A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУСГАЙ МЭДЛЭГ БҮХИЙ ХҮНД ШИНЖЭЭЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/158 дугаар тушаалын хавсралт
 

 

ТУСГАЙ МЭДЛЭГ БҮХИЙ ХҮНД ШИНЖЭЭЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах орон тооны бус зөвлөл  /цаашид "Зөвлөл" гэх/-ийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2.Зөвлөл нь шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтад заасан шинжилгээний төрөлд хамаарах салбарын төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон эрдэмтдийн төлөөлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээд болон шүүх шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

 

1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

1.4.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна доор дурдсан зарчмыг баримтална:

 

1.4.1.төрийн үйлчилгээний ил тод, шуурхай, нээлттэй байдлыг хангах;

1.4.2.ашиг сонирхлын зөрчилгүй байх.

 

Хоёр.Зөвлөлийн чиг үүрэг

 

2.1.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

2.1.1.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан, тусгай мэдлэг бүхий хүний баримт бичгийн бүрдэлд хянан магадалгаа хийж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах;

 

2.1.2.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд хянан магадалгаа хийж, түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн санал гаргах;

 

2.1.3.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд хянан магадалгаа хийж, хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах;

 

2.1.4.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтэд хянан магадалгаа хийж, сунгах эсэх асуудлыг хэлэлцэн санал гаргах.

 

Гурав.Зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт

 

3.1.Зөвлөл нь 16 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.   /ХЗДХС-ын 2023 оны А/331 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/

 

3.2.Зөвлөлийн дарга нь Шүүх шинжилгээний төв байгууллага /цаашид "шинжилгээний байгууллага" гэх/-ын шинжилгээний үйл ажиллагаа эрхэлсэн дэд дарга байна.

 

3.3.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь шинжилгээний байгууллагын шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг эрхэлсэн нэгжийн дарга байна.

 

3.4.Энэ журмын 1.2-т заасан төлөөлөл нь дараах шаардлагыг хангасан байна:

 

 3.4.1.мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
 

 3.4.2.ял шийтгэлгүй байх.

 

3.5.Зөвлөлийн гишүүдийн 30-аас доошгүй хувь нь шүүх шинжилгээний туршлагатай, 70-аас доошгүй хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна. /ХЗДХС-ын 2023 оны А/331 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

 

3.6.Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн баримт бичгийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, хянан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.

 

Дөрөв.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

 

4.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

 

4.2.Зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд 1-ээс доошгүй удаа хуралдуулах бөгөөд хуралдааныг Зөвлөлийн дарга удирдана. Даргын эзгүйд түүний томилсон зөвлөлийн гишүүн удирдана.

 

4.3.Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Зөвлөлийн даргын санаачилгаар, эсхүл зөвлөлийн гишүүний саналаар хуралдуулж болно.

 

4.4.Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Зөвлөлийн даргад албан ёсоор мэдэгдэж, хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр санал өгч болно.

 

4.5.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох үндэслэлийг тодорхойлсон баримт бичигт Зөвлөлийн даргын шийдвэрээр томилогдсон 3 гишүүнтэй комисс /цаашид "Комисс" гэх/ хянан магадалгаа хийнэ.

 

4.6.Комисс баримт бичгийн үнэн бодитой, шаардлага хангасан эсэхэд хянан магадалгаа хийж, зөвлөлөөс гарах санал, дүгнэлтийн төсөл боловсруулна.

 

4.7.Комиссын гаргасан санал, дүгнэлтийг зөвлөлийн гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэйгээр хэлэлцэж, 60-аас доошгүй хувийн саналаар батална.

 

4.8.Зөвлөлийн санал, дүгнэлтэд зөвлөлийн дарга гарын үсэг зурна. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, тэмдэглэлд зөвлөлийн дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

 

4.9.Зөвлөлөөс гарсан санал, дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллагын даргад уламжилж, шийдвэрлүүлнэ.

 

Тав.Зөвлөлийн ажлын алба, түүний чиг үүрэг

 

5.1.Зөвлөл нь  Ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/-тай байх бөгөөд Ажлын албаны чиг үүргийг Шүүх шинжилгээний төв байгууллагын шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.

 

5.2.Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

 5.2.1.зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах;

 

 5.2.2.зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаж зөвлөлийн даргаар батлуулах;

 

 5.2.3.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох үндэслэлийг тодорхойлсон баримт бичгийг хүлээн авч, зөвлөлийн даргад танилцуулан, хянан магадалгаа хийх Комисс томилуулах;

 

 5.2.4.комиссын гаргасан зөвлөлийн санал дүгнэлтийн төслийг зөвлөлийн гишүүдэд хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө цахимаар хүргүүлэх;

 

 5.2.5.зөвлөлийн гаргасан санал, дүгнэлтийг шинжилгээний байгууллагын даргад танилцуулж, шийдвэрлүүлэх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;

 

 5.2.6.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгосон шийдвэрээр мэдээллийн сан үүсгэж, мэдээллийн санг нийтэд танилцуулах;

 

   5.2.7.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа дууссан бол шинжилгээний байгууллагын даргад танилцуулан шийдвэрлүүлэх.

 

Зургаа.Бусад

 

6.1.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой гомдлыг Шүүх шинжилгээний байгууллагын даргад гаргаж болно.

 

6.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

-оОо-