A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМТ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

       Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 120 дугаар зүйлийн 120.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

      Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид "Хуулийн" гэх/ 38 дугаар зүйлийн 38.9, 120 дугаар зүйлийн 120.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийсэн судалгаа, шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.

      2.1. Иргэний хэргийн Танхимын тэргүүний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3602 дугаар албан бичгээр иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт хандан, Хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж буй байдал, тодорхой тохиолдол, шалтгааныг тодорхойлж, саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу нийт 35 шүүхээс хариу ирүүлсэн. Эдгээр саналыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 120 дугаар зүйлийн 120.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг тайлбарлах нийтлэг хэрэгцээ байгааг тогтоосон. Энэ талаар дахин санал авахад 25 шүүхээс заалт тус бүр дээр тодорхой саналыг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хамт ирүүлснээс гадна хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хууль хэрэглээг судалж, эдгээрийг нэгтгэн дүгнээд дараах байдлаар хуулийг тайлбарлах хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байна.

      2.1.1. Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэснийг шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх, эсхүл зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг ажиллагаа гэж зөрүүтэй тайлбарласнаас гадна шинээр нотлох баримт шаардлагатай гэж үзэх нөхцөл байдлыг хуулийн системчлэлийн үүднээс тодорхойлж чадаагүй байдал тогтоогдов. Зохигч шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлсэн эсэхийг анхаараагүй, шинээр нотлох баримт шаардагдсан нөхцөл байдлыг тодорхойлж чадаагүйн улмаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа үр дүнгүй болж, хэргийн оролцогчийн эрх ашиг хөндөгдөх сөрөг үр дагавар бий болжээ.

      Мөн хуульд заасан нотлох баримтыг хасах ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар шүүх нэгдмэл ойлголтгүй, холбогдох хэм хэмжээг зөрүүтэй хэрэглэж байгаа тохиолдол байна.

    Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ. Харин зохигч нотлох баримт гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал үүсэх, түүнчлэн мэтгэлцэх зарчим хамаардаггүй зарим төрлийн эрх зүйн харилцаанд шүүх санаачилгаараа нотлох баримт шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах тохиолдлыг хуулийн 38.9-д тусгайлан зохицуулсан.

    Энэ хэм хэмжээ нь маргааны бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагаас урган гарсан. Энэ зохицуулалтыг тайлбарласнаар шүүх уг журмыг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болон нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрх хэмжээ, шүүхийн чиглүүлэх үүрэг тодорхой болж, хуулийг нэг мөр ойлгох нөхцөл бүрдэнэ.

    2.1.2. Хуулийн 124.1-д "Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно" гэж заасан.

    Судалгаагаар хуульд заасан "илт үндэслэл муутай", "тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргаж алдааг залруулна" гэснийг шүүх зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн нь тогтоогдов. Шүүхийн аливаа шийдвэр үндэслэлтэй, тогтвортой байх нь шүүхэд итгэх итгэл, шүүхийн нэр хүнд, шүүгчийн ур чадвартай шууд хамааралтай.

    Хуулийн 124.1 дэх хэсэг нь зарчмын хувьд илэрхий техникийн шинжтэй алдаатай гарсан захирамж, тогтоолыг засах зорилгыг агуулсан тул хязгаарлагдмал хүрээнд хэрэглэх учиртай. Гэвч шүүх уг зүйл, заалтыг хэт өргөжүүлэн хэрэглэж байна.

   Хуулийн 124.1-д заасан илт үндэслэлгүй гарсан захирамж гэх ойлголтод хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хамаарах эсэх талаар шүүх хууль хэрэглээний нэгдмэл ойлголтгүй байгаа нь тогтоогдов.

      Түүнчлэн зарим шүүх захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн тус шүүхэд ажилладаг боловч өвчтэй, эсхүл жирэмсний болон хүүхэд асрах, суралцах зэрэг удаан хугацаагаар чөлөөтэй байгаа, эсхүл шүүгч тэтгэвэртээ гарсан, өөр шүүх рүү шилжсэн зэрэг шалтгаанаар тус шүүхэд ажиллаагүй үндэслэлээр захирамж, тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж үзсэн бол зарим шүүх өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилон захирамж, тогтоолыг залруулж хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь албан ёсны тайлбар гаргах хэрэгцээг тогтоожээ.

