A

A

A

Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/227 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ХИМИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад химийн шинжилгээ (цаашид "шинжилгээ" гэх) хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2.Шинжээч нь химийн шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.

 

1.3.Шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

 

Хоёр.Шинжилгээний арга, аргачлал, үе шат

 

2.1.Шинжилгээг шинжлэх ухааны арга, аргачлалд суурилсан, батлагдсан стандарт, ажлын зааврын дагуу хийж гүйцэтгэнэ.

 

2.2.Шинжилгээг  дараах үе шаттай хийнэ:

 

  2.2.1.ул мөр, эд мөрийг бэхжүүлэх, дээж авах;

 2.2.2.шинжилгээнд ирүүлсэн объектод үзлэг хийх, бэхжүүлэх;

 2.2.3.шинжилгээ хийх стандарт, ажлын зааврыг сонгох;

 2.2.4.дээж бэлтгэлт хийх;

 2.2.5.шинжилгээ хийх;

 2.2.6.үр дүнг боловсруулах;

 2.2.7.өгөгдөлд дүн шинжилгээ хийх, хянах;

 2.2.8.дүгнэлт бичих.

 

Гурав.Шинжилгээний объектод тавигдах шаардлага

 

3.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна шинжилгээний объект нь дараах шаардлагыг хангасан байна:

 

 3.1.1.спиртийн агууламж тодорхойлох шинжилгээ хийх биологийн дээж (цус, шээс, ходоодны шингэн) 4 мл-ээс дээш хэмжээтэй;

 

 3.1.2.мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийхэд цус 10 мл-ээс дээш хэмжээтэй, шээс 40 мл-ээс дээш хэмжээтэй;

 

 3.1.3.үсний дээжийг толгойны ар тал буюу дагзны хэсгээс шаардлага хангахуйцаар 2 хэсэг газраас (A, B сорьц) авсан;

 

 3.1.4.үсний дээжийг шинжилгээнд авахаас өмнө дагалдах хуудсыг асуулт тус бүрээр гаргацтай бичиж ирүүлсэн;

 

 3.1.5.хумсны дээж авахдаа баруун гарын бүх хурууны хумсыг 1 уутанд, зүүн гарын бүх хурууны хумсыг 1 уутанд тус бүр хийж, гаргацтай хаяглан ирүүлсэн;

 

 3.1.6.шинжилгээ хийхэд зориулж авсан дээжийг хаяглахдаа он, сар, өдөр, цаг, минутыг гаргацтай бичсэн;

 

 3.1.7.шинжилгээний дээжийг 1 удаагийн лац ашиглан битүүмжлэн ирүүлсэн.

 

Дөрөв.Шинжилгээний объектыг хадгалах, устгах

 

4.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан  шинжилгээний объектыг хадгалж, устгана.

 

Тав.Шинжилгээ хийх

 

5.1.Шинжээчид  хуваарилагдсаны дараа шинжилгээ хийх объектыг эрх бүхий этгээдийн шийдвэр, бусад баримтад тодорхойлсонтой тулган хүлээн авч, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

 

 5.2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журам, стандарт, ажлын зааврын дагуу шинжилгээ хийнэ.

 

 5.3.Шинжээч үзлэг, шинжилгээ хийж түүний бүтэц, тоо ширхэг, чанарт ямар өөрчлөлт гарсан талаар тэмдэглэж, дүгнэлтэд тусгана.

 

Зургаа.Химийн бодисын хадгалалт, хамгаалалт, устгал

 

6.1.Химийн бодисыг  ХАЛМ (Хор аюулын лавлах мэдээлэл)-д заасан нөхцөлд тусгай зориулалтын шүүгээнд хадгална.

 

         6.2.Химийн бодисыг хор аюулын ангиллаар нь ялгаж хадгалахад дараах ерөнхий зарчмыг баримтална:  

 

Химийн бодисын ангилал

Хадгалах нөхцөл

Хамт хадгалж болохгүй бодис, тохиромжгүй нөхцөл

Шахсан хий- шатамхай

Сэрүүн, хуурай нөхцөлд, исэлдүүлэгч хийнүүдээс тусад нь хадгална. Хана, тавиур гэх мэт хөдөлгөөнгүй зүйлтэй балон нэг бүрийг тусад нь бэхэлнэ.

Исэлдүүлэгч болон хортой хий

Шахсан хий-исэлдүүлэгч

Сэрүүн, хуурай нөхцөлд,  шатамхай хийнүүдээс тусад нь хадгална. Хана, тавиур гэх мэт хөдөлгөөнгүй зүйлтэй балон нэг бүрийг тусад нь бэхэлнэ.

Шатамхай болон хортой хий

Шахсан хий-хортой

Сэрүүн, хуурай нөхцөлд,  шатамхай хий болон шингэнүүдээс тусад нь хадгална. Хана, тавиур гэх мэт хөдөлгөөнгүй зүйлтэй балон нэг бүрийг тусад нь бэхэлнэ. Хортой ангиллын 1 ба 2 дугаар зэрэглэлийн хийг механик, тасралтгүй ажиллагаатай агааржуулалттай газар ашиглана.

Шатамхай болон исэлдүүлэгч хий

Идэмхий (металл зэврүүлэгч, арьс үрэвсүүлэгч)-органик биш хүчлүүд (металл зэврүүлэгч, арьс үрэвсүүлэгч)

Химийн бодист тэсвэртэй материалаар хийсэн хүчил хадгалах зориулалттай  шүүгээнд эсвэл хүчилд идэгддэггүй суурин дээр хадгална. Төмөр тавиур дээр хадгалж болохгүй.

Исэлдүүлэгч хүчлийг исэлдүүлэгч биш хүчлээс тусад нь хадгална.

Шатамхай шингэн, шатамхай хатуу бодис, шүлт, исэлдүүлэгч, органик хүчлүүд.

Цианид, сульфид болон натри, кали гэх мэт идэвхтэй металлаас тусад нь хадгална.

Идэмхий-органик хүчлүүд

Химийн бодист тэсвэртэй материалаар хийсэн хүчил хадгалах зориулалттай  шүүгээнд эсвэл хүчилд идэгддэггүй суурин дээр хадгална. Төмөр тавиур дээр хадгалж болохгүй.

Шатамхай шингэн, исэлдүүлэгч, хортой бодис, шүлт, органик биш хүчлүүд.

Цианид, сульфид болон натри, кали гэх мэт идэвхтэй металлаас тусад нь хадгална.

Идэмхий-шүлтүүд

Химийн бодист тэсвэртэй материалаар хийсэн зориулалтын шүүгээнд эсхүл зэврэлтэд тэсвэртэй суурин дээр хадгална.

Шатамхай шингэн, исэлдүүлэгч, хортой бодис, хүчлүүд

 

Тэсрэмтгий бодисууд

Бүх химийн бодисуудаас тусад нь, халаалтын эх үүсвэрээс хол хадгална.

Унах, цохигдох эрсдэлтэй газар хадгалж болохгүй.

Бүх химийн бодис

Шатамхай шингэнүүд

Галд тэсвэртэй химийн бодисын шүүгээнд хадгална.

Хүчлүүд, шүлтүүд, исэлдүүлэгчид, хортой бодисууд

Шатамхай хатуу бодисууд

Сэрүүн, хуурай газар, исэлдүүлэгч болон идэмхий бодисоос хол хадгална. Ус болон агаартай харилцан үйлчлэхээс болгоомжилно.

Хүчлүүд, шүлтүүд, исэлдүүлэгчид, хортой бодисууд

Исэлдүүлэгчид

Шатамхай материал, ангижруулагч бодисоос тусад нь асгарсан бодисыг цуглуулах зориулалтай тавиур дээр хадгална.

Ангижруулагч бодис, шатамхай болон идэмхий бодис, органик материал

Хортой бодисууд

Сэрүүн, хуурай, агааржуулалттай газар, бусад ангиллын бодисуудаас тусад нь хадгална.

Бусад ангиллын бодисууд, ялангуяа хүчил, шүлт, исэлдүүлэгч

Устай харилцан үйлчилдэг бодисууд

Сэрүүн, хуурай, агааржуулалттай газар, бусад ангиллын бодисуудаас тусад нь хадгална.

Бүх төрлийн шингэн бодис, уусмал, исэлдүүлэгч

Урвалын идэвхтэй биш бодисууд

Ердийн химийн бодисын шүүгээнд хадгална.

ХАЛМ-ийг үзэх.

 

6.3.Химийн бодисыг ил тавиур дээр хадгалах бол тавиур нь бат бэх, химийн бодист тэсвэртэй материалаар хийсэн, химийн бодист тэсвэртэй будгаар будсан байна.

 

6.4.Химийн бодисын дээд тавиур дээр хор аюул ихтэй бодисыг, доод тавиур дээр бага аюултай бодисыг хадгална.

 

6.5.Химийн бодисын хаягдал, биоматериалын үлдэгдлийг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагатай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж устгуулна.

 

6.6.Устгал хийлгэх гэрээг жил тутам сунгана. 

 

Долоо.Лабораторид тавигдах шаардлага

 

7.1.Лаборатори нь дараах физикийн болон химийн хүчин зүйлийн зөвшөөрөгдөх хэмжээг хангасан байна:

 

 7.1.1.физикийн хүчин зүйл:

 

Физикийн хүчин зүйл

Эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээ

1.

Агаарын температур °C

20-24

2.

Харьцангуй чийгшил %

40-60

3.

Агаарын урсгалын хурд м/с

0,2

4.

Шуугианы түвшин ДбА

65-85

5.

Гэрэлтүүлэг

БГК

1,5

Люкс

400-750

 

 7.1.2.химийн хүчин зүйл:

 

Химийн хүчин зүйл

Эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээ

1.

NH3  - Амиакийн ууршилт мг/м3

20

2.

Н2SO4- Хүхрийн хүчил мг/м3

1

3.

CO - Угаарын хий мг/м3

20

4.

H2S - Хүхэрт устөрөгч мг/м3

10

5.

Lel Органик бодисын ууршилт мг/м3

10

 

7.2.Шинжээч Шүүх шинжилгээний тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Стандарт, хэмжил зүйн газраас баталсан "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025 стандарт, зааврыг хэрэгжүүлж ажиллана.

 

7.3.Багаж, тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийх гэрээг мэргэшсэн инженер бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай 1 жилийн хугацаатай байгуулж, жил тутам сунгана. 

 

 

Найм.Лабораторийн аюулгүй ажиллагаа

 

8.1.Шинжилгээний лабораторид ажиллах алба хаагч нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байна.

 

8.2.Лаборатори нь хортой бодисын уур, тоосыг сорох төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

 

8.3.Багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулахад цахилгааны уртасгагч залгуур ашиглахыг хориглоно.

 

8.4.Гэмтэлтэй залгуур, утас, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

 

8.5.Лабораторид ашиглагдаж байгаа залгуур нь ус, чийг, уураас хамгаалагдсан хавхалгатай байна. 

 

8.6.Химийн бодис асгарсан, алдагдсан тохиолдолд хамгаалах хувцас өмсөж "Аюулгүй ажиллагааны иж бүрдэл"-ийг зааврын дагуу ашиглана.

 

8.7.Яаралтай үед ашиглах эмийн сантай байна.

 

8.8.Лабораторийн хаалга нь хурууны хээ эсвэл ID картаар онгойдог цоожоор тоноглогдсон байна.

 

8.9.Лабораторийн өрөө бүрд галын хор байрлуулсан байна.

 

8.10.Техник, тоног төхөөрөмж дээр зөвхөн эрх бүхий албан тушаалтан ажиллана.

 

8.11.Лабораторид ажиллахад дараах ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэнэ:

 

 8.11.1.хуурай нунтаг химийн хортой болон аюултай бодистой харьцахад:

 

Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл

Олон улсын болон үндэсний стандартууд

2.

Ажлын малгай буюу толгойн боолт

1.EN ISO 13982:2004 "Химийн бодисоос хамгаалах хувцас"-ны стандарт;

2.ISO 20345:2011 "Ажлын хамгаалалттай гутал" стандарт;

3.EN 420:2003 "Ажлын бээлий"-ний стандарт

4.EN 166:2002 "Хамгаалалтын нүдний шил"-ний стандарт;

5.EN 149:2009 "Амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл" стандарт (FFP2, FFP3);

6.MNS 6654:2017 "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл. Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавигдах ерөнхий шаардлага".

3.

Ажлын бээлий

4.

Ажлын гутал

5.

Нүдний шил

6.

Тоосонцрын нөхцөлд тохирсон хошуувч буюу амны хаалт

7.

Ажлын өмд, цамц

 

 

 8.11.2.шингэн химийн хортой болон аюултай бодистой харьцахад:

 

Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл

Олон улсын болон үндэсний стандартууд

1.

Ажлын халаад, хормогч

1.EN ISO 13982:2004 "Химийн бодисоос хамгаалах хувцас"-ны стандарт;

2.ISO 20345:2011 "Ажлын хамгаалалттай гутал" стандарт;

3.EN 420:2003 "Ажлын бээлий"-ний стандарт;

4.EN 166:2002 "Хамгаалалтын нүдний шил"-ний стандарт;

5.MNS ISO 13994:2003 "Химийн шингэн бодисоос хамгаалах хувцас, хамгаалалтын хувцасны материалын даралттай шингэний нэвтрэлтийг эсэргүүцэх чадварыг тодорхойлох".

2.

Тусгай зориулалтын бээлий

3.

Тусгай зориулалтын гутал

4.

Ажлын малгай буюу толгойн боолт

5.

Хошуувч

6.

Нүдний шил

7.

Тусгай зориулалтын ажлын өмд, цамц

8.

Нэг удаагийн шингэн нэвтрүүлэхгүй хувцас

 

8.12.Лабораторид ажиллах алба хаагч нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын дагуу хөдөлмөр, хамгааллын хувцас, хэрэгслээр тухай бүр хангагдаж, хэрэглэнэ.

 

 8.13.Лабораторид зөвшөөрөлгүй гадны хүн нэвтрэхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд удирдлагын зөвшөөрлөөр гадны хүн нэвтрүүлж болно.

 

8.14.Лабораторид гадны хүн нэвтрүүлсэн тохиолдолд нэг удаагийн иж бүрэн хамгаалах хувцас өмсүүлнэ.

 

8.15.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээд шинжилгээний үйл ажиллагаанд саад учруулахгүй аюулгүй ажиллагааны дэглэм баримталж, багаж, тоног төхөөрөмж болон лабораторийн эд зүйлсэд хүрэхийг хориглоно. 

 

8.16.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээдийн үйл ажиллагаанд лабораторийн эрх бүхий албан тушаалтан хяналт тавина.

 

Ес.Нууцлал, аюулгүй байдал

 

9.1.Лабораторийн алба хаагч нь шинжилгээний үйл явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.

 

9.2.Лабораторийн алба хаагч нь шинжилгээ хийх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, хувь хүний нууцыг задруулахгүй байна.

 

9.3.Шинжээч техник, тоног төхөөрөмж дээрх өөрийн шинжилгээний үр дүнг нууцалж, аюулгүй байдлыг хангана.

 

Арав.Бусад

 

10.1.Шинжилгээ хийх явцад шинжээчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд шинжилгээний объектод үүссэн гэмтэл, хорогдлыг шинжилгээний байгууллага, шинжээч хариуцахгүй.

10.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---