- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ ЖУРАМ
Цагдаагийн ерөнхий газрын даргын
2023 оны 04 дүгээр сарын 14-ний
өдрийн А/80 дугаар тушаалын
хавсралт
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ИРГЭНД
ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ
ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох, судлах, эрэмбэлэн шалгаруулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэнд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 66.2, 66.5 дахь хэсэгт заасан шалгуур болон энэхүү журамд заасан нийтлэг болон тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтүүд тавигдана.
1.3.Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэлээр халагдсан иргэн буцаж ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд нэгэн адил хамаарна.
1.4.Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр түр чөлөөлөгдөөд эргэж орохоор хүсэлт гаргасан алба хаагчид энэ журмын 2.3, 2.5, 2.8, 3.1.4, 3.2.2-д зааснаас бусад нийтлэг болон тусгай шаардлага хамаарахгүй.
1.5.Энэ журамд заасан нийтлэг болон тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангахгүй бол цагдаагийн байгууллагад тэнцэхгүй гэж үзнэ.
1.6.Гүйцэтгэх чиг үүргийн онцлогоос хамааран тодорхой албан тушаалд тавигдах тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг нэмэлтээр тогтоон ашиглаж болно.
1.7.Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад, дотоодын академи, их, дээд сургуульд суралцах иргэний насны хязгаар, биеийн өндөр, жинтэй холбоотой асуудлыг тухайн жилийн элсэлтийн журамд тусгайлан зааж болно.
Хоёр. Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах
нийтлэг шаардлага
2.1.Цагдаагийн албанд ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх;
2.2.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхтэй;
2.3.Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй;
Тайлбар:Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөөгүй байхыг ойлгоно.
2.4.Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх;
Тайлбар:Олон нийтийн цагдаагаар 1 буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан иргэнд хамаарахгүй.
2.5.Мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын шаардлагыг хангасан байх;
2.6.Цагдаагийн болон төрийн бусад байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу халагдаагүй байх;
2.7.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5-д заасан сахилгын шийтгэлээр халагдсан бол уг хугацаа дууссан байх;
2.8.Улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн бус байх.
Гурав.Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах
тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт
3.1.Иргэний насны хязгаарт тавигдах шаардлага:
3.1.1.цагдаагийн албаны бага, дунд болон түүнээс дээш цолны албан тушаалд 30 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулна;
3.1.2.мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүүгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/ шаардах цагдаагийн албан тушаалд 35 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулж болно.
3.1.3.цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас халагдаж, чөлөөлөгдөөд эргэж орох хүсэлт гаргасан иргэн нь 40 хүртэлх насны байх ба халагдаж, чөлөөлөгдсөнөөс хойш таван жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
3.1.4.орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт болон түр чөлөөлөгдсөн /биеийн эрүүл мэнд, ар гэрийн гачигдал болон суралцахаар албанаас чөлөөлөгдсөн/ иргэн нь алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх ба чөлөөлөгдөх шалтгаан арилснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй байвал зохино.
3.2.Боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.2.1.цагдаагийн бага цолны албан тушаалд бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой байх;
3.2.2.цагдаагийн дунд ба түүнээс дээш цолны албан тушаалд бакалавр, түүнээс дээш боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан мэргэжил эзэмшсэн байх;
3.2.3.албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил эзэмшсэн, түүнийг нотлох баримт бичиг, хүчинтэй хугацаа дуусаагүй эрхийн гэрчилгээтэй байх;
3.2.4.өмнө нь цагдаагийн албанд болон бусад байгууллагад мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлага, ур чадвартай, олон нийтийн цагдаагаар 1 буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан бол давуу тал болно.
3.3.Эрүүл мэнд, сэтгэл зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.3.1.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ыг баримтлан гаргасан биеийн эрүүл мэндээр тэнцэх тухай эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх; /Хавсралт №1/
Тайлбар:Эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар хийх ба цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан орон нутгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нараар хийлгэж болно. Эрүүл мэндийн үзлэгийг нэгдсэн журмаар хийх тохиолдолд мэргэжлийн шалгалт авах ажлын хэсгийн гишүүн /ижил хүйсийн/-ийг байлцуулна.
3.3.2.сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны байдал тогтвортой, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь нас, сэтгэцийн стандарт хэм хэмжээнд тохирсон, оюун ухааны хөгжлийн түвшин, сэтгэн бодох чадвар /IQ/ нь дунд ба түүнээс дээш үзүүлэлттэй байх;
3.3.3.сэтгэцийн эрүүл мэнд, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь насны онцлогт тохирч байгаа эсэх, тухайн иргэний оюун ухааны хөгжлийн түвшинг мэргэжлийн сэтгэл зүйч дараах аргаар тогтоож, дүгнэлт гаргана. /Хавсралт №2/
а.ярилцлага хийх /тухайн иргэний зан байдал, түүний төлөвшил, хандлага, хүсэл, сонирхлыг тодруулах зорилгоор урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөө, асуултын дагуу харилцан ярилцах болон сэтгэл судлалын шинжлэх ухааны бусад аргуудыг ашиглах/;
б.ярилцлагад тэнцсэн иргэний анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар зэрэг танин мэдэхүйн үйл явц, бие хүний сэтгэл зүйн онцлог шинж, сэтгэл хөдлөл, мэдрэмж, нийгэм сэтгэл зүй, зан төлөвийн өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор сэтгэл зүйн сорил авах;
3.4.Бие бялдар, гоо зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.4.1.бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй байх;
3.4.2.биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх, хэрэв шивээс далд хэсэгт бол биеийн хэсгийн 25 хувиас ихгүй, мөн хүчирхийлэл, садар самуун, хар тамхи, мансууруулах бодис зэргийг сурталчилж, илэрхийлээгүй байх;
3.4.3.биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см-ээс багагүй байх;
3.4.4.цагдаагийн байгууллагад ажиллах иргэн нь "Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт" CS.6095593.21.01.2017-д заасан бие бялдрын бэлтгэлжилтийн норматив /100, 1000 метрт гүйх, гар дээр суниах, гэдэсний таталт, дүүжинд суниах, туухай өргөх, сандал дээгүүр харайх/-ыг хангаж байх; /Хавсралт №3/
3.4.5.дээрх стандартад заасан биеийн өндөр, жингийн харьцаа, бүсэлхий, ташааны тойргийн зохистой харьцааны зөвшөөрөгдөх хэмжээг хангасан байна.
