- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, УУЛ УУРХАЙН БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 178
Улаанбаатар хот
ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, УУЛ УУРХАЙН БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гадаад худалдааны цахим нэг цонх" мэдээллийн систем нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, агентлагийн дарга нарт даалгаж, холбогдох албан тушаалтанд зөвлөсүгэй:
1.1."Гадаад худалдааны цахим нэг цонх" мэдээллийн системийг бий болгох, гадаад худалдаатай холбоотой төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх үйл ажиллагааг 2024 оны 4 дүгээр улиралд багтаан эхлүүлэх арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т;
1.2."Гадаад худалдааны цахим нэг цонх" мэдээллийн системийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.3."Гадаад худалдааны цахим нэг цонх"-ны үйл ажиллагааны журмыг баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.4."Гадаад худалдааны цахим нэг цонх"-ны мэдээллийн системийг хариуцаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т тус тус;
1.5.Бүтээгдэхүүн, үйлчилгээ баталгаажуулалтын байгууллагын тоог нэмэгдүүлэх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариу, тохирлын гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлгийн гэрчилгээг цахим хэлбэрээр олгох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (О.Амартүвшин)-д.
2.Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд даалгасугай:
2.1.Экспортын барааны гарал, үүслийг гэрчлэх эрх бүхий байгууллагын тоог нэмэгдүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт;
2.2.Иргэн, хуулийн этгээдэд гадаад худалдаатай холбоотой төрийн үйлчилгээг үзүүлэхэд төрийн мэдээллийн үндсэн системээр дамжуулан авах, солилцох боломжтой мэдээллийг шаардахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд;
2.3.Импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг хувааж төлөх, хойшлуулах зэрэг төлбөрийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа 2023 онд багтаан боловсруулж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд;
2.4.БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын хүнс импортлогчдын бүртгэлд хамрагдах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүргүүлэх ажлыг хариуцаж ажиллах, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т.
3.Гааль, хилийн мэргэжлийн хяналт, шалгалтыг багасгах, зарцуулах зардал, цаг хугацааг бууруулах, олон улсын жишигт нийцүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т даалгасугай:
3.1.Эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг эрчимжүүлж, мэдээлэл, бичиг баримтын болон бараа, тээврийн хэрэгсэлд хийх шалгалтад хамрагдах гаалийн бүрдүүлэлтийн тоог жил бүр 15 хувиар бууруулж, гадаад худалдааг хөнгөвчлөх, хилийн боомт дээр дараалал, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд бараа, тээврийн хэрэгслийг гүнийн гаалийн хяналтад шилжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллах;
3.2.Гаалийн татварыг эцэслэн тодорхойлохоос өмнө барааг олгох боломжийг бүрдүүлэх талаар олон улсын жишигт нийцсэн журмыг 2023 онд багтаан боловсруулж, мөрдүүлэх;
3.3.Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гаалийн байгууллага хооронд байгуулсан "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
3.4."Худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлын стандартыг хангасан аж ахуй нэгжид гаалийн итгэмжлэл олгох журам"-д заасан аж ахуйн нэгжид тавигдах шаардлагыг оновчтой болгох, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
4.Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг 2023 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгаж, холбогдох албан тушаалтанд зөвлөсүгэй:
4.1.Уул уурхайн бус бүтээгдэхүүний салбарын экспортыг дэмжих чиглэлээр хуулийн төсөл боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт;
4.2.Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогын санал боловсруулж, танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт;
4.3.Уул уурхайн бус бүтээгдэхүүнд зориулсан экспортын зээл, даатгал, зээлийн батлан даалт, төлбөрийн баталгаа гаргах замаар экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгох талаар судалж, шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-нд;
4.4.Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн экспортын гүйцэтгэл, авлага, гэрээгээр баталгаажсан ирээдүйд олох орлогод үндэслэн зээл олгоход барьцааны зүйлийн төрлийг нэмэгдүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-нд;
4.5.Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардагдах импортын түүхий эд, туслах материалд ногдох гаалийн татварыг гадаад худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгчийн экспортын гүйцэтгэлд үндэслэн буцаан олгох боломжийг судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт.
5."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолын 31 дүгээр хавсралтаар баталсан "Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд ажиллах Засгийн газрын комисс, хороо, тэдгээрийн дарга"-ын 5 дахь хэсгийн "Гадаад худалдааны бодлогын хэрэгжилтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж өөрчилсүгэй.
6.Энэ тогтоолоор өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явц, тайлан, мэдээг улирал тутам Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлж ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгасугай.
7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
