A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 

оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 

187 дугаар тогтоолын хавсралт 

 

 

 

 

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖАА, ТӨЛБӨР, ТООЦОО ХИЙХ ЕРӨНХИЙ ЖУРАМ 

 

Нэг.Нийтлэг үндэслэл 

1.1.Энэ журмаар уул уурхайн бүтээгдэхүүний бирж (цаашид "Бирж" гэх)-ийн арилжааны гэрээнд тавигдах шалгуурыг тогтоох, арилжааны хэлцлийн үр дүнд үүсэх тооцоог боловсруулан баталгаажуулах, төлбөр гүйцэтгэх даалгаврыг төлбөрийн байгууллагад илгээх, төлбөрийн эрсдэлийг системийн хэмжээнд удирдах, арилжаа, төлбөр, тооцооны үйл ажиллагаанд оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна. 

1.2.Уул уурхайн бүтээгдэхүүний спот болон форвард гэрээний арилжаа, төлбөр, тооцооны харилцааг энэ журмаар, фьючерс, опцион гэрээний арилжаа, төлбөр, тооцооны харилцааг энэ журам болон Cанхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-оос баталсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжихтай холбогдсон харилцааг зохицуулсан журмаар тус тус зохицуулна.  

1.3.Биржийн арилжаа зохион байгуулах, төлбөр, тооцоо гүйцэтгэхтэй холбоотой энэ журмаар зохицуулснаас бусад нарийвчилсан харилцааг бирж, төлбөр, тооцооны байгууллагуудаас баталсан журмаар зохицуулна. 

Хоёр.Биржийн арилжааны гэрээнд тавигдах шалгуур 

2.1.Биржээр арилжаалах спот гэрээний хувьд дараах шалгуурыг хангасан байна: 

2.1.1.бүтээгдэхүүнийг арилжааны үр дүнд тогтсон үнээр шууд, биет байдлаар нийлүүлэх; 

2.1.2.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 12.6-д заасны дагуу спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүн нь биржийн итгэмжлэгдсэн агуулах, терминалд байршиж, бүртгэгдсэн байх; 

2.1.3.уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн итгэмжлэгдсэн агуулах, терминалаас худалдан авагчид нийлүүлэх хугацаа 30 хоногоос дээшгүй байх; 

2.1.4.худалдан авагч тал тодорхой байх. 

2.2.Биржээр арилжаалах форвард гэрээний хувьд дараах шалгуурыг хангасан байна: 

2.2.1.тогтоосон хугацаанд, тохиролцсон үнэ, нөхцөлөөр, биет байдлаар ирээдүйд нийлүүлэх; 

2.2.2.худалдан авагч тал тодорхой байх. 

Гурав.Биржийн үйл ажиллагаа 

3.1.Бирж нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжаалагдаж буй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, гэрээний мэдээллийг арилжаанд оролцогчид болон олон нийтэд үнэн зөв, түргэн шуурхай хүргэх нөхцөлийг хангаж ажиллана. 

3.2.Бирж нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны гэрээний стандарт, нөхцөл, шаардлагыг тогтоож, хяналт тавьж, мөрдүүлнэ. 

3.3.Бирж нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаатай холбоотой зах зээлийг урвуулан ашиглах, үнэ ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах, төлбөр тооцооны системд доголдол үүсэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арилжааны бодит цагийн хяналт тавина.  

3.4.Бирж нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд ашиг сонирхлын зөрчил үүссэн, зах зээлийг урвуулан ашигласан нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тохиолдолд тухайн арилжаатай холбоотой мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт Хороонд нэн даруй хүргүүлнэ.  

3.5.Бирж нь гэрээнд заасан хүргэлт хийх хугацаанд биетээр хүргэх суурь хэрэгслийн нийлүүлэлтийн тоо хэмжээг тооцоолж гаргана. 

Дөрөв.Тооцооны байгууллагын үйл ажиллагаа 

4.1.Тооцооны байгууллага нь ил тод засаглалтай байх ба зах зээлийн найдвартай, үр ашигтай байдлыг дэмжих, эрсдэлийг бууруулах зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөнө. 

4.2.Тооцооны байгууллага нь төлбөр түргэн гүйцэтгэх, үйл ажиллагааны, төлбөрийн чадварын болон бусад эрсдэлийг иж бүрэн удирдах эрсдэлийн удирдлагын тогтолцоотой байна. 

4.3.Тооцооны байгууллага нь тооцооны үйл ажиллагаатай холбоотой оролцогчдын төлбөрийн чадварын эрсдэлийг тооцоолох, хянах, удирдах, тооцооны гишүүн бүрийн төлбөрийн чадварын эрсдэлийг хаах, барагдуулах хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байна. 

4.4.Тооцооны байгууллага нь ирээдүйд гүйцэтгэх төлбөрийн болон нийлүүлэлтийн үүрэг биелэхгүй байх эрсдэлийг тооцоолж брокероос барьцаа шаардана.  

4.5.Брокер нь тооцооны байгууллагын энэ журмын 4.4-т заасны дагуу шаардсан барьцааг тухайн хэлцэлд оролцож буй харилцагчаас дэнчин (маржин) шаардах замаар бүрдүүлж болно. 

4.6.Тооцооны байгууллага нь барьцаанд шаардах мөнгөн хөрөнгийг тооцоолох эрсдэлд суурилсан тусгай аргачлал, загварыг баталж үйл ажиллагаандаа мөрдөнө. 

4.7.Тооцооны байгууллага нь брокерийн байршуулсан барьцаа хөрөнгийг харилцагч тус бүрээр, өөрийн хөрөнгөөс тусдаа хадгалах бөгөөд зөвхөн тухайн брокерийн төлбөрийн үүргийг баталгаажуулах, гүйцэтгэхэд ашиглана. 

4.8.Тооцооны байгууллага нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаатай холбоотой үүсэх системийн эрсдэлийг удирдах үүрэгтэй. 

Тав.Төлбөрийн байгууллагын үйл ажиллагаа 

5.1.Төлбөрийн байгууллага нь тооцооны байгууллагаас ирүүлсэн даалгаврын дагуу худалдан авагчаас төлөх төлбөрийг худалдагчийн дансанд шилжүүлнэ. 

5.2.Төлбөрийн байгууллага нь төлбөр төлөгдсөн тайлангийн дагуу зохих санхүүгийн бүртгэлийг гүйцэтгэн гүйлгээг баталгаажуулна. 

5.3.Төлбөрийн байгууллага нь арилжааны төлбөрийн гүйлгээг тухайн арилжаа явагдсанаас хойш гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ. 

5.4.Спот, форвард гэрээний арилжааны дэнчинг биржийн тусгайлан нээсэн арилжааны банкин дахь дансанд байршуулах бөгөөд бирж нь дэнчинг өөрийн хөрөнгөөс тусдаа, харилцагч тус бүрээр бүртгэж, зөвхөн тухайн харилцагчийн төлбөрийн үүргийг баталгаажуулах, гүйцэтгэхэд ашиглана. 

Зургаа.Эрсдэлийн удирдлага

6.1.Тооцооны үйл ажиллагаанаас санхүүгийн системд үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тооцооны байгууллага нь эрсдэлийн санг байгуулна. 

6.2.Тооцооны байгууллага нь эрсдэлээс хамгаалах санг хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувиас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр байгуулна. 

6.3.Эрсдэлийн сангийн хөрөнгийг зөвхөн онцгой нөхцөл байдал үүсэх, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тооцооны гишүүдэд учруулсан хохирлыг барагдуулах, тооцооны байгууллагын гишүүд төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд зах зээлд учирсан эрсдэлийг хаах зорилгоор зарцуулна. 

6.4.Эрсдэлийн сангийн хөрөнгийг банкны системд нөлөө бүхий банкинд тусгайлан данс нээж байршуулах бөгөөд сангийн зарцуулалт, үлдэгдлийг улирал тутам Хороонд хүргүүлнэ. 

6.5.Тооцооны байгууллага нь эрсдэлийн удирдлагын нэгжтэй байх бөгөөд зах зээлд оролцогчдын төлбөрийн чадварыг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх, удирдах хүрээнд дараах үүргийг хэрэгжүүлнэ: 

6.5.1.тооцооны үйл ажиллагаанд учирч болох (зах зээлийн эрсдэл, төлбөрийн чадварын эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл) эрсдэлийн удирдлага, бодлогыг боловсруулж мөрдөх; 

6.5.2.тооцооны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах төлөвлөгөөтэй байх; 

6.5.3.уул уурхайн бүтээгдэхүүний зохицуулалттай зах зээлийг шинжилж, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаарх зөвлөмжөөр бирж, төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагыг хангах; 

6.5.4.тооцооны гишүүдийн барьцааг өдөр бүр тооцоолох бөгөөд барьцааны хувь хэмжээг төлбөрийн чадварын эрсдэлтэй уялдуулж тогтоох; 

6.5.5.тооцооны гишүүдийн төлбөрийн чадварын эрсдэлийг удирдахын тулд эрсдэл багатай барьцааг хүлээн зөвшөөрч, үнэ цэнийн бууралт, төвлөрлийн хязгаар зэргийг харгалзан тогтоох; 

6.5.6.тооцооны үйл ажиллагааны эрсдэл, түүнээс гарсан алдагдлын талаарх мэдээллийг бүртгэх, хадгалах; 

6.5.7.олон улсын жишигт нийцсэн эрсдэлийн үнэлгээ, стресс тест зэрэг тоон болон чанарын аргачлал, зөвлөмжийг гаргаж, оролцогчдын төлбөрийн эрсдэлийг бууруулах бодлогыг баримтална.  

6.6.Спот, форвард гэрээний арилжааны хувьд бирж нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бөгөөд өөрийн хөрөнгийн 3 хувиар эрсдэлийн санг байгуулна. 

~o0o~