- Нүүр
- Сайдын тушаал
- Эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагатай хийх гэрээний загвар
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 сарын 06-ны өдрийн А/198 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
Эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагатай хийх гэрээний загвар
... оны ...-р сарын ... -ны өдөр № ... Улаанбаатар хот
Нэг талаас _______________________________донор байрлаж буй эмнэлэг /цаашид Донор эмнэлэг гэх/-ийг төлөөлж ______________ ажилтай_____________, нөгөө талаас Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба /цаашид зохицуулах алба гэх/-ыг төлөөлж ажилтай нөгөө талаас Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх бүхий эмнэлэг /цаашид шилжүүлэн суулгах эмнэлэг гэх/-ийг төлөөлж ________________ ажилтай _______________ /цаашид хамтад нь талууд гэнэ/ нар харилцан тохиролцож, Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг тус тус үндэслэн энэхүү гэрээг дор дурдсан нөхцөлөөр байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж бөөр, элэг, нойр булчирхай, зүрхний дутагдлын эмгэгийн төгсгөлийн үе шатанд байгаа эмчлүүлэгчийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, нүдний эвэрлэг болон шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээний тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, хүлээх хугацааг богиносгох, тархины үхэлтэй донорын олдцыг нэмэгдүүлснээр эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний тоог нэмэгдүүлэх, чанар, хүртээмж, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор хамтран ажиллахад талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход гэрээний зорилго оршино.
1.2. Донорын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс эрүүл мэндийн байгууллага нь эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүдэд сурталчлан таниулах, харилцан дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг дотоод журмаар албажуулна.
1.3. Гэрээнд оролцогч талууд: Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, донор эмнэлэг, шилжүүлэн суулгах эмнэлэг байна.
1.4. Гэрээ хэрэгжих хугацаа ба гэрээ хүчин төгөлдөр болох хугацааг гэрээнд заана.
Хоёр. Эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах эмнэлгийн эрх, үүрэг
2.1. Шилжүүлэн суулгах эмнэлэг эмнэлэг нь зохицуулах албаны зохицуулагчаар дамжуулан зохицуулах алба болон донор эмнэлэгтэй байнгын холбоотой ажиллана.
2.2. Боломжит донор гарсныг тодорхойлсны дараа зохицуулах албаны зохицуулагч болон тухайн эмнэлгийн тархины үхлийг тодорхойлох багийн хамтран гаргасан шийдвэр, бодит байдал, дүн шинжилгээтэй танилцаж зохих бэлтгэлийг хангаж ажиллана.
2.3. Тархины үхэлтэй донорын мэдээлэл тодорхой болсон болон бусад үед шилжүүлэн суулгах эмнэлэг эмнэлэг нь донорын эрхтэн авах, реципиентийн мэс заслын бэлэн байдлыг хангасан байна.
2.4. Шилжүүлэн суулгах эмнэлгийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах багаас бодит донорыг судалж, шинжлэх багийг томилж ажиллуулна. (лабораторийн эмч, бөөр, элэг, нойр булчирхай, зүрх, үе болон нүдний мэс засалч бусад шаардагдах эмч нар)
2.5. Шилжүүлэн суулгах эмнэлгийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах баг нь эс, эд, эрхтэн авах мэс засалчид болон эрчимт эмчилгээний эмч, сувилагчдын багийг томилно.
2.6. Шилжүүлэн суулгах эмнэлэг нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах багт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангасан байна.
2.7. Донорын эс, эд, эрхтэнийг авах мэс заслыг шилжүүлэн суулгах эмнэлэгт хийсэн тохиолдолд цогцсыг цэгцэлж донор эмнэлгийн цогцос түр хадгалах байрт хүлээлгэн өгнө. Шаардлагатай тохиолдолд эмгэг судлалын шинжилгээнд эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч эмч оролцоно.
2.8. Амьгүй донорын цогцсыг цогцос түр хадгалах байрнаас гэр бүлд хүлээлгэн өгөх үйл ажиллагааг тухайн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллага хариуцна.
