A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 216

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн хөрөнгөөр Ховд аймгийн Ховд-Алтай чиглэлийн авто замаас Ховд аймгийн Чандмань сум хүртэлх 56.9 км хатуу хучилттай авто замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолоор баталсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад даалгасугай.

3.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам барилгын ажлын явцад түүх, соёлын эд зүйлс илрэх тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх, зам барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР