- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/118
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2021 оны 145 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "Тендерийн жишиг баримт бичиг" гэх)-ийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаанд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэг:
"5.9.Хуулийн 8.10-т заасны дагуу ажлын цар хүрээ их, төсөвт өртөг өндөртэй болон цогцолбор буюу хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажлын зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер шалгаруулалт зарлах бол ТШЗ-ны 5.1, 5.2-т заасан туслан гүйцэтгүүлэх дээд хэмжээ болон түншлэлийн гишүүн тус бүрийн үүргийн доод хэмжээг ТӨХ-д өөрөөр зааж болно."
2/5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэг:
"5.10.ТШЗ-ны 5.9-д заасан тендер шалгаруулалтад туслан гүйцэтгүүлэх бараа, ажил, үйлчилгээний дээд хэмжээг болон түншлэлийн хувьд гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүргийн доод хэмжээг ТӨХ-д заана."
2.Тендерийн жишиг баримт бичгийн II бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтэд доор дурдсан агуулгатай ТШЗ 5.10 дахь заалт нэмсүгэй:
"ТШЗ 5.10.Туслан гүйцэтгүүлж болох бараа, ажил, үйлчилгээний дээд хэмжээ: [тендерийн үнийн дүнгийн хувийг бичих].
Түншлэлийн гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүргийн доод хэмжээ: [тендерийн үнийн дүнгийн хувийг бичих]"
3.Тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"22.4. Гадаадын этгээдийн тендерийн баталгааг гадаадын банк гаргах бол тухайн банк Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банктай корреспондент харилцаатайг нотлох ба дараах шаардлагыг хангасан байна:
22.4.1.тендерийн баталгааны эх хувийг ТШЗ-ны 12 дугаар зүйлийг баримтлан бэлтгэсэн орчуулгын хамт холбогдох журамд зааснаар захиалагчид хүргүүлэх;
22.4.2.баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах, төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх эрх бүхий этгээдээр Монгол Улс дахь корреспондент банкийг заасан байх."
4.Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн "Монгол Улсын, эсхүл гадаадын банкны" гэснийг "банк эсхүл даатгагчийн" гэж, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн "баталгаа" гэснийг "баталгааг цахим системээр болон бичгээр ирүүлсэн" гэж, V бүлгийн Маягт 2 "[Баталгаа гаргагч нь гадаадын этгээд бол тендерийн баталгааны дагуу хүргүүлэх шаардлагыг баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс хүлээн авах Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага, бусад этгээдийг заана уу.]" гэснийг "[Баталгаа гаргагч нь гадаадын банк бол өөрийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах, төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх Монгол Улс дахь корреспондент банкийг заана уу.]" гэж, Маягт 3-ын "[Баталгаа гаргагч нь гадаадын этгээд бол тендерийн баталгааны дагуу хүргүүлэх шаардлагыг баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс хүлээн авах Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг заана уу.]" гэснийг "[Баталгаа гаргагч нь гадаадын этгээд бол өөрийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах Монгол Улсад үүсгэн байгуулагдсан эрх бүхий этгээдийг заана уу.]" гэж, V бүлгийн Маягт 2-ын "банкны" гэснийг "банк эсхүл даатгагчийн" гэж, VI бүлгийн Гүйцэтгэлийн баталгааны маягт (Банкны), Урьдчилгаа төлбөрийн баталгааны маягт (Банкны) дахь "Банкны" гэснийг "Банк эсхүл даатгагчийн" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Тендерийн жишиг баримт бичигт оруулсан өөрчлөлтийг холбогдох журмын дагуу бүртгүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд нарт даалгасугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
