A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 45

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолд доор дурдсан агуулгатай 3 дахь заалт, мөн тогтоолын 2 дахь заалтад 4 дэх дэд заалт тус тус нэмсүгэй:

"3.2023 оны 1-6 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдэд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтэд үндэслэн уг хугацаанд ногдох мөнгөн тэтгэмжийг нөхөн олгосугай.

4/эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ Хүүхдийн төлөө санд шилжүүлэх хүсэлт гаргасан бол уг зохицуулалтыг холбогдох журамд тусгах."

2."Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтэд үндэслэн Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд 100,000 /зуун мянга/ төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгосугай."

3."Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 3 дахь заалтын дугаарыг "4" гэж өөрчилсүгэй.

4.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР