A

A

A

Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/206  дугаар тушаалын хавсралт
 

КРИМИНАЛИСТИКИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь криминалистикийн шинжилгээ (цаашид "шинжилгээ" гэх) хийх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журмыг шүүх шинжилгээний байгууллагын шинжээч болон шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд (цаашид "шинжээч" гэх) шинжилгээ хийхэд дагаж мөрдөнө.

1.3.Шинжээч нь шинжилгээ хийхдээ Шүүх шинжилгээний тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Хоёр.Шинжилгээний объект

 2.1.Шинжилгээнд хуульд заасан журмын дагуу хураан авч бэхжүүлсэн ул мөр, эд мөрийн баримт, харьцуулах хэв, хээ, загвар, дээж, шинжилгээнд ач холбогдол бүхий бусад материал (цаашид "шинжилгээний объект" гэх)-ыг эх хувь буюу биет байдлаар ирүүлнэ.

2.2.Шинжилгээний онцлогоос хамаарч шинжилгээний объектыг шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай шинж тэмдэг, мэдээлэл агуулсан бол тоон болон чанарын шаардлага хангахуйц бусад байдлаар ирүүлж болно.

2.3.Шинжилгээ хийхэд шаардлагатай чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын хэв, загвар (цаашид "харьцуулах загвар" гэх) нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад хүрэлцэхүйц шинж тэмдгийн тоон үзүүлэлт болон ач холбогдолтой шинж тэмдгүүдийн чанарын цогц үзүүлэлтийн шаардлага хангасан байна.

2.4.Шинжээч шинжилгээний объектын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг шинжилгээ хийж дуустал биечлэн хариуцах бөгөөд шинж чанарыг алдагдуулахгүй байхаар тоноглосон өрөө, зориулалтын тавиур, шүүгээ, хөргөгчид хадгална.

2.5.Шинжээч шинжилгээний объект оршин байгаа газар үзлэг, шинжилгээ хийхдээ шинжилгээнд ач холбогдол бүхий шинж тэмдгийг гэрэл зураг, дуу, дуу-дүрсний бичлэг хийж, хуулбарлах, тодорхойлон бичих зэрэг аргаар бэхжүүлэн авч болно.

2.6.Шинжилгээ хийж дууссаны дараа шинжилгээний объектыг битүүмжлэн шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө.

2.7.Шинжилгээний объектыг зөөвөрлөхөд тусгай тоноглол бүхий техник хэрэгсэл шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно.

Гурав.Шинжээчийн үйл ажиллагаа

3.1.Шинжээч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр, шинжилгээний объектыг биечлэн хүлээн авч танилцан шинжилгээ хийх боломжтой эсэх талаар  ажлын 1 хоногийн дотор шийдвэр гаргана.

3.2.Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах тохиолдолд шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд утсаар даруй мэдэгдэж, ажлын 3 хоногийн дотор албан бичгээр хариу хүргүүлнэ.

3.3.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд энэ журмын 3.2-д заасны дагуу хариу хүргүүлнэ.

3.4.Шинжилгээний объект нь шинжилгээ хийж хүрэлцэхүйц тоон үзүүлэлт болон чанарын шаардлага хангаагүй тохиолдолд нэмэлт материалыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс тухайн шинжилгээг хариуцсан нэгжийн даргын албан бичгээр шаардана.

3.5.Шинжээч нь шаардлагатай гэж үзвэл нэмэлтээр харьцуулах загвар, дээж авахад мэргэжлийн туслалцаа үзүүлж болно.

3.6.Шинжээч нь шүүх шинжилгээний байгууллагын адилтгал, мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн сан, албан ёсны нийтийн мэдээллийн сангаас адилтгалын шинжилгээнд шаардлагатай загвар авч ашиглаж болно.

3.7.Шинжээч нь төрийн байгууллагын архивт хадгалагдах шинжилгээний объектын эх хувьд үзлэг, шинжилгээ хийж болно. 

3.8.Шинжээч нь туршилт хийх, шинжилгээний объект болон бусад шаардлагатай баримт материалын эх хувьд газар дээр нь очиж үзлэг, шинжилгээ хийхэд ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг тухайн шинжилгээг хариуцсан нэгжийн даргын шийдвэрээр зөөвөрлөнө.

3.9.Шинжилгээний объектыг хуульд заасан үндэслэлээр шинжилгээний байгууллагад ирүүлэх боломжгүй тохиолдолд шинжээч шинжилгээний объект оршин байгаа газарт очиж үзлэг, шинжилгээ хийж болно.

3.10.Энэ журмын 3.9-д заасан шинжилгээ хийх нөхцөлийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд хангана.

3.11.Шинжээч нь шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартад заасны дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

Дөрөв.Шинжилгээний арга, хэрэгсэл

4.1.Шинжилгээнд ажиглах, хэмжих, турших зэрэг шинжлэх ухааны ерөнхий болон адилтгал, оношлолын тусгай арга зүйг ашиглана.

4.2.Шинжилгээний төрөл, объектын онцлогоос хамаарч криминалистикийн шинжлэх ухааны тусгай аргуудаас сонгож хэрэглэж болно.

4.3.Баталгаажсан арга, аргачлал, инновацыг тухай бүр шинжилгээний үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглаж болно.

4.4.Шинжээч нь үзлэг, шинжилгээ хийхдээ шинж тэмдэг илрүүлэх, бэхжүүлэх, оношлох, адилтгах багаж хэрэгслийг ашиглана.

4.5.Шинжилгээ хийхэд ашиглаж буй багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд чанарын тохирлын үнэлгээ хийгдсэн байна.

Тав.Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт

5.1.Шинжээчийн дүгнэлтийг шинжилгээний үйл ажиллагааны стандартад заасан бүтцийн дагуу үйлдэнэ.

5.2.Гэрэл зургийн үзүүлэлтэд тавигдах шаардлага:

 

5.2.1.гэрэл зургийн үзүүлэлтийг шүүх-гэрэл зургийн аргачлалын дагуу хийж, тайлбарыг дүгнэлтэд орсон үг хэллэгтэй ижил утгаар бичиж, шинжээчийн хувийн тэмдгээр баталгаажуулна;

 

5.2.2.адилтгалын шинжилгээний объектын тохирч байгаа болон тохирохгүй байгаа шинж тэмдгийг дүгнэлтэд дурдаж, гэрэл зургийн үзүүлэлтэд тэмдэглэгээ хийнэ;

 

5.2.3.адилтгалын шинжилгээний объектын тохирч байгаа шинж тэмдгийг улаан, тохирохгүй байгаа шинж тэмдгийг хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр цагийн зүүний дагуу, зургийн гадна талд дэс дугаарлан тэмдэглэнэ;

 

5.2.4.тэмдэглэгээ хийсэн гэрэл зураг тус бүрд хяналтын гэрэл зураг (тэмдэглэгээгүй) хийнэ;

 

5.2.5.шинжилгээнд тэнцээгүй объектыг гэрэл зургийн үзүүлэлтээр харуулна;

 

5.2.6.гэрэл зургийн үзүүлэлтийг хоёр хувь үйлдэж, дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана.

 

 5.3.Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийхэд ашигласан зориулалтын програм, тоног төхөөрөмжөөс гарсан мэдээллийг хавсаргаж болно.

Зургаа.Бусад

6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

_оОо_