- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 05 сарын 04 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг:
"15.6.Гадаад улсаас Монгол Улсад 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялж байгаа гадаадын иргэний хувийн хэрэгцээнд зориулж гаалийн нутаг дэвсгэрээс худалдан авсан бараанд төлсөн албан татварыг 100 хувь буцаан олгоно."
2/15 дугаар зүйлийн 15.17, 15.18, 15.19 дэх хэсэг:
"15.17.Энэ хуулийн 15.6-д заасан буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:
15.17.1.татварын албаны шаардлагад нийцсэн бүртгэлийн машин бүхий албан татвар суутган төлөгчөөс бараа худалдан авсан байх;
15.17.2.худалдан авалт цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн байх;
15.17.3.татварын албаны шаардлагад нийцсэн цахим төлбөрийн баримт авсан байх;
15.17.4.буцаан олголт авах барааны төлбөрийн баримт дээрх худалдан авалт нь Засгийн газрын баталсан үнийн дүнгээс дээш байх;
15.17.5.барааг худалдан авснаас хойш 90 хоногийн дотор өөрийн биеэр улсын хилээр авч гарах.
15.18.Энэ хуулийн 15.6-д заасан иргэн олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараа албан татвар буцаан авах хүсэлтийг гаргана.
15.19.Энэ хуулийн 15.6-д заасан иргэнд олгох буцаан олголтын төлбөрийн баримтыг бүртгэх, түүнд хяналт тавих журам, барааны жагсаалт, буцаан олгох татварын хувь хэмжээ, энэ хуулийн 15.17.4-т заасан үнийн дүнг Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсгийн "15.5" гэсний дараа ", 15.6" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.14 дэх заалтын "аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд" гэснийг "тур оператор, аяллын агент" гэж, "бичиг баримтыг нь бүрдүүлэх зэрэг гадаадын жуулчдад үзүүлсэн /тур оператор/ үйлчилгээ" гэснийг "виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг гадаадын жуулчинд үзүүлсэн үйлчилгээ" гэж, 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн "15.6-д" гэснийг "15.7, 15.18-д" гэж, мөн зүйлийн 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.12, 15.13, 15.14, 15.15 дахь хэсгийн дугаарыг "15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.12, 15.13, 15.14, 15.15, 15.16" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
