- Нүүр
- Дүгнэлт
- Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 04
Улаанбаатар хот
заалт Монгол Улсын Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг
хянан шийдвэрлэсэн тухай
танхим 17.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Цолмонбат, А.Энхтүвшин, Э.Эрдэнэцэцэг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг.Монгол Улсын иргэн Ч.Цолмонбат, А.Энхтүвшин, Э.Эрдэнэцэцэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж газрын тосны үйлдвэрийн зарим нэр төрлийн завсрын бүтээгдэхүүнд "дайвар бүтээгдэхүүн" гэсэн нэршлээр онцгой албан татвар тогтоосон. Тодруулбал, үйлдвэрлэгч автобензин, дизелийн түлшийг анхан шатны нэрлэг, сайжруулалтын процесс, гүн боловсруулалт гэсэн үе шатуудыг дамжин боловсруулалт хийсний үр дүнд гарган авдаг байна. Харин импортлогч нь ийнхүү үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг.
Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдын эцсийн зорилго, хүрэх үр дүн нь улс эх орныхоо зах зээл, хэрэглээнд шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, тус бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ээлтэй өртөг зардал багатай болгох явдал юм. Гэтэл Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эцсийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлш импортлогч нарт давуу байдал үүсгэж, түүхий эд импортлон эх орондоо нэмүү өртөг үүсгэж байгаа үндэсний үйлдвэрлэгч нарт ялгамжтай хандах нөхцөлийг шууд бүрдүүлсэн байна. Хууль батлах замаар адил тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаж, улмаар үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж нөхцөлийг хумьж, зөвхөн бензин, дизель түлш импортлогч нарт давуу байдал үүсгэж, импортын түүхий эд ашиглан, нэмүү өртөг шингээж эх орондоо үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрлэгч нарт өртөг, зардлын ачаалал үүсгэх замаар ялгамжтай хандах нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэх юм. Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь газрын тосны боловсруулалтын завсрын олон төрлийн бүтээгдэхүүнээс зөвхөн керосин, хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатад уян хатан нөхцөл, сонгох боломжгүйгээр тухайлбал, дизелийн түлшний хувьд тонн тутамд 0-21 750 төгрөгийн татварын интервал байсаар байтал ямар ч интервалгүй шууд 285 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар хуульчилсан нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй.
Хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан "хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;" бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг баримтлах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад "хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлан;"-г хууль тогтоомжийн төсөлд хавсарган өгнө гэж заасан. Уг заалтын дагуу хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан холбогдох судалгаа, тайланг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал авахаар байна. Тус нэмэлт, өөрчлөлттэй холбоотой үзэл баримтлал, танилцуулга, холбогдох судалгаа, тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулж хүн амд танилцуулаагүйгээс үзвэл тус хуулийн төсөлтэй холбоотойгоор үзэл баримтлал батлагдаагүй, танилцуулга, судалгаа, тайланг хийгээгүй болохыг илтгэж байна.
Хууль нь нийгэмд эерэг сайн өөрчлөлт бий болгохын зэрэгцээ улс орны эдийн засаг хүн амын амьжиргаанд дарамт, сөрөг нөлөөлөл болох тохиолдол ч байдаг тул шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, түүнд тулгуурласан үзэл баримтлал, танилцуулгагүйгээр хуулийг шууд бичих нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүйн зэрэгцээ хууль дээдлэх ёсны зарчмыг зөрчсөн явдал мөн.
Засаг төрийн зүгээс сүүлийн үед эрчимтэй авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн үр дүнд газрын тосны үнийн өсөлт, хомсдолоос хамааралтай эдийн засгийн сорилтод иргэд өртөхгүй байх боломж бүрдсэн боловч зарим нэг Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд нийцээгүй концепцын алдаатай хууль тогтоомжийн улмаас тэрхүү бий болгосон эдийн засгийн баталгаа даруй алдагдаад байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчсөн талаар хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргажээ.
Хоёр. Монгол Улсын иргэн Г.Ганцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан онцгой албан татвар ногдуулах барааны жагсаалтад 4.1.5 дахь заалтаар "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж нэмсэн байна. Мөн хуульд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгоно гэж тайлбарлажээ. Ийнхүү тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10-т зааснаар "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосины биет нэгжийн 1 тонн тутамд 285 000 төгрөгөөр хатуу тогтоож, онцгой албан татвар ногдуулахаар хуульчилсан.
Монгол Улсын Их Хурал аливаа хуулийн төслийг боловсруулахдаа судалгаа, нотолгоо үр дүнд суурилж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох ёстой байтал төсөв бүрдүүлэх зорилгоор, шууд хатуу тогтоосон татвар ногдуулах замаар зөвхөн түүхий эд импортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч нарыг ялгаварлан татварын дарамтад оруулж, улмаар зах зээлийн үнэ өсөх, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурах нөхцөл байдлыг бий болгож байна. Энэ нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дээр дурдсан заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг, мөн Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг бүхэлд нь тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргажээ.
Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин", 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, биет нэгж 1 тонн, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосины биет нэгжийн 1 тонн тутамд 285 000 төгрөг гэж тус тус заасан нь үндэсний үйлдвэрлэл хөгжих боломжийг хааж, импортлогчид давуу байдал бий болгох, татварын дарамтад оруулах, зах зээлийн үнэ өсгөх, судалгаа нотолгоогүй хандсан зүйл биш юм. Энэхүү газрын тосны дайвар бүтээгдэхүүн болон керосинд татвар ногдуулах нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учирч болох олон тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн, шударга ёсонд нийцсэн, энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн бодит байдлыг хангах хуулийн зохицуулалт юм.
Онцгой албан татвар бол бохирдуулагч зүйлд буюу хүн, байгальд сөрөг нөлөөтэй аливаа бараа, үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдуулдаг татвар юм. Өөрөөр хэлбэл, ашиглалтын үр дүн нь хүний эрүүл мэнд, эдийн засаг, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг архи, тамхи, шатахуун зэрэг онцгой объектод ногддог татвар. Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүний зарим үйлдвэрлэлд газрын тосны дайвар бүтээгдэхүүн, керосин зэргийг хольж найруулан хямд зардлаар стандарт бус шатахууныг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх явдал гарсаар байгаа. Энэ нь нэг талаараа хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа мэт боловч холбогдох эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар уг найруулсан шатахуун нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ялгаруулж буй хорт бодисын хэмжээ асар өндөр, эргээд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн явах эд ангийг муутган эвдрэлд оруулж асар их эдийн засаг, санхүүгийн хохирол учруулж байгаа талаар холбогдох салбарын яам, мэргэжлийн хяналтын газраас мэдээлж ирсэн. Энэ ч агуулгаар уг бохирдуулагч ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг татварын бодлогоор хязгаарлах нь төрөөс иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал бодлого гэж үзэж, холбогдох газрын тосны дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татварыг ногдуулсан.
Татварыг зөвхөн хуулиар ногдуулдаг тул энэхүү татвар ногдуулах эсэх шийдвэр нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг. Иймээс ч Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж буй дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татвар ногдуулж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийгдэж буй үйлдэл юм.
Иймд дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна." гэсэн байна.
Дөрөв. Дээрх маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар,Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбар, баримт, судалгаа, лавлагааг гаргуулан авч судлан үзсэн болно.
1.Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10 дахь заалтуудад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт оруулжээ.
Төрийн санхүү, зээл, татвар, мөнгөний бодлого нь иргэдийн амьжиргаа, эдийн засаг, үйлдвэрлэл зэрэгт шууд нөлөөлдгийг харгалзан шинээр татвар тогтоох, эсхүл өөрчлөхдөө хууль тогтоогч холбогдох тооцоо судалгаанд үндэслэхийн зэрэгцээ төрийн бусад бодлоготой уялдуулах, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой нийцүүлэх ёстой. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад хууль тогтоомжийн төсөлд уг төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулга, хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайланг хавсаргахаар заасан. Гэтэл Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох судалгаа бүрдүүлбэрийн хамт өргөн мэдүүлсэн байх боловч дүгнэлт, судалгаа нь иж бүрэн бус, бодит байдалд нийцээгүй, түүнчлэн тухайн хуулиар зохицуулах харилцаанд оролцогч талуудын эрх зүйн байдал болон улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх асуудлыг тусгаагүй байна.
Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тус хуулийн төслийн үр дагаврын талаарх дүгнэлт болон бусад баримт мэдээлэл нь хуулийн төслийн танилцуулга, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандсан судалгаанд тусгагдаагүй болохыг тэмдэглэсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газар уг хуулийн төсөл нь газрын тосны дайвар бүтээгдэхүүн, керосин зэргийг өөр зориулалтаар ашигладаг импортлогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт татварын дарамт, аж ахуйн үйл ажиллагааны хүндрэл үүсгэж болзошгүй байгааг анхаарах ёстой гэсэн санал, дүгнэлт гаргажээ.
Дээрхээс үзэхэд, Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна.
2.Аливаа улс татварын тогтолцоогоо бүрдүүлэхдээ үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн хөгжлийг хангах зорилгыг үндсэн шалгуур болгох хүрээнд хууль тогтоогч татварын хуулийг батлахдаа судалгаа, нотолгоо, үр дүнд суурилж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох шаардлагатай.
Гэтэл бүрэн бус судалгаанд үндэслэн, татварын суурийг өргөжүүлэхдээ газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд холбогдуулан онцгой албан татварыг шатлалгүйгээр тогтоосон нь түүхий эд импортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч нарт ялгамжтай байдал бий болгосон байна. Энэ нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчмыг зөрчиж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулахаар заасанд нийцэхгүй байна.
Иймд Онцгой албан татварын тухай хуулийн маргаан бүхий заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын холбогдох хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
1.Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүснэгтийн 6 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн", 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 10 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн, 285 000 төгрөг" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна." гэснийг тус тус зөрчсөн байна.
2.Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчөөгүй байна.
3.Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтуудыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ГИШҮҮД
Ш.СОЛОНГО
Б.БУЯНДЭЛГЭР
Г.БАЯСГАЛАН
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Текст томруулах
A
A
A