A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар Э/9/04

Ховд

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 зүйлийн 20.1.16 дахь заалт, 22 зүйлийн 22.1.15 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт,Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 зүйлийн 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.5 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 09 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудаас сар бүр авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаярт даалгасугай.

2.1.Албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг авахдаа Ховд аймгийн Татварын хэлтэстэй хамтран ногдуулалт хийж, арилжааны банкиудаар дамжуулан сумын төсөвт төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх

2.2.Төсөвт төвлөрсөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу хог цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардал болон хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбогдсон үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулах

2.3.Хог хаягдлын үйлчилгээний хураамж төлөх нь иргэдийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хотын өнгө үзэмж, байгаль экологийн цэвэр орчин бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт болж очно гэдгийг иргэдэд ойлгуулах хууль эрх зүйн болон танин мэдэхүйн сургалт, сурталчилгааг тогтмол хийж хэвшүүлэх

3.Албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний салбараас авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хувь хэмжээний дагуу сар бүр төлж байхыг тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалсугай.

4.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, орлогын хэмжээг нэмэгдүүлэх талаар идэвх санаачилга гаргаж ажиллахыг Ховд аймгийн Татварын хэлтсийн дарга (Х.Батцэцэг), Жаргалант сумын Санхүү албаны дарга (О.Сэрчмаа) нарт даалгасугай.

5.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.

ХУРЛЫН ДАРГА Л.ОТГОНЦАГААН