- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖ БОЛОН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЗУУЧЛАГЧ /БРОКЕР/-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023
оны 06 дугаар сарын 02-ны өдрийн
186 дугаар тогтоолын хавсралт
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖ БОЛОН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЗУУЧЛАГЧ /БРОКЕР/-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-оос уул уурхайн бүтээгдэхүүний бирж (цаашид "бирж" гэх) болон биржийн арилжааны зуучлагч /брокер/ (цаашид "брокер" гэх)-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлагыг тогтоох, түүний үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1-д заасан үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахад зуучлах брокерийн үйл ажиллагааг энэ журмаар тавигдсан нэмэлт шаардлагыг хангасан нөхцөлд эрхэлж болно.
1.3.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1-24.1.11, 24.1.14-т заасан үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.
1.4.Энэ журамд заасан бирж болон брокер нь үйл ажиллагаагаа байнгын, тогтвортой, тасралтгүй явуулж, ил тод, үр ашигтай, шударга байх, сонирхлын зөрчлөөс сэргийлэх, дотоод хяналтын удирдлагыг үр дүнтэй байлгах зарчмыг баримтална.
1.5.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжаалахтай холбоотой брокерт тавих нэмэлт шаардлагыг Хорооноос тогтоосон үүсмэл санхүүгийн хэрэгслийн журмаар зохицуулна.
Хоёр.Бирж болон брокерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавих шаардлага
2.1.Бирж болон брокерийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.1-5.3, 18.1-д зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.1.1.биржийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 20 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
2.1.2.брокерийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 3 тэрбум 500 сая төгрөгөөс доошгүй байх;
2.1.3.энэ журамд заасан бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц болон бусад шаардлага;
2.1.4.бирж болон брокерийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргагчийн эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх.
2.2.Энэ журмын 2.1.1-2.1.2-т заасан хувь нийлүүлсэн хөрөнгө нь зээлийн эх үүсвэрээс бусад мөнгөн хөрөнгөөс бүрдсэн байна.
2.3.Биржийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-д зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.3.1.бирж нь уул уурхай бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулахад шуурхай, тасралтгүй, үйл ажиллагааны онцлогт тохирсон тусгай программ хангамжтай байх бөгөөд уг программ хангамж нь дараах шаардлагыг хангасан байна:
2.3.1.1.харилцагчийн хувийн мэдээлэл гуравдагч этгээдээс нууц байх;
2.3.1.2.зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, шинэчлэх боломжтой байх;
2.3.1.3.олон нийтэд мэдээлэл хүргэх хэсэг буюу нээлттэй самбартай байх;
2.3.1.4.арилжааны хяналтын системтэй байх;
2.3.1.5.аюулгүй байдлыг хангах албан ёсны лицензтэй байх;
2.3.1.6.мэдээллийн нууцлал, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангасан байх.
2.3.2.бирж нь тооцооны үйл ажиллагааг өөрөө эрхлэхээс бусад тохиолдолд үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллагын системд холбогдсон байх;
2.3.3.бирж нь төлбөрийн үйл ажиллагааг банкаар гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд үнэт цаасны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын системтэй холбогдсон байх;
2.3.4.системийн тасралтгүй ажиллагааны зохицуулалт буюу онцгой байдлын төлөвлөгөө, нөөц төв, түүний техникийн зохистой үзүүлэлтийг хангасан байх;
2.3.5.энэ журмын тавдугаар хавсралтад заасан мэдээллийн технологийн стандартыг хангасан байх.
2.4.Брокерийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд нь энэ журмын 2.1-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.4.1.бирж, тооцооны байгууллагын гишүүнчлэлийн журамд заасан нөхцөл, программ хангамжийн шаардлагыг тус тус хангасан байх;
2.4.2.харилцагчдыг хүлээн авч үйлчлэх ажлын байрны хэсгийг брокероос бусад ажилтны албан өрөөнөөс тусгаарлаж, үйлчилгээний танхимын зориулалтаар тохижуулсан байх;
2.4.3.арилжаанд оролцогчийн захиалга, биелэлтийг баталгаажуулж, биржид бүртгүүлэх, арилжааны төлбөрийг гүйцэтгэх, арилжааны гүйлгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, харилцагчид мэдээлэл өгөх бэк оффис /back office/-ын программ хангамжтай байх.
2.5.Бирж, брокерийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.5.1.хувьцааг худалдан авч буй мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь зээлийн эх үүсвэрээс бүрдээгүй, хууль ёсны байх;
2.5.2.шинэ хувьцаа эзэмшигч нь энэ журмын 2.1.4-т заасан шаардлагыг хангасан байх;
2.5.3.хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан байх.
2.6.Салбар, төлөөлөгчийн газар байгуулахад дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.6.1.сүүлийн хоёр улиралд Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан;
2.6.2.салбар, төлөөлөгчийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулах хаяг, байршил нь тодорхой ажлын байртай, тухайн салбар, төлөөлөгчийн газарт тогтмол ажиллах эрхлэгч мэргэжилтэнтэй байх;
2.6.3.салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
2.6.4.төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журамтай байх.
2.7.Биржийн үйл ажиллагааг эрхлэх хүсэлт гаргагч энэ журмын тавдугаар хавсралтад заасан MNS ISO/IEC 27001 стандартын сүүлийн хувилбарыг хангаж, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байна.
2.8.Нээлттэй хувьцаат компани хэлбэртэй бирж, брокерийн тав буюу түүнээс дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдах, барьцаалах, бусад хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд энэ журмын 2.5 дахь заалтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
Гурав.Бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн шаардлага
3.1.Бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7.1-т заасан есөн гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.
3.2.Бирж үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхэд шаардлагатай дараах бүтэц зохион байгуулалттай байна:
3.2.1.уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжааг зохион байгуулах нэгжтэй байх;
3.2.2.мэдээлэл, технологийн бие даасан нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;
3.2.3.дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;
3.2.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон комплайнсын хяналтыг хэрэгжүүлэх нэгж, эсхүл хариуцсан ажилтантай байх бөгөөд түүний үйл ажиллагаанд төлөөлөн удирдах зөвлөл хяналт тавина;
3.2.5.уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан опцион гэрээ, фьючерсийн гэрээний стандартыг тогтоох, арилжаалах нөхцөлийг хангах, арилжаанд хяналт тавих нэгж, эсхүл ажилтантай байх;
3.2.6.уул уурхайн бүтээгдэхүүн, үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн шинжилгээ, судалгаа хийх чиглэлээр мэргэшсэн ажилтан, эсхүл нэгжтэй байх.
3.3.Биржийн төлөөлөн удирдах зөвлөл нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9.2-т зааснаас гадна дараах дүрэм, журмыг Хорооны зөвшөөрлөөр батална.
3.3.1.төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам;
3.3.2.дотоод хяналтын журам;
3.3.3.ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх журам;
3.3.4.эрсдэлийн удирдлагын журам;
3.3.5.ёс зүйн дүрэм;
3.3.6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, удирдах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө, эсхүл дотоод журам.
3.4.Бирж нь дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг энэ журмын 3.3.2, 3.3.4-т тус тус заасан журамд дэлгэрэнгүй тусгана.
3.5.Биржийн комплайнс болон дотоод хяналтын нэгж, эсхүл ажилтан нь үйл ажиллагаагаа тусдаа, бие даасан байдлаар явуулах ба ажлаа төлөөлөн удирдах зөвлөлд шууд тайлагнах бөгөөд гүйцэтгэх удирдлагад зөвлөмж хүргүүлж ажиллана.
3.6.Энэ журмын 3.2.3-т заасан дотоод хяналтын нэгж, эсхүл ажилтан нь үйл ажиллагаандаа зохистой засаглал, хараат бус байх зарчмыг мөрдөж ажиллах ба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.6.1.компанийн үйл ажиллагааны бусад чиг үүргийг гүйцэтгэхгүй, бие даасан байх;
3.6.2.аудитын ажлыг зохих ёсоор төлөвлөх, бүртгэх, хянах, түүнээс гарсан үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг тэмдэглэн хөтөлж, баримтжуулах;
3.6.3.аудитын тайланд онцолсон асуудлуудыг удирдлагад тухай бүр тайлагнаж шийдвэрлүүлэх.
3.7.Брокер үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхэд шаардлагатай дараах бүтэц зохион байгуулалттай байна:
3.7.1.үндсэн үйл ажиллагааг явуулах нэгжтэй байх;
3.7.2.мэдээлэл, технологийн бие даасан нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;
3.7.3.дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;
3.7.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон комплайнсын хяналтыг хэрэгжүүлэх нэгж, эсхүл хариуцсан ажилтантай байх;
3.7.5.эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах дүрэм журам нь тодорхой, энэ чиглэлээр мэргэжил, туршлагатай хүний нөөцтэй байх.
3.8.Биржийн эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүд нь дараах шаардлагыг хангасан байна:
3.8.1.төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7.5, 7.6-д тус тус заасан шаардлагыг хангасан байх;
3.8.2.гүйцэтгэх удирдлага нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8.4-т заасан шаардлагыг хангасан байх;
3.8.3.энэ журамд заасан нэгжийн удирдах албан тушаалтан нь уул уурхай, санхүүгийн салбарт хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай, бусад мэргэжилтэн нь уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн байх;
3.8.4.тухайн компанид үйлчилгээ үзүүлдэг үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээ, аудитын үйлчилгээ үзүүлэгч болон өөрийн гишүүн брокерийн компаниудын эрх бүхий албан тушаалтны холбогдох этгээд биш байх;
3.8.5.хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх удирдлага нь үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
3.8.6.гүйцэтгэх удирдлага нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах бөгөөд мэргэжилтэн нь ял шийтгэлгүй, компанийн үндсэн ажилтан байх;
3.8.7.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь уул уурхай, санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр төрөлжсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
3.8.8.хуульд өөрөөр заагаагүй бол мэргэжилтэн нь давхар ажил хавсран эрхэлдэггүй байх.
3.9.Брокерийн эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүд нь дараах шаардлагыг хангасан байна:
3.9.1.энэ журамд заасан нэгжийн удирдах албан тушаалтан нь уул уурхай, санхүүгийн салбарт хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай, бусад мэргэжилтэн нь уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн байх;
3.9.2.тухайн компанид үйлчилгээ үзүүлдэг үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээ, аудитын үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтны холбогдох этгээд биш байх;
3.9.3.хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх удирдлага нь үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
3.9.4.гүйцэтгэх удирдлага нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах бөгөөд мэргэжилтэн нь ял шийтгэлгүй, компанийн үндсэн ажилтан байх;
3.9.5.хуульд өөрөөр заагаагүй бол давхар ажил хавсран эрхэлдэггүй байх;
3.9.6.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь уул уурхай, санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр төрөлжсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
3.9.7.100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай брокерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувьд мэргэжилтний 70-аас доошгүй хувь нь Монгол Улсын иргэдээс бүрдсэн байх.
3.10.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.8-д заасан арилжаа эрхлэх байгууллагын хувьд энэ журамд заасан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах нэгж нь бусад нэгжээс үйл ажиллагаагаа тусгаарласан, бие даасан байна.
3.11.Энэ журмын 3.2.2-т заасан нэгж, эсхүл ажилтны чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
Дөрөв.Бирж болон брокерийн үйл ажиллагаа
4.1.Бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9.1-д заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, биржийн арилжааг шударга, ил тод, нээлттэй, хараат бусаар зохион байгуулах зарчмыг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөнө.
4.2.Бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, энэ журам болон Хорооноос тогтоосон холбогдох журмын шаардлагыг тогтмол биелүүлэх ба уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн тогтвортой, үр ашигтай байдлыг хангаж ажиллана.
4.3.Бирж нь санхүүгийн зах зээлийн гэнэтийн хямрал, давагдашгүй хүчин зүйлийн үед авч хэрэгжүүлэх бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.
4.4.Бирж нь брокероос ирүүлсэн захиалгыг үнэ ханш, цаг хугацааны дарааллын дагуу арилжааг шударгаар зохион байгуулж ажиллах бөгөөд арилжаа шударга, сонирхлын зөрчилгүй, ил тод явагдаж буй эсэхэд байнгын хяналт тавина.
4.5.Бирж нь Хорооноос баталсан "Компанийн засаглалын кодекс" болон түүнд нийцүүлсэн дүрэм, журам, заавар аргачлалыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
4.6.Бирж нь энэ журмын тавдугаар хавсралтад заасан мэдээллийн технологийн стандартыг үйл ажиллагааныхаа явцад тогтмол хангана.
4.7.Брокер нь уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах талаар шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр харилцагчийг тогтмол хангаж ажиллана.
4.8.Брокер нь Хорооноос тогтоосон "Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам"-аар тогтоосон зохистой харьцааг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөнө.
4.9.Брокер нь өөрийн харилцагчийн арилжааг гүйлгээний төрөл, хэмжээний хувьд зах зээлийг харгалзан үзсэний үндсэн дээр байж болох хамгийн сайн нөхцөлтэйгөөр гүйцэтгэх зарчмыг баримтална.
4.10.Брокер нь хууль тогтоомжийн дагуу үндсэн үйл ажиллагаатай холбоотой хийсэн судалгаа, өгсөн зөвлөгөө болон авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх баримт бичгийг таваас доошгүй жилийн хугацаагаар хадгалах ба бүртгэлийг аюулгүй найдвартай хадгалах үйл ажиллагааг дотоод дүрэм, журмаар тодорхой зохицуулсан байна.
4.11.Бирж, брокерийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд Хороонд урьдчилан мэдэгдэж, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, нэмж гаргасан хувьцааг худалдан авах этгээд нь холбогдох хууль, энэ журам болон Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхээ тогтоолгосны дараа өмчлөх эрх шилжих, гүйлгээ хийх ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.12.Бирж, брокерийн эрх бүхий албан тушаалтныг томилох тохиолдолд Хороонд урьдчилан мэдэгдэж, шинээр томилогдож буй этгээд нь холбогдох хууль, энэ журам болон Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхээ тогтоолгосны дараа томилох ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.13.Гүйцэтгэх удирдлагаар томилохоор санал болгож байгаа этгээд нь энэ журмын 2.1.4-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд гүйцэтгэх захирлаар томилох өөр этгээдийг нэг сарын дотор санал болгоно.
4.14.Бирж, брокер нь өөрийн оршин байгаа газрын хууль ёсны хаяг өөрчлөх тохиолдолд холбогдох шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор энэ журмын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдлийг Хороонд ирүүлнэ.
4.15.Хороо энэ журмын 4.14-т заасны дагуу хаяг байршлын өөрчлөлт, холбогдох ажлын байр нь хууль болон энэ журмын шаардлага хангаж байгаа эсэхийг нягталж, ажлын таван өдөрт багтаан хариуг албан бичгээр мэдэгдэнэ.
4.16.Бирж, брокер оноосон нэрээ өөрчлөх тохиолдолд Хороонд урьдчилан мэдэгдэж, Иргэний хуулийн 27.3-т "хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй" гэж заасан болон харилцагч, олон нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байх шаардлагыг хангаж буй эсэхээ тогтоолгосны үндсэн дээр оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.
4.17.Энэ журмын 4.16-д заасан шаардлагыг хангаж бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн тохиолдолд зөвшөөрлийн гэрчилгээг хураан авч, шинээр олгож, зохих журмын дагуу нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.
4.18.Бирж, брокер нь салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хязгаарлах, байршлыг нь өөрчлөх тухай бүрд эрх бүхий этгээдийн шийдвэрийг гаргуулж, уг шийдвэрийг гаргасан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Хороонд мэдэгдэнэ.
4.19.Бирж, брокерийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөн томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх болон салбар, төлөөлөгчийн газар байгуулагдах, оноосон нэр өөрчлөх асуудлыг хууль болон энэ журмын шаардлага хангасан гэж Хорооноос хариу өгсөн тохиолдолд хүсэлт гаргагч нь бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад холбогдох өөрчлөлтийг хийлгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн шинэчилсэн хуулбарыг ажлын 15 өдөрт багтаан Хороонд хүргүүлж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд зохих тэмдэглэгээг хийлгэнэ.
