- Нүүр
- Сайдын тушаал
- ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 05 сарын 26-ны өдрийн А/183, А/112 тушаалын хавсралт
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээд болон зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах үйл ажиллагааны хүрээ, шалгаруулахад тавигдах шаардлага, урамшууллын хэлбэр, зохион байгуулалт, санхүүжилт зэрэг харилцааг зохицуулна.
1.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон, тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хүн, хуулийн этгээд, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авахад энэхүү журмыг дагаж мөрдөхгүй.
Хоёр.Хүн, хуулийн этгээдийг шалгаруулахад тавигдах шаардлага
2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хуулийн этгээдийг шалгаруулахад дараах шаардлага тавигдана.
2.1.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг салбар зөвлөл (цаашид "салбар зөвлөл" гэх)-ийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан үр дүнтэй зохион байгуулсан;
2.1.2.тухайн нутаг дэвсгэрийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, олон нийтийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн;
2.1.3.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэр хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажилласан;
2.1.4.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг шинжлэх ухааны ололт амжилт, орчин үеийн техник технологи ашиглаж, хөгжүүлсэн;
2.1.5.байгууллага өөрийн үйл ажиллагаа болон дотооддоо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн;
2.1.6.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг хүн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн;
2.1.7. хууль сахиулах болон цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мэдэгдэл, шаардлагын мөрөөр арга хэмжээ зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн;
2.1.8.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.4-т заасан дэмжлэг үзүүлсэн;
2.1.9.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй зохион байгуулсан бусад ажил, арга хэмжээ;
2.1.10.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй шинэлэг арга хэмжээ нэвтрүүлсэн.
2.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүнийг шалгаруулахад дараах шаардлага тавигдана.
2.2.1.нутгийн захиргааны болон хууль сахиулах байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа ажил, арга хэмжээг дэмжиж, сайн дураар оролцсон;
2.2.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1.2, 31.1.3, 31.1.4-т заасан үүргийг хэрэгжүүлсэн байдал;
2.2.4.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг өөрийн санаачлагаар хийж хэрэгжүүлсэн байдал;
2.2.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулсан;
2.2.6.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг шинжлэх ухааны ололт амжилт, орчин үеийн техник технологи нэвтрүүлж, ашиглах талаар идэвх, санаачлагатай ажилласан байдал;
2.2.7.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.4-т заасан дэмжлэг үзүүлсэн байх;
2.2.8.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх хууль тогтоомж зөрчөөгүй байх;
2.2.9.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй шинэлэг ажил санаачилж, үр дүнд хүрсэн.
Гурав.Хүн, хуулийн этгээдийг урамшуулах хэлбэр
3.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон, тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээдийг жилд нэгээс доошгүй удаа шалгаруулж, дараах хэлбэрээр урамшуулна.
3.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу хүн, хуулийн этгээдийг дараах хэлбэрээр урамшуулна.
3.2.1.мөнгөн шагнал олгох;
3.2.2.үнэ бүхий зүйл дурсгах;
3.2.3.салбар, байгууллагын шагналд тодорхойлох;
3.2.4.төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналд нэр дэвшүүлэх.
3.3.Энэ журмын 3.2.1, 3.2.2, 3.2.3-т заасан урамшууллыг салбар зөвлөл олгоно. Энэ журмын 3.2.4-т заасан шагналд салбар зөвлөл нэр дэвшүүлж, материалыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (цаашид "зөвлөл" гэх)-д хүргүүлнэ.
3.4.Зөвлөлийн саналыг үндэслэн энэ журмын 3.2.4-т заасан шагналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох журмын дагуу тодорхойлж, шийдвэрлүүлнэ.
3.5.Салбар зөвлөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн болон нутгийн захиргааны байгууллагын шагналд нэр дэвшүүлж, урамшуулна.
Дөрөв.Зохион байгуулалт, шалгаруулалт
4.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон, тодорхой ажил зохион байгуулсан хүн, хуулийн этгээдийг дор дурдсан байдлаар зохион байгуулна.
4.1.1.Зөвлөл болон салбар зөвлөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон, тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээдийг жил бүрийн 6, 12 дугаар сарын 10-ны дотор тус тус шалгаруулна.
4.1.2.Салбар зөвлөл нь энэ журмын 4.1.1-д заасныг баримтлан энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан тус бүр нэг хүн, хуулийн этгээдийг 10 хоногийн дотор шалгаруулж, урамшуулах саналын хамт Зөвлөл болон холбогдох байгууллагад хүргүүлнэ.
4.1.3.Зөвлөл нь салбар зөвлөлөөс ирүүлсэн санал, материалыг 10 хоногийн дотор хянаж, хүн, хуулийн этгээд тус бүр нэгийг шалгаруулан, энэ журмын 3.2-т заасан урамшуулал олгох шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлнэ.
4.1.4.Зөвлөл болон Салбар зөвлөл нь хүн, хуулийн этгээдийг Монгол Улсын цол, одон медаль, төрийн шагналаар шагнуулах болон салбарын, байгууллагын шагнал олгох шийдвэр гаргахдаа тухайн шагнал олгох харилцааг зохицуулсан дүрэм, журмыг баримтална.
4.2.Гэм хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад заасан этгээд энэ журмын 4.1-д заасан хүн, хуулийн этгээдийг нэр дэвшүүлнэ.
Тав.Зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах, үнэлэх, урамшуулах
5.1.Зөрчлийн талаарх мэдээллийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны нэр дээр бичгээр ирүүлэх ба амаар өгсөн мэдээллийг бичгийн хэлбэрт оруулж мэдээлэл өгсөн иргэнээр маягтын дагуу гарын үсэг зуруулж, бүртгэлд авна.
5.2.Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь олон нийтийн сүлжээгээр иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч болох ба өөрөө зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэл хүлээн авах чиглэлээр нэгдсэн болон тусгай зориулалтын программ хангамжийг ашиглана.
5.3.Энэ журмын 5.2-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг харьяалал харгалзахгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд ирүүлж болох бөгөөд хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь уг мэдээллийг нягтлан шалгаж, харьяаллын бус тохиолдолд зохих хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
5.4.Нэгдсэн мэдээллийн систем нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нийтийн мэдээллийн дэд бүтцийг түшиглэн байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны ашиглаж байгаа системүүдтэй харилцан мэдээлэл солилцох, хүн, хуулийн этгээд хүртээмжтэй ашиглах боломжтой байна.
5.5.Тусгай зориулалтын программ хангамж нь энэхүү журмын 5.4 дэх хэсэгт заасан нэгдсэн мэдээллийн системтэй харилцан мэдээлэл солилцох боломжтой, зөрчлийн талаарх мэдээллийг автоматаар илгээхдээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон бусад хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангасан, иргэд хүртээмжтэй ашиглах боломжтой байна.
5.6.Зөрчлийн талаарх мэдээлэл илгээж байгаа иргэн, хуулийн этгээд дараах мэдээллийг тусгай зориулалтын программ хангамжид бүртгүүлж, мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцана.
5.6.1.регистрийн дугаар;
5.6.2.цахим шуудан /имэйл/-ийн хаяг;
5.6.3.утасны дугаар;
5.6.4.өөрийн нэр дээрх, Монгол Улсад бүртгэлтэй банкны харилцах дансны дугаар.
5.7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн талаарх мэдээллийг тусгай зориулалтын программ хангамжаар хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, мэдээллийн нэгдсэн системд бүртгэж, дараах хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд мэдээлнэ.
5.7.1."илгээгдсэн"-зөрчлийн талаарх мэдээллийг нэгдсэн системд илгээсэн;
5.7.2."боловсруулсан"-зөрчлийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхэд бэлтгэсэн;
5.7.3."хянагдаж буй"-хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа;
5.7.4."мэдээлэл давхардсан"-нэгдсэн системд бүртгэх үед хамгийн эхний шаардлага хангасан мэдээлэлтэй давхардсан гэж үзсэн;
5.7.5."татгалзсан"- эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжгүй;
5.7.6."баталгаажсан"-эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэл оногдуулсан;
5.7.7."урамшууллыг шилжүүлэхээр хүлээгдэж буй"-торгох шийдвэрийн биелэлт хангагдаагүй байгаа;
5.7.8."урамшууллыг олгосон"-мэдээлэл илгээсэн иргэнд урамшууллыг олгосон;
5.7.9."буцаагдсан"- энэхүү журмын 5.6 дахь хэсэгт заасан мэдээллээ бүрэн бүртгүүлээгүйгээс урамшуулал олгох боломжгүй нөхцөл үүссэн;
5.7.10."бусад"-шаардлагатай нэмэлт мэдээлэл.
5.8.Нэгдсэн мэдээллийн системд бүртгэсэн зөрчлийн талаарх мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "Мэдэгдэл хүргэх систем"-ээр дамжуулах цахимаар, эсхүл шуудан, харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан мэдэгдэнэ.
5.9.Зөрчлийн талаарх мэдээлэл ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн хувийн мэдээллийг нууцална.
5.10.Мэдээллийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актын дагуу явуулна.
5.11.Мэдээлэлд дурдсан зөрчил нь баримтаар нотлогдож эцэслэн шийдвэрлэгдсэн, түүнд гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн тохиолдолд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцож мөнгөн урамшууллыг мэдээлэл өгсөн иргэнд олгоно.
5.12.Нэгдсэн системд бүртгэгдсэн торгох шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлсэн даруйд хуульд заасан урамшууллыг олгох бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан татварыг зохих дансанд, үлдэх хэсгийг энэхүү журмын 5.6.4-д заасан дансанд тус тус шилжүүлнэ.
5.13.Мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх явцад тухайн мэдээлэлд дурдагдаагүй бусад зөрчил илэрсэн тохиолдолд уг зөрчлийг үйлдсэн этгээдэд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогоос мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгохгүй.
5.14.Насанд хүрээгүй иргэнээс мэдээлэл өгсөн тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэж, энэ журамд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.
5.15.Нэг зөрчлийн талаар хэд хэдэн мэдээлэл ирсэн бол хамгийн түрүүнд мэдээлэл өгсөн хүнд урамшууллыг олгоно.
5.16.Баривчлах шийтгэл оногдуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгохгүй.
Зургаа.Хүн, хуулийн этгээдийг урамшуулах санхүүжилт
6.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон, тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээдийг урамшуулах санхүүжилтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар санхүүжүүлнэ.
Долоо.Хүлээлгэх хариуцлага
7.1.Мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохоор бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн болон иргэний нэр хүндийг нь гутаан доромжилсон нь тогтоогдвол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
7.2.Энэхүү журмын хэрэгжилттэй холбоотой гомдлыг тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад гаргана.
---о0о---
Текст томруулах
A
A
A