A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай   /2023 оны 06 сарын 14-ний өдөр ЗХХАБ-д бүртгэсэн, ЗХХАЭмхэтгэлд 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 18 дугаарт нийтлэгдсэн./
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/114

Улаанбаатар хот

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам (цаашид "Цахим тендер шалгаруулалтын журам" гэх)"-д доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 4.10-4.13 дахь заалт:

"4.10.Тендерт оролцогч энэ журмын 4.3-т заасан баталгааны мэдээллийг цахим системээр илгээх хүсэлтийг нээлттэй тендер шалгаруулалтын хувьд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй, бусад аргаар зохион байгуулж буй тендер шалгаруулалтын хувьд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө мэргэжлийн байгууллагад гаргах ба захиалагчид хүргүүлсэн баталгааны хуулбарыг хавсаргасан байна.

4.11.Мэргэжлийн байгууллага тендерийн баталгааны мэдээлэл тендерийн жишиг баримт бичигт заасан баталгааны маягттай нийцэхгүй, үнийн дүн хүрэхгүй тохиолдолд баталгааны мэдээллийг цахим системээр илгээхээс татгалзаж буцаана. Ийнхүү буцаасан тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баталгааг шаардлагад нийцүүлэн ирүүлэх эрхтэй.

4.12.Тендерт оролцогч гадаадын банкны гүйцэтгэлийн баталгааг тендерийн баримт бичигт нийцүүлэн захиалагчид хүргүүлнэ.

4.13.Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам"-ын 2.5-д заасан хамтын удирдлагын бүтэц нь даатгагчийн гаргаж буй баталгааг хууль болон журамд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулснаар цахим системээр илгээнэ."

2/ 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт:

"6.1.10.гадаадын банк, хуулийн этгээдээс гаргасан баталгааны мэдээлэл холбогдох шаардлага хангахгүй тохиолдолд мэдээллийг цахим системээр илгээхээс татгалзах."

2.Цахим тендер шалгаруулалтын журмын дараах заалтуудыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт:

"4.2.Журмын 4.1, 4.13-т заасан баталгаа гаргах эрх бүхий этгээд нь цахим системд мэдээлэл дамжуулах нөхцөл, шаардлагыг хангуулж, мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр цахим системээр баталгаа гаргах эрхтэй байна."

2/4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт:

"4.3.Гадаадын хуулийн этгээд хуулийн 20.2-т зааснаар гадаад улсын баталгаа гаргагч этгээдээс, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас хэлбэрээр тендерийн баталгааг ирүүлэх бол тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө баталгааны эх хувийг захиалагчид хүргүүлснийг тендерийн салшгүй хэсэг гэж хянан үзнэ."

3.Цахим тендер шалгаруулалтын журмын 4.1 дэх заалтын "банкны болон" гэснийг "банк, эсхүл зохих шаардлага хангасан даатгагч, эсхүл" гэж, 4.9 дэх заалтын "Цахим" гэснийг "Энэ журмын 4.3-т зааснаас бусад тохиолдолд цахим" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Цахим тендер шалгаруулалтын журмын 4.1 дэх заалтын "дамжуулан баталгаа" гэснийг хассугай.

5.Цахим тендер шалгаруулалтын журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг холбогдох журмын дагуу бүртгүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд нарт даалгасугай.

САЙД     Б.ЖАВХЛАН