- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 1.15 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 24
Улаанбаатар хот
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах" гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх" буюу "in dubio pro reo" зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг бөгөөд хуульт ёсны шууд тусгал болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу "in dubio pro reo" зарчмыг баримтална.
Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх оюун дүгнэлтэд тулгуурладаг ба аливаа дур зорго, хэлмэгдүүлэхээс хүнийг хамгаалах шүүхийн үүргийг тодорхойлдог.
2.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг зарчмыг шүүхээс зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага нь:
Нэгдүгээрт, шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдож байна. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх" зарчмыг баримтлан шийдвэрлэсэн анхан, давах, хяналтын шатны шүүхийн нийт 58 шийдвэрт дүн шинжилгээ хийж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс энэхүү зарчмыг хэрэглэж шийдвэрлэсэн шийдвэрүүдийн 70 орчим хувь нь дээд шатны шүүхээс өөрчлөгдөж, хүчингүй болжээ.
Тодруулбал, нийт 58 шийдвэрийн 31 буюу 53.44% нь өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон, 10 буюу 17.24% нь өөрчлөлт оруулсан, 17 буюу 29.31%-г хэвээр үлдээсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх" зарчмыг баримтлан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдэд хийсэн практик судалгаагаар шат шатны шүүхүүд тухайн зарчмын зорилго, агуулгын талаар нэгдмэл ойлголтод хүрээгүй, эсвэл агуулгыг хэт өргөжүүлэн тайлбарлах, ижил тохиолдлуудад өөрөөр, эсвэл хэрэглэх ёсгүй тохиолдолд хэрэглэх зэргээр дурдсан ач холбогдлыг алдагдуулахуйц нөхцөл байдлууд тогтоогджээ.
Хоёрдугаарт, энэхүү зарчим нь хуулийн хэм хэмжээнд хоёрдмол утгаар томьёологдсоноос шүүхүүд зөрүүтэй тайлбарлаж, дэлхий нийтээр түгээмэл хүлээн зөвшөөрсөн агуулгаас өөрөөр тайлбарлан хэрэглэж байх тул холбогдох хуулийн заалтыг уг зарчмын агуулга, зорилгод нийцүүлэн тайлбарлах шаардлагатай байна.
Гадаад улс орнуудын эрүүгийн процессын хуульд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх нь нийтлэг байдлаар тусгагдсан байдаг бол харин шүүхээс хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт нь түгээмэл байдаггүй.
Энэхүү зарчмын үүсэл хөгжил болон онолын мөн чанар талаас нь авч үзвэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үнэлэхэд үүссэн эргэлзээг шийдвэрлэхэд голчлон хэрэглэгддэг.
Үүнээс үүдэн материаллаг болон процессын хуулийг тайлбарлах, хэрэглэхэд үүссэн эргэлзээ гэдэгт юуг, хэрхэн хамааруулж ойлгох талаар нарийвчлан тодорхойлж, тайлбарлах шаардлага бий болж байна.
2.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж зааснаас үзэхэд эргэлзээг хоёр тохиолдолд хэрэглэхээр хуульчилжээ.
2.2.1.Хэргийн үйл баримт буюу нотолгоонд үүссэн эргэлзээний улмаас "шүүгдэгчийн гэм буруутай эсэх"-ийг тогтооход эргэлзээ үүссэнтэй холбоотойгоор шүүхээс тус зарчмыг баримтлан шийдвэрлэсэн тохиолдол нийт судалсан шийдвэрийн 81.2%-г эзэлж байна.
Эдгээр шүүхийн шийдвэрүүдийн нийтлэг үндэслэлийг тодруулбал:
2.2.1.1.Шүүхийн шийдвэрт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг буруу дүгнэх буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах байдлаар зөрүүг арилгахын оронд шууд эргэлзээ хэмээн үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэжээ.
Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм.
Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.
2.2.1.2.Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шалгасан байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгооны стандартыг алдагдуулж "in dubio pro reo" зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг нотлох, үгүйсгэх аль нэг шийдвэрийг гаргахын тулд үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийх боломжийг олгох үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нотолгооны стандартыг нарийвчлан тогтоодог нь эрүүгийн эрх зүйн онол болон олон улсын түвшинд тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт мөн. Үүний тулд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр шүүх аль нэг талд шийдвэр гаргахыг шаардана. Эдгээрийг нэг бүрчлэн судалсан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан байхад гэмт хэргийн шинж хангалттай нотлон тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүйг үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалтай адилтгах байдлаар тус зарчмын агуулга, зорилгыг алдагдуулсан байна;
2.2.1.3.Хоёр өөр субъектийн өөр өөр цаг хугацаанд, тус тусдаа үүссэн санаа зорилгоор, бие даасан салангид үйлдлүүдээр хохирогчид халдаж нэг төрлийн хохирол, хор уршигт хүргэсэн нөхцөл байдлыг зөв тайлбарлаагүйн улмаас эргэлзээ үүссэн гэж алдаатай дүгнэсэн;
2.2.1.4.Гэмт хэрэгт хоёр болон түүнээс дээш этгээд оролцсон тохиолдолд хамтран оролцох хэлбэр, төрөл, оролцогч тус бүрийн үйлдлийн шинж чанар, гэмт үр дагаварт хүрэхэд нөлөөлсөн нөлөө зэргийг оновчтой тогтоож чадаагүй;
2.2.1.5.Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, шинжилсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээ үүссэн байхад шүүх тус зарчмыг баримтлаагүй зэрэг болно.
Дээр дурдсаныг дүгнэвэл, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход шаардлагатай бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой судлаагүй байх, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, зөрчилдсөн баримтуудыг тус бүрд нь хооронд нь харьцуулж үнэлээгүй байх, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байх, нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн байхын зэрэгцээ хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй буюу нотолгооны стандарт бүрдээгүй, тус зарчмыг хэрэглэх хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад шүүхээс нотлох баримтуудыг хэрхэн үнэлэн эргэлзээг тогтоосон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг эргэлзээгүй, тодорхой бичихгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад үүссэн аливаа тодорхой бус байдлыг шууд эргэлзээ гэж тайлбарлах зэргээр хуулийг алдаатай хэрэглэжээ.
2.2.2."... Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан ..." үндэслэлийг баримталсан нийт судалсан шийдвэрийн 18.96% буюу 11 тогтоол байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан үндэслэлээр хянан шийдвэрлэсэн шийдвэрүүдийн дийлэнх нь хуулийн хэм хэмжээнд эргэлзээ үүсэх тухай бус төсөөтэй гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх, аль эсвэл гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлоход үүссэн эргэлзээ бүхий нөхцөл байдалтай холбоотой байх ба зарим тохиолдолд практикт нэгэнт тогтсон ялгааг шүүгчийн оюун дүгнэлтээр тогтоох боломжтой байсаар атал тус зарчмыг баримтлан шийдвэрлэжээ.
Мөн хэм хэмжээ хоорондын зөрчилдөөн, өрсөлдөөний аль нэг нь үүссэнийг хуульд тайлбарлах, хэрэглэхэд гарсан эргэлзээ гэж үзсэн тохиолдлууд байна.
Энэхүү зарчим нь эрүүгийн материаллаг болон процессын хуулийн заалтыг тайлбарлахад хэрэглэгддэггүй. Хэргийн үйл баримтыг шүүхээс судалсны дараа хуульд байгаа хамгийн зөв оновчтой шийдлийг олж, тухайн хэргийг зүйлчлэх нь нэг талаас шүүхийн бүрэн эрх, нөгөө талаас чиг үүрэг нь юм. Харин уг зарчмын хүрээнд хуулийн агуулгыг шүүгдэгчид ашигтайгаар тайлбарлаж, хэрэглэх тухай ойлголт байх боломжгүй.
Иймд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх" зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай албан ёсны тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага үүссэн гэж үзсэн болно.
Гурав. Тайлбарын цар хүрээ
3.1.Тайлбарын цар хүрээ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дараах үг хэллэг, агуулгаар хязгаарлагдана.
3.1.1."Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...";
3.1.2."... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...";
3.1.3."... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ...";
3.1.4."... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ".
