A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 34

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хууль зүйн хэлний зөвлөл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд ажиллах болсонтой холбогдуулан хууль тогтоомжийн системчлэл, хуулийн лавлагаа мэдээлэл, сургалт сурталчилгаа, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг нэгтгэн зохион байгуулж Улсын Их Хурлын дэргэд шилжүүлэн ажиллуулсугай.

2.Хүрээлэнг нэгтгэн зохион байгуулахтай холбогдуулан зохих шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж, шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Б.Энхбаяр/-нд даалгасугай.

4.Энэ тогтоолыг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 77

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ, хууль зүйн судалгаа хийх чадавхыг сайжруулах, парламентын судалгааны албыг өргөтгөн зохион байгуулах зорилгоор "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 3 дахь заалтад заасан арга хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг Улсын Их Хурлын Тамгын газарт шилжүүлэх арга хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой 2023 оны 07-12 дугаар сарын зардлыг өмнөх түвшинд тооцож Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны батлагдсан төсвийн багцаас гарган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох төсвийн захирагч нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР