A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/59

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.12.3, 6.12.6, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/31 дүгээр тушаалаар баталсан "Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын "Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг, хянах" гэсэн 2 дахь хэсгийн 2.10-т дараах агуулга бүхий "2.10.1" гэсэн заалт нэмсүгэй:

2.10.1.Даатгуулагчид тэтгэвэр тогтоохдоо энэ журмын 2.10-т заасан хугацааны "Баталгаажилтын хуудас" болон "Иргэн (даатгуулагч)-ий ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэгээ"-ний үндэслэлийг шалгана.

Хоёр.Мөн журмын "Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг, хянах" гэсэн 4 дэх хэсгийн 4.1.2-т дараах агуулга бүхий "4.1.2.1", "4.1.2.2" гэсэн заалт тус тус нэмсүгэй:

4.1.2.1.Тэжээгч нь гэрлэлтийн гэрчилгээгүй тохиолдолд хүүхдийн эцгээрээ овоглож, эцгийн болон эхийн овог нэр, иргэний харъяалал, иргэний бүртгэлийн дугаар бичигдсэн төрсний гэрчилгээ;

4.1.2.2.Тэжээгчийн дагавар хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох бол төрсөн эцэг /эх/-ээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй тухай эрх бүхий байгууллагаас олгосон тодорхойлолт.

Гурав.Энэхүү журамд оруулсан нэмэлт зохицуулалтыг мөрдөж ажиллахыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилт, судалгааны газар, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шалгалтын газар (Д.Ганзориг)-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар (Б.Батсүх)-т даалгасугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ГАНЦЭЦЭГ