Дөрөв. Тайлбарын арга зүй
4.1.Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал, хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах; системчлэлийн (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах); хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) аргаар тус тус тайлбарлана.
Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл
Тайлбар гаргахтай холбогдуулан хийсэн онол болон практик, харьцуулсан судалгааны үр дүнгээр илэрсэн "... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх" буюу "in dubio pro reo" зарчмын суурь ойлголт, эрүүгийн болон эрүүгийн процессын эрх зүйн ач холбогдол, зорилго, нийтлэг зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг үндэслэл, зорилгыг баримтлан дараах байдлаар тайлбарлалаа.
5.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэнэ. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг (анхдагч болон дамжмал, яллах ба цагаатгах, шууд болон шууд бус) шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Шүүхээс "гэм бурууг тогтоох" ажиллагааны явцад "in dubio pro reo" зарчим нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төр, хуулийн байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдах явдал гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд чиглэдэг учраас шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөлд түүнд ашигтайгаар шийдвэрлэх утга агуулгаар хэрэглэгддэг.
Иймд шүүх "in dubio pro reo" зарчмыг хэрэглэх үндэслэл нь хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх явцад "эргэлзээ үүссэн" нөхцөл байдал байна.
Шүүгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх, хангалттай эсэх, үнэн зөв эсэх, эргэлзээгүй эсэх, хуульд заасан арга хэрэгслээр цугларсан эсэх зэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн шалгаж, үнэлснээр хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт гаргана.
Шүүгчийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлах зарчим нь "шүүхэд сонсгох" хүний үндсэн эрхийн ойлголттой холбоотой ба хүн бүр өөрт холбогдох хэргийн талаар шүүхэд сонсгол хийлгэх эрхтэй бөгөөд энэ нь Үндсэн хуулиар хамгаалсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн нэг хэсэг болдог.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан, давах, хяналтын шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлуулах, тайлбар гаргах, эрх тэгш мэтгэлцэх замаар шүүхэд өөрийн байр суурийг илэрхийлж сонсгох, шүүх түүнийг хүлээн авч улмаар шүүгчийн дотоод итгэл үнэмшилд хэргийн бодит байдал хэлбэржин тогтож байдаг.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 10, 13, 14, 15 зэрэг нотлох баримттай холбоотой заалтууд нь "шүүхэд сонсгох" эрхийг хуульд бэхжүүлж өгсөн байна.
Ийнхүү "шүүхэд сонсгох" ажиллагааг шүүх үр дүнтэй явуулснаар шүүгчийн дотоод итгэл үнэмшлийг бүрдүүлэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлэх зэрэгт туслах ач холбогдолтой.
"Шүүхэд сонсгох" эрхийн хүрээнд дараах гурван асуудал хамаардаг.
Нэгдүгээрт. Шүүх нь шийдвэр гаргагч болохынхоо хувьд өөр этгээдээр дамжуулж бус харин өөрөө нотлох баримтыг шууд чөлөөтэй үнэлдэг.
Хоёрдугаарт. Эрүүгийн процессын эрх зүйд аман харилцааны зарчим үйлчилнэ. Энэ зарчмын агуулга нь шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч, улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч болон бусад оролцогч нартай өөрөө шууд харилцахыг ойлгоно. Ингэхдээ шүүх хуралдааны явцад гаргаж байгаа шийдвэр бүрийн тухайлсан үндэслэл бүрийг аман хуралдаанаар баталгаажуулна. Харин амаар харилцаагүй, баталгаажаагүй бол шүүхийн шийдвэрт тусгахгүй.
Гуравдугаарт. Шүүх нь дотоод итгэл үнэмшлийг аман хуралдааны үед олж авах бөгөөд шүүгчийн хараат бус байдлын үндсэн дээр өөрийн чөлөөт итгэл үнэмшлээр нотлох баримтын үр дүнг үнэлнэ. Өөрөөр хэлбэл, амаар харилцаж, итгэл үнэмшлээ олж, түүн дээрээ үр дүнг бий болгоно гэсэн үг юм.
Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу "in dubio pro reo" гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ.
5.2.Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй.
"in dubio pro reo" зарчмын үзэл баримтлал нь эрх зүйн ач холбогдолтой үйл баримтад үүссэн эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, мөн түүний гэм бурууг нотолж байгаа үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдож байхыг шаарддаг. Энэхүү эргэлзээ нь зөвхөн "үндэслэл бүхий" байна.
Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Дүн шинжилгээ хийх явцад шүүгч өөрийн хууль, эрх зүйн ухамсар, мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, туршлагыг ашиглаж дотоод итгэл үнэмшлийг бүрдүүлж байдаг.
Үндэслэл бүхий эргэлзээ нь рациональ байдлаар буюу шүүгчийн субъектив дур зоргоос ангид тодорхой бодит нотолгоонд үндэслэгдсэн байх ёстой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч ял шийтгэхгүй байх гэм буруугийн зарчмын зорилготой уялдуулан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл боломжийг олгодог болно.
Нотлох баримтыг шалгах, үнэлэх нь хийсвэр таамаглал, субъектив хүсэл зориг, үзэмжийн асуудал биш шүүхээс нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг даван туулахын тулд рациональ сэтгэлгээ, логикийн болон шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан туршилтын хуулиуд, шинжлэх ухаан-танин мэдэхүйн дүрэм, арга зүйг ашиглах, тэдгээрт тулгуурлан дүгнэлт хийсэн байх шаардлагатай.
Рациональ байдал гэдэг нь оюун дүгнэлт хийдэг логикийн хуулиуд болон шинжээчийн дүгнэлт, шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан туршилтын хуулиудад түшиглэн шүүгч өөрөө эргэлзээгээ тайлахыг ойлгоно.
Оюун дүгнэлт нь:
- хуулийн тодорхойлолт, бичвэрийг буруу, зөрүү ойлгосон эсэх;
- мэдүүлгүүдийн (шүүгдэгч, гэрч, хохирогчийн гэх мэт) агуулгыг зөв ойлгосон эсэх;
- гэрчийн мэдүүлгийн худал, тогтворгүй байдал анзаарагдсан эсэх; гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх өөр нотлох баримт байгаа эсэх; гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй эсэх; сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн хямралтай, сэтгэцийн үйл ажиллагаа тогтворгүй гэрч эсэх болон гэрч сонссоноо ярьсан эсэх зэрэг эргэлзээ үүсгэх бусад эх үүсвэрүүдийг шалгах;
- тооцооллын алдаа гаргасан эсэх;
- яллах болон цагаатгах нотлох баримтуудын талаар хийсэн дүн шинжилгээ зөв эсэхэд дүгнэлт хийх явдал юм.
Шинжээчийн дүгнэлтийн хувьд шүүгч хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдэж болохгүй; харин шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй үр дүн үзүүлбэл эргэлзээ үүсэж болох бөгөөд энэ тохиолдолд аль нь үндэслэлтэйг тогтоох шаардлага үүснэ.
Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заавал заана. Харин хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй.
Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, эргэлзээтэй байхад тухайн зөрүү, эргэлзээг арилгах арга хэмжээ авалгүйгээр аль нэг дүгнэлтэд хөтлөгдөж, хэргийн зүйлчлэлд алдаа гаргахгүй байхад анхаарах нь нэн чухал. Зөрүүтэй шинжээчийн дүгнэлт байгаа тохиолдолд аль дүгнэлтийг хууль ёсных гэж үзэхээ зөв, үндэслэлтэй шийдвэрлэх, хэрэв эргэлзээ, зөрүү байгаа бол заавал дахин дүгнэлт гаргуулан тухайн зөрүүтэй байдлыг зөв тогтоохгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх ёсгүй.
Харин шүүгч шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан туршилтын үр дүнд нотлогдсон үйл баримтад эргэлзэхгүй. Үүнд: цусан дахь алкохолын хэмжээ; цусны бүлгийн шинжилгээгээр эцэг тогтоосон байдал; ДНХ шинжилгээний үр дүн; хурдны хэмжилтийн үр дүн; микроморфологийн шинжилгээний үр дүн; радарын зураг; замын хөдөлгөөний зайг хэмжсэн ажиллагааны үр дүн гэх мэт.
