- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУР АМЬСГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 4 дүгээр
сарын 26-ны өдрийн 155 дугаар
тогтоолын хавсралт
УУР АМЬСГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Уур амьсгалын Үндэсний хороо (цаашид "Үндэсний хороо" гэх) нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид "НҮБ" гэх)-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Парисын хэлэлцээр, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангах, зохицуулах үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
1.2.Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Агаарын тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичиг болон журмыг удирдлага болгоно.
Хоёр.Үндэсний хорооны бүрэлдэхүүн,
зохион байгуулалт
2.1.Үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Шадар сайд, орлогч дарга нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байна. Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нь Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны уур амьсгалын асуудал эрхэлсэн нэгжийн дарга байна.
2.2.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Үндэсний хорооны гишүүн нь хурлын үйл ажиллагаанд биечлэн оролцох бөгөөд хэлэлцэж буй асуудлаар санал гаргах, зөвлөмж өгөх болон Үндэсний хорооны тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал өгөх, хэрэгжилтийг хангах, шаардлагатай асуудлаар мэдээлэл хийх эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
2.3.Үндэсний хорооны хурлыг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулж, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Парисын хэлэлцээр, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж байгаа ажлын явц болон холбогдох бусад асуудлыг хэлэлцэнэ.
2.4.Хурлын дэгийг Үндэсний хорооны хурлаар хэлэлцэн батална. Хурлыг Үндэсний хорооны дарга, түүнийг эзгүйд Үндэсний хорооны орлогч дарга удирдана.
2.5.Хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд Үндэсний хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Үндэсний хороо нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах асуудлаар тогтоол, тэмдэглэл, зөвлөмж гаргаж болно.
2.6.Үндэсний хорооноос гаргасан тогтоол, тэмдэглэл, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, түүний биелэлт үр дүнг тогтоосон хугацаанд Үндэсний хороонд тайлагнана.
2.7.Үндэсний хороо нь дэд хороо болон мэргэжлийн зөвлөлтэй байж болно. Дэд хороо, мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батална.
2.8.Үндэсний хороо нь аймаг, нийслэлд салбар хороотой байх бөгөөд салбар хорооны дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна. Салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг салбар хорооны дарга батална.
2.9.Үндэсний хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
2.10.Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нь хорооны хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдаанаас гарсан шийдвэрийг яам, холбогдох газруудад хүргүүлж, биелэлтэд хяналт тавих, Үндэсний хорооны өдөр тутмын ажлыг эрхэлнэ.
2.11.Үндэсний хорооны шийдвэрээр холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаач, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тодорхой асуудлаар төслийн баг, ажлын хэсэг байгуулан ажиллаж болно.
2.12.Үндэсний хорооны дэд хороод, мэргэжлийн зөвлөлийг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа "Уур амьсгалын судалгаа хамтын ажиллагааны төв" ТӨҮГ, Ойн газар зэрэг байгууллагууд мэргэжлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллана.
Гурав.Хорооны эрх, үүрэг
3.1.Үндэсний хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Парисын хэлэлцээр, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах эрхтэй:
3.1.1.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах арга хэмжээтэй холбогдон гарсан хууль тогтоомж, Үндэсний хорооны шийдвэр, зөвлөмжийн биелэлтийг хянан шалгах, шаардлагатай мэдээ материалыг холбогдох байгууллага, иргэнээс гаргуулан авах, санал, дүгнэлт гаргах;
3.1.2.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах талаар батлагдсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал, зөвлөмж гаргах;
3.1.3.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан аж ахуйн нэгж, холбогдох байгууллага иргэнийг урамшуулах, агро ойг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэн, аж ахуйн нэгжид татварын болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, зөвлөмж гаргах;
3.1.4.байгалийн бүс, бүслүүр, байгаль, цаг уурын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх;
3.1.5.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэлээс хамгаалах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, цэвэр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, хэрэглээний үр ашгийг сайжруулах, хог хаягдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалд нөлөөгүй арга хэрэгсэл, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх талаар нийтлэг зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг хангах;
3.1.6.Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр батлагдсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлээс хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр салбар дундын бодлого, зохицуулалтыг уялдуулах нэгдсэн төлөвлөлтийг гаргаж, бодлогын удирдамжаар хангах;
3.1.7.Үндэсний хорооны шийдвэр, зөвлөмжийг биелүүлээгүй байгууллага, албан тушаалтны талаар дээд шатны холбогдох байгууллага, удирдлагад нь албан ёсоор мэдэгдэж, хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах;
3.1.8.гадаад улс болон олон улсын байгууллагуудтай уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах асуудлаар холбогдох журмын дагуу харилцах, мэдээлэл солилцох, судалгаа явуулах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
3.1.9.эрх хэмжээнийхээ асуудлаар олон улс, үндэсний чанартай хурал, зөвлөгөөн, семинар, ярилцлага зохион байгуулах, оролцох.
3.2.Үндэсний хороо нь дараах үүрэгтэй:
3.2.1.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах;
3.2.2.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах талаар гарсан төрийн бодлого шийдвэр, цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.3.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлаар мэдээлэл сурталчилгаа хийх, сургалт, семинар зохион байгуулах;
3.2.4.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санаачилгыг дэмжих, хамтран ажиллах;
3.2.5.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлаар төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах;
3.2.6.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах чиглэлээр холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, дотоод, гадаадын их, дээд сургууль, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;
3.2.7.уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал болон Үндэсний хорооноос явуулж буй үйл ажиллагаа үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр олон нийтэд сурталчлах.
Дөрөв.Бусад зүйл
4.1.Үндэсний хорооны үйл ажиллагааг бүтэн жилээр төлөвлөн хэрэгжилтийг хагас жил тутамд дүгнэн Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.2.Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг Үндэсний хороо хуралдаанаараа хэлэлцэн батлах бөгөөд эх үүсвэрийг нь жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
4.3.Үндэсний хорооны үйл ажиллагааны жилийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд Үндэсний хорооны гишүүдэд хүргүүлж танилцуулна.
4.4.Үндэсний хорооноос гарсан баримт бичгийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон байгууллагын архивын ажлын үндсэн зааврын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын архивд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгнө.
----о0о----
Текст томруулах
A
A
A