A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 44

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан хугацаанд багтаан холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд даалгасугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж Төрийн ордны барилга байгууламж, нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны танхим, өрөө тасалгааны зохион байгуулалттай холбогдох зураг төсөл, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн өөрчлөлт хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, бусад шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоолын 3-т заасан арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

5.Энэ тогтоол баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т даалгасугай:

1/Улсын Их Хурлын Тамгын газрын бүтэц, орон тоо, цалингийн сан, үйл ажиллагааны төсвийн төслийг боловсруулж, шийдвэрлүүлэх;

2/Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллах.

6.Энэ тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР