A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Компанийн тухай хуулийн 2.6, 6.14, 17.1, 62.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрэмд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрмийг нийцүүлэх арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), гүйцэтгэх захирал (C.Наранцогт)-д тус тус даалгасугай.

3."Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрэмд заасан холбогдох журмыг баталж, мөрдүүлэхийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн)-д үүрэг болгосугай.

4."Монгол Улсын иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), гүйцэтгэх захирал (C.Наранцогт)-д тус тус даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Эрдэнэс Монгол" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 251

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙН ШИНЭЧЛЭЛ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрдэнэс Монгол" нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа дараах хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн доор дурдсан хэлбэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Д.Цолмон), гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт даалгасугай:

1.1."Чингис хаан үндэсний баялгийн сан", "Эрдэнэс Метан" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг "Эрдэнэс Монгол" хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус нэгтгэх;

1.2."Хөтөл энержи дулаан" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг "Цемент шохой" хязгаарлагдмал хариуцлагатай компанид нэгтгэх;

1.3."Шивээ сервис" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг "Шивээ овоо" хувьцаат компанид нэгтгэх;

1.4."Зэс боловсруулах цогцолбор", "Дархан стийл", "Багануур-илч" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тус тус татан буулгах.

2.Нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай дараах хуулийн этгээдийн хувьцааг шилжүүлэх, эсхүл татан буулгах санал боловсруулж, хууль тогтоомжид нийцүүлэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Д.Цолмон), гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт даалгасугай:

2.1."Эрдэнэт ойл" хязгаарлагдмал хариуцлагатай компани;

2.2."Монголын эрдэс баялгийн бирж" хязгаарлагдмал хариуцлагатай компани;

2.3."Эрдэнэс шивээ энержи" хязгаарлагдмал хариуцлагатай компани;

2.4."Шим технолоджи" гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани;

2.5."Төв Азийн Уран" гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани;

2.6."Гашуун сухайтын төмөр зам" хязгаарлагдмал хариуцлагатай компани;

2.7."Зөөхэрд" хязгаарлагдмал хариуцлагатай компани.

3."Эрдэнэс Монгол" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, компанийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

4."Чингис хаан баялгийн сан нэгдэл" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайд даалгасугай.

5."Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсүгэй.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Монголросцветмет" ТӨҮГ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар тогтоолын 1 дэх заалтын нэрийг "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газрын" гэснийг хасаж, 2, 3 дахь заалт, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн гарчиг, мөн дүрмийн 1.1, 1.2, 1.6 дахь заалтын "Эрдэнэс критикал минералс" гэснийг "Монголросцветмет" гэж, 1.5 дахь заалтыг "Үйлдвэрийн газрын оноосон нэр "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газар, англиар "Mongolrostsvetmet" State-Owned Enterprise болно." гэж тус тус өөрчилсүгэй.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх тухай" Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар тогтоол, ""Эрдэнэс Монгол" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР