A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны 2023

оны 06 дугаар сарын 02-ны өдрийн

189 дүгээр тогтоолын хавсралт

 

 

ҮҮСМЭЛ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ ГАРГАГЧИД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ШАЛГУУР БОЛОН ҮҮСМЭЛ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙН СТАНДАРТ, ТҮҮНИЙГ АРИЛЖИХ ЖУРАМ 

 

Нэг.Нийтлэг үндэслэл 

1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-оос  үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагч болон арилжаанд оролцогч зохицуулалттай этгээдэд тавих нөхцөл, шаардлага, шалгуур тогтоох, үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээний стандартыг Хорооны бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасахтай  холбоотой харилцааг зохицуулна.     

1.2.Үнэт цаасны үнэ, арилжааны индекс, гадаад валют, уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэлтэй холбогдох харилцааг энэ журмаар зохицуулна. 

1.3.Биржийн бус зах зээлд арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийн харилцаанд энэ журам хамаарахгүй. 

1.4.Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагч (цаашид "арилжаа эрхлэх байгууллага" гэх) нь Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна. 

1.5.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцогч зохицуулалттай этгээд нь үнэт цаасны брокер, дилер, арилжааны төлбөрийн болон тооцооны байгууллага байна. 

Хоёр.Хороо, арилжаа эрхлэх байгууллага болон арилжаанд оролцогч зохицуулалттай этгээдийн эрх, үүрэг 

2.1.Хороо үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 

2.1.1.арилжаа эрхлэх байгууллагаас ирүүлсэн үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт гэрээг бүртгүүлэх хүсэлтийг хянах, түүнийг бүртгэх, бүртгэлтэй үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт гэрээний нөхцөл, тавигдах шаардлагуудад өөрчлөлт оруулах, бүртгэлтэй үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт гэрээг арилжаа эрхлэх байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу бүртгэлээс хасах;  

2.1.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцогчдоос тайлан, мэдээ, мэдээллийг тусгайлан заасан хугацаанд, эсхүл Хорооноос шаардлагатай гэж үзсэн үед тогтоосон хугацаанд ирүүлэхийг шаардах;   

2.1.3.шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ журмын 2.1.2-т заасны дагуу ирүүлсэн тайлан, мэдээ, мэдээлэлтэй холбоотойгоор нэмэлт асуулга, тодруулга шаардах; 2 2.1.4.эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хүрээнд үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн арилжаанд оролцогчдод хүлээлгэсэн хариуцлагын талаарх мэдээллийг ил тод мэдээлэх; 

2.1.5.арилжаа эрхлэх байгууллага болон арилжаанд оролцогч зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх.  

2.2.Арилжаа эрхлэх байгууллага  үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 

2.2.1.энэ журамд заасан шаардлага, шалгуурыг хангаж байгаа эсэхийг урьдчилан Хороогоор хянуулсны үндсэн дээр үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаа эрхлэх үйл ажиллагааг явуулах; 

2.2.2.брокер, дилерийн үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд нэмэлт нөхцөл, шаардлага, шалгуурыг тавих; 

2.2.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хороотой зөвшилцсөний үндсэн дээр дараах арга хэмжээг авч болно: 

2.2.3.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн нээлттэй позициос үүдэлтэйгээр  төлбөрийн тасалдал /дефолт/ болсонд тооцох нөхцөл үүсэхэд позици хаах, шилжүүлэх; 

2.2.3.2.зах зээлийн оролцогч бусад этгээдэд нэмэлт маржингийн шаардлагыг тавих.   

2.2.4.нэг этгээдийн, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж болох үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээний үнийн дүн, тоо хэмжээнд шаардлагатай тохиолдолд хязгаарлалт тогтоох;  

2.2.5.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг ил тод, шударгаар зохион байгуулах;  

2.2.6.үүсмэл санхүүгийн хэрэгслийн шинэ стандарт гэрээг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулж, Хороонд бүртгүүлэхээр холбогдох баримт бичиг, материалын хамт ирүүлэх; 

2.2.7.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд арилжих стандарт гэрээний нөхцөл, шаардлагыг тогтоох, хяналт тавих, мөрдүүлэх; 

2.2.8.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг урвуулан ашиглах, үнэ ханшийг гажуудуулах, төлбөр, тооцооны системд доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор арилжаанд бодит цагийн хяналт тавих, зах зээлийн тандалт судалгаа хийх; 

2.2.9.Хороо болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд, олон нийтийг дараах мэдээллээр хангах: 

2.2.9.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт гэрээний нөхцөл; 

2.2.9.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжихтай холбоотой дүрэм, журам, заавар; 

2.2.9.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн үйл ажиллагаа, арилжааны программ хангамж, төлбөр, тооцоо гүйцэтгэх байгууллагын талаарх мэдээлэл. 

2.2.10.ашиг сонирхлын зөрчил үүссэн, зах зээлийг урвуулан ашигласан талаар нотлох баримт гаргах чиглэлээр арилжааны бүхий л мэдээллийг аюулгүй хадгалах, бүртгэл хөтлөх; 

2.2.11.биетээр хүргэх үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд заасан хүргэлт хийх хугацаанд биетээр хүргэх суурь хэрэгслийн нийлүүлэлтийн тоо хэмжээг тооцоолох; 

2.2.12.арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн болон үйл ажиллагааны шаардлага, шалгуурыг хангаагүй, түүний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гишүүн байгууллагыг өөрийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн бол тухайн шийдвэртэй холбоотой бүхий л баримт материалыг шийдвэр гарсан өдөртөө Хороонд хүргүүлж мэдэгдэх; 

2.2.13.гишүүн байгууллагаас гомдол гарсан тохиолдолд аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө тухайн гомдлыг үндэслэлтэй эсэхийг нягталж хянасан байх ба уг асуудалтай холбоотой нэмэлт тайлбар, шаардлагатай мэдээллийг гишүүн байгууллагаас шаардаж, тэдгээрт үндэслэн асуудлыг шийдвэрлэж, гишүүн байгууллагаас ирүүлсэн гомдолтой холбоотой бүх баримт материалыг Хороонд хүргүүлэх;   

2.2.14.дараах үйл ажиллагааг зохицуулсан журмыг баталж, нийтэд мэдээлнэ: 

2.2.14.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг зохион байгуулах; 

2.2.14.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт гэрээний загварыг боловсруулах; 

2.2.14.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаанд хяналт тавих; 

2.2.14.4.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх; 

2.2.14.5.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд оролцогчдын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх; 

2.2.14.6.харилцагчийн хөрөнгөтэй харилцах, хамгаалах, хяналт тавих; 

2.2.14.7.системийн аюулгүй үйл ажиллагаа, найдвартай байдлыг хангах, давагдашгүй хүчин зүйлийн үед авах арга хэмжээ; 

2.2.14.8.онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээ; 

2.2.14.9.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаа эрхлэх байгууллагын гишүүнд тавигдах шаардлага, шалгуур; 

2.2.14.10.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах; 

2.2.14.11.арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээ болон арилжаа эрхлэх байгууллага дээрх үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаатай холбоотой гарсан аливаа гомдол, маргааныг шийдвэрлэх; 

2.2.14.12.шаардлагатай бусад дүрэм, журам. 

2.3.Үнэт цаасны арилжааны тооцооны байгууллага (цаашид "тооцооны байгууллага" гэх) үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 

2.3.1.энэ журамд заасан  шаардлага, шалгуурыг хангаж байгаа эсэхийг урьдчилан Хороогоор хянуулсны үндсэн дээр үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны тооцооны үйл ажиллагааг явуулах; 

2.3.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн төлбөр тооцооны системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тооцооны байгууллага нь дараах арга хэмжээг авч болно: 

2.3.2.1.тооцооны гишүүнийг нэмэлт барьцаа байршуулахыг шаардах; 

2.3.2.2.тооцооны гишүүн, эсхүл түүний харилцагчийн эзэмшиж буй үүсмэл санхүүгийн хэрэгслийн позицийн дээд хязгаарлалтад өөрчлөлт оруулах;  

2.3.2.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн позицийг хаах. 

2.3.3.төлбөрийн чадварын эрсдэлийг бууруулах, удирдах зорилгоор тооцооны гишүүн тус бүрээр барьцаа байршуулахыг шаардах; 

2.3.4.зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн системийн эрсдэлийг урьдчилан тооцож, авч хэрэгжүүлэх арга хэмжээг санал дүгнэлтийн хамт Хороонд мэдэгдэх;   

2.3.5.эрсдэлийг иж бүрэн удирдах эрсдэлийн удирдлагын тогтолцоотой байх бөгөөд тооцооны байгууллага болон тооцооны гишүүний позицийг өдөр бүр зах зээлийн үнээр дахин үнэлж, шинэчлэн тооцоолох, хянах, шаардлагатай тохиолдолд хязгаарлалт тавих;  

2.3.6.тооцооны гишүүний байршуулсан барьцаа хөрөнгийг гишүүн тус бүрээр, өөрийн хөрөнгөөс тусдаа хадгалах бөгөөд зөвхөн тухайн тооцооны гишүүний төлбөрийн үүргийг баталгаажуулах, гүйцэтгэхэд ашиглах;. 

2.3.7.маржинг тооцоолох аргачлалд тогтмол хугацаанд хяналт тавьж, эрсдэлд суурилсан олон улсын аргачлалыг нэвтрүүлэх; 

2.3.8.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд оролцогчдыг тооцооны байгууллагын үйлчилгээтэй холбоотой зардал, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах; 

2.3.9.үүсмэл санхүүгийн хэрэгслийн тооцооны үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг бүртгэж хөтлөх;  

2.3.10.Хороо болон олон нийтэд дараах мэдээллийг хүргэх: 

2.3.10.1.тооцооны байгууллагаас хийсэн бүх гэрээ, хэлцэл болон гүйлгээний төлбөр, тооцооны талаарх мэдээлэл; 

2.3.10.2.тооцооны байгууллагын гишүүнээс авч буй тооцооны болон бусад шимтгэл, хураамжийн талаарх мэдээлэл; 

2.3.10.3.маржинг тооцоолох аргачлал болон тооцооны байгууллагын төлбөрийн баталгааны сангийн хөрөнгийн хэмжээ болон бүрдэл; 

2.3.10.4.тооцооны байгууллагаас хийсэн бүх гэрээ бүрийн өдрийн тооцооны үнэ, хэмжээ, нээлттэй позицийн талаар. 

2.3.11.дараах үйл ажиллагааг зохицуулсан журмыг баталж, нийтэд мэдээлнэ: 

2.3.11.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн тооцооны үйл ажиллагаа; 

2.3.11.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны маржинг тооцоолох, маржин хэлбэрээр байршуулсан барьцаа хөрөнгийн төрөл зүйл, барьцаа хөрөнгийн найдвартай хадгалалт, хамгаалалт; 

2.3.11.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны төлбөрийн баталгааны санг бүрдүүлэх, захиран зарцуулах; 

2.3.11.4.тооцооны гишүүний төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд авах арга хэмжээ; 

2.3.11.5.үүсмэл санхүүгийн хэрэгслийн тооцооны үйл ажиллагаанд хяналт тавих; 

2.3.11.6.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах; 

2.3.11.7.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх; 

2.3.11.8.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд оролцогчдын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх; 

2.3.11.9.онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээ; 

2.3.11.10.системийн аюулгүй үйл ажиллагаа, найдвартай байдлыг хангах, давагдашгүй хүчин зүйлийн үед авах арга хэмжээ; 

2.3.11.11.үүсмэл санхүүгийн хэрэгслийн тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллагын гишүүнд тавигдах шаардлага, шалгуур; 

2.3.11.12.шаардлагатай бусад дүрэм, журам. 

2.4.Брокер, дилер нь үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:  

2.4.1.энэ журамд заасан  шаардлага, шалгуурыг хангаж байгаа эсэхийг урьдчилан Хороогоор хянуулсны үндсэн дээр үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцоно; 

2.4.2.Брокер нь дараах мэдээллийг агуулсан бүртгэлийг хөтөлж, хадгална: 

2.4.2.1.харилцагч тус бүрийн нэр, хаяг, ажил мэргэжлийн бүртгэл, түүнд орсон өөрчлөлт; 

2.4.2.2.харилцагчийн захиалгатай холбоотой дэлгэрэнгүй бүртгэл, үүнд захиалгыг биелүүлэхээр шилжүүлсэн огноо, цаг, захиалга биелсэн огноо, цагийн бүртгэл; 

2.4.2.3.харилцагч тус бүрийн санхүүгийн гүйлгээний мэдээллийг хөтлөх ба үүнд бүх арилжаа, орлого, зарлагын талаарх мэдээллийг тусгана. 

2.4.3.үүсмэл санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой дараах үйл ажиллагааг зохицуулсан журмыг баталж, нийтэд мэдээлнэ: 

2.4.3.1.брокер, дилерийн үйл ажиллагаа;  

2.4.3.2.дотоод хяналтын үйл ажиллагаа; 

2.4.3.3.харилцагчдыг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааны тухай;  

2.4.3.4.харилцагч, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх тухай;  

2.4.3.5.зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх тухай; 

2.4.3.6.шаардлагатай бусад дүрэм, журам. 

Гурав.Арилжаа эрхлэх байгууллага болон арилжаанд оролцогч
зохицуулалттай этгээдэд тавигдах шаардлага 

3.1.Арилжаа эрхлэх байгууллага нь дараах шаардлага, шалгуурыг хангасан байна: 

3.1.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны программ хангамж, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байх; 

3.1.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаа эрхлэхэд шаардлагатай мэргэшсэн боловсон хүчинтэй байх; 

3.1.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаа эрхлэх нэгжтэй байх; 

3.1.4.үүсмэл санхүүгийн хэрэгслийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжийг судлах, үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт гэрээний загварыг боловсруулах нэгжтэй байх; 

3.1.5.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг хянах нэгжтэй байх; 

3.1.6.үүсмэл санхүүгийн арилжаа эрхлэхтэй холбоотойгоор Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний шаардлагыг хангасан байх; 

3.1.7.үнийн санал болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаатай холбоотой мэдээллийг бүртгэх, түгээх, нийтэд ил тод мэдээлэх үр дүнтэй тогтолцоотой байх; 

3.1.8. мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чадвартай байх;  

3.1.9.системийн тасралтгүй ажиллагааны зохицуулалт буюу онцгой байдлын төлөвлөгөө, нөөц төв, түүний техникийн зохистой үзүүлэлтийг хангасан байх; 

3.1.10.энэ журмын 2.2.14-т заасан журмыг боловсруулсан байх. 

3.2.Тооцооны байгууллага нь дараах шаардлага, шалгуурыг хангасан байна:  

3.2.1.тооцооны үйл ажиллагааг тасралтгүй явуулах программ хангамж, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байх; 

3.2.2.тооцооны үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний шаардлагыг хангасан байх; 

3.2.3.тооцооны үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй байх; 

3.2.4.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны төлбөрийн баталгааны санг бүрдүүлж ажиллах; 

3.2.5.үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлтэй холбоотой системийн эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх нэгжтэй байх; 

3.2.6.гишүүн байгууллагуудын санхүүгийн нөхцөл байдал ба үүсмэл санхүүгийн хэрэгслийн позицод хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоотой байх;  

3.2.7.тооцооны системээр дамжиж байгаа болон хадгалагдаж буй мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чадвартай байх; 

3.2.8.системийн тасралтгүй ажиллагааны зохицуулалт буюу онцгой байдлын төлөвлөгөө, нөөц төв, түүний техникийн зохистой үзүүлэлтийг хангасан байх;  

3.2.9.энэ журмын 2.3.11-т заасан журмыг боловсруулсан байх. 

3.3.Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага дараах шаардлага, шалгуурыг хангасан байна:  

3.3.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг гүйцэтгэхэд шаардлагатай программ хангамж, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байх; 

3.3.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний шаардлагыг хангасан байх; 

3.3.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэргэшсэн боловсон хүчинтэй байх; 

3.3.4.арилжаа эрхлэх байгууллага болон тооцооны байгууллагын гишүүнчлэлийн журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх; 

3.3.5.мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чадвартай байх; 

3.3.6.Брокер нь харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлаж, харилцагч тус бүрд өөрийнхөө данснаас тусад нь данс нээж харилцагчийн хөрөнгийг хадгалдаг байх;  

3.3.7.Брокер нь аливаа өр төлбөрийг харилцагчийн хөрөнгөөр барагдуулахаас сэргийлэх дотоод хяналтын тогтолцоотой байх;  

3.3.8.Брокер нь дансны бүх гүйлгээ, төлбөр хураамж, орлогын талаарх мэдээллийг агуулсан дансны хуулгыг харилцагчид тухай бүр авах нөхцөлийг бүрдүүлсэн байх; 

3.3.9.Брокер нь харилцагчийн нэрийн өмнөөс хийсэн арилжааны бүх баталгаажуулалт, цэвэр ашиг болон алдагдлын талаарх мэдээллийг тухай бүр, цагийн хоцрогдолгүй харах нөхцөлийг бүрдүүлсэн байх; 

3.3.10.энэ журмын 2.4.3-т заасан журмыг боловсруулсан байх. 

Дөрөв.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгүүлэх хүсэлт гаргах 

4.1.Арилжаа эрхлэх байгууллага нь үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгүүлэх хүсэлтийг Хороонд гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана: 

4.1.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгүүлэх өргөдөл;  

4.1.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт гэрээ; 

4.1.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт гэрээг бүртгүүлэх, түүнд өөрчлөлт оруулах талаар эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр, холбогдох нотлох баримт бичиг;  

4.1.4.үүсмэл санхүүгийн хэрэгслийн танилцуулга болон түүний техник эдийн засгийн үндэслэл; 

4.1.5.зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт; 

4.1.6.энэ журамд заасан бусад нэмэлт баримт бичиг.  

4.2.Арилжаа эрхлэх байгууллага нь үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгүүлэхээр Хороонд хүсэлт гаргасан бол танилцуулга болон техник эдийн засгийн үндэслэлдээ дараах мэдээллийг тусгана: 

4.2.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл, түүний дотор тухайн гэрээний стандарт нөхцөлүүдийг баталгаажуулж нотлох аливаа тоон өгөгдөл, мэдээ мэдээлэл; 

4.2.2.суурь хэрэгслийн зах зээлийн бүрэн хэмжээний дэлгэрэнгүй судалгаа (энэхүү судалгаа нь суурь хэрэгслийн зах зээлтэй холбоотой олон нийтэд нээлттэй, баталгаат эх сурвалжаас гаргасан сүүлийн 3-аас доошгүй жилийн мэдээлэлд тулгуурласан байна. Судалгаанд ашигласан дээрх мэдээллийн эх сурвалжийг тодорхой зааж, баримтжуулсан байна); 

4.2.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн эрэлт, нийлүүлэлт, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр, эрсдэлийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, суурь бүтээгдэхүүний үнийг ирээдүйд тогтоох боломжийн талаарх судалгаа; 

4.2.4.арилжаа эрхлэх байгууллага нь гэрээний загварыг боловсруулах явцдаа тухайн зах зээлд оролцогчидтой зөвлөлдөж, тэдний санал бодлыг хэлэлцүүлэг өрнүүлэх замаар авах, мөн хэлэлцүүлэг, хурал зөвлөгөөний үйл явцыг баримтжуулж, тухайн хэлэлцүүлэг зөвлөгөөнөөр хэлэлцэгдсэн бүх асуудал, тэдгээрээс гарсан саналуудыг нэгтгэсэн тайланг баримт нотолгооны хамт. 

4.3.Биетээр хүргэх үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг боловсруулахдаа дараах  шаардлагыг хангана:   

4.3.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээний нөхцөл нь суурь хэрэгслийн зах зээлийн нийтлэг үйл ажиллагаа, нөхцөл байдалд нийцсэн байх; 

4.3.2.гэрээний хугацаа дуусах өдөр үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээ болон суурь хэрэгслийн  зах зээлийн үнэ нь тэнцэж байх, суурь хэрэгслийн хүргэлтэд аливаа саатал учрахаас сэргийлсэн зохицуулалт тусгасан байх; 

4.3.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээний үнэ ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах, тогтмол хэмжээнд барихаас сэргийлэхийн тулд суурь хэрэгслийн нийлүүлэлтийн хэмжээг хангалттай хэмжээнд байлгах талаар тооцоолсон байх.  

4.4.Биет байдлаар хүргэх үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээний загварт дараах зүйлсийг тусгана: 

4.4.1.чанарын стандарт; 

4.4.2.хүргэлтийн цэг, агуулах;  

4.4.3.хүргэлтийн хугацаа, арилжааны сүүлчийн өдөр;  

4.4.4.гэрээний хэмжээ (contract size), арилжих нэгж; 

4.4.5.сав баглаа боодлын стандарт болон чанараас бусад стандарт; 

4.4.6.хүргэлтийн баримт бичиг; 

4.4.7.үзлэг, шалгалтын горим; 

4.4.8.хүргэлтийн сар; 

4.4.9.үнийн хамгийн бага хэлбэлзэл; 

4.4.10.үнийн хамгийн их хэлбэлзэл; 

4.4.11.позицид тавих хязгаарлалт; 

4.4.12.Хороонд мэдээлэх позицийн хэмжээ; 

4.4.13.арилжааны хуваарь; 

4.4.14.арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон бусад. 

4.5.Биет байдлаар хүргэдэггүй (cash settlement) үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээний загварт дараах зүйлсийг тусгана: 

4.5.1.суурь хэрэгслийн тодорхойлолт; 

4.5.2.гэрээний хэмжээ (contract size), арилжих нэгж; 

4.5.3.төлбөр тооцоо хийх горим; 

4.5.4.суурь үнэ, үнийн хамгийн бага хэлбэлзэл; 

4.5.5.үнийн хамгийн их хэлбэлзэл; 

4.5.6.арилжааны сүүлчийн өдөр; 

4.5.7.арилжааны сар; 

4.5.8.позицид тавих хязгаарлалт; 

4.5.9.Хороонд мэдээлэх позицийн хэмжээ; 

4.5.10.арилжааны хугацаа; 

4.5.11.арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон бусад. 

4.6.Энэ журмын 4.5-д заасан гэрээг боловсруулахдаа үнэ ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах, тогтмол хэмжээнд барихаас сэргийлж арилжаа эрхлэх байгууллага нь суурь хэрэгслийн зах зээлийн хэмжээ, хөрвөх чадварыг харгалзаж үзнэ.   

4.7.Энэ журмын 4.5-д заасан гэрээний үнийг арилжаа эрхлэх байгууллага тогтоохдоо үнийг зохиомлоор өсгөх, бууруулахаас сэргийлж тооцоолох аргачлалыг нийтэд ил тод байлгана. 

Тав.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгэх 

5.1.Хороо нь арилжаа эрхлэх байгууллагаас энэ журмын дагуу бүрэн гүйцэд ирүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор хянаж, хууль тогтоомж, журмын шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд гэрээг бүртгэсэн талаарх мэдэгдлийг   арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлнэ.  

5.2.Хороо нь арилжаа эрхлэх байгууллагаас гэрээг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичигтэй холбоотойгоор нэмэлт тайлбар, тодруулга, мэдээлэл авах эрхтэй.  

5.3.Хороо нь үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгэх тухай мэдэгдлийг арилжаа эрхлэх байгууллага болон тооцооны байгууллагад тус тус хүргүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.  

5.4.Хороо нь үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг ямар нэгэн нөхцөл болзолтойгоор бүртгэхгүй.  

5.5.Арилжаа эрхлэх байгууллага нь Хороонд бүртгүүлсэн үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээтэй холбоотой мэдээллийг нийтэд үнэ төлбөргүй хүргэх бөгөөд сонирхсон бүх этгээдийг танилцах боломжоор хангасан байна.  

5.6.Аливаа этгээд Хорооны бүртгэлд бүртгэгдсэн үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд тусгагдсанаас өөр агуулгатай мэдээлэл, нэмэлт мэдээлэл олон нийтэд хүргэхгүй. 

Зургаа.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах 

6.1.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд өөрчлөлт оруулах шийдвэрийг арилжаа эрхлэх байгууллагын эрх бүхий этгээд гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор дараах баримт бичгийн хамт Хороонд хүргүүлнэ: 

6.1.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд орох өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлт; 

6.1.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр, холбогдох нотлох баримт бичиг;  

6.1.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд өөрчлөлт оруулах үндэслэл, тайлбар, судалгаа; 

6.1.4.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд өөрчлөлт орсноор гэрээний талуудад болон бусад аливаа үүсэж болзошгүй эрсдэл, эрсдэлийн удирдлагын талаар төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар; 

6.1.5.зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт.  

6.2.Хороо нь энэ журмын дагуу бүрэн гүйцэд ирүүлсэн баримт бичгийг ажлын 20 өдрийн дотор хянаж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй бол үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээнд орох өөрчлөлтийг бүртгэсэн талаар мэдэгдлийг арилжаа эрхлэх байгууллагад  хүргүүлнэ. 

6.3.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгэлээс хасуулах шийдвэрийг арилжаа эрхлэх байгууллагын эрх бүхий этгээд гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор дараах баримт бичгийн хамт Хороонд хүргүүлнэ: 

6.3.1.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгэлээс хасуулах тухай хүсэлт; 

6.3.2.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгэлээс хасуулах тухай эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр, холбогдох нотлох баримт бичиг;  

6.3.3.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг хасуулах үндэслэл, тайлбар, судалгаа; 

6.3.4.үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг хассанаас үүсэх эрсдэл, гэрээний талуудад болон бусад аливаа үүсэж болзошгүй эрсдэл, эрсдэлийн удирдлагын талаар төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар; 

6.3.5.зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт.  

6.4.Хороо нь энэ журмын дагуу бүрэн гүйцэд ирүүлсэн баримт бичгийг ажлын 20 өдрийн дотор хянаж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүртгэлээс хасахад татгалзах үндэслэлгүй бол үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгэлээс хассан талаар мэдэгдлийг арилжаа эрхлэх байгууллагад  хүргүүлнэ.  

6.5.Хороо нь үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээг бүртгэлээс хассан тухай шийдвэрийг арилжаа эрхлэх болон тооцооны байгууллагад тус тус хүргүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.  

Долоо.Хороонд мэдээлэл хүргүүлэх 

7.1.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцогчид нь Хорооноос баталсан "Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам"-д зааснаас гадна дараах мэдээллийг Хороонд ирүүлнэ: 

7.1.1.үйл ажиллагааны журам, харилцагчтай хийсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсноос хойш  ажлын хоёр өдрийн дотор; 

7.1.2.үйл ажиллагааны шимтгэл хураамжийн хувь, хэмжээнд өөрчлөлт орсон бол шийдвэр гарснаас хойш  ажлын хоёр өдрийн дотор; 

7.1.3.тооцооны байгууллага нь тооцооны гишүүн төлбөрийн чадваргүй болсны улмаас түүний төлбөл зохих төлбөрийг барагдуулсан тохиолдолд болон тухайн төлбөрийн чадваргүй болсон этгээдийн талаарх мэдээллийг тухай бүр; 

7.1.4.стресс тестийн үр дүн, эрсдэлийн удирдлагын улирал бүрийн тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор; 

7.1.5.зах зээлийг урвуулан ашиглах, дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцсон тохиолдолд мэдээллийг тухай бүр; 

7.1.6.шаардлагатай тохиолдолд холбогдох мэдээллийг тухай бүр хүргүүлэх. 

Найм.Бусад  

8.1.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцогчид нь үүсмэл санхүүгийн хэрэгслийн позицоос ашиг олох зорилгоор тухайн үүсмэл санхүүгийн хэрэгслийн суурь хэрэгслийн эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх замаар үүсмэл санхүүгийн хэрэгслийн үнэ ханшид нөлөөлөхгүй байх үүрэгтэй. 

8.2.Аливаа этгээд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтийг төөрөгдөлд оруулсан, бодит бус хуурамч мэдээлэл цацах, амлалт өгөх замаар үүсмэл санхүүгийн хэрэгслийн үнэ ханшид нөлөөлөхгүй байх үүрэгтэй. 

8.3.Аливаа этгээд нь үүсмэл санхүүгийн хэрэгслийн үнэ ханшийг урьдчилан тодорхойлсон судалгаа, шинжилгээг хийхдээ бодит бус, буруу ташаа мэдээлэл ашиглахгүй байх үүрэгтэй.   

8.4.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцогч зохицуулалттай этгээд нь дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, оролцохыг санал болгох, ятгах, бусдад дотоод мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. 

--оОо--