- Нүүр
- Сайдын тушаал
- Өндөр хөгжилтэй орны магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 310/290 дугаар тушаалын хавсралт
Өндөр хөгжилтэй орны магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Өндөр хөгжилтэй (АНУ, Англи, Япон, ОХУ, Австрали, Герман, Франц, Канад зэрэг) орны нэр хүндтэй сургуулиудад магистр, аспирант, докторантын (цаашид "суралцагч" гэнэ.) сургалтад хамрагдагсдын сургалтын болон тэтгэлэгийн зардлыг санхүүжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Төрийн яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газруудаас бичгээр ирүүлсэн захиалгыг үндэслэн тухайн жилд гадаадад магистрантур, аспирантур, докторантурын сургалтад хамруулах мэргэжил, тухайн мэргэжлээр суралцуулах хүний баримжаа тоог Засгийн газраар батлуулна. Батлагдсан төсөвтөө багтаагаад ямар мэргэжлээр, хичнээн хүн сургах асуудлыг холбогдох яам, байгууллагуудтай тохиролцож, шалгаруулах ажлыг аль болох олон нийтэд нээлттэй байхаар зохион байгуулна.
1.3.Сонгон шалгаруулалтанд төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан хүмүүсийг оролцуулж, шалгалтанд тэнцсэн суралцагчийг суралцуулах тухай Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсны дараа шаардагдах материалыг бүрдүүлж, Төрийн захиргааны төв байгууллага (цаашид "захиалагч" гэнэ.), Сургалтын төрийн сан, суралцагчийн хооронд гэрээ байгуулан нотариатаар
баталгаажуулна.
1.4.Суралцагч иргэний хуулийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хуулийн дагуу суралцагчийн эрх, үүргийг төлөөлнө.
1.5 Захиалагч, Сургалтын төрийн сан, суралцагчийн хооронд байгуулах гэрээнд тухайн суралцагчийг төгсөж ирсний дараа ажиллуулах ажлын байр, ажиллах хугацааг болон гэрээлэгч талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгана.
1.6 Суралцагчийн сурлагын үнэлгээний талаархи сургуулийн тодорхойлолтыг үндэслэн сургалтын болон тэтгэлэгийн зээлийн гэрээг Сургалтын төрийн сан хичээлийн жил тутам сунгаж, дараа жилийн зардлын асуудлыг шийдвэрлүүлнэ. Суралцагч өөрийн биеэр эх орондоо ирж чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохих хууль, тогтоомжийн дагуу суралцагчийн нэрийн өмнөөс үүрэг хариуцлага хүлээнэ.
Хоёр. Санхүүжилт
2..1. Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын сургалтын болон тэтгэлэгийн зардлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусгана.
2.2. Сонгон шалгаруулалтанд тэнцэж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гарч, Сургалтын төрийн сан болон захиалагчтай гэрээ байгуулсан суралцагчийн сургалтын болон тэтгэлэгийн зардлыг суралцах сургуулиас нь ирсэн бичиг баримт, бүрдүүлсэн материалыг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзэж шаардагдах зардлыг Сургалтын төрийн сангийн дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.
2.3.Суралцагч сургуульдаа очих, ирэх замын зардлыг өөрөө хариуцна.
2.4. Суралцагч нь захиалагчтай гэрээ байгуулахын өмнө дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:
а/ Суралцуулах тухай Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр,
б/ Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон нотариатаар батлуулсан хуулбар,
в/ Сургалтын гэрээ хийх тухай өөрийн гараар бичсэн суралцагчийн хувийн өргөдөл,
г/ Сургалтын төрийн сангаас авсан зээлийг төлөх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар,
д/Суралцуулах тухай сургуулийн зөвшөөрөл, сургалтын болон тэтгэлэгийн төлбөрийн задаргаа, тооцоо, нэхэмжлэл,
е/ Гэрээ байгуулах, гэрээг сунгуулахдаа сургалтын төлбөрөө дотоодын адилтгах төрийн өмчийн их сургуулийн магистр, аспирант, докторын сургалтын төлбөрийн жишгээр төсвийн орлогын дансанд төлсөн баримт,
2.5. Сургалтын төрийн сан болон захиалагчтай байгуулсан гэрээг үндэслэн суралцагчийн сургалтын ба тэтгэлэгийн зардлыг суралцах сургуулиас нь ирсэн бичиг
баримт, нэхэмжлэлийн дагуу тухайн сургуульд нь Сургалтын төрийн сангаас шилжүүлнэ.
2.6. Өндөр хөгжилтэй оронд суралцагчийн төсөвт зардлын 10 хүртэл хувьд багтаан өндөр хөгжилтэй орны их сургууль, коллежид суралцах урилга авсан, эрхэлсэн
ажилдаа өндөр амжилт гаргасан, төгсөж ирээд тодорхой ажил хийхээр бэлтгэгдэж байгаа, онцгой авъяастай, суралцах хугацаандаа тухайн сургуулийн шилдэг оюутан
болсон, сурлагын өндөр амжилт гаргасан их сургууль, коллежид суралцагчийн бакалавр, магистрын сүүлийн 2 жилийн сургалтын зардлыг зээлээр олгох асуудлыг холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн журмын дагуу шийдвэрлэж болно.
2.7. Суралцагч сургалтын үндсэн хугацаандаа сургуулиа төгсөж чадаагүй, төгсөөд эх орондоо ирээгүй, гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаагүй нөхцөлд сургалтын болон тэтгэлэгийн зээлийг авсан өдрөөс эхлэн жилийн дундаж инфляцийн түвшингээс нэг хувийн илүү хүүтэйгээр суралцагч буюу итгэмжлэгч нь буцаан төлөх ба уг төлбөрийг барагдуулах асуудлыг гэрээний дагуу Сургалтын төрийн сан хариуцан гүйцэтгэнэ.
2.8. Суралцагч төгсөж ирээд хувиарласан байгууллагад 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн
тэтгэлэгийн зээл түүний хүүг чөлөөлөх эсэх асуудлыг Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
2.9. Энэхүү журмын талаар маргаантай асуудал гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A