      2.1.3. Хуулийн 120.2, 167.5 дахь хэсэгт заасан шийдвэр, магадлалыг "гардан авсан" гэдгийг шүүх тайлбарлахдаа нэг талын хэд хэдэн оролцогчийн ашиг сонирхлын нэгдмэл байдал, тэдгээр нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон эсэхийг анхаараагүйгээс давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолж эхлэх үеийн талаар зөрүүтэй хэрэглээ тогтжээ. Ялангуяа анхан шатны шүүх давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахдаа шүүх хуралдаанд биечлэн оролцсон, эсхүл биечлэн оролцоогүй хэргийн оролцогчийн шүүхийн шийдвэрийг гардан авах хуулиар ялгаатай тогтоосон журмыг өөрөөр хэрэглэсэн тохиолдол их байна. Үүнийг тоймлон харуулбал;

      а/.Шүүх хуралдаанд оролцсон этгээд шийдвэр, магадлалыг гардан авах үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй оролцогчид шүүх шийдвэр, магадлалыг гардуулан өгч уг өдрөөс, эсхүл гардуулан өгсөн эсэхээс үл хамаарч хуулийн 119.4-т заасан хугацааг баримтлан гомдол гаргах хугацааг тоолсон. Жишээлбэл:

      "...2022.09.27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон тул 2022.10.25-ны өдрийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гомдол гаргах хугацаа 2022.11.08-ны өдөр дуусна. Гэвч шийдвэрийг 2022.11.02-ны өдөр шуудангаар хүргүүлснээр давж заалдах гомдлыг 2022.11.15-ны өдөр гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь буруу. Иймээс хугацаа хэтэрсэн гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй." гэж, (Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022.11.28-ны өдрийн 1006 дугаар захирамж)

       "...2022.09.23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцсон тул өөрөө 2022.10.21-ний өдрийн дотор шийдвэрийг гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл 2022.11.04-ний өдрийн дотор гомдол гаргах эрхтэй, хариуцагч талд 2022.10.28-ны өдөр шийдвэрийг шуудангаар хүргүүлж, тэрээр давж заалдах гомдлыг 2022.11.10-ны өдөр гаргасан нь хугацааг хэтрүүлсэн гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй." гэж тус тус үзжээ. (Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022.11.22-ны өдрийн 998 дугаар захирамж)

         б/.Хэргийн нэг тал болж буй хэд хэдэн этгээдийн шийдвэр, магадлалыг хүлээн авсан эхний эсхүл сүүлчийн огноогоор гомдол гаргах хугацааг тоолж зөрүүтэй практик тогтоосон тохиолдол нэлээд байна. Жишээлбэл:

      "...Шийдвэрийг нэхэмжлэгчид 2017.11.17-ны өдөр, түүний өмгөөлөгчид 2017.12.18-ны өдөр тус тус гардуулсан, шүүх хуралдаанд оролцсон талаас аль нэг этгээд шийдвэрийг авсан бол гардан авсан өдрөөс, хэд хэдэн этгээд авсан бол эхний хүн гардан авсан өдрөөс гомдол гаргах хугацааг тооцох тул нэхэмжлэгчийн авсан 2017.11.17-ны өдрөөс эхлэн тоолоход гомдол гаргах хугацаа 2017.12.01-ний өдөр дууссан байна. Үүнийг анхан шатны шүүх хүлээн авч, давж заалдах шатны шүүхэд хэргийг ирүүлсэн нь буруу." (Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017.12.18-ны өдрийн 1095 дугаар захирамж)

    "...Магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2023.01.11-ний өдөр, нэхэмжлэгч өөрөө 2023.01.18-ны өдөр тус тус хүлээн авсан. Нэхэмжлэгч 2023.01.18-ны өдрөөс хугацааг тоолон 2023.01.31-ний өдөр гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч Улсын дээд шүүхэд ирүүлсэн." (Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2022.12.13-ны өдрийн 208/МА2022/00051 дүгээр магадлал)

    в/.Шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэр, магадлалыг шуудангаар хүргүүлсэн тохиолдолд шууданд хийснээр, эсхүл шуудангаас хүлээн авсан огнооноос гомдол гаргах хугацааг тоолох эсэхэд хоёр өөр практик тогтсон байна. Жишээлбэл:

   "...Магадлалыг нэхэмжлэгчид хүргүүлэхээр шууданд 2023.01.20-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч магадлалыг шуудангаас 2023.01.22-ны өдөр хүлээн авсан, уг өдрөөс гомдол гаргах хугацааг тоолон 2023.02.06-ны өдөр гомдлыг анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч Улсын дээд шүүхэд хүргүүлсэн." (Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 204/МА2023/00001 дүгээр магадлалтай хэрэг)

   "...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалаа шуудангаар 2021.02.03-ны өдөр хүргүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021.02.18-ны өдөр хүлээж авсан байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гомдлоо 2021.03.02-ны өдөр гаргасныг, хугацаа хэтрүүлсэн буюу шууданд хийснээр хугацааг тоолно гэж үзэн гомдлыг хүлээн аваагүй нь буруу байна. Иймээс 2021.03.02-ны өдөр гаргасан нь хугацаа хэтрүүлээгүй байсан тул сэргээх үндэслэлтэй." (БГДИХАШШ-ийн 2021.03.05-ны өдрийн 2989 дугаар захирамж) гэсэн дүгнэлтийг тус тус хийжээ.

   Дээрхээс үзвэл, шүүх хуралдаанд оролцсон ба оролцоогүй талуудад шийдвэрийг хэрхэн гардуулах, шийдвэрийг хуульд заасан журмаар гардан аваагүй тохиолдолд шууданд хийснээр, эсхүл шуудангаас хүлээн авснаар хугацаа тоолж эхлэх, нэгдмэл сонирхолтой этгээдийн шийдвэр, магадлалыг гардан авсан хугацааг тогтоох зохицуулалтыг шүүх зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний нэгдмэл байдалд хүрээгүйг харуулж байна.

      Иймд тус зохицуулалтын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалыг "гардан авах", "хүргүүлэх", хугацааг хэрхэн тогтоох талаар нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай гэж үзсэн.

    2.1.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай болох нь дараах байдлаар тогтоогдов.

    Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 онд гаргасан 2148 магадлалд дүн шинжилгээ хийж үзэхэд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн 1825 магадлал буюу нийт хэргийн 85 хувь байгаа бол нийт хэргийн 15 хувьд буюу 323 хэрэгт давж заалдах гомдлын хүрээнд хянаж магадлал гаргажээ. Гэвч эдгээр магадлалд дүн шинжилгээ хийхэд ийнхүү гомдлын үндэслэлээр хязгаарлан хянаж байгаа үндэслэл, зүй тогтол тодорхойгүй байхын зэрэгцээ хэргийг бүхэлд нь хянахдаа "хянан үзэх", "шийдвэр гаргах" чиг үүргийг ялгаатай хэрэглэх хандлагыг баримтлаагүйгээс гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулсан гэж үзэх дараах жишээ байна.

   -Нэхэмжлэгч нь хариуцагчаас 6,225,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх зарим хэсгийг хангаж хариуцагчаас 2,475,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. (2023.03.21-ний өдрийн 216/МА2023/00001 дугаартай магадлал)

    -Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж, цалин хөлстэй тэнцэх олговорт 5,142,106 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсэж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан хэргийг шийдвэрлэхдээ ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг анхан шатны шүүх хангасныг хэвээр үлдээж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,119,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. (2022.12.13-ны өдрийн 209/МА2022/106 дугаартай магадлал)

    -Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 46,080,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хариуцагчаас 25,212,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргажээ. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Гэвч хариуцагч 25 сая төгрөгийн хэмжээнд үүргийг зөвшөөрсөн байхад давж заалдах шатны шүүхээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдлууд байна. (2021.12.13-ны өдрийн 102 дугаар магадлал)

  Давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүхийн ажиллагаа алдаатай байсан нь тогтоогдож, улмаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх тохиолдолд гомдлын үндэслэлээр хязгаарлан хэргийг хянасан нь цөөнгүй байх ба энэ нь шүүхийн гаргасан бусад алдааг илрүүлэхгүй орхигдуулдгаараа шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах давж заалдах шатны үүрэг, ач холбогдлыг бууруулах үр дагавартай байна.

    Хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх зохицуулалтын талаарх мэргэшсэн судлаачдын байр суурийг судлан үзэхэд "...хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хэрэгжих ёстой бөгөөд давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах нь "тайлбарыг зөвхөн зохигч талууд гаргана" гэсэнтэй зөрчилдөн, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим алдагдах, иргэний процессын эрх зүйн диспозитив зарчмын агуулгатай тохирохгүй" гэж дүгнэсэн байна.

   Иймд шүүхийн практик судалгааны үр дүнд Хуулийн 166.4 дэх хэсгийг бүхэлд нь тайлбарлах үндэслэлтэй гэж үзсэн.

Гурав.Тайлбарын цар хүрээ

      Тайлбарын цар хүрээ нь Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 124 дүгээр зүйлийн 124.1, 120 дугаар зүйлийн 120.2, 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан дараах хууль зүйн ойлголтуудын хүрээнд тодорхойлогдоно.

      3.1. Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан "шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах", "баримтыг хасах",

      3.2. Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан "илт үндэслэл муутай", "тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч",

      3.3. Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 167 дугаар зүйлийн 167.5-д заасан "гардан авснаас хойш" гэсэн нэр томьёог,

      3.4. Хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан "Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэсэн заалтыг тус тус тайлбарлана.

      Дөрөв.Тайлбарын арга зүй

     Тайлбарын холбогдох хэсэгт тохирох аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр; хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэр утгаар нь тайлбарлах (authentic); хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах; хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлийн (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах-structural), ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах (hermeneutic) болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) аргаар тус тус тайлбарлана.

      Тав.Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл

      5.1. Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэсэн хэм хэмжээг тайлбарлахдаа дараах нийтлэг болон тусгай зарчмын хүрээнд нэг мөр ойлгож, хэрэглэх үндэслэлийг анхаарч үзсэн болно.

      Хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан "хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно" гэх зохицуулалт нь шүүх хуралдааны эхэн үед хийгддэг ажиллагаа байдаг бол Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалт нь шүүх хуралдааны явцад буюу мэтгэлцээний шатанд шинээр нотлох баримт шаардагдах нөхцөл байдал үүссэн тохиолдлыг хэрхэн шийдвэрлэхийг журамласан байдгаараа ялгаатай.

      Хэргийн оролцогч шүүх хуралдаан товлохоос өмнө бүх баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдааны явцад маргааны зүйлтэй холбоотой шинээр нотлох баримт бүрдүүлэх дүрмийн бус тохиолдлыг Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан.

      Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүрэгтэй. Гагцхүү диспозитив зарчим шүүхийн энэ чиг үүргийг хязгаарлаж байдаг. Шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулахад Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтыг хэрэглэдэг бөгөөд уг зохицуулалтыг зарчмын хүрээнд зөв ойлгож нэг мөр хэрэглэх нь шүүхийн практикт ач холбогдолтой. Түүнчлэн энэ заалтыг нэг мөр тайлбарлаж хэрэглэх нь хэргийн оролцогчийн нотлох үүргээ хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангах, нөгөө талаар шүүхийн чиглүүлэх үүрэг, эрх хэмжээг тодорхой болгож, шүүхийн идэвхгүй байдлыг арилган хэргийн оролцогч, өмгөөлөгчийн зүгээс шүүгчийг үндэслэлгүй хардах явдлыг багасгана.

      Уг зохицуулалтад заасан "шинээр нотлох баримт шаардагдвал" гэснийг хэрхэн ойлгох, ямар тохиолдолд шүүхийн санаачилгаар, ямар тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шаардлагатай гэж үзэхийг тайлбарлах нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг арилгана. Иргэний эрх зүйн харилцаа өргөн хүрээтэй бөгөөд үүнд гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүүхдийн эрх ашигтай холбоотой хэсэг, түүнчлэн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаарахгүй тул эдгээр ажиллагаанд шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх эрхтэй.

      Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д "...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т "Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаарахгүй гэж тус тус зааснаар эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн бус ex officio зарчмын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулдаг тул санаачилгаараа нотлох баримт бүрдүүлнэ.

      Эдгээр эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан, эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох иргэний хэргийг шүүгч шийдвэрлэж байхдаа шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал өөрийн санаачилгаар уг баримтыг бүрдүүлэхээр хуралдааныг нэг удаа хойшлуулах тохиолдол нь Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалт юм.

      Үүнээс гадна иргэний эрх зүйн маргаан бүхий хэрэгт шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх ганц тохиолдол нь Хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т "Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно" гэсэн зохицуулалт байна. Шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлтийн хувьд дээрх үндэслэлээр шүүх санаачилгаараа нэмэлт эсхүл дахин шинжээч томилох боломжтой.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой атлаа гаргаж өгөөгүй нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан тохиолдол биш болно.

   Зохигч нотлох баримт гаргах үүргээ бүрэн биелүүлсэн байх ёстой бөгөөд ийнхүү үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрч, зохигчоос шууд гаргаж өгөх боломжгүй байдал үүсэж болно. Өөрөөр хэлбэл зохигч нотлох үүргээ биелүүлсэн боловч шаардлагатай гэж үзсэн шинэ нотлох баримт нь шүүх хуралдаан дээр илэрч, энэ баримт нь маргааны үйл баримтад нөлөөлсөн шинжийг агуулсан бол хэрхэн шийдвэрлэхийг Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зохицуулсан.

      Хуулийг зорилгоор нь тайлбарлахад 38 дугаар зүйлийн 38.9-д заасан энэ ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмаас урган гарч, хэргийн бодит байдлыг тогтооход ийнхүү нэг удаа боломж олгосон зохицуулалт болно.

      Эдгээр зарчмын хүрээнд Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн "шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах" гэдгийг дараах тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ажиллагаа гэж ойлгоно. Үүнд:

а/. Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн;

б/. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашигтай холбоотой хэсэг, онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж шүүх үзсэн;

в/. Хэрэг, маргаанд нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай гэж шүүх үзэх нөхцөл байдал хамаарна.

      Мэтгэлцээний дүнд маргааны бодит үйл баримтыг тогтооход шинээр баримт шаардлагатай болохыг талууд тайлбартаа дурдсан, энэ нь ач холбогдолтой бол шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулах эрхтэй бөгөөд энэ нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг тул диспозитив зарчмыг зөрчихгүй.

      Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шинээр нотлох баримт шаардлагатай эсэхийг талуудын мэтгэлцээн бүрэн явагдаж, хэргийг хэлэлцэж дууссаны дараа шүүх зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэнэ.

      Шүүх санаачилгаараа шинээр нотлох баримт шаардлагатай гэж үзэх нөхцөл нь гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах зорилгоор, онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад, мөн хэрэг маргааныг хэлэлцэх явцад нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзэх тохиолдол болохыг тайлбарласан болно.

   "баримтыг хасах" гэдэг нь шүүх хэрэгт цугларсан баримтаас хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг тусгаарлаж, энэ талаар шийдвэр гаргахыг хэлнэ.

      Нотлох баримтыг хасах тохиолдолд тухайн баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхой зааж, шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж, тухайн шатны шүүхэд гомдол гаргах, эсвэл давж заалдах болон хяналтын шатанд хянах боломжийг олгох зорилгоор хассан баримтыг хэрэгт үлдээнэ гэж тайлбарлалаа.

     5.2. Хуулийн 124.1-д "Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно" гэж заасан.

      Хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд Хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. Зарим зохицуулалтад тогтоол, захирамж гаргахыг тусгайлан заасан байдаг тул 123 дугаар зүйлийг бус тухайн зохицуулалтыг баримталдаг.

      Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан зохицуулалтад хамаарах захирамж, тогтоол нь Хуулийн 123 дугаар зүйлд заасан бичгээр гаргасан бүх захирамж, тогтоол байна. Шүүгч захирамж, шүүх тогтоол гаргахдаа 123 дугаар зүйлийг удирдлага болгоогүй нь Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан ажиллагааг явуулахад саад болохгүй.

   "илт үндэслэл муутай" гэдэг нь тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно. "Илт үндэслэл муутай" гарсан гэж үзэж болох шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулж, өөрчилж эсхүл хүчингүй болгож болно.

      Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалт нь илт үндэслэл муутай гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг юуны өмнө тухайн шийдвэрийг гаргасан шүүх бүрэлдэхүүн, шүүгчид өөрсдийн гаргасан алдаагаа засах боломж олгосон зохицуулалт боловч шийдвэр гаргасан болон шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч өндөр насны тэтгэвэрт гарсан, өөр шүүх рүү шилжсэн, удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй байгаа зэрэг шалтгаанаар тухайн шүүхэд ажиллахгүй байгаа тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмын дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн алдааг засах ажиллагаа хийснийг адилтгаж үзэхээр тайлбарлав.

     Хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д хамаарах эсэх талаар шүүх өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байна.

      Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай тул захирамж, тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх зарчмаар хязгаарлагдана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг дээр дурдсан техникийн болон утга найруулгын алдаатай гарсныг зарчмын хувьд Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хянаж болно.

    5.3. Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т "Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.", 119 дүгээр зүйлийн 119.4-т "Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна", 119 дүгээр зүйлийн 119.5-д "Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа (оршин байгаа) газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ", 119 дүгээр зүйлийн 119.7-д "Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй" гэж, 120 дугаар зүйлийн 120.2-т "...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно...", 167 дугаар зүйлийн 167.5-д "Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно." гэж гомдол гаргах хугацааг тус тус заажээ.

   Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүхийн шийдвэр, магадлалыг шүүгч 14 хоногийн дотор бичиж албажуулах бөгөөд энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд өөрсдөө хүрэлцэн ирж шийдвэр, магадлалыг гардан авахыг үүрэгжүүлсэн, харин шүүх хуралдаанд оролцоогүй бол тэдгээрт шүүх шийдвэр, магадлалыг гардуулах, эсхүл хүргүүлэх ажиллагааг хийх журмыг тус тус өөрөөр хуульчилсан байхад хуулийн тодорхой заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

   Иймээс Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх шийдвэр, магадлалыг хүргүүлэх үүрэг хүлээхгүй, өөрсдөө шүүхэд ирж гардан авна гэж ойлгох, түүнчлэн тухайн талын давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа нь шийдвэр, магадлалыг шүүхэд ирж гардан авсан бол уг хугацаанаас, гардаж аваагүй бол хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасан журмын дагуу хуульд заасан хугацаа өнгөрсөн өдрөөс тус тус тоологдохыг тайлбарлана.

   Мөн өөр тохиолдол буюу шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүхийн шийдвэр, магадлалыг гардуулах, хүргүүлэх гэсэн хоёр журмаар "гардан авсан" гэж үзэх үндэслэл үүснэ. Шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх шийдвэр, магадлалыг гардан авахыг мэдэгдэх ба мэдэгдсэний дагуу ирж авсан бол гардуулсан гэж үзэж, гомдол гаргах хугацааг тухайн өдрөөс тоолно. Харин мэдэгдсээр байтал ирж аваагүй бол Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс, шүүх мэдэгдэх боломжгүй тохиолдол үүссэн бол баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, хүргэсэн талаар баталгаажуулсныг гардан авсанд тооцохыг ялгамжтай байдлаар тайлбарлав.

    Түүнээс гадна нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч аль нэг талд байгаа этгээд шийдвэрийг өөр өөр цаг хугацаанд гардан авах тохиолдол бий. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд өөрөө, эсхүл тэдгээрийг итгэмжлэл, гэрээний үндсэн дээр төлөөлж, өмгөөлж оролцож байгаа төлөөлөгч, өмгөөлөгч нь хоорондоо нэгдмэл ашиг сонирхолтой тул нэгдмэл ашиг сонирхолтой нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, тэдгээрийн хэн нь эхэлж гардан авсан огнооноос тухайн талын давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолно.

    Ингэснээр Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийн "гардан авснаас хойш" гэсэн давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох журам нэг мөр болно гэж үзсэн.

   Шүүхийн шийдвэр, магадлалыг баталгаат шуудангаар илгээсэн бол заагдсан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн тухайн өдрийг, шүүхийн ажилтнаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн тухайн өдрөөр хүргүүлсэн хугацааг тогтооно.

      Ийнхүү шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, гардан авах үүргийг нарийвчлан тайлбарлах нь хэргийн оролцогч, шүүхэд ойлгомжтой тодорхой байдлыг бий болгохын зэрэгцээ давж заалдах болон хяналтын гомдлыг хугацаандаа гаргах хэргийн оролцогчийн эрхийг хангах, талуудын тэгш байдлыг хангах ач холбогдолтой болно.

      5.4. Хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн "гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэсэн хэм хэмжээг тайлбарлахдаа дараах нийтлэг ба тусгай зарчмын харилцан уялдаа, нийтийн ба хувийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангахыг чухалчиллаа.

      а/. Иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах нь иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилтийн нэг хэлбэр буюу шударга ёсны хүртээмжийн зарчмыг хангаж буй үндсэн нөхцөл мөн. Ийнхүү иргэний үндсэн эрхийн хэрэгжилтийг хангах явцад шүүн таслах ажиллагаанд гарсан алдаа, зөрчлийг шуурхай арилгах, шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэх зорилтууд хангагдах учиртай.

      б/. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдол гарсан тохиолдолд хянан хэлэлцдэг тул гомдолд болон түүнд өгсөн хариу тайлбарт тусгагдсан үйл баримтад тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай, эсхүл алдаагүй байгааг хянаж үзнэ. Гэхдээ давж заалдах гомдол гаргах хуульд заасан тодорхой үндэслэл байдаггүй, эсрэг сонирхолтой талууд шүүхийн шийдвэрт бодит бус үндэслэлээр ч гомдол гаргах боломжтой тул шүүх зөвхөн гомдолд дурдсан үйл баримтад л тулгуурлавал шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Иймд хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахаар зохицуулсан.

      в/. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа гомдол гаргасан талын эрх ашгийг дордуулахгүй байх зарчим баримтлах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг "хянан үзэх", "шийдвэр гаргах" гэсэн хоёр хандлагаар авч үзнэ. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаахаас бусад тохиолдолд хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэх эрх зүйн үр дагавар үүсэх бөгөөд энэ тохиолдолд гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд үндэслэн хэргийг шийдвэрлэнэ.

      Харин хэргийг анхан шатны шүүхэд буцаах тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлээгүй ч бүхэлд нь хянан үзэх үүргээ гомдлын хүрээгээр хязгаарлалгүйгээр гүйцэтгэнэ.

   г/. Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх зарим төрлийн маргаан, тухайлбал онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг, гэр бүлийн зэрэг хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн хэрэг маргаанд мэтгэлцэх зарчим сонгодог утгаараа хэрэгжих боломжгүй тохиолдол бий. Гуравдагч этгээд буюу хүүхэд, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагын улмаас хэргийг давж заалдах журмаар хянахдаа гомдлын үндэслэлээр хязгаарлахгүй, бүхэлд нь хянан үзэхийн зэрэгцээ гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг уян хатан хэрэглэх үндэслэл байдгийг анхаарах нь зүйтэй гэж үзэж, хуулийн заалтыг бүхэлд нь тайлбарлалаа.

      Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт,Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыгудирдлага болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг

ТАЙЛБАРЛАХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн:"шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах" гэдгийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор дараах тохиолдолд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ажиллагаа гэж ойлгоно.

      а/. Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн;

      б/. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашигтай холбоотой маргаан, онцгой ажиллагааны журмаар хэргийг тус тус хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж шүүх үзсэн;

      в/. Хэрэг, маргаанд нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай гэж шүүх үзэх нөхцөл байдал хамаарна.

      Шинээр гаргуулах баримт нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх шинжийг агуулсан буюу маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.

      Шинээр нотлох баримт шаардлагатай эсэхийг талуудын мэтгэлцээн бүрэн явагдаж, хэргийг хэлэлцэж дууссаны дараа зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэнэ.

      Хэргийн оролцогч шинээр нотлох баримт шаардлагатай талаар тайлбар гаргаж байгаа тохиолдолд шүүх хүсэлт гаргаж буй эсэхийг тодруулж, шаардлагатай гэж үзвэл хүсэлт гаргасантай адилтгаж үзэх эрхтэй. Энэ ажиллагаа нь шүүхийн чиглүүлэх үүрэгтэй холбоотой бөгөөд шүүгч хөндлөнгийн байх зарчимтай харшлахгүй.

   "баримтыг хасах" гэдэг нь шүүх хэрэгт цугларсан баримтаас хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг тусгаарлаж, энэ талаар шийдвэр гаргахыг хэлнэ.

   Нотлох баримтыг хасах тохиолдолд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй үндэслэлийн аль нь болохыг шүүгч захирамж, шүүх тогтоолдоо тодорхой зааж, хассан баримтыг хэрэгт үлдээнэ.

      Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч зөвшөөрөөгүй бол тухайн захирамж, тогтоолд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргаж болно.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийн:

      "гардан авснаас хойш" гэдгийг

      Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэр, магадлалыг хүлээн авсан бол тухайн өдрөөс, хүлээн аваагүй бол Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс,

      Шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэр, магадлалыг биечлэн авах талаар шүүхээс мэдэгдсэний дагуу хүлээн авсан бол уг өдрөөс, мэдэгдсэн боловч хүлээж аваагүй бол Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс,

      Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэр, магадлалыг биечлэн авах талаар талуудад мэдэгдэх боломжгүйгээс хүлээлгэн өгөөгүй бол зохигчийн оршин суугаа (оршин байгаа) газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсэн өдрөөс хойш гэж тус тус ойлгож, хэрэглэнэ.

      Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалыг баталгаат шуудангаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн тухай шуудангийн дардсанд тэмдэглэгдсэн өдрөөр, шүүхийн ажилтнаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн өдрөөр хүргүүлсэн хугацааг тогтооно.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсэн шүүхийн шийдвэр, магадлалыг гардан аваагүй нь хугацаа тоолоход саад болохгүй.

      Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр, магадлалыг Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хүргүүлж, хугацааг Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д заасны дагуу тоолно.

      Шүүхийн шийдвэр, магадлалыг нэг тал буюу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн:

      "илт үндэслэл муутай" гэдгийг Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно.

      Илт үндэслэл муутай гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхийг үл харгалзан залруулж болно.

      "тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч" гэдэгт шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргасан шүүх бүрэлдэхүүн, шүүгчийг ойлгоно. Шүүгч тус шүүхэд ажиллахгүй болсон, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас удаан хугацаагаар эзгүй байгаа тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилагдсан шүүх бүрэлдэхүүн, шүүгчийг тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгчтэй адилтган үзнэ.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн:

      "гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэдэгт анхан шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоон, шаардах эрх ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэсэн байдал, нотлох баримтын хамаарал, хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх талаар гомдолд заасан эсэхээс үл хамаарч, хууль зүйн дүгнэлт өгөх давж заалдах шатны шүүхийн ажиллагааг ойлгоно.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах үндсэн зарчим иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдана.

      Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-167.1.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх; шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох буюу болгохгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах; шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох замаар хэргийг шийдвэрлэн магадлал гарна. Эдгээр тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг хянан үзэх болон шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх хянан үзэх үүргээ бүхэлд нь хэрэгжүүлж анхан шатны шүүхийн алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд захирагдана.

       Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасан боловч шийдвэрлээгүй гэж ойлгоно. Хэргийг ийнхүү давж заалдах журмаар хянахдаа маргааныг шийдвэрлээгүй боловч хянан үзэх чиг үүргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн алдааг илрүүлэх нь давж заалдах шатны шүүхийн үүрэг байна.

     5. Энэ тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА