A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 37

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч:

Н.Энхболд Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:

Ш.АдьшааУлсын Их Хурлын гишүүн

Ж.БатсуурьУлсын Их Хурлын гишүүн

Т.ДоржхандУлсын Их Хурлын гишүүн

Х.Нямбаатар Улсын Их Хурлын гишүүн

Д.СарангэрэлУлсын Их Хурлын гишүүн

Д.ТогтохсүрэнУлсын Их Хурлын гишүүн

О.ЦогтгэрэлУлсын Их Хурлын гишүүн

Б.ЭнхбаярУлсын Их Хурлын гишүүн

2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг холбогдох хуульд заасан хугацаанд багтаан хангаж ажиллахыг Ажлын хэсэг /Н.Энхболд/-т даалгасугай.

3.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт болон Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т даалгасугай.

4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, холбогдох зардлыг гаргахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

5.Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлсүгэй.

6.Энэ тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР