- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ, ТООЦОХ, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ АРГАЧЛАЛ
Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 дугаар хамтарсан тушаалын хавсралт
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ, ТООЦОХ, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү аргачлалыг банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах үйл ажиллагаанд мөрдөнө.
1.2 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь удирдлага, төлөвлөлт, судалгаа, сурталчилгааны зорилгоор хүү, түүний өсөн нэмэгдэх хэмжээг урьдчилан бодоход энэхүү аргачлалыг ашиглаж болно.
Хоёр. Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох
2.1 Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг энэхүү аргачлалын хавсралтаар баталсан "Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцоолол" -ын дагуу тооцно.
2.2 Хувьсах хүүтэй мөнгөн хадгаламж, зээлийн хувьд тухайн үед мөрдөгдөж байгаа хүүгийн хувь хэмжээний хүрээнд энэхүү аргачлалын 4.1-т заасны дагуу мэдээллийг ил тод байлгаж, харилцагчид танилцуулна.
2.3 Хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүүг 4-т, сараар бол жилийн хүүг 12-т, өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно.
"Хүү" гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д заасныг ойлгоно.
Гурав. Мэдээллийн ил тод байдал
3.1 Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж, зээлийн зарласан хүүг жилээр илэрхийлж, мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, зээлийн бодит өртөг, шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гарган өөрийн цахим хуудаст байршуулж нийтэд ил тод мэдээлнэ.
Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь дээрх мэдээллийг бүх гишүүддээ танилцуулж, мэдээлнэ.
3.2 Банк мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн бүтээгдэхүүний хүү шимтгэл, хураамжийн нөхцөлдөө өөрчлөлт оруулсан тохиолдолд ажлын 1 өдөрт багтаан мэдээллээ шинэчилнэ.
3.3 Зээлийн бодит өртөгийг нэг жилд харгалзах хувиар, таслалаас хойш 2 оронгийн нарийвчлалаар илэрхийлнэ.
3.4 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээл судлах үед болон зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд зээлдэгчийн төлөх доор дурдсан шимтгэл, хураамжийг зээлийн бодит өртөгт оруулах талаар зээл хүсэгчид танилцуулна.
3.4.1 Зээлдүүлэгчид төлөх зээлийн хүсэлт хүлээн авах, судлах, олгох, олгосны дараах хяналттай холбоотой бүх төрлийн шимтгэл, хураамж;
3.4.2 Зээлдүүлэгчийн шаардлагаар даатгалын үйлчилгээнд төлөх хураамж. Үүнд орон сууцны ипотекийн зээл хамаарахгүй;
3.4.3 Зээлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гуравдагч этгээдэд төлөх үйлчилгээний төлбөр;
3.4.4 Зээлдүүлэгч, нийлүүлэгч, зээлдэгч гэсэн 3 талын оролцоотой санхүүгийн түрээс, фидуцийн гэрээний зүйл (автомашин)-ийн нийлүүлэгчээс зээлдүүлэгчид төлж буй шимтгэл, хураамж.
3.5 Энэхүү аргачлалын 3.4-т заасны дагуу танилцуулсан зээлийн бодит өртгийн хувьд зээл олгох шийдвэр гарсны дараа өөрчлөлт орсон тохиолдолд шалтгааныг тайлбарлаж, зээл хүсэгч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зээл олгоно.
3.6 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн харилцагчтай байгуулах гэрээний боловсруулалт нь албан бичгийн стандартад нийцсэн, ойлгомжтой байна.
3.7 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгохдоо энэхүү аргачлалын 2 дугаар хавсралтын дагуу Зээлийн мэдээллийг зээлдэгчид бүрэн гүйцэд тайлбарлаж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд зээлийн мэдээллийн хуудас нь зээлийн гэрээний бүрэлдэхүүн болно.
3.8 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчид зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө хэсэгчлэн төлөх тохиолдолд зээлдэгчийн төлөх хүүгийн хэмжээ, зээлийн хугацаанд орох өөрчлөлтийг тайлбарлана.
3.9 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь хувьсах хүүтэй мөнгөн хадгаламж, зээлийн бүтээгдэхүүний хувьд хүүгийн хөтөч үзүүлэлтийг харилцагчид танилцуулах бөгөөд хөтөч үзүүлэлт нь эдийн засгийн үндэслэл, агуулгатай байна.
Дөрөв. Хяналт, хариуцлага
4.1 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж, зээлийн хүү, шимтгэл, хураамжийн орлого, зарлагыг олон улсын стандартын дагуу бүртгэж, тайлагнана.
4.2 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь үйлчилгээний шимтгэл, хураамжийн орлого,зардлыг багцын түвшинд удирдана.
4.3 Энэхүү аргачлалын хэрэгжилтэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, энэхүү аргачлалыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
____________оОо___________
Текст томруулах
A
A
A