4.20.Нээлттэй хувьцаат компани хэлбэртэй бирж, брокерийн хувьд энэ журмын 4.11 дэх заалт хамаарахгүй бөгөөд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрэнд нэмж хувьцаа гаргах замаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Хорооны үнэт цаасны бүртгэлийн журмыг дагаж мөрдөнө.
Тав.Мэдээллийн ил тод байдал
5.1.Бирж, брокер нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон энэ журамд заасан мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв, агуулгын хувьд хоёрдмол утгагүйгээр тогтоосон хугацаанд болон тухай бүрд Хороо, харилцагч болон олон нийтэд хүргэнэ.
5.2.Биржийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл, брокерийн хувьд гүйцэтгэх удирдлага нь мэдээлэл, тайлагналыг энэ журамд заасан хугацаанд үнэн зөв, бүрэн мэдээлж байгаа эсэхэд хяналт тавина.
5.3.Бирж, брокер жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор, хагас жил, улирлын санхүүгийн тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд тогтмол хүргүүлнэ.
5.4.Бирж нь жилийн болон хагас жилийн үйл ажиллагааны тайланг гаргах бөгөөд жилийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг дараа сарын 20-ны өдрийн дотор Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
5.5.Энэ журмын 5.4-т заасан жилийн болон хагас жилийн үйл ажиллагааны тайланд дараах мэдээллийг тусгана:
5.5.1.компанийн бүтэц, зохион байгуулалт, засаглал, хүний нөөц;
5.5.2.ашиг, орлогод нөлөөлсөн хүчин зүйлс;
5.5.3.үйл ажиллагааны ашигт ажиллагаа, зардлын харьцаа үзүүлэлтүүд;
5.5.4.арилжааны хэмжээ, төрөл, шимтгэл, хураамж;
5.5.5.бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны бодлого, стратегийн хэрэгжилт;
5.5.6.Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт болон хагас жилийн санхүүгийн тайлан;
5.5.7.жилийн үйл ажиллагааны тайлангийн хувьд ашиглаж буй программ хангамж, систем, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ;
5.5.8.сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл, тухайн хэлцэлд оролцогч талууд;
5.5.9.жилийн үйл ажиллагааны тайлангийн хувьд эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, дотоод аудитын үйл ажиллагаа;
5.5.10.холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, түүний хэрэгжилт;
5.5.11.бусад мэдээлэл.
5.6.Нээлттэй хувьцаат компани хэлбэртэй биржийн хувьд энэ журмын 5.4 дэх заалт хамаарахгүй бөгөөд жилийн болон хагас жилийн үйл ажиллагааны тайланг тайлагнахдаа Хорооны үнэт цаасны бүртгэлийн журмыг дагаж мөрдөнө.
5.7.Бирж, брокер нь харилцагч, олон нийтэд дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тухай бүр мэдээлнэ:
5.7.1.биржийн хувьд компанийн тав ба түүнээс дээш хувийг эзэмшиж буй нөлөө бүхий этгээдийн талаарх мэдээлэл, түүний өмчлөл дэх хувьцааны тоо, хувь хэмжээ;
5.7.2.бүтэц, зохион байгуулалтад орсон өөрчлөлт;
5.7.3.үндсэн үйл ажиллагааны танилцуулга, санхүүгийн тайлан, бизнест шууд нөлөө үзүүлэхүйц хэлцлийн талаар;
5.7.4.эрх бүхий албан тушаалтны өөрчлөлт;
5.7.5.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд тухай бүр мэдээлэхээр заасан мэдээлэл;
5.7.6.арилжааны программ хангамжийг ашиглахтай холбоотой заавар, зөвлөмж, гарын авлага;
5.7.7.олон нийттэй харилцах утас, цахим шуудан, олон нийтийн сүлжээний хаяг, үйл ажиллагаа явуулж буй хаяг байршил;
5.7.8.биржийн хувьд арилжааны шимтгэл, хураамжийн талаарх мэдээлэл;
5.7.9.брокерийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаарх мэдээлэл;
5.7.10.харилцагчийн санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл;
5.7.11.дотоод дүрэм, журамд заасан бусад мэдээлэл.
~o0o~
Текст томруулах
A
A
A