- Нүүр
- Тогтоол
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тух

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн
41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт
Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг
зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
танхим 13.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Батмөнх, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай" 22 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв.
Нэг. Монгол Улсын иргэн Д.Батмөнх Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"... Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.
Дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:" гээд 41.1.3 дахь заалтад "гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;" гэж заасан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ч тухайн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр дээрх заалтад заасан нь шүүхийн шийдвэр хэрэгжихэд саад учруулж байна. Өөрөөр хэлбэл, хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хэлэлцэхээр оруулахад төлөөлөгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтын дагуу "хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;" эрхтэй байхаар заасан буюу энэ эрхийнхээ хүрээнд тухайн шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой асуудлыг дурын төлөөлөгч хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргаж, үүний дагуу санал хураалт явуулж олонхын саналаар хэдэн ч удаа хойшлуулж болохоор нөхцөл үүсжээ.
Хэрэв иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн төлөөлөгчийг огцруулах асуудлыг хойшлуулсаар байвал шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж, шүүхийн шийдвэрийг давсан хүчин чадалтай шийдвэрийг Хурлын Төлөөлөгчид гаргах боломжтой байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж, шүүх эрх мэдэлд халдсан зохицуулалт болсон байна." гэсэн мэдээллийг ирүүлжээ.
Хоёр. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбарт:
"... 1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь ... тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн." гэж тодорхойлсон. Хурлын төлөөлөгч нь тухайн тойргийн иргэдийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа элч тул түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох асуудал иргэдийн төлөөлүүлэх эрхтэй шууд холбогддогоороо онцлог юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. ..." гэж заасан. Үндсэн хуульд заасан энэхүү хугацаа албан ёсоор эхэлснийг тодорхойлох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хууль зүйн хувьд баталгаажуулах зорилгоор тухайн орон нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд болох Хурал нь тус хуулийн 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол баталдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно.
Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг ийнхүү баталгаажуулах нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт "Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно." гэж заасны дагуу Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн чадамжийг мөн илэрхийлдэг.
Иймд нэг талаас Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгааг хангах, нөгөө талаас иргэд, сонгогчдын төлөөлөл байх чадамж, тавигдах шаардлагыг хангуулах үүднээс хандаж, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлийг тодорхойлох шаардлагатай.
2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлүүдийг нарийвчлан зааж, 41.1.3 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд Хурлаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа болохоос "шүүх эрх мэдэл"-д халдсан, шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэж байгаа хэрэг биш юм. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлдэг бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчөөгүй. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэхээр заасан нь тухайн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны хувьд хамаатай бөгөөд иргэдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх үргэлжлэх эсэх асуудлаас тусдаа ойлголт юм.
3.Хурлын үйл ажиллагаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох хууль дээдлэх зарчмын хүрээнд, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэсэн заалтын дагуу явагдана.
Иймд иргэн Д.Батмөнхийн мэдээлэлд дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөрчөөгүй байна." гэжээ.
Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, 01 дүгээр дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:
"1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд "гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан" бол дээрх үндэслэлд хамаарахаар мөн зүйлийн 41.1.3 дахь заалтад тусгаж, энэ тохиолдолд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна.
2.Дээрх үндэслэлээр төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхэд тус хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Хурлын төлөөлөгчид асуулт асууж хариулт авч, санал, дүгнэлт гарган санал хураалгаж болох бөгөөд уг асуудлыг ийнхүү хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон этгээдийн гэм буруугийн асуудлыг, тодруулбал аливаа шүүхийн шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтан болохын хувьд эрх хасах ял буюу нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн тохиолдолд дээрх хуулийн заалтаас шалтгаалж уг шүүхийн шийдвэр цаг хугацааны хувьд нэн даруй хэрэгжих боломжгүй болж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллах үр дагаврыг үүсгэж болзошгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа, ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулах бөгөөд хуралдааны дэгийн хүрээнд тус хуралдааныг хойшлуулах, завсарлага авах боломжтой байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн холбогдох зохицуулалт шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хөндөж байна.
4.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэсэн заалт нь бүх шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, бүх байгууллага, хуулийн этгээд заавал биелүүлэх агуулгыг илэрхийлж байна. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна." гэсэн байна.
Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 22 дугаар тогтоолыг гаргасан байна. Үүнд:
"1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэсэн байна.
Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
"... Миний бие уг маргаантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-03/1879 дугаар албан бичгээр хүргүүлж байсан тайлбар дээр нэмж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид "Нэгжийн тухай хууль" гэх/ 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэж заасныг тус тус зөрчөөгүй болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:
1.Нэгжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар "... төлөөлөгч нь ... тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн." болохын хувьд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох асуудал иргэдийн төлөөлүүлэх эрхтэй шууд холбогддог. Энэ утгаараа Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан бөгөөд тэдгээрийн нэг нь "гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан" гэсэн үндэслэл байна.
Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан 6 үндэслэлээр төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр заасан нь нэг талаас Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгааг хангах, нөгөө талаас иргэд, сонгогчдын төлөөлөл байх чадамж, тавигдах шаардлагыг хангуулах үүднээс хандаж буй хэрэг юм.
2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр эцсийн байх бөгөөд түүнийг бусад этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан нь огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр заагаагүй зөвхөн огцруулах асуудлыг хурлаар оруулахаар хуульчилсан гэж ойлгохоор байна. Хэрэв огцруулах эсэх асуудлыг хурлаар хэлэлцэх юм бол энэ нь шүүхийн шийдвэрийн агуулгыг хэлэлцэж байгаа мэт ойлгогдох юм.
Өмнө мөрдөгдөж байсан 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд огцруулах тухай тогтоол гаргахаар зааж зохицуулж ирсэн уламжлалтай бөгөөд одоогийн Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн холбогдох зохицуулалт нь мөн энэ уламжлалын дагуу шүүхийн шийдвэрийн агуулгыг хөндөхгүйгээр хэлбэрийн хувьд огцруулах шийдвэр гаргах агуулгатай юм.
3.Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхгүй байхаар хуульчлах нь сөрөг үр дагавартай. Парламентын гишүүн, хурлын төлөөлөгч зэрэг субъектийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шийдвэр гаргасан нь тухайн этгээдийг гэм буруутай гэдгийг тогтоож, ял шийтгэл ногдуулах үр дагавар үүсгэхээс бус тухайн субъектийн төлөөлөгчийн мандатыг дуусгавар болгох хууль зүйн үр дагаврыг шууд үүсгэхгүй. Энэ тохиолдолд парламент, иргэдийн Төлөөлөгчийн Хурал зэрэг институци хуралдан тухайн гишүүн, төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгодог нийтлэг зохицуулалт бусад улсад байдаг. ...
Иргэдийн Төлөөлөгчийн Хурал тухайн төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргаснаар тухайн орон гарсан суудлыг нөхөх сонгууль зарлах хууль зүйн үндэслэл бүрдэхээр байна.
4.Нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь манай улсын эрх зүйн тогтолцооны бусад хуулийн зохицуулалтын агуулгыг хөндөж болзошгүй үр дагаврыг үүсгэнэ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргахаар заасан. Ийнхүү зөвхөн парламентын шийдвэрээр тухайн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохоор заасан нь сонгуулийн үр дүнд сонгогдсон тухайн төлөөлөгчийн мандатыг хамгаалах зорилготой дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага юм.
Түүнчлэн сонгогдсон албан тушаалтнаас гадна зарим томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийг ч гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход томилсон байгууллага шийдвэр гаргах зохицуулалт манай улсад үйлчилж байна. ..." гэжээ.
1.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана." гэж заасан байна.
2.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай" 22 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ тусгаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэж заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.
2.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай" 22 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ГИШҮҮДШ.СОЛОНГО
Б.БУЯНДЭЛГЭР
Г.ТУУЛХҮҮ
Ц.НАНЗАДДОРЖ
Г.БАЯСГАЛАН
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Текст томруулах
A
A
A
