- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН 2024 ОНД БАРИМТЛАХ БОДЛОГЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 39
дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН 2024 ОНД БАРИМТЛАХ
БОДЛОГЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого", "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т үндэслэн боловсрууллаа.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд бүрэн тусгаж, хэрэгжүүлнэ.
Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах хүрээнд Засгийн газар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай байхаар төлөвлөж хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлтийг хязгаарлах, төсвийн үр ашгийг эрс дээшлүүлж бодлогын орон зайг нэмэгдүүлэх, Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бүрэн татгалзах, инфляцыг зорилтот түвшинд тогтвортой хадгалахад мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах, цаашид инфляцын зорилтот түвшинг үе шаттай бууруулах суурь нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримтална.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд тусаагүй төсвийн ерөнхийлөн захирагч болон хөтөлбөрийн үр дүнг сайжруулах үндсэн үйл ажиллагаа болон үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг төсвийн алдагдлын хязгаарт багтаан төлөвлөж, хэрэгжүүлнэ.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолын 2.3-т заасныг үндэслэсэн бөгөөд дараах тэргүүлэх 8 чиглэлийг тодорхойллоо.
Нэг.Экспортыг нэмэгдүүлнэ.
1.1.Нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тоннд, газрын тосны экспортын биет хэмжээг 6 сая баррельд хүргэж, уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлнэ.
1.1.1.Экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх авто зам, төмөр зам, төмөр замын холболтын төслүүдийг хэрэгжүүлж, тээврийн салбарын ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
1.1.2.Хилийн боомтуудын ачаа болон зорчигч нэвтрүүлэх, логистикийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
1.2.Гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах замаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлнэ.
1.2.1.Уул уурхайн бус бүтээгдэхүүнд зориулсан экспортын санхүүжилт, даатгал, төлбөрийн баталгаа, зээлийн батлан даалт зэргээр экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгоно.
1.2.2.Экспортын баримжаатай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийнэ.
1.2.3.Олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг мал, амьтны гоц халдварт өвчний тархалтыг бүрэн хяналтад авч, өвчний тархалтыг хязгаарлан тайван байдлыг хадгална.
1.2.4.Гадаад худалдааны процесс, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг хялбаршуулан, шаарддаг гэрчилгээ, зөвшөөрөл, бичиг баримтын тоог боломжит хамгийн бага түвшинд хүртэл бууруулж, "Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээ"-г нэвтрүүлж, гадаад худалдаанд зарцуулах хугацааг 72 цагт хүргэнэ.
1.2.5.Ноолуур, мах, арьс, шир, самар, эмийн ургамал, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, экспортын орцыг импортын тарифаас чөлөөлөх, боловсруулалтын түвшинг ахиулж, экспортыг төрөлжүүлнэ.
Хоёр.Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
2.1.Хөрөнгө оруулагчдад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамгаалах цогц механизмыг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ.
2.1.1.Хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс зөвшөөрөл авахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээ мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх цогц үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гаргасан гомдлыг цахимаар хүлээн авч шийдвэрлэнэ. Мөн төрөөс бизнесийн үйл ажиллагаанд хийгддэг давхардсан хяналт шалгалтыг бууруулна.
2.1.2.Банк, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
2.1.3.Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрүүдийг байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаад худалдаа, экспорт хийх таатай нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
2.2.Геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэн, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлж, улмаар ашигт малтмалын батлагдсан нөөцийг өсгөнө. Мөн зэсийн ордын ашиглалтыг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
2.3.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бий болгоно.
2.4.Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэр болон ураны олборлолт, хүдрийн баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулж, боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлнэ.
2.5.Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн ханган, эрчим хүч экспортлох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
2.6.Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татаж, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
2.7.Чөлөөт бүсүүдийн инженерийн дэд бүтцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлнэ.
Гурав.Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна.
3.1.Олон улсын шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлнэ.
3.1.1.Эрэлтэд нийцсэн төрөлжсөн технологийн коллеж (Коосэн)-ийг бүх аймагт хөгжүүлэн, өөрчлөн зохион байгуулна.
3.1.2.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр дэх англи хэлний хэрэглээг нэмэгдүүлнэ.
3.1.3.Шаардлагатай эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
3.1.4.Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
3.2.Нийгмийн хамгааллын салбарт нийгмийн даатгалын оновчтой тогтолцоог бий болгох, төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн нийгмийн баталгааг сайжруулна.
3.2.1.Нийгмийн даатгалын тогтолцоог өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн нийт хувь нэмрээс хамааруулан тэтгэврийг оновчтой тогтооно.
3.2.2.Үр дүнд суурилсан удирдлагын нэгдсэн тогтолцоог бүрэн нэвтрүүлэн, төрийн албаны бүтцийн шинэчлэлийг хийж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын бүтээмж, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлнэ.
3.2.3.Цалинг цагаар тооцдог системд бүрэн шилжинэ.
3.2.4.Нийгмийн халамжийн системийг шинэчлэн, халамж зайлшгүй хүртэх зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж, халамжийг зөвхөн тусгайлсан картаар олгоно.
3.2.5.Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.
3.3.Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөл, нас баралтыг бууруулна.
3.3.1.Дотоодод худалдаалж байгаа эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлнэ.
3.3.2.Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
3.3.3.Нийтийн биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
Дөрөв.Аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
4.1.Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү хийнэ. Мөн агаарын тээврийг либералчлан, нислэгийн тоог өсгөж, жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлнэ.
4.1.1.Аялал жуулчлалын бүс нутгуудад авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтыг хийнэ.
4.1.2.Аялал жуулчлалыг дэмжсэн зөөлөн дэд бүтцийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
4.1.3.Агаарын тээврийг либералчлан, Дорнод, Ховд, Хөвсгөл аймгийн нисэх буудлыг 4С, Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор байгуулна.
Тав.Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна.
5.1.Хүн амын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортын хамаарлыг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээ, аюулгүй байдлыг хангана.
5.1.1.Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэгийг эцсийн үр дүнд чиглүүлж, оновчтой болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.1.2.Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиромжтой байршлуудад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг инженерийн дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжинэ.
5.1.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын системд тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хянах, бүртгэх цахим системийг бий болгож, улмаар дэмжлэгийг оновчтой болгоно.
5.1.4.Хүнсний бүтээгдэхүүний чанар, баталгаажуулалтын лабораторийг нэмэгдүүлэн стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулна.
Зургаа.Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна.
6.1.Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна.
6.1.1.Нийтийн тээврийн санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох, авто замын ачааллыг бууруулах эдийн засгийн хөшүүргийг нэвтрүүлнэ.
6.1.2.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
6.1.3.Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
6.1.4.Шинэ тойрог зам, Сэлбэ-Сэргэлт төслийг хэрэгжүүлж, нийслэлийн авто замын үндсэн сүлжээний уртыг нэмэгдүүлэн, иргэдийн ая тухтай амрах, зорчих орчныг бүрдүүлнэ.
6.2.Шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг байгуулж, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжин төвлөрлийг сааруулна.
Долоо.Засаглалын үзүүлэлтийг сайжруулна.
7.1.Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ.
7.2.Санхүүгийн хориг, арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт, Европын холбооны "Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохоос сэргийлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж, сайжруулна.
7.3.Төрийн цахим үйлчилгээний хүртээмж, төрлийг нэмэгдүүлэх, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулан цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтийг нэмэгдүүлнэ.
7.4.Төрийн үйлчилгээг авах, хүргэх зардлыг бууруулж, хувийн хэвшлийн бүтээмжийг дэмжих бодлогын оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн сан, цахим системүүдийг хөгжүүлнэ. /Зөвшөөрлийн цахим систем, e-mongolia, гадаад худалдааны нэг цонхны цахим систем/
7.5.Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үр өгөөжийг сайжруулж, олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэн, үе шаттайгаар хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлнэ.
7.6.Улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн харилцаа, засаглалын бүх шатанд олон ба гурван талт зөвшилцөл, түншлэл, хяналтын оновчтой, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлж, нэвтрүүлэн хэвшүүлнэ.
Найм.Ногоон хөгжлийг дэмжинэ.
8.1.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хамгаална.
8.1.1."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ.
8.1.2.Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
8.1.3.Ашиглалтад өртөмтгий ургамал, амьтны тархац нөөцийг тогтооно.
8.1.4.Говийн бүс нутгийн усны хангамжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
8.1.5.Гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ.
---оОо---
1
Текст томруулах
A
A
A