байсан. Түүнчлэн 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт нь тэтгэвэр тогтооход баримтлах цалингийн итгэлцүүрээр өсгөн тооцсон цалин хөлсийг хязгаарладаг бөгөөд тухайлбал, даатгуулагч 2010 онд 950.0 мянган төгрөгийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байхад даатгуулагчийн тэтгэвэр тогтоох цалин хөлсийг 1.1 дахин өсгөсөн буюу 1.045.000 мянган төгрөгөөс тооцож байна. ...

Тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг батлах эрх зүйн үндэслэл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон баталдаг. ... Уг заалтад зааснаар Засгийн газар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоодог.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт холбогдох маргааныг шийдвэрлээд 04 дүгээр магадлал гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон. Уг магадлалын Үндэслэл хэсгийн 2-т "Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн зохицуулалтаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох асуудал нь бодлогын чанартай асуудал байна. Өөрөөр хэлбэл уг хэмжээг ямар зарчмаар тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм." гэж дурдсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан тогтоохоор заасан. Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд нийт 6 удаа итгэлцүүр шинэчлэн тогтоосон ба хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулсан.

Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор итгэлцүүр шинэчлэн батлахдаа хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулж 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тогтоосон. Энэ нь сангийн орлого, зарлагын нөхцөл байдалтай уялдаатай бодолт байсан. Сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр 1996 оноос эхлэн 18 удаа шинэчлэн тогтоосон ба одоогийн байдлаар тэтгэврийн хязгаарлалтыг 12 дахь шийдвэр буюу 2008-2011 онд мөрдөж байсан хэмжээгээр эхлүүлж байна. Үүнийг өмнөх оноор авсан бол иргэдийн тэтгэвэр буурах байсан.

Хязгаарлалтыг шууд байхгүй болгох эсэх асуудал тэтгэврийн сангийн зарлагад огцом нөлөөлж 485 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг цаашид олгож чадахгүй нөхцөлд хүрнэ. Хэрвээ 153 дугаар тогтоолоор баталсан хязгаарыг хүчингүй болговол сангийн шууд зардал 43 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Гэтэл энэ зардал зөвхөн 9 мянган хүнд хамаарч байгаа нь тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байна.

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг шинэчлэн тогтоохдоо хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан, сангийн орлого, зарлагын байдлаа харгалзан энэхүү хязгаарлалтыг шинэчлэн өөрчилнө. Засгийн газраас аливаа хязгаарлалтгүй байхаар итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тохиолдолд Тэтгэврийн сангаас 253-634 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоотой байна. ...

Иймд Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоотой уялдуулан Улсын Их Хурлаас 2008, 2009, 2011, 2012 онд Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн холбогдох зохицуулалтад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газраас дээрх нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох шийдвэрүүдийг тухай бүр гаргаж ирсэн байна.

Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн цэцийн өмнөх тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дахь заалтыг батлах үеийн эрх зүйн орчин нь 2012 онд 153 дугаар тогтоол батлах үеийн эрх зүйн орчноос өөр байсан гэж үзэхээр байна.

Энэхүү эрх зүйн орчны хүрээнд Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулах бүрэн эрхийнхээ дагуу 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 153 дугаар тогтоолыг баталж, тогтоолын 2 дахь заалтад "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд ..., Сангийн сайд ... нарт даалгасугай." гээд в/ дэд заалтад "2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох." гэж заасан байна.

Иймд Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо, зарчим, тогтоол батлагдах үеийн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 04 дүгээр дүгнэлт, 02 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн маргааны архивын баримт, энэхүү маргааныг Их суудлын хуралдаанд бэлтгэх явцад цугларсан баримт, маргагч талуудын тайлбараас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 онд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтад холбогдох маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлээд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж 02 дугаар дүгнэлт гаргасан. Уг хуралдаанаар хэлэлцсэн маргааны гол үндэслэл, шаардлага нь иргэн Д.Алтангэрэлийн мэдээлэл, иргэн Д.Алтандуулга, Ж.Осоржамаа, Н.Дэнсмаа, Д.Оюунгэрэл нарын өргөдлийн дагуу үүсгэсэн маргаанаас агуулга, үндэслэлийн хувьд өөр байгааг тэмдэглэж байна. Тодруулбал, дээрх дүгнэлтээр шийдвэрлэсэн маргааны үндсэн шаардлага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэний цалингийн хэмжээ өндөр тохиолдолд цалингийн хэмжээтэй дүйцэхүйц тэтгэвэр бүрэн гүйцэд авах боломжийг холбогдох шийдвэрүүд хязгаарласан эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

3.Үндсэн хууль дээдлэх ёс, эрх зүйн хэм хэмжээний ерөнхий онолын дагуу Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтын тайлбар болохын хувьд сүүлд гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр давуу хүчин чадалтай байх зарчим үйлчилдэг болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалтаар Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээгээгүй гэж үзсүгэй.

2.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР
ГИШҮҮД
Ш.СОЛОНГО
Б.БУЯНДЭЛГЭР
Ц.НАНЗАДДОРЖ
Г.БАЯСГАЛАН
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР