A

A

A

Бүлэг: 1979

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/156  тоот тушаалын хавсралт

            

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил гүйцэтгэдэг мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлж, эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрдэм шинжилгээний ажилтны нэр хүндийг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. Эрдэм шинжилгээний ажилтан судалгаа шинжилгээний ажилд хуулиар баталгаажсан тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох эрх зүйн байдал нь түүний ёс зүйн хариуцлагын үндэс болно.

1.3. Шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээний ажилтанд энэхүү дүрэм хамаарна.

1.4. Эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээнээс жишиг болгон байгууллагынхаа судалгааны ажлын онцлогтой холбоотой ёс зүйн хэм хэмжээг дүрэмд тусгаж болно.

1.5. Эрдэм шинжилгээний ажилтны судалгааны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг энэхүү дүрэм болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

Хоёр. Эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн зарчим

2.1 Эрдэм шинжилгээний ажилтан нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэхдээ ёс зүйн дор дурдсан нийтлэг зарчмыг баримтална.

2.1.1. Хувь хүн бусад судлаач, тэдгээрийн үзэл бодол, оюуны өмч, жендерийн тэгш эрхийг хүндэтгэх;

2.1.2.  Улсын ИХ Хурал, Засгийн газраас тавьсан зорилтуудыг биелүүлэх, иргэдийнхээ аж амьдрал, нийгмийн хамгааллыг сайжруулах, байгаль орчноо хамгаалах, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэхэд бүтээлчээр хувь нэмрээ оруулах;

2.1.3. Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажил явуулахгүй байх, өөрийн хүсэотээр татгалзах, энэ талаар санаа бодлоо нээлттэй илэрхийлэх, мэдээлэх;

2.1.4. Шинжлэх ухааны мэдээ баримт, тооцоо, дүн шинжилгээ, үндэслэл, үнэлгээ дүгнэлт нь судалгаа, тооцоо, нотолгоонд тулгуурлах, үнэн зөв байх;

2.1.5. Шинжлэх ухааны ололт, үр дүн, дүгнэлт нь улс төр, үзэл суртал, шашны үзлийн нөлөөллөөс ангид, гагцхүү шинжлэх ухааны үнэнийг дээдэлсэн байх;

2.1.6. Мэдлэг оюуны салбар дахь нийт хүн төрөлхтний болон үндэсний уламжлалт ёс заншлыг баримтлах;

Гурав. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээ

3.1. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн нийтлэг хэм хэмжээ:

3.1.1. Шинжлэх ухааны үнэнийг эрэлхийлэх, судалж буй зүйлсээ баталгаажуулах, тайлбарлах, хамгаалахын тулд оюун санааны эрх чөлөөт мөн чанарыг эрхэмлэнэ.

3.1.2. Хүний хөгжил, хүмүүнлэг үйлсийн төлөө зорилгод захирагдан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг эрхэлнэ.

3.1.3. Бусад судлаачийн үзэл баримтлалыг хүндэтгэх, ойлгох, мөн өөрийн үзэл баримтлалыг бусдад зөв ойлгуулахдаа байгууллага, хувь хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлохыг хориглоно.

3.1.4. Судалгааны ажилдаа үнэнч, чин сэтгэлээсээ хариуцлагатай хандаж, судалгаа, шинжилгээний зориулалттай нийтийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийг зөвхөн зориулалтын дагуу ашиглана.

3.1.5. Судалгааны ололт, үр дүнг хүн, байгаль орчин, нийгмийн эсрэг болон хувийн явцуу зорилгод урвуулан ашиглахыг хориглоно.

3.1.6. Бусдын бүтээл, судалгааны үр дүнг үндэслэлгүй шүүмжлэх, шүүмжлэлийг шинжлэх ухаанч бусаар өрнүүлэхээс татгалзаж, үнэнийг үл өмчилнө.

3.1.7. Эрх мэдэл, нэр төр, албан тушаал болон хувийн ашиг сонирхлын байр сууринаас эрдэм шинжилгээний ажилд хандахыг хориглоно.

3.1.8. Туршилт, судалгааны үр дүнд бий болоогүй зохиомлоор бий болгосон өгөгдөл, дүгнэлтийг боловсруулах, хуурамчаар үйлдэх, судалгааны ажлыг амжилттай болгох зорилгоор гарсан үр дүнг засахыг хориглоно.

3.1.9. Бусдын эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх  ажлын үр дүнг өөрийн ажлын үр дүн болгон өөрчлөх, ашиглах, түгээхийг хориглоно.

3.1.10. Био ёс зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахина.

3.1.11. Цахим ёс зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахина.

3.2. Эрдэм шинжилгээний хамтлаг, судлаачдын багт ажиллах ёс зүйн хэм хэмжээ:

3.2.1. Хамтлаг, багийг бүрдүүлж байгаа субъект санал болгосны дагуу эрдэм шинжилгээний хамтлаг, судлаачдын багт судлаач зөвхөн өөрийн саналын үндсэн дээр орж ажиллана.

3.2.2. Судалгааны хамтлаг, баг нь хувь хүний болон санхүүгийн ашиг сонирхлын зөрчил, эрдэм шинжилгээний шударга бус өрсөлдөөнийг үүсгэхгүйгээр багийг бүрдүүлсэн байна.

3.2.3. Хамтлаг, багт ажиллахдаа гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг хатуу баримтална.

3.2.4. Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө зорилго, зорилтуудыг тодорхойлж шинжлэх ухаан, нийгэм, экологийн хувьд хариуцлагатай, хүнлэг байх арга замуудыг сонгон шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна.

3.2.5. Уламжлалт, уугуул, орон нутгийн болон бусад эх сурвалжаас олж авсан мэдлэгийг зохих ёсоор итгэмжлэн хүлээн авч судалгааны эргэлтэд оруулна.

3.2.6. Хамтын судалгааны явц, үр дүнгийн талаарх мэдээллийг хамтлаг, багийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж, нийтэлж, түгээхийг хориглоно.

             3.2.7. Судалгааны ажлын явц, үр дүнгийн төлөө хамтын хариуцлага хүлээнэ.

3.3. Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэгт судлаачийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ:

3.3.1. Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэгт оролцох үүрэг хүлээсэн судлаач бүр биечлэн оролцохыг хичээнэ.

3.3.2. Хэлэлцэж буй бүтээлтэй бүрэн танилцсаны үндсэн дээр саналаа илэрхийлнэ.

3.3.3. Хэлэлцүүлэгт оролцохдоо танил тал, нам, эвсэл, байгууллагын харьяалал, багш шавийн холбоо зэргээс үл хамааран гагцхүү шинжлэх ухааны ёс зүйн шаардлагыг баримтална.

3.3.4. Хэлэлцүүлгийн явцад гарах маргаан, мэтгэлцээнд оролцохдоо бусдыг доромжлох, сэтгэл зүйн хувьд дарамтлах, баримт нотолгоогүй үгүйсгэл зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.

3.3.5. Хэлэлцүүлгийн өмнө болон явцад хэлэлцэж буй бүтээлийн талаар хувийн санаа бодлоо бусдад тулгах, хуйвалдах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.3.6. Хэлэлцүүлэгт орсон судлаач шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцаж гарын үсгээ зурж баталгаажуулж болно.

3.4. Эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэхэд  судлаачийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ:

3.4.1. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн талаар санаатайгаар худал мэдээлэхгүй байх;

3.4.2. Эрдэм шинжилгээний бүтээлд зохиогчийн нэрсийг судалгааны ажилд оруулсан бодит хувь нэмрийг үндэслэж оруулах ба судлаачийн зөвшөөрөлгүйгээр бүтээлд нэрийг нь оруулах, хасахыг хориглоно.

3.4.3. Бусдын зохиол, бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар болон хууль бусаар өөрийн болгохгүй байх;

3.4.4. Бусдын санаа, бүтээлийг ашиглан өөрийн зохиогчийн эрхтэйгээр хэвлэн нийтлүүлэхгүй байх;

3.4.5. Судалгааны нэг ижил үр дүн бүхий бүтээлийг санаатайгаар хэд хэдэн сэтгүүлд давхар хэвлүүлэх, дахин илгээх, хэвлэн нийтлүүлэхийг хориглоно.

3.4.6. Судалгааны нэг үр дүнг хэд хэд хувааж, тусдаа өгүүлэл болгон задалж, нийтлүүлэхээс зайлсхийж, сэдэв давхцуулахгүй байна.

 

Дөрөв. Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага

4.1. Энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангах нь эрдэм шинжилгээний ажилтан "Шинжлэх ухаан, технологийн тухай" хуулийн 13 дугаарт заасан үүргээ биелүүлж, эрдэм шинжилгээний ажилтны нэр төр, ёс зүйг хангах баталгаа болно.

4.2. Эрдэм шинжилгээний байгууллага дээд боловсролын сургалтын байгууллага нь эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, саналыг судлан шийдвэрлэх Ёс зүйн зөвлөлтэй байна.

4.3. Ёс зүйн зөвлөл нь энэхүү дүрмийн хавсралтаар баталсан үлгэрчилсэн журмыг баримтлан ажиллана.

4.4. Ёс зүйн зөвлөл нь эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ёс зүйн хэм хэмжээг сахиулах, дүрэм, журмын биелэлтийг хангуулах зорилгоор зөвлөлөөс зөвлөмж, шаардлага гаргаж болно.

4.5. Зөвлөлийн дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол эрдэм шинжилгээний ажилтанд албан ёсоор мэдэгдэж, ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно.

4.6. Эрдэм шинжилгээний ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл томилох эрх бүхий этгээд холбогдох хууль, журамд заасны дагуу ёс зүйн хариуцлагыг ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана.

4.7. Эрдэм шинжилгээний ажилтны гаргасан зөрчил нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.

4.8. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн зөрчил гаргасны улмаас сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.

4.9. Ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон эрдэм шинжилгээний ажилтанд хариуцлага ногдуулаагүй, ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, саналыг хэрэгжүүлээгүй  байгууллагын удирдлагад томилох эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.10. Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй. Био ёс зүйн болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх туршилтын үр дагавар нь 1 жил болон түүнээс дээш хугацааны дараа хор нөлөө нь илрэх магадлалтай тул ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй байх хугацааг тогтоохдоо тухайн зөрчлийн төрлийг харгалзан үзэж, хугацааг тогтооно.

4.11. Эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.

 

 

      -----000-----

Хавсралт

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх, ёс зүйн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна. 

1.2. Зөвлөл нь эрх бүхий байгууллагаас төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр баталсан хууль тогтоомж болон "Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм"-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

1.3. Зөвлөлийн үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөө, нэр төр, мэргэжлийн нэр хүндийг хүндэтгэх, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш хандах, хууль тогтоомж, шударга ёсыг дээдлэх, нууцыг хадгалах, хараат бус байх зарчимд тулгуурлан эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн хэм хэмжээг баримтлах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хамгаалах, соён гэгээрүүлэхэд чиглэнэ.

1.4. Томилох эрх бүхий этгээд нь ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд зохих дэмжлэгийг үзүүлж ажиллана.

Хоёр. Ёс зүйн зөвлөлийг байгуулах

2.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөл нь тухайн байгууллагын эрдэм шинжилгээний ажилтанд төлөөллөөс бүрдсэн 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2. Тухайн байгууллагын ажилтны тоо 20 хүрэхгүй бол ёс зүйн зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр байгуулагдсан ажилтан, удирдах ажилтны төлөөллөөс бүрдсэн 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү журамд нийцүүлэн шалгаж, дүгнэлтийг томилох эрх бүхий этгээдэд танилцуулж шийдвэрлүүлнэ.

2.3. Зөвлөлийн дарга, гишүүдийг шинээр болон нөхөн сонгохдоо тухайн байгууллагын нийт ажилтны 95-аас доошгүй ирцтэй нээлттэй хурлаас ёс зүйн зөрчил, авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээж байгаагүй ажилтнууд дундаас нэр дэвшүүлж, санал хураалтын дүнг үндэслэн, томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 3 жилийн хугацаатай томилно.

2.4. Тухайн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтныг ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгохгүй.

2.5. Зөвлөлийн гишүүн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гишүүнээс чөлөөлж, энэ журмын 2.3-т заасны дагуу нөхөн сонгоно. Нөхөн сонгогдсон гишүүн зөвлөлийн тухайн бүрэлдэхүүнийг томилсон хугацаагаар ажиллана.

Гурав. Ёс зүйн зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдээс бүрдэнэ. 

3.2. Зөвлөлийн дарга нь зөвлөлийн гишүүний эрх, үүргээс гадна хурлыг зарлах, бэлтгэл хангуулах, хурал удирдах, гомдол, мэдээллийг хүлээн авах, гишүүдээс бүрдсэн шалган шийдвэрлэх баг томилох, гишүүдэд удирдамж чиглэл өгөх, өөрийн эзгүйд хурал удирдахыг гишүүнд даалгах, зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг ажил олгогчид танилцуулна.

3.3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь гишүүний эрх, үүргээс гадна зөвлөлийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, сургалт, зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн бүртгэл хөтлөх, хурлын тэмдэглэлийг хөтлөх, дүгнэлт,  шаардлага, зөвлөмжийг албажуулах, зохих байгууллага, хувь хүнд хүргүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааны тайланг боловсруулж, баримт бичгийг архивлах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

3.4. Зөвлөлийн гишүүн нь зөвлөлөөс зохион байгуулж буй сургалт, үйл ажиллагаанд оролцох, гомдол мэдээллийг хуульд заасны дагуу шалгах, хуралд оролцож дүгнэлт, шийдвэр гаргахад санал өгөх, хурлаас гарах шийдвэрийг хэрэгжүүлэх, зөвлөлийн даргын томилсноор зөвлөлийн хурлыг даргалах эрх үүрэгтэй.

3.5. Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй ажиллана.

3.5.1. Эрдэм шинжилгээний ажилтан ёс зүйн хэм хэмжээг сурталчлан таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулна.

3.5.2.Ёс зүйн зөрчлийн тухай гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар дүгнэлт, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, шаардлага гаргана.

3.5.3. Зөвлөл нь ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн хариуцлага ногдуулаагүй бол томилох эрх бүхий албан тушаалтанд зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн шаардлага хүргүүлж болно.

3.6. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд хурлаас нарийн бичгийн даргыг сонгоно. Хуралд гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэй оролцсон тохиолдолд хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.

3.7. Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж, шаардлага байх бөгөөд тэдгээрийг бичгээр үйлдэж, хуралд оролцсон зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

3.8. Зөвлөлийн гишүүд ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо УИХ-ын 2012 оны 05 дугаар тогтоолын 4 хавсралтаар баталсан мэдэгдлийг заавал бөглөх бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хувь хүний болон байгууллагын нууцыг хадгална.

3.9. Зөвлөлд ирүүлсэн гомдол, мэдээлэл, илэрсэн зөрчил нь зөвлөлийн гишүүн, түүний хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн болон зөвлөлийн гишүүн өөрөө гомдол мэдээллийг гаргасан бол тухайн гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэхэд гишүүн өөрөө оролцохоос татгалзах үүрэгтэй. Олон нийтийн зүгээс гишүүнийг өргөдөл гомдолд холбогдсон этгээдтэй "ашиг сонирхлын зөрчилтэй" гэж ойлгохуйц нөхцөл байдал үүсвэл шалгах ажиллагаанд оролцохоос татгалзаж болно.

Дөрөв. Ёс зүйн зөрчлийн тухай гомдол, мэдээлэл гаргах, хүлээж авах, шалган шийдвэрлэх

4.1 Эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн  хэм хэмжээ  зөрчсөн тухай суралцагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ёс зүйн зөвлөл, удирдах албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн, тухайн байгууллагын дотоод  үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээгээр илэрсэн мэдээ, баримт нь тухайн зөрчлийг шалгах үндэслэл болно.

4.2. Гомдол гаргагч нь эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг байгууллагын ёс зүйн зөвлөлд эсхүл томилох эрх бүхий албан тушаалтанд гаргах бөгөөд гомдол мэдээлэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

4.3. Ёс зүйн зөвлөл нь тухайн байгууллагын болон салбар, нэгжийн эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авна.

4.4. Томилох эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын бичиг хэргээр хүлээн авсан ёс зүйн зөрчлийн гомдол, мэдээлэл, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн, тухайн байгууллагын дотоод  үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээгээр илэрсэн мэдээ, баримтыг  ажлын 1-2 өдөрт багтаан ёс зүйн зөвлөлд шалгуулахаар шилжүүлнэ. Энэ тухайгаа гомдол гаргагч, холбогдогч ажилтанд бичгээр болон амаар тус тус мэдэгдэнэ.

4.5. Ёс зүйн зөвлөл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээ, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 1-7 өдрийн дотор энэхүү журмын дагуу шалган шийдвэрлэнэ. Шаардлагатай үед ажлын 3 өдрийн хугацаанд нэмж шалган, шийдвэрлэж болно.

4.6. Ёс зүйн зөвлөл нь гомдол, мэдээлэлд холбогдсон эрдэм шинжилгээний ажилтан болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзах, тайлбар, саналыг сонсох, баримт материалыг авч судлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, тухай бүр тэмдэглэл хөтөлнө.

4.7. Шаардлагатай гэж үзвэл бусад байгууллага, этгээдээс баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулж болно. Энэ тохиолдолд ёс зүйн зөвлөлийн хүсэлтийн дагуу байгууллагын удирдах албан тушаалтан тухайн байгууллага, иргэнд албан бичиг хүргүүлж, ирүүлсэн мэдээ, мэдээлэл, лавлагаа, баримт бичгийг ёс зүйн зөвлөлд хүлээлгэн өгнө.

4.8. Зөвлөлийн бүрэлдэхүүн гомдол, мэдээллийг шалгахад хугацаа шаардлагатай эсхүл хүндэтгэн үзэх шалтгаан /хүндээр өвдсөн, өвчтөн асарсан, томилолтоор ажилласан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, байгалийн давагдашгүй хүчин зүйл/ нөхцөл үүссэн гэж үзвэл нэг удаа  ажлын 5 хүртэлх хоногоор сунгаж болох ба энэ тухайгаа томилох эрх бүхий албан тушаалтан, гомдол гаргагч, зөрчилд холбогдсон этгээдэд мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байна.

4.9. Ёс зүйн зөрчлийн тухай гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, баримт нотолгоонд үндэслэн шалгах ба ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана. Зөвлөлийн хуралдаанд ёс зүйн зөрчилд холбогдсон эрдэм шинжилгээний ажилтныг биечлэн оролцуулж, тайлбар сонсож, асуулт тавьж, хариулт авч болно.

4.10. Зөвлөл нь гомдол, мэдээллийг шалган үзээд "ёс зүйн зөрчил гаргаагүй" эсхүл "ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн" талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ. Дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалтан, гомдол гаргагч, зөрчилд холбогдсон эрдэм шинжилгээний ажилтанд ажлын 1-3 өдөрт багтаан биечлэн болон бичгээр мэдэгдэх ба баталгаат болон цахим шуудангаар бичгээр хүргүүлсэн өдрөөс ажлын 5 хоног өнгөрсний дараа тэдэнд мэдэгдсэнд тооцно. Биечлэн мэдэгдэхдээ тэмдэглэл хөтөлж, гомдол мэдээлэл гаргагч, гомдол, мэдээлэлд холбогдсон эрдэм шинжилгээний ажилтнаар гарын үсэг зуруулна.

4.11. Томилох эрх бүхий албан тушаалтан нь шаардлагатай гэж үзвэл Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг дахин хянан шалгуулахаар зөвлөлд 1 удаа буцааж болно. Зөвлөл нь тухайн гомдол, мэдээлэл, дүгнэлтийг ажлын 1-5 өдөрт багтаан дахин хянан шалгаж, энэ журмын 4.10-т заасны дагуу мэдэгдэнэ.

4.12.  Ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон эрдэм шинжилгээний ажилтан нь дүгнэлтийг хүлээн авснаас хойш 1-3 өдөрт багтаан ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, дараах хэлбэрээр ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээж болно.

4.12.1. Гомдол гаргагч, хамт олон, олон нийтийн өмнө биеэр болон бичгээр уучлал гуйх;

4.12.2. Өөрийн хүсэлтээр албан тушаалаас халагдах.

4.13. Томилох эрх бүхий албан тушаалтан сайн дураар уучлалт гуйсан эрдэм шинжилгээний ажилтанд гаргасан зөрчлийн шинж байдал, хор уршгийг  харгалзан энэхүү журмын 4.14.2- 4.14.5-д заасан ёс зүйн бусад хариуцлага хүлээлгэж болно.

4.14. Томилох эрх бүхий албан тушаалтан нь энэ журмын 4.1-4.11-д заасны дагуу шийдвэрлэсэн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүлээн авснаас  хойш 1-3 өдөрт эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагаврыг харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ноогдуулах шийдвэрийг бичгээр гаргаж, шийдвэрийг гомдол гаргагч болон зөрчилд холбогдсон эрдэм шинжилгээний ажилтанд танилцуулж, сайн дураар ёс зүйн хариуцлага хүлээх боломж олгоно.

4.14.1.хамт олноос, гомдол гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;

4.14.2.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;

4.14.3.нийт хамт олонд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;

 4.14.4.ажлаас халах талаар сануулах;

 4.14.5.ажлаас халахыг сануулах шийтгэл ногдуулсны дараа ёс зүйн зөрчил давтан гаргасан, эрдэм шинжилгээний ажилтан энэ журмын 4.12.2-т заасан хүсэлт гаргасан бол ажлаас халах.

4.15. Байгууллагын удирдах ажилтантай холбоотой ёс зүйн зөрчлийн гомдол, мэдээллийг тэдгээр албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд гаргана.

4.16. Эрдэм шинжилгээний ажилтан нь ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

4.17. Ёс зүйн зөвлөл нь хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага ногдуулах үндэслэл бүхий хөдөлмөрийн сахилгын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй. Гомдол мэдээлэлд хөдөлмөрийн хууль тогтоомжийн зөрчлийн талаар дурдагдсан бол тухайн асуудлыг томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

Тав. Бусад зүйл

5.1. Эрдэм шинжилгээний ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргаж, хүний нөөцийн бүртгэл мэдээллийн системд бүртгэнэ.

5.2. Ёс зүйн зөвлөл нь байгууллагын жилийн төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ. Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг нийт хамт олны хуралд жил бүр тайлагнаж ажиллах бөгөөд зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, гомдол мэдээллийн шийдвэрлэлтийг тухай бүр байгууллагын албан цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад арга хэлбэрээр заавал ил тод нээлттэй сурталчилна.

5.3. Ёс зүйн зөвлөл гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх, дүгнэлт, зөвлөмж, шаардлага гаргах ажиллагаанд зөвлөлийн гишүүнээс бусад эрдэм шинжилгээний ажилтанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

5.4. Энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг нарийвчлан тогтоож болно.

5.5. Энэ журмаар зохицуулаагүй харилцааг Засгийн газрын "2019 оны Дүрэм батлах тухай" 33 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм" болон бусад холбогдох хууль, дүрэм, журмаар зохицуулна.

 

 

----oOо-----