- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 35
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр дараах асуудалд анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар:
а/сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
б/сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэр бүрийн үндэслэл, шалтгааныг хэлэлцдэг шүүхийн хэлэлцүүлгийг бий болгох, хууль бусаар баривчлагдсан сэжигтний судалгааг тогтмол гаргаж холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх, тухайн хүн өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авах эрх зүйн зохицуулалтын талаар санал боловсруулах;
в/цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийтлэг журам, цагдан хорих үндсэн болон сунгах хугацаа, өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тусгай журам, цагдан хорих үндэслэлд хамаарах хэт ерөнхий болон өргөжүүлсэн зохицуулалт, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх асуудлыг нарийвчлан зохицуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
г/цагдан хорих байранд гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах хүрээг хязгаарлаж, хүний эрхийн зарчимд нийцүүлэн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, танилцуулах;
д/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд таслан сэргийлэх арга хэмжээний зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий зөвшөөрлийн шүүх бий болгох асуудлыг судалж, танилцуулах;
е/бүх насаар хорих ялыг хорих ялаас тусдаа ялын төрөл болгон хуульчлах асуудлыг судлан үзэж, ял эдлүүлэх дэглэм, зохион байгуулалт, сургалт, хөдөлмөрийн стандартыг шинээр тогтоох, түүнчлэн хорих ял эдлүүлэх дэглэмийн зэрэглэл хүндрүүлэн ганцаарчлан хорьж байгаа тохиолдлыг таслан зогсоох;
ё/эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл, эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх саналыг боловсруулж танилцуулах;
ж/зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах санал боловсруулж танилцуулах;
з/үндэсний аюулгүй байдлыг хангах болон шүүхэд нотлох баримтаар үнэлэгдэх зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2/Хүүхдийн эрхийн талаар:
а/ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага хангахгүй байгаа дотуур байрыг шинэчлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэх;
б/Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх;
в/хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүнд хяналт тавих, сурч боловсрох эрхийг нь хангах журмыг нарийвчлан зохицуулах.
3/Ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар:
а/ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, насжилтын үеийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
б/ахмад настныг ажлын байраар хангаж байгаа ажил олгогч, аж ахуйн нэгжүүдийг татварын болон бусад бодлогоор дэмжих;
в/ахмадын асрамж, хамгаалал, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бий болгох асуудлаар цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.
4/Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар:
а/Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн зүйлчлэлд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор зааж тодорхойгүй байдал үүсгэж байгаа зохицуулалтыг өөрчлөх талаар болон эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлгээс бусад нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх агуулга хэвээр байгааг залруулах талаар хуулийн төсөл боловсруулах;
б/эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах.
5/Бусад асуудлын талаар:
а/Монгол Улсын Үндсэн хууль, иргэний үндсэн эрхийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
б/Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалинг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
в/хоригдлын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар хангахад чиглэсэн салбар дундын нэгдсэн бодлого, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ "Хоригдлыг суллахад бэлдэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих.
2.Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Б.Энхбаяр/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A