2.9. Бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, суулгах горим алдагдсан эс, эд, эрхтэн болон уг үйл ажиллагаанд хэрэглэсэн багаж, хэрэгслийг хамтад нь устгана.
2.10. Шилжүүлэн суулгах эмнэлэг нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээтэй холбоотой санхүүгийн тайлан, эмчилгээний үр дүн (амьд донор болон реципиентийн хоорондын хамаарал, амьд болон тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгасан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, реципиент болон суулгацын амьдарсан хугацаа, гарсан хүндрэл, нас баралт)-г нэгтгэн улирал бүр Зохицуулах албанд мэдээлнэ.
2.11. Шилжүүлэн суулгах эмчилгээ хийх эрх бүхий эмнэлэг нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгчийг эмчилгээнд бэлтгэх, шилжүүлэн суулгах эмчилгээний дараа тухайн эмчлүүлэгч өөрийн амьдарч буй аймаг, дүүрэг, орон нутагтаа эрүүл мэндийн байгууллагын хяналтад байх нөхцөл бололцоог хангах мэргэжлийн сургалт, дадлагажуулалт тогтмол хийнэ. /Сургалтын хөтөлбөртэй байх, хөтөлбөрийг ЭМХТ-д танилцуулж батлуулсан байна/
2.12. Шилжүүлэн суулгах багийн хяналтад байсан болон бусад эмнэлгийн эмчийн хяналтад байх үедээ эмчлүүлэгч гадаад улс руу шилжүүлэн суулгах эмчилгээнд явж байгаа тохиолдолд тухайн эмчлүүлэгчийн болон донорын тухай холбогдох мэдээллийг Зохицуулах албанд мэдээлнэ.
2.13. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх бүхий эмнэлэгт эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл Хүлээх жагсаалт гаргах бөгөөд Зохицуулах албаны нэгдсэн бүртгэл мэдээний санд нэгтгэн оруулж байнгын үйл ажиллагаатай болгож тогтмол шинэчилж байна.
2.14. Журмын 2.12 дахь заалтад бүртгэгдсэн иргэн дархлаа дарангуйлах эм болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах хяналтад хамрагдана.
2.15. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн талаар шилжүүлэн суулгах багийн гишүүд болон тухайн эмнэлгийн захиргаа, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд олон нийтэд 1 сарын дараа мэдээлж болно.
2.16. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийх эрх бүхий эмнэлэг нь эмчилгээ хийхэд шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн уусмал, урвалж зэргийн хангалтыг байнга бэлэн байлгах, шинэчлэн сайжруулж байна.
Гурав. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг
зохицуулах албаны эрх, үүрэг
3.1. Зохицуулах алба тухайн эмнэлгийн удирдлагын баг, тархины үхэл тодорхойлох багтай байнгын хамтын үйл ажиллагаатай байна.
3.2. Донор болон эрхтэн шилжүүлэн суулгах эрх бүхий эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ болон тархины үхэл, донорын талаар тогтмол сургалт, танилцуулга хийж байна.
3.3. Тархины үхэл тодорхойлох баг, зохицуулах албаны зохицуулагч нь тухайн эмнэлгийн тархины мэс засал, эрчимт эмчилгээ, мэдрэл, харвалтын төв болон бусад тасагтай байнгын холбоотой ажиллана.
3.4. Тархины үхлийг 2 удаа 6 цагийн зайтай дахин тодорхойлж онош батлагдсан тохиолдолд тархины үхэл тодорхойлох багийн гишүүн болон эмчлэгч эмчийн хамт гэр бүлд бодит байдлыг танилцуулна.
3.5. Зохицуулах албаны зохицуулагч нь гэр бүлд бодит байдлыг танилцуулан ойлгуулж боломжит донорын эс, эд, эрхтэнийг эмгэг өвчтэй бусдад донор болгон өгөх талаар хүсэлт тавьж, зөвшөөрлийн хуудсыг танилцуулна. Гэр бүл нь зөвшөөрсөн тохиолдолд холбогдох маягтад гарын үсэг зуруулан баталгаажуулж эс, эд, эрхтэн суулгах багт мэдэгдэнэ.
3.6. Тархины үхэлтэй донорын талаарх мэдээллийг яаралтай нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулж тохирох реципиентүүдийг тодруулна.
3.7. Донорын эс, эд, эрхтэнийг хүлээх жагсаалтад байгаа эмчлүүлэгч нарт цусны бүлэг болон эд нийцлийн тохирооны дагуу хуваарилан нийлүүлэх үйл ажиллагааг зохицуулна. Онцгой тохиолдолд (хүүхэд болон эрхтний хурц дутагдалд орсон 35-аас доош насны хүн) хүлээх жагсаалтын урдуур оруулах асуудлыг багтай хамтран шийднэ.
3.8. Зохицуулах алба нь донор эмнэлгийн зүгээс гаргасан тодорхой зардлыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилт дагуу эргүүлэн төлж барагдуулах, тархины үхэл тодорхойлох багийн гишүүд болон ёс зүйн салбар зөвлөлийн гишүүдийн илүү цаг ажилласан хөлс (урамшуулал), мэс заслын өрөөний түрээс, мэс заслын эмч сувилагч нарын ажлын хөлс гэх мэт зардлыг багтай хамтран тооцож бүртгэнэ . Эдгээрийг зохицуулах төсвийг тодорхой болгох, донор эмнэлгийн үйл ажиллагааны талаар зохих мэдээлэл, үр дүнг тооцож донор эмнэлэгт дэмжлэг үзүүлдэг байх механизмыг бий болгоно.
3.9. Донор эмнэлгийн эрчимт эмчилгээний болон мэс заслын нэгдсэн тасгийн хүчин чадал, чадамжийг сайжруулан дээшлүүлэх болон эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллана.
3.10. Шилжүүлэн суулгах эс, эд, эрхтэнийг авсан даруйд зааварт заасан зориулалтын уусмалд хадгалах, эрхтнийг мөстэй саванд хийж тээвэрлэнэ.
3.11. Зохицуулах алба нь боломжит донорыг болон донорын эрхтнийг зөөвөрлөх тээврийн хэрэгслийг шилжүүлэн суулгах эмнэлэгтэй хамтран зохицуулна. Тусгай зориулалтын түргэн тусламжийн машинаар тээвэрлэнэ.
3.12. Эс, эд, эрхтэнийг авсан болон хүлээлгэн өгсөн тухай батлагдсан маягтад бичиж мэс заслын тэмдэглэлд хавсаргана.
3.13. Эс, эд, эрхтэнийг тээвэрлэхийн өмнө хүлээн авах байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.
3.14. Донор эмнэлэг болон эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэгтэй хамтран эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай байгаа эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, уусмал урвалж зэргийн хангалт, бэлэн байдалд үнэлгээ өгч эдгээрийн хангалт, бүрдүүлэлтийг хийхэд эмнэлгүүдтэй хамтран ажиллана.
3.15. Донор болон эрх бүхий эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг боловсрол, практик арга барил, ур чадвараа дээшлүүлэх тасралтгүй сургалтыг зохион байгуулж ажиллана.
3.16. Улсын болон олон улсын чанартай мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлийн хурал зөвлөгөөн, семинарт оролцох болон мэргэжлийн сэтгүүл, ном хэвлэлд судалгааны өгүүлэл нийтлэл хамтран боловсруулж оролцоно.
3.17. Донорын үйл хэргийг олон түмэнд таниулан ойлгуулах нөлөөллийн үйл ажиллагааг багуудтай хамтран зохион байгуулна.
Дөрөв. Донор эмнэлгийн үүрэг
4.1. Донор эмнэлэг нь тухайн эмнэлгийн даргын тушаалаар батлагдсан тархины үхэл тодорхойлох баг байгуулан ажиллуулах ба ажиллах горимыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хүлээн авах тасаг, эрчимт эмчилгээ, лаборатори, оношилгооны тасаг болон бусад холбогдох тасаг хэсгийн эмч нарын уялдаа холбоог зохицуулан зохион байгуулж, хамтран ажиллах орчин нөхцөлийг хангаж ажиллана.
4.2. Тархины үхлийн шалтгаан нь тархины гэмтэл буюу гадны нөлөөтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж зохих үзлэг, шалгалтуудыг хийлгэж холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ.
4.3 Боломжит донорыг илрүүлэх, оношлох, эмчлэх, эрхтэн хамгаалах үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах, эрчимт эмчилгээний тасгийн нөхцөл бололцоог чадавхжуулах, ажиллах хүний нөөцийн асуудлыг зохицуулан ажиллана.
4.4. Боломжит донор эмчлүүлж буй донор эмнэлэг нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгээс ажиллах багийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, шаардлагатай нөхцөлөөр хангана.
4.5. Эс, эд, эрхтэн авах мэс заслын өрөө болон багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, шаардлагатай хэрэглэлээр хангана.
4.6. Донорын цогцост задлан шинжилгээг хийлгэнэ.
4.7. Тухайн донор эмнэлэгт эс, эд, эрхтэн авах мэс ажилбар хийгдсэн тохиолдолд донорын цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгнө.
4.8. Шаардлага хангахгүй эс, эд, эрхтэнийг хэсэгчлэн хэрчиж, бүтцийн бүрэн, бүтэн байдлыг эвдэн, эс, эд, эрхтэнийг шаардлага хангахгүй тухай тэмдэглэл үйлдэн, тэмдэглэлийг Эмгэг судлалын үндэсний төвд хүлээлгэн өгнө.
4.9. Донор эмнэлгээс гарсан зардлыг тооцож гүйцэтгэлээр санхүүжилт тооцон авдаг байна.
4.10. Донор эмнэлэг нь амьгүй донорыг илрүүлэх, эмчлэх, сувилах, асрах, эрхтний хэвийн үйл ажиллагааг хадгалах менежмент хийж буй болон донорын гэр бүлтэй уулзах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй сургах, дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэхэд Зохицуулах албатай хамтран ажиллана.
Тав. Бусад нөхцөл
5.1. Гэрээнд гурван тал гарын үсэг зурж, тэмдэг дарсан өдрөөс эхлэн 3 жил хүчин төгөлдөр үйлчилнэ.
5.2. Аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээг цуцлах эрхгүй бөгөөд хэрвээ цуцлах тохиолдолд нэг сарын өмнө албан бичгээр мэдэгдэнэ.
5.3. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол гурван тал адил бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, асуудлаа хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
5.4. Энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналгүй тохиолдолд талууд тохиролцон гэрээг дахин сунгаж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс 3 жил хүчин төгөлдөр үйлчилнэ.
5.5. Энэхүү гэрээний биелэлтийг талууд хамтран дүгнэж аль нэг тал нь гэрээг өөрчлөх цуцлах санал гаргаагүй нөхцөлд гэрээг сунгаж ажиллана.
5.6. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах маргааныг эвийн журмаар шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:
|
................/Эмнэлгийн нэр/ |
................/Эмнэлгийн нэр/ |
ЭЭЭШСҮАЗА-НЫ ДАРГА
|
ДОНОР ЭМНЭЛГИЙГ ТӨЛӨӨЛЖ ЭМНЭЛЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ
|
ЭШС ЭМНЭЛГИЙГ ТӨЛӨӨЛЖ ЭМНЭЛЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ |
____________/гарын үсэг/ |
____________/гарын үсэг/ |
____________/гарын үсэг/ |
_______________/тайлал/ |
_______________/тайлал/ |
_______________/тайлал/ |
Улаанбаатар хот
он сар өдөр
Текст томруулах
A
A
A