- Нүүр
- Сайдын тушаал
- ФИЗИКИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/227 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ФИЗИКИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад физикийн шинжилгээ (цаашид "шинжилгээ" гэх) хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.Шинжээч нь шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.
1.3.Шинжээч нь шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
Хоёр.Шинжилгээний арга, аргачлал, үе шат
2.1.Шинжилгээг багажид анализын арга, ерөнхий тооцооллын аргаар хийнэ.
2.2.Шинжилгээ нь дараах ерөнхий үе шаттай байна:
2.2.1.шинжилгээний объектыг хүлээж авах;
2.2.2.шинжилгээний аргачлалыг сонгох;
2.2.3.ул мөрийг илрүүлж, дээжийг бэхжүүлж авах;
2.2.4.багажид анализ хийх;
2.2.5.үр дүнг боловсруулах;
2.2.6.өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хянах;
2.2.7.дүгнэлт гаргах.
Гурав.Шинжилгээний объектод тавигдах шаардлага
3.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна шинжилгээний объект нь дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1.холбогдох стандарт, заавар, журмын дагуу сорьц, дээжийг авч, зориулалтын сав, баглаа, боодолд хийж, хаяглан битүүмжилсэн;
3.1.2.шинжилгээний сорьц, дээж, загвар нь тухайн объектыг бүрэн төлөөлж чадахуйц, чанар, тоо хэмжээний хувьд стандарт шаардлагыг хангасан;
3.1.3.галт зэвсгээр үйлдэгдсэн хэргийн үед сэжигтэн, яллагдагч, хохирогч нарын гарын арчдасын дээжийг спирт шингээсэн тусгай зориулалтын бинтээр бэхжүүлэн авсан;
3.1.4.бэхжүүлэн авсан дээжийн хаягжилтад хэрэг болсон цаг хугацаа, бэхжүүлэн авсан цаг хугацаа, орчны тайлбар зэргийг тусгасан;
3.1.5.галт зэвсгээр үйлдэгдсэн хэргийн үед сэжигтэн, яллагдагч, хохирогч нарын хувцасны гэмтэл үүссэн хэсгийг битүүмжилэн, хувцсыг дотогш эргүүлж ирүүлсэн;
3.1.6.алт, мөнгөн эдлэлийг (ээмэг, бөгж, гинж гэх мэт) тус бүр хаяглан битүүмжилсэн;
3.1.7.автомашины будаг харьцуулах шинжилгээний дээж 1 см-с дээш хэмжээтэй;
3.1.8.хөрс шорооны найрлагыг тодорхойлох шинжилгээний дээж 50 граммаас дээш хэмжээтэй.
Дөрөв.Шинжилгээний объектыг хадгалах, устгах
4.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шинжилгээний объектыг хадгалж, устгана.
Тав.Шинжилгээ хийх
5.1.Шинжээчид хуваарилагдсаны дараа шинжилгээ хийх объектыг эрх бүхий этгээдийн шийдвэр, бусад баримтад тодорхойлсонтой тулган хүлээн авч, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
5.2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журам, стандарт, ажлын зааврын дагуу шинжилгээ хийнэ.
5.3.Шинжилгээнд ирүүлсэн объект гэмтэж, устаж үгүй болохоор байвал шинжээч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд энэ талаар урьдчилан мэдэгдэнэ.
5.4.Шинжээч үзлэг, шинжилгээ хийж түүний бүтэц, тоо ширхэг, чанарт ямар өөрчлөлт гарсан талаар тэмдэглэж, дүгнэлтэд тусгана.
Зургаа.Лабораторид[ тавигдах шаардлага
6.1.Лаборатори нь шинжилгээний үйл ажиллагаанд зориулагдсан тоног төхөөрөмж, техник хэрэглэл, хэрэглэгдэхүүнтэй байна.
6.2.Лабораторийн тоног төхөөрөмжийг газардуулга болон зориулалтын төхөөрөмжтэй холбож, цахилгааны хэлбэлзэл, тасалдлаас сэргийлэх арга хэмжээг авсан байна.
6.3.Шүүх шинжилгээний тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Стандарт, хэмжил зүйн газраас баталсан "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025 стандарт, зааврыг хэрэгжүүлж ажиллана.
6.4.Шинжилгээ хийх лаборатори нь цацрагийн хамгаалалтын стандарт шаардлага хангасан өрөө тасалгаа болон үзлэг шинжилгээ хийх өрөөтэй байна.
6.5.Лаборатори нь дараах физикийн хүчин зүйлийн зөвшөөрөгдөх хэмжээг хангасан орчин, нөхцөлтэй байна:
6.5.1.Физикийн хүчин зүйл
№ |
Физикийн хүчин зүйл |
Эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээ |
|
1. |
Агаарын температур °C |
20-24 |
|
2. |
Харьцангуй чийгшил % |
40-60 |
|
3. |
Агаарын урсгалын хурд м/с |
0,2 |
|
4. |
Шуугианы түвшин ДбА |
65-85 |
|
5. |
Гэрэлтүүлэг |
БГК |
1,5 |
Люкс |
400-750 |
Долоо.Лабораторийн аюулгүй ажиллагаа
7.1.Лабораторид ажиллах алба хаагч нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байна.
7.2.Лабораторид ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгай хэрэгслийг бэлэн байлгаж, аюулгүйн шүршүүр, нүд угаагуур суурилуулж, анхан шатны тусламжийн хайрцгийг ил байлгана.
7.3.Лабораторийн алба хаагчид зохих хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлтэй ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө.
7.4.Лабораторид бусад этгээд ажиллах, гадны хүн зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд удирдлагын зөвшөөрлөөр гадны хүн нэвтрүүлж болно.
7.5.Лабораторид гадны хүн нэвтрүүлсэн тохиолдолд нэг удаагийн иж бүрэн хамгаалах хувцас өмсүүлнэ.
7.6.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээд шинжилгээний үйл ажиллагаанд саад учруулахгүй аюулгүй ажиллагааны дэглэм баримталж, багаж, тоног төхөөрөмж болон лабораторийн эд зүйлсэд хүрэхийг хориглоно.
7.7.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээдийн үйл ажиллагаанд лабораторийн эрх бүхий албан тушаалтан хяналт тавина.
Найм.Нууