- Нүүр
- Дүгнэлт
- Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг
хянан шийдвэрлэсэн тухай
танхим 13.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл, гомдол гаргагч иргэн Л.Галбаатар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар оролцов.
Уг хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасны "... илрүүлэх ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн П.Ундрах-Эрдэнэ, Л.Галбаатар нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл, гомдлыг гаргасан. Үүнд:
"Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж, Гүйцэтгэх ажлын тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна.
Учир нь хувь хүний амь бие, эрүүл мэнд, халдашгүй байдлыг хамгаалах үүрэг нь төрд байдаг бол хувь хүний нууцыг хамгаалах үүрэг зөвхөн хувь хүнд өөрт нь байдаг байна. Техник технологи хөгжсөн эрин үед хувь хүн өөрийн хууль ёсны эрх, эрх чөлөө, хувийн нууцаа техник технологийн шийдэлгүйгээр хамгаалах ямар ч боломжгүй юм. Жишээлбэл, иргэний гэр орон, албан өрөөнд хэн нэгэн этгээд хууль бусаар чагнах төхөөрөмж, нууц камер байрлуулсан байлаа гэж үзвэл түүнийг яаж илрүүлэх вэ? Үүнийг "нууц камер илрүүлэгч" гэх техник хэрэгслээр илрүүлэх боломжтой. Мөн хэн нэгэн этгээд хувийн болон албан өрөөнд нууцаар чагнах төхөөрөмж тавьсан бол мөн үүнийг "сүлжээ илрүүлэгч" гэх төхөөрөмжөөр илрүүлж болно.
Эдгээр төхөөрөмж буюу "нууц камер илрүүлэгч", "сүлжээ илрүүлэгч" төхөөрөмж нь дэлхийн олон оронд илээр, чөлөөтэй худалдан борлуулдаг бөгөөд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглахаар худалдан авч болдог байна. Үүнийг дэлхийн улс орнууд хуулиар хориглодоггүй. Учир нь өөрөө өөрийгөө хамгаалах эрх нь иргэний жам ёсны бөгөөд салшгүй эрх юм. Тухайлбал, гар утас хэрэглэгчийн хувьд тодорхой аппликейшнийг үнэгүй суулгаж хэрэглэх боломжтой бөгөөд онлайн худалдааны дэлгүүрүүдээс нууц камер илрүүлэгчийг худалдан авах боломжтой.
Мөн иргэд нь өөрийгөө хамгаалах, хувийн нууц мэдээллээ алдахаас сэргийлэх, хууль бус гүйцэтгэх ажиллагаанд өртөхөөс сэргийлэх боломжтой байх ёстой бөгөөд үүний тулд дэлхий даяар илээр худалдаалагдаж буй "илрүүлэх" зориулалт бүхий техник технологийн дэвшлийг ашиглах эрхтэй.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг томьёолж оруулахдаа "илрүүлэх" зориулалттай техник хэрэгсэл, программ хангамжийг бүгдийг нь багтааж хэт өргөн хүрээнд томьёолсноос үүдэн иргэдийн хэрэглэдэг вирусийн программ хүртэл гүйцэтгэх ажлын хэрэгсэлд орох боломжтой мэт болжээ.
Тухайлбал, энгийн вирусийн программ нь иргэдийн компьютерт халдаж буй хөнөөлт вирус, программыг таньж олох, "илрүүлэх" зориулалттай тул гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэсэн ангилалд хамрагдахаар ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Улмаар өмнө хуулиар зөвшөөрдөг байсныг Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцохоор оруулж, иргэний өөрөө өөрийгөө хамгаалах эрх, эрх чөлөөг хязгаарласан, дордуулсан байна. Учир нь дээрх камер, сүлжээ илрүүлэгч төхөөрөмж нь "илрүүлэх" зориулалттай тул Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар "Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэх ангилалд багтаж, түүгээр зогсохгүй эдгээр төхөөрөмжийг олж авбал, ашиглавал гэмт хэрэгт ял шийтгэгдэх үндэслэл бүрдсэн байна.
"Илрүүлэх" зориулалт бүхий техник хэрэгсэл нь нууцаар мэдээлэл цуглуулах, олж авах зориулалттай биш бөгөөд харин нууц техник хэрэгслийг таньж олох, илрүүлэх зориулалттай тул цэвэр хамгаалалтын хэрэгсэл гэж үздэг. Иргэд энэхүү илрүүлэх зориулалттай техник хэрэгслийг ашигласнаар өөрөө өөрийгөө хууль бус мөрдөн мөшгөлт, тагнан чагнах үйл ажиллагаанаас сэргийлэх, өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой юм. Гэтэл нууцаа хамгаалах хамгаалалтын арга хэрэгсэл, техник хэрэгслийг ашиглах эрхийг үгүй хийсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна.
Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбарт:
"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт төр улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах үүргийг хүлээж, энэ зорилгоор хуульд заасан тодорхой нөхцөл журмын хүрээнд холбогдох байгууллага тусгай чиг үүргийг хэрэгжүүлж болохоор тогтоосон байна.
2.Хууль тогтоогч "гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг" ашиглах байгууллага, албан тушаалтныг Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт зэрэг хууль тогтоомжид нэрлэн зааж, хуулиар эрх олгоогүй этгээд ашиглах, борлуулахыг хориглосон нь иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн хуульд заасан үндэслэлээр зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй бодлогын хүрээнд уг хуулийн заалтыг баталсан.
3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйл, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.4, 3.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу аливаа илрүүлэх төхөөрөмж буюу нууц камер, нууц камер болон долгион илрүүлэгч, яриа болон GPS байрлал дамжуулах төхөөрөмж, үзгэн камер, флашан камер, адаптер камер буюу энгийн хэрэглээний эд зүйлд суурилуулсан нууц камер зэрэг төхөөрөмжүүдийг иргэн, хуулийн этгээд өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах эрхийг хуулиар ялгаатай зааглан тогтоожээ.
Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан "Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна. ..." гэжээ.
Гурав. Тус маргаанд холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн тайлбар, нэмэлт тодруулгад:
"... Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар "Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж уг хуулийн нэр томьёонд тодорхойлон, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтан, хувь хүн гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, аливаа техник хэрэгслийг гүйцэтгэх ажлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно." гэж гүйцэтгэх ажилд хориглох зүйл, гүйцэтгэх ажлын зориулалттай тусгай техник хэрэгслийн талаарх төрөөс баримтлах бодлогыг хуульчилсан.
Тагнуулын ерөнхий газар нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад "гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах зөвшөөрөл олгох. Хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан, иргэний хувийн зорилгоор хэрэглэсэн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг тэмдэглэл үйлдэн хураан авч, улсын орлого болгох, шилжүүлэх, устгах;" гэж заасан эрхийг хэрэгжүүлдэг. Түүнчлэн гүйцэтгэх ажилд хууль тогтоомжийг чанд сахиулах, нууцыг хангуулах зорилгоор Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтад "гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглахад зөвшөөрөл олгох, гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих;" гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалтад заасан журам буюу Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар баталсан журмаар гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг зохицуулж, хуулиар эрх олгогдоогүй хувь хүн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас иргэний эрх, эрх чөлөө нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг.
Гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх ажил явуулахдаа холбоо, мэдээллийн систем, гэрэл зураг, кино, дүрс, дууны болон бусад бичлэг хийх, хүний амь бие, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюулгүй бусад техник хэрэгсэл ашиглах бөгөөд радио долгион ашиглан олзолсон мэдээллийг дамжуулах зориулалттай харах, сонсох төрлийн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслүүд нь олон улсад ямар нэг стандарт болон тодорхой радио давтамжийн зурваст хязгаарлагддаггүй тул энэ төрлийн техник хэрэгслийг илрүүлэх зориулалттай техник нь өргөн зурваст хайлт хийж ил болон далд олон төрлийн техник хэрэгслүүдийг илрүүлэх боломжтой байдаг.
Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, олон нийтэд худалдан борлуулах нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагаа, хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагаа болох эрэн сурвалжлах ажилд саад учруулах, хувь хүний нууцад халдах, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, орон байрны халдашгүй байдалд дур зоргоороо халдах сөрөг үр дагавар бий болгоно.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэсэн нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан ба мөн хуулиар гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх хэмжээ, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, олж авах, улсын хилээр нэвтрүүлэх зэрэг өргөн харилцааг хуульчилсан, мөн энэ харилцааг хууль бус үйлдлээс хамгаалах үүднээс Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол ...", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд ... гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол ..." эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "... илрүүлэх ..."-д гэсэн нь гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглан гэмт этгээдийн үйлдлийн талаарх мэдээ сэлтийг нууцаар олж цуглуулснаар гэмт хэргийг илрүүлэх, мөн зориулалтын тусгай техник хэрэгслийг хууль бусаар ашигласан гэмт хэргийн ул мөр, тухайлбал нууцаар байрлуулсан дууны, дуу-дүрсний гэх мэт төхөөрөмжийг илрүүлэх зориулалт бүхий тусгай техник хэрэгсэл гэсэн ойлголтоор хэрэглэгдэж байна.
Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч нь камер илрүүлэгч, сүлжээ илрүүлэгч төхөөрөмж нь цэвэр хамгаалалтын хэрэгсэл болохыг тэмдэглээд дээрх зориулалтын "илрүүлэх" гэсэн заалт нь илрүүлэх зориулалттай техник хэрэгсэл, программ хангамжийг бүгдийг багтааж, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзсэн нь өрөөсгөл ойлголт юм. "Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл"-ийг хуульд заасан зорилгын хүрээнд, хуулиар эрх олгосон албан тушаалтан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэдэг. Иргэн өөрийг нь мөрдөн мөшгиж байна, хууль бусаар тагнаж байна гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдлоо гарган шалгуулах эрхтэй бөгөөд энэ хүрээнд эрх бүхий байгууллагаас нууц төхөөрөмж байж болзошгүй гэсэн газарт шалгалтын ажиллагааг явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл илрүүлэх төхөөрөмж нь зөвхөн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэх тусгай техник хэрэгслийн төрөл юм. Мөн иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаандаа дүрс бичлэгийн болон дүрс, дуу бичлэгийг ил камерыг ашиглах харилцааг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах болон бичлэгийг ашиглахад хориглох зохицуулалт, мөн тухайн төхөөрөмжийн талаарх анхааруулгыг иргэн саадгүй харах боломжтойгоор байршуулах зэрэг шаардлагыг хуулиар зохицуулсан.
Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "... илрүүлэхэд ..." гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.
Дөрөв. Энэхүү маргаанд холбогдуулан Монгол Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн тайлбар, нэмэлт мэдээлэлд:
"Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.", Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгөх ... -г хориглоно. ..." гэж заасан. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа дүрс бичлэгийн болон дүрс, дуу бичлэгийн ил камеруудыг ашиглан өөрсдийн эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулсан. Харин Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зөвхөн мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хамааруулан хуульчилсан. ...
Манай улсад гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг нэгдсэн бүртгэлд оруулан журамлаж, зөвхөн хуулиар үүрэг хүлээсэн тусгай чиг үүрэг бүхий байгууллага хэрэглэдэг бөгөөд иргэд хилээр чөлөөтэй нэвтрүүлэх, олж авч, ашиглан иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдалд нөлөөлөх боломжгүй тул тусгай албадын ашиглаж буй техник, хэрэгслийг илрүүлэх тоног төхөөрөмжийг энгийн иргэн ашиглах эрхийг нээлттэй болгох нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зэрэгт заасныг зөрчихөөр байна. ... Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, борлуулахыг Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон нь иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлж, хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй арга хэмжээ юм.
Харин хуульд заасан үндэслэлгүйгээр гүйцэтгэх ажлын техник хэрэгслийг ашиглан, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад заасан "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" зэрэг эрхүүдэд хууль бусаар халдсан бол иргэн хуулийн байгууллагад хандан шалгуулах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, эрхээ хамгаалах эрх зүйн зохицуулалтын талаар холбогдох хуулиудад заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасантай нийцэж байна.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг буюу ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж ... илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсантай холбоотой 10 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 8 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 4 хэргийг "гэмт хэргийн шинжгүй", 1 хэргийг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр тус тус хааж шийдвэрлэсэн бөгөөд одоо 3 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна. Түүнчлэн эрүүгийн 2 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс 1 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол 1 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна." гэжээ.
Тав. Уг маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг шинжилгээ хийх байгууллагаар томилж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтэд:
"... Гүйцэтгэх ажлын тухай хуулийн "холбогдох мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэх боломжтой байх нь гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн үндсэн шинж" гэх агуулга бүхий ерөнхий зохицуулалтыг олон утгаар тайлбарлах боломжтой нь үнэн байна. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын [сэрэмжлүүлэгт тусгасан] нууц камер болон долгион илрүүлэгч төхөөрөмжийг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тодорхойлсон гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн үндсэн шинжийг агуулж байгаа гэж тайлбарлах нь өөрөө хууль зүйн тайлбарын хувьд боломжгүй зүйл бол биш. Нөгөө талаас, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд "энгийн хэрэглээний эд зүйлсэд үйлдвэрийн аргаар суурилуулагдсан буюу энгийн хүний нүдэнд үл анзаарагдахуйц, нуугдмал шинж чанар" бүхий эд зүйлсийг хамааруулахын зэрэгцээ, тус шинж чанарыг агуулаагүй гэж хэлж болохуйц эд зүйл болох "нууц камер болон долгион илрүүлэгч төхөөрөмж"-ийг ч гэсэн хамааруулж байгаа Тагнуулын ерөнхий газрын зөрчилдөөнт практикийн гол шалтгааны нэг нь холбогдох хууль тогтоомжийн тодорхойгүй байдал гэж үзэж байна.
Тиймээс Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, улмаар "илрүүлэхэд" зориулагдсан техник, тоног төхөөрөмж гэж юуг хэлэх вэ, түүнд яг ямар зүйлс хамаарах вэ гэсэн асуулт тодорхойгүй байдалтай хэвээр үлдэж байна. Энэхүү тодорхойгүй байдал нь Тагнуулын байгууллагын тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай уялдах замаар хүний эрх, эрх чөлөө зүй бусаар зөрчигдөх дор дурдсан ноцтой нөхцөл байдлыг бий болгоод байна.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад заасны дагуу Тагнуулын ерөнхий газар нь "... Хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан, иргэний хувийн зорилгоор хэрэглэсэн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг тэмдэглэл үйлдэн хураан авч, улсын орлого болгох, шилжүүлэх, устгах;" бүрэн эрхийг эдэлнэ. Энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, улмаар "илрүүлэхэд" зориулагдсан техник, тоног төхөөрөмжийн талаарх зохицуулалттай уялдсанаар, хүний эрх, эрх чөлөө зүй бусаар зөрчигдөх дараах нөхцөл байдлыг үүсгэж байна.
Хувь хүний зан үйлд төвлөрсөн аспектаар авч үзвэл, дундаж оюун ухаан бүхий хүн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 болон Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг уншаад өөрийн зан үйлээ зохицуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, дундаж оюун ухаан бүхий хүн ямар техник хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд Тагнуулын ерөнхий газраас тухайн техник хэрэгслийг хураан авах, эсхүл авахгүй байхыг урьдчилан тооцох боломжгүй байна. Үүний улмаас холбогдох техник хэрэгсэл нь Тагнуулын ерөнхий газарт хураагдаж, хүн өөрийн өмч хөрөнгө, эд зүйлсээр хохирох нөхцөл байдал бий болсон байна.
Нөгөө талаас төрийн эрх бүхий байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаанд төвлөрсөн аспектаар авч үзвэл нэгэнт Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг хэт ерөнхий учир Тагнуулын ерөнхий газар практикт гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд юуг хамааруулахыг өөрөө шийдэж, улмаар бусдын холбогдох техник хэрэгслийг өөрөө хураан авах нөхцөл байдал бий болсон байна. Нэг ёсондоо Тагнуулын ерөнхий газар ямар техник хэрэгслийг хураан авахаа өөрөө дур мэдэн шийдэх нөхцөл байдал бий болжээ. ...
Монгол Улсын иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц болон түүнтэй холбогдох эрх (халдашгүй, чөлөөтэй байх эрх)-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас халдах явдал зөвхөн хуулиар зохицуулагдах ёстой. Үүний үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт болон Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтууд юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан байдаг. Энэ зохицуулалт нь хууль дээдлэх ёсны зарчмыг илэрхийлдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим бол хууль дээдлэх ёс учраас, хүний эрхэд тавьж буй аливаа хязгаарлалтыг хуульд тодорхой заах ёстой гэсэн нөхцөл тавигддаг. ... Хуулиар хязгаарлах зарчим нь зөвхөн хуульд заасан байхаас гадна тодорхой үндэслэл, журам, нарийвчилсан зохицуулалт хийх гэсэн санааг агуулдаг.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасан байдаг. Нэгэнт Үндсэн хуульд иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг "хуулиар" хамгаалах тухай цохон тэмдэглэсэн зохицуулалт орсноос үзвэл, дээрх зохицуулалтын агуулгыг иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцад төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас халдах явдлыг зөвхөн хууль тогтоох байгууллагаас баталсан ерөнхий шинжтэй хуулиар зохицуулах ёстой гэдэг утгаар ойлгох нь зүйтэй.
Дүгнэвэл, илрүүлэхэд зориулагдсан гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд юу хамаарах ёстой вэ гэх иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц болон түүнтэй холбогдох эрхээ өөрөө хамгаалах боломжийг хязгаарлах үр дагавар бүхий чухал асуудлыг зөвхөн парламентаас баталсан түгээмэл шинжтэй хуулиар зохицуулах ёстой. Гэсэн хэдий ч өмнөх хэсэгт дурдсанчлан Гүйцэтгэх ажлын тухай хуульд хэт ерөнхий зохицуулалт орсон учраас "илрүүлэхэд" зориулагдсан гүйцэтгэх ажлын тусгай хэрэгсэлд юу хамаарах вэ, тухайлбал нууц камер болон долгион илрүүлэгч төхөөрөмж нь тус техник хэрэгсэлд хамаарах уу гэх асуудлыг практикт Тагнуулын ерөнхий газар хуулийн ямар нэгэн хязгаарлалтгүй, дур мэдэн шийдвэрлэж байна.
Тиймээс Гүйцэтгэх ажлын тухай хуулиар "илрүүлэхэд" зориулагдсан техник, хэрэгслийг хэт ерөнхий байдлаар зохицуулж байгаа нь иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах зарчмыг хөндөж байна гэж үзлээ. ..." гэсэн байна.
Монгол Улсын Их Хурал Гүйцэтгэх ажлын тухай хуулийг 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталж, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж тодорхойлсон нэмэлтийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар оруулжээ. Улмаар гүйцэтгэх ажлын тусгай техникийг хуулиар эрх олгогдоогүй этгээд олж авсан, ашигласан, борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт оруулан хуульчилсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад Монгол Улсын иргэн "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж зааж хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг үндсэн эрх хэмээн баталгаажуулсан байна.
Уг заалт нь халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах төдийгүй дур мэдэн халдахыг хориглосон зохицуулалт юм. Ийнхүү "дур мэдэн" гэж заасан нь хуулиас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглосноос гадна хэт ерөнхий, өргөн хүрээнд, хоёрдмол утгаар тайлбарлаж болохуйц хэм хэмжээг тогтоохыг хориглосон агуулгыг илэрхийлнэ. Энэ нь эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан ийм хуулийг дур зоргоор тайлбарлан хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих эрсдэлтэй байдагтай холбоотой юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан.
3.Хууль тогтоогч хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах үндэслэл журмыг тодорхойлохдоо тухайн хуулийг хэрэгжүүлэх байгууллага, иргэдэд хоёрдмол утгагүй, тодорхой ойлгогдохоор томьёолох, иргэд уг хуулийг зөрчсөнөөс үүсэх үр дагавар, хүлээх хариуцлагын талаар урьдчилан таамаглах, мэдэх боломжтой байхаар хуульчлах үүрэгтэй. Ингэснээр хууль хэрэгжүүлэгч байгууллага болон шүүх хуулийг нэг утгаар хэрэглэх, эрх, эрх чөлөө нь тухайн хууль тогтоомжоор хязгаарлагдаж буй иргэн зан үйлээ хуульд нийцүүлэх, эрх зүйн үр дагаврыг урьдчилан харж, таамаглах нөхцөл бүрдэнэ. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн зохицуулалтын нөхцөл, зорилго, хүрээг зохицуулж буй харилцааны онцлогт нийцүүлэн тодорхой, ойлгомжтой томьёолон хуульчлах буюу хууль зүйн тодорхой байдлыг хангах зарчимтай холбоотой юм.
4.Мэдээлэл гаргагч иргэд болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулж авсан тайлбар, баримтаас үзэхэд тус маргаан бүхий зохицуулалтын агуулгыг харилцан ялгаатай байдлаар ойлгож, тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд "... Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг ... хүн уншаад өөрийн зан үйлээ зохицуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, ... хүн ямар техник хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд Тагнуулын ерөнхий газраас тухайн техник хэрэгслийг хураан авах, эсхүл авахгүй байхыг урьдчилан тооцох боломжгүй байна. ..." гэжээ.
Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэх ойлголтод хамаарах "илрүүлэх" төхөөрөмж гэдэгт нууц камер илрүүлэгч гар утасны программ, цахим халдлагаас сэргийлэхээр бүтээгдсэн компьютерын программ хангамж зэрэг хамаарах эсэх нь тодорхойгүй буюу иргэн өөрийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор ямар төхөөрөмж, программ хангамжийг ашиглах боломжтой эсэх нь ойлгомжгүй байна. Дээрхээс үзвэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалт нь хууль тогтоомж тодорхой байх Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байх ба иргэд хууль, тогтоомж зөрчсөнөөс үүдэх эрүүгийн хуулийн хариуцлагын талаар урьдчилан таамаглах, зан үйлээ хуульд нийцүүлэн өөрчлөх боломжийг хязгаарлаж, хувь хүн өөрийн нууцаа хамгаалах, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5.Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тогтооход хэрэглэдэг түгээмэл шалгуур нь тэнцвэрийн зарчим юм. Энэ зарчмын хүрээнд төрийн хууль ёсны зорилгод нийцүүлэн иргэний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлах боломжтой. Холбогдох зохицуулалтыг Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлтээр оруулахдаа хууль тогтоогч уг заалтын зорилгын талаар тухайлан хэлэлцээгүй байна. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарт иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй бодлогын хүрээнд уг хуулийн заалтыг баталсан талаар тэмдэглэжээ.
6.Эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлэх хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад тусгасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах төрийн хууль ёсны зорилго мөн байна. Харин энэ зорилгын хүрээнд хувь хүний нууц болон мэдээллийг цуглуулах, дамжуулах, нууцаар олж авахад чиглэсэн хөндлөнгийн халдлагаас хамгаалах иргэний эрхийг хуулиар хязгаарласан нь хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хамгаалалтад иргэн өөрийн гэр бүл, захидал харилцаа, орон байрны халдашгүй байдлаа хууль бус халдлагаас хамгаалах болон хуулиар хамгаалуулах эрхтэй. Энэ нь хувь хүн, бусад этгээдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтны халдлагаас сэргийлэхтэй холбоотой зохицуулалт юм. Иргэний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан нь хүний эрхэм чанарыг дээдлэхтэй холбоотой бөгөөд иргэн бусдын хууль бус халдлагаас ангид байдлаар бие даан орших, өөрийн мөн чанар, үзэл бодол, итгэл үнэмшил, мэдрэмжээ илэрхийлэх хувийн орон зайг нь хамгаалахад чиглэнэ.
7.Эрүүгийн хэргийг илрүүлэх болон нийтийн ашиг сонирхолд аюул учруулахуйц тохиолдолд энэхүү эрхийг хуулиар хязгаарлах боломжтой боловч хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хязгаарлалт нь тэнцвэрийн зарчимд нийцсэн байх шаардлагатай. Уг маргааны хувьд иргэн өөрийн хувийн амьдрал, мэдээллийн нууцыг өөрөө хамгаалах, хөндлөнгийн халдлагаас сэргийлэх боломжийг хориглох замаар эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох нь хуулийн холбогдох зохицуулалтын зорилго гэж үзэхээр байна.
Хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ийнхүү хязгаарлахгүйгээр уг хуулийн зорилгод хүрэх боломжтой байна. Тухайлбал, илрүүлэх тоног, төхөөрөмжийг ашиглах зорилгоос хамааран хэрэглээнд нь хуулиар хязгаарлалт тогтоож болно. Үүнээс үзэхэд хуулийн зохицуулалтын зорилго болон тухайн зорилгод хүрэхэд чиглэсэн арга хэмжээ нь зохист нийцэлгүй байна. Гэмт этгээдийг олж тогтоох гүйцэтгэх ажиллагаанд саад тотгор учруулахгүйгээр өөрийн хувийн мэдээлэл, орон байр, захидал харилцааны халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор илрүүлэх төхөөрөмжийг ашиглахыг иргэнд зөвшөөрөх замаар дээр дурдсан хуулийн зорилгод хүрэх боломжтой байна. Ийнхүү иргэний өөрийн болон гэр бүлийн халдашгүй байдал, хувийн нууцаа хамгаалах эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн нь уг хуулийн зохицуулалтын зорилго биелснээр олж болох давуу талтай харьцуулахад илүү эрсдэл бүхий үр дагавартай байна.
Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалт нь хууль зүйн тодорхой байдлын зарчим болон тэнцвэрийн зарчмын дагуу тавигдах шалгуурт нийцээгүй, улмаар иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд дур мэдэн халдах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэг зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасны "... илрүүлэх ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "... илрүүлэх ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
Г.ТУУЛХҮҮ
Текст томруулах
A
A
A