3.5.Ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.5.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан үүргээ сахин биелүүлдэг байх;
3.5.2.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих хүсэл эрмэлзэл, чадвартай байх;
3.5.3.шударга зарчимч байх;
3.5.4.ёс суртахууны доголдолгүй байх;
3.5.5.зан төлөвийн муу зуршилгүй байх;
3.5.6.эерэг хандлага, харилцааны соёлтой байх;
3.5.7.цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан байгууллага, иргэдээс шан харамж, мөнгөн тэтгэмж авч авлига, хахуульд өртөхгүй байх, эрс татгалзах чадвартай байх;
3.5.8.албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах чадвартай байх.
Тайлбар:Ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо холбогдох байгууллагаас авсан лавлагаа, мэдээлэл, судалгаа болон ажиллаж, сурч байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдтэй хийсэн ярилцлагын үр дүнгээр тодорхойлно.
Дөрөв.Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнийг судлах
4.1.Цагдаагийн албанд ажилд орох иргэн нь сул орон тоо зарласан цагдаагийн байгууллагад хандан хүсэлтээ гаргаж, хувийн мэдээллээ чөлөөтэй өгөхийг зөвшөөрч, баталгаа өгснөөр түүнд судалгаа явуулж эхэлнэ.
4.2.Судлагдаж байгаа иргэн нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: Үүнд:
4.2.1.цагдаагийн албанд ажиллахыг хүссэн хувийн өргөдөл;
4.2.2.гурван үеийн түүх /өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ/;
4.2.3.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл төрийн мэдээллийн цахим сангаас авсан лавлагаа;
4.2.4.боловсролын үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
4.2.5.сурагчийн хувийн хэргийн хуулбар;
4.2.6.оршин сууж буй баг, хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт;
4.2.7.урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;
4.2.8.төрийн алба хаагчийн анкет /маягт 1, 2/;
4.2.9.сүүлийн 3 сарын хугацаанд авхуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь/;
4.2.10.эрүүл мэндийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар эсхүл Төрийн мэдээллийн цахим сангаас авсан лавлагаа;
4.2.11.нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар эсхүл Төрийн мэдээллийн цахим сангаас авсан лавлагаа;
4.2.12.цэргийн үүрэгтний үнэмлэх, аймаг, дүүргийн цэргийн штабын шийдвэр;
4.2.13.эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт бүхий хуудас /эрүүл мэндийн дүгнэлт гаргах хуудсанд иргэний овог, нэр, судлагдаж байгаа албан тушаалын нэрийг бичиж, иргэний фото зургийг нь нааж, тэмдэг дарж баталгаажуулан өгнө/
4.3.Судалгаа явуулж байгаа алба хаагч энэ журмын 4.1-д заасан бичиг баримтыг хүлээн авахдаа эх хувьтай тулган үзэж, бүрдүүлсэн бичиг баримтуудыг судлах бөгөөд иргэн бүрд хувийн хэрэг нээнэ. Шаардлагатай бол холбогдох байгууллагаас нэмэлт лавлагаа, бичиг баримтыг авч болно.
Тав.Судалгааны үр дүнг танилцуулах, шийдвэрлэх
5.1.Энэ журамд заасан тавигдах шаардлагыг хангаж байгаа иргэнийг бүртгэн, шалгаруулалтад оролцох боломжоор хангаж, шаардлага хангаагүй иргэнийг судлахаас татгалзаж, хариу өгнө.
5.2.Нийтлэг болон тусгай шаардлага, шалгуурыг хангасан иргэнээс Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд заасны дагуу шалгалт авч, онооны дарааллаар эрэмбэлнэ.
5.3.Шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолоор нөөцийн жагсаалтад бүртгэнэ.
5.4.Нөөцөд бүртгэгдсэн иргэд /өмнө нь цагдаа мэргэжил олгох сургалтад хамрагдаагүй/-ийг мэргэжил олгох сургалтад хамруулна.
5.5.Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад албанаас халагдсан иргэдийг ёс зүйн төлбөртэй сургалтад хамруулна.
Зургаа. Хориглох зүйл
6.1.Шаардагдсан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, шударга бус тодорхойлолт, баталгаа гаргах, бусад хууль бус үйлдэл хийхийг хориглоно.
6.2.Судлагдаж байгаа иргэнээр цагдаагийн албаны ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно
6.3.Судалгааг зохих журмын дагуу хийлгээгүй, бүрэн бус материал ирүүлсэн, хуурамчаар бүрдүүлсэн, нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн тохиолдолд тухайн иргэнийг хасах, албан тушаалд томилогдсон тохиолдолд чөлөөлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Текст томруулах
A
A
A