Дараах тохиолдлуудад эргэлзээ байсан хэдий ч "in dubio pro reo" зарчмыг хэрэглэхгүй, харин Эрүүгийн хууль, түүнд тусгагдсан суурь зарчмууд, эрүүгийн эрх зүйн онолуудыг баримтлан шударга ёс, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлж шүүх тодорхойгүй байдлыг тайлах, шийдвэр гаргах үүрэгтэй.
1.Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, төрөл тодорхойгүй бол холбогдох хэргийг шууд хэрэгсэхгүй болгохгүй. Гэмт хэрэгт хамтран оролцох тухай ойлголт нь олон субъект нийлж гэмт хэрэг үйлдсэн үед субъект тус бүрийн оролцоог тодорхойлж, улмаар эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх тухай юм. Бодит байдал дээр хуулиар хориглосон үйлдэл, үр дагаварт хүргэхэд хэд хэдэн этгээд хамтран хувь нэмэр оруулсан нь тодорхой боловч гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тогтооход бэрхшээл учирч болно. Өөрөөр хэлбэл, субъектууд гэмт санаагаараа нэгдэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу шүүгдэгч тус бүр гэмт хэргийн гүйцэтгэгч эсэх нь тодорхой биш байж болно. Энэ тохиолдолд хамтран оролцогчдын үүргийг (төрлийг) нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд тодорхойлж, Эрүүгийн хуульд заасан холбогдох зүйл, заалтыг баримтлан, жишээлбэл, хамжигч, хатгагч, зохион байгуулагчийн аль тохирохоор (хөнгөнөөр) нь зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.Хэд хэдэн этгээдийн үйлдэл нийлж нэг хохирол, хор уршигт хүргэсэн бол шүүгдэгч тус бүрд эрүүгийн хариуцлага оногдуулна. Өөрөөр хэлбэл, тусдаа үүссэн гэмт зорилго, сэдлээр нэг объектод тус тусдаа үйлдлээр халдаж нэг хор уршигт хүргэсэн бол бие даасан гэмт санаа бүрд эрүүгийн хариуцлага оногдуулна. Аливаа этгээдийг ял шийтгэх үндэс нь нийгэмд аюултай гэмт санаа агуулж, түүнийгээ үйлдлээр гүйцэтгэж, хуулиар хамгаалсан эрх ашигт халдсан явдал байдаг. Гэмт санаа, зорилгоо үйлдлээрээ хэрэгжүүлж, өөрийн тооцоолсон үр дагаварт хүрсэн гэж итгэсэн бол тухайн субъектийн оюун санаанд гэмт хэрэг нэгэнт төгссөн байдаг.
3.Гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хангалттай тодорхой тогтоогдоогүй бол ердийн бүрэлдэхүүнээр эрүүгийн хариуцлага оногдуулна. Шүүгдэгчид холбогдох хэрэгт гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд хангалттай, тодорхой тогтоогдоогүй нь ердийн бүрэлдэхүүнээр эрүүгийн хариуцлага оногдуулахад аливаа эргэлзээ үүсгэхгүй юм.
Харин дараах нөхцөл байдлуудад эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд эргэлзээ үүссэн гэж шууд дүгнэх боломжгүй.
1.Шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй юм. Ийнхүү шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй. Иймээс шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудад өгсөн дүгнэлтээ логик оюун дүгнэлтийн дүрмүүд, мэргэжлийн болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, туршлагад үндэслэж тайлбарлах үүрэгтэй.
2.Түүнчлэн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүх талаас нь бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй нөхцөлд үүссэн аливаа тодорхойгүй байдлыг эргэлзээ гэж тооцохгүй.
Иймд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад үүссэн тодорхойгүй нөхцөл бүрийг эргэлзээ гэж үзэхгүй бөгөөд "in dubio pro reo" зарчмын зорилго, мөн чанарыг өргөжүүлэн хэрэглэх нь эрүүгийн процессын эрх зүйн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, ял завшуулахгүй байх зорилтуудад харшилна.
5.3."in dubio pro reo" зарчмын тухайд хуулийг тайлбарлан хэрэглэхэд үүссэн эргэлзээ гэх ойлголт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хууль тайлбарлаж хэрэглэхэд үүссэн ойлгомжгүй, тодорхойгүй байдал, хуулийн хэм хэмжээ хоёрдмол утгатай тохиолдолд энэ зарчмыг хэрэглэхгүй, харин хууль тайлбарлах аргуудыг хэрэглэх замаар хуулийн хэм хэмжээний агуулгыг тодруулах нь шүүгчийн үүрэг юм.
Шүүх "хуулийг тайлбарлан хэрэглэх" гэдэг нь эргэлзээг шийдвэрлэх тухай биш харин хуулийг зөв хэрэглэх тухай агуулгыг хөнддөг тул энэ ойлголт нь үйл баримтыг нотлох баримт дээр тулгуурлан үнэлж дүгнэхэд үүссэн эргэлзээнээс ялгаатай юм.
Шүүх "хуулийг хэрэглэх" гэдэг нь тодорхой үйл баримтыг гэмт хэргийн бүрэлдэхүүнд нийцсэн эсэхийг оюун дүгнэлт хийж шалгахыг хэлэх бол, "хууль тайлбарлах" гэдэгт хууль тайлбарлах тогтсон аргуудын тусламжтайгаар хуулийн агуулгыг тодруулж, хэрэглэх аргачлалыг тодорхойлохыг ойлгоно.
Аливаа хууль нь "lex certa" (лат. тодорхой байх) зарчмын шаардлагыг хангахгүй бол шүүх хуулийг тайлбарлах замаар хуулийн агуулгыг тодруулан хэргийг шийдвэрлэнэ. Жишээ нь: отолтод оруулж хүнийг алах гэмт хэрэг нь ердийн байдлаар хүнийг алах гэмт хэрэгтэй адилгүй, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм гэх тайлбарыг шүүхээс хийсэн гэж үзье. Энэ тайлбар нь тухайн үед шүүгдэгчид ашигтайгаар үйлчилсэн байж болох ч энэ нь "in dubio pro reo" зарчмын үр дүн биш, "ердийн байдлаар" гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинжийг тодорхойлсон нэр томьёонд хийсэн тайлбар юм.
"in dubio pro reo" зарчим нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болон бодит байдал дахь үйл баримтын хооронд бий болсон нотлох баримтын үнэлгээнд үүссэн эргэлзээнд хэрэглэгддэг.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ..." гэж заасан нь хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл (субсумци) хийх үед үүссэн эргэлзээг хэлнэ.
Өөрөөр хэлбэл, үйл баримттай зүйлчлэл тохирохгүй байх үед хэргийн үйл баримтыг шүүхээс судалсны дараа хуульд байгаа хамгийн оновчтой шийдлийг олж, тухайн хэргийн зүйлчлэлийг зөв сонгож субсумци хийх асуудлыг хууль тогтоогч илэрхийлсэн байна.
Энэ тохиолдолд шүүх "jura novit curia" буюу "шүүх хуулийг мэднэ" гэх зарчмыг баримтална. Энэ нь хүний үйлдсэн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан эсэхийг шүүх хууль тайлбарлах замаар өөрөө шийдвэрлэх агуулгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, хуульд эргэлзэхгүй буюу хууль тайлбарлах замаар заавал шийднэ.
Хуулийг хэрэглэх явцад түүнийг тайлбарлах шаардлага үүсэх нь түгээмэл бөгөөд ийнхүү тайлбарлахад үүсэх үндсэн бэрхшээл нь тухайн асуудлыг зохицуулж буй хэм хэмжээ хоорондын зөрчилдөөн, өрсөлдөөнийг ялган зааглах явдал юм.
Тодруулбал, дараах тохиолдлуудын аль нэг бий болсон нь "in dubio pro reo" зарчмын дагуу үүссэн эргэлзээ гэж үзэх үндэслэл болохгүй ба эдгээрийг шийдэхдээ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй.
- эрх зүйн нэг харилцааг Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай анги, эрүүгийн процесс хуулиудад хэд хэдэн хэм хэмжээгээр зохицуулсан буюу хэм хэмжээний өрсөлдөөн үүссэн;
- тодорхой эрх зүйн асуудлыг зохицуулах хэд хэдэн хэм хэмжээ үйлчилж буй бөгөөд тэдгээр нь хоорондоо зөрчилдсөн.
