A

A

A

Бүлэг: 1979

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2023 оны 02 дугаар сарын 28-ны

Өдрийн 22 тоот тогтоолын

хавсралт

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ,

ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

(Шуудангийн сүлжээ байгуулах)

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/-ноос харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү нөхцөл, шаардлагын 1.1-т заасан шуудангийн сүлжээг байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэгч /цаашид "шуудангийн сүлжээний үйлчлэгч" гэх/ нь Монгол Улсын олон улсын гэрээ, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм, журам энэхүү нөхцөл, шаардлага, шуудангийн үйлчилгээнд хамаарах Монгол Улсын үндэсний стандарт болон норматив баримт бичгийг мөрдөж ажиллана.

ХОЁР. ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

2.1. Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэхэд дараах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2.1.1. Бизнес төлөвлөгөө боловсруулж, баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөнд доорх мэдээллийг тусгасан байна.

2.1.1.1. эрхлэх үйлчилгээний зах зээлийн талаарх мэдээлэл, зорилтот зах зээлд нэвтрэх, үйлчилгээг өргөжүүлэх бизнесийн загвар;

2.1.1.2. хөрөнгө оруулалтын тооцоолол; /шаардлагатай техник, тоног төхөөрөмж, ашиглах технологи, тэдгээрийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо/

2.1.1.3. зах зээлд нэвтрэх үнийн бодлого, үйлчилгээний үнэ тарифын тооцоолол;

2.1.1.4. Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасан хугацаанд нийцүүлэн тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацаа, тээвэрлэлтийн болон шуудангийн технологи ажиллагааны шат дамжлагын зураглал;

2.1.1.5. шуудангийн сүлжээг зохион байгуулах нарийвчилсан төлөвлөгөө;

2.1.1.6. ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон үйлчилгээний аюулгүй байдал /шуудан илгээмжийн хадгалалт, хамгаалалт, ажлын байрны аюулгүй найдвартай байдал, камержуулалт, харуул хамгаалалт, галын, гамшгийн үеийн аюулгүй байдал/ хангах төлөвлөгөө.

2.1.2. Монгол Улсад болон хилийн чанадад эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран ажиллах албан ёсны харилцаа тогтоосон байна.

2.1.3. Шуудангийн болон харилцаа холбооны салбарын мэргэжилтнээр хүний нөөцийг бүрдүүлсэн байх ба аль нэг ажилтан нь мэдээлэл, холбооны зөвлөх инженер, эсхүл түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэгтэй байна.

2.1.4. Шуудан тээврийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах Шуудангийн аюулгүй байдлын MNS 5539:2019 стандартын шаардлагад нийцсэн, таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлтэй байх бөгөөд үйл ажиллагааны онцлогоос хамааран дэвшилтэт арга, техник технологийг ашиглаж болно.

Энэ зүйлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

ГУРАВ. ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮЙЛЧЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1. Шуудангийн сүлжээний үйлчлэгч нь улс хоорондын шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэхэд  дараах шаардлагыг хангасан байна.

3.1.1. Шуудангийн илгээмж хүлээн авч,  ялган боловсруулах, солилцох солилцооны төвтэй байх;

3.1.2.  Улс хоорондын шуудангийн ялган боловсруулах төв нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байх;

3.1.3. Шуудангийн илгээмжийг улс хооронд 1 буюу хэд хэдэн чиглэлээр тээвэрлэн, өөрийн харьяа салбар, эсхүл гэрээний үндсэн дээр гадаад улсын шуудангийн байгууллагын салбар /солилцооны төв/-аар дамжуулан үйлчлүүлэгчдэд хүргэх.

3.2. Шуудангийн сүлжээний үйлчлэгч нь дотоодын шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэхэд  дараах шаардлагыг хангасан байна.

3.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт (Улаанбаатар хот болон бүх аймгийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх тохиолдолд) шуудангийн илгээмжийг  тээвэрлэн, өөрийн харьяа үйлчилгээний салбар цэгээр дамжуулан хүргэх;

3.2.2. Шуудангийн илгээмж хүлээн авч,  ялган боловсруулах, солилцох солилцооны төвтэй байх;

3.2.3. Дотоодын шуудангийн солилцооны төв нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төвд байрлах ба шуудангийн салбарууд нь өөр хоорондоо чиглэл, хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлдэг байх.

3.3. Шуудангийн сүлжээний үйлчлэгч нь шуудангийн аюулгүй байдлыг ханган, үйлчилгээг найдвартай, тасралтгүй хүргэх техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.

3.4. Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх үйл ажиллагаанд Шуудангийн аюулгүй байдал MNS 5539:2019, Шуудангийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 6776:2019 стандартыг мөрдөж ажиллана.

3.5. MNS 5540:2005, Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний ажлын байранд тавих шаардлага MNS 5882:2008 стандартын шаардлагыг хангасан ажлын байртай байна.

3.6. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагад үйлчилгээний таних тэмдгээ бүртгүүлэн баталгаажуулж, хуулбарыг Зохицуулах хорооны Ажлын албанд ирүүлнэ.

3.7. Энэхүү нөхцөл, шаардлагын 3.6-д заасны дагуу баталгаажуулсан өөрийн таних тэмдэг бүхий илгээмжийн зориулалтын хайрцаг, сав, баглаа боодол, битүүмжлэлийн наалт болон бичиг захидал, боодлын дугтуйг ашиглана.

3.8. Тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардсан илгээмжийг тээвэрлэх, хадгалах стандартын шаардлага, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан байна.

3.9. Шуудан тээврийн ажиллагааг хэвийн тогтвортой явуулах нөөц тээврийн  чиглэл, хуваарь бүхий төлөвлөгөөг баталсан байна.

3.10. Гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг холбогдох байгууллагуудтай хамтран баталж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байх бөгөөд төлөвлөгөөг Зохицуулах хорооны Ажлын албанд тухай бүр ирүүлнэ.

3.11. Өөрийн сүлжээгээр бусад үйлчлэгчийн шуудангийн илгээмжийг чөлөөтэй дамжих нөхцөлийг бүрдүүлсэн харилцан холболтын зааглах цэгүүдийг сүлжээндээ тодорхойлсон байна.

3.12. Шуудангийн илгээмжийн бүртгэл, хяналтын цахим системийг технологи ажиллагаандаа  нэвтрүүлж, хэвийн ажиллагааг хангасан байна.

3.13. Шуудангийн тухай хуулийн 7.1.6-д заасан дүрмийн дагуу шуудангийн технологийн баримт бичгийг хадгалах зааврыг мөрдөн, архивыг бүрдүүлнэ.

3.14. Шуудангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу гарах шуудангийн үйлчилгээний болон урамшууллын тарифыг Зохицуулах хороогоор хянуулж , баталж, мөрдөнө.

3.15. Хилийн чанад дах хамтран ажиллах байгууллага нэмэгдэх, мөн солигдох бүрт тухайн байгууллагатай хамтран ажиллах гэрээг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;  

3.16. Шуудангийн тухай хуулийн 9.1.5-д заасан журмыг мөрдөж шуудангийн үйлчилгээ эрхлэгчтэй харилцан холболтын гэрээг байгуулж, харилцан холболтын тарифыг Зохицуулах хороонд  тухай бүр хүргүүлж, хянуулсан байна.

3.17. Санхүүгийн тайланд шуудангийн үйлчилгээний орлого, зардлыг бусад үйлчилгээ, борлуулалтын үйл ажиллагааны орлого зардлаас тусад нь бүртгэнэ.

ДӨРӨВ. ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1. Шуудангийн сүлжээний үйлчлэгч нь Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана.

4.2. Энэхүү нөхцөл, шаардлагын 2.1.1.4-т тогтоосон хугацаанд хүргэсэн илгээмжийн гардуулалтын чанар тухайн жилдээ 95 хувиас багагүй байна.

4.3. Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6775:2019 стандартыг мөрдөнө.

4.4. Үйлчилгээний талаарх дараах мэдээллийг байгууллагын цахим хуудас болон үйлчилгээний байран дахь мэдээллийн самбарт нээлттэй байршуулна.

4.4.1. үйлчилгээний тариф;

4.4.2. шуудан хүргэх чиглэл, хуваарь болон илгээмж хүргэх хугацаа;

4.4.3. хаяг байршил, ажиллах цагийн хуваарь, холбоо барих мэдээлэл;

4.5. Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хуульд нийцсэн дараах журамтай байх бөгөөд үйлчлүүлэгчид нээлттэй байлгана.

4.5.1. илгээмжийн лавлагаа хүлээн авах, хариу өгөх журам;

4.5.2. үйлчлүүлэгчийн гомдол маргааныг хүлээн авах, шийдвэрлэх, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох журам.

4.6. Үйлчлүүлэгч илгээмжийн бүртгэлийн дугаарыг ашиглан, илгээмжийн байршлаа хянах боломжийг бүрдүүлнэ.

4.7. Илгээгч, хүлээн авагч орны гаалийн болон татварын хууль тогтоомжийн талаарх шаардлагатай мэдээллээр үйлчлүүлэгчийг хангана.

4.8. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний ажилтанд тавих шаардлага MNS 5881:2008 стандартыг мөрдөнө.

ТАВ. НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ

5.1. Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд дараах байдлаар хяналт тавьж ажиллана:

5.1.1. төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх;

5.1.2. шуудангийн сүлжээний үйлчлэгчийн ирүүлсэн статистик болон бусад тайлан мэдээллийг хянах, шалгах;

5.1.3. иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу мэдээлэл гаргуулан авч, хяналт, шалгалтыг тухай бүр хийх;

5.1.4. шуудангийн сүлжээний үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнэх.

---о0о---