Дээрх тохиолдлууд буюу холбогдох хууль хоорондын өрсөлдсөн, зөрчилдсөн хэм хэмжээ болон тэдгээрийн агуулгыг тайлбарлах, хэрэглэхэд ойлголтын зөрүү үүссэн байх нь "in dubio pro reo" зарчмын утга, агуулга, үйлчлэлд хамаарахгүй гэж үзнэ.
Хуулийг тайлбарлах явцад үүссэн бэрхшээлийг системчилсэн тайлбарын арга, хэл зүйн тайлбар, логик, түүхчилсэн зэрэг хууль тайлбарлах үндсэн аргуудын тусламжтайгаар даван туулна. Тодруулбал:
- аливаа эрх зүйн хэм хэмжээг тухайн хэм хэмжээний тогтолцооны хүрээнд бүхэллэг байдлаар нь уялдаа холбоо, зорилгын харилцан хамааралтай авч үзэж тайлбарлах буюу системчилсэн тайлбар хийх;
- үгийн утга, өгүүлбэр зүйн бүтэц, найруулга, хэл зүйн дүрмүүдийг ашиглаж тайлбарлах;
- эрх зүйн хэм хэмжээ батлагдах цаг үеийн үзэл баримтлалтай уялдуулж тайлбарлах;
- логикийн нийтлэг хууль, дүгнэлт категориуд, оюун дүгнэлтийн тусламжтайгаар тайлбарлах зэрэг болно.
Үүнээс гадна тухайн тохиолдлыг зохицуулсан хэд хэдэн хэм хэмжээ байх бөгөөд тэдгээрийн хоорондын өрсөлдсөн, зөрчилдсөн нөхцөл байдлыг эрх зүйн ерөнхий онолын дагуу дараах үндсэн 3 зарчмыг баримтлан даван туулна:
- "lex superior" буюу дээд шатны байгууллагаас баталсан хэм хэмжээ давуу хүчинтэй үйлчлэх;
- "lex specialis" буюу нарийвчилсан зохицуулалт бүхий хэм хэмжээг ерөнхий зохицуулалттай хэм хэмжээнээс тэргүүн ээлжид хэрэглэх;
- "lex posterior" буюу шинээр баталсан хэм хэмжээ нь өмнө үйлчилж байсан хэм хэмжээнээс давуу хүчинтэй үйлчлэх зэрэг болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно ...", мөн зүйлийн 14 дэх хэсэгт "... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно", Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй", Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй", мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална", мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина", мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно" гэж тус тус зааснаас үзэхэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалт "тодорхой байх" зарчмыг бэхжүүлж, эргэлзээгүй, нэг мөр ойлгогдож хэрэглэгдэх ёстойг илэрхийлж байна.
Харин Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээн дэх эрх зүйн тодорхой бус ойлголтын улмаас (2-оос дээш агуулгыг илэрхийлэх) "тодорхой байх" зарчим зөрчигдсөн тохиолдолд шүүх тухайн хуулийг хэрэглэж болохгүй ба үүний оронд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах ба Улсын дээд шүүх уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана" гэж заасны дагуу шийдвэрлүүлнэ.
5.4.Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах, эсхүл хөнгөрүүлэн зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар ТАЙЛБАРЛАХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн:
1.1."Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..." гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.
1.2."... гэм буруутай эсэхэд ..." гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна.
Харин шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг шалгах, үнэлэхэд үүссэн эргэлзээ нь уг ойлголтод хамаарахгүй.
1.3."... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ..." гэдэгт гэмт хэргийн шинж, гэм буруу ба хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, энэ нь хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээ юм.
Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд хэргийн бодит байдалд нийцсэн зүйлчлэлийг сонгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг оногдуулна.
Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хооронд өрсөлдсөн, зөрчилдсөн хэм хэмжээ үүссэн байх нь эргэлзээнд хамаарахгүй.
Хэрэв шүүхийн хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
1.4.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тухайн тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилнэ.
"... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно.
2.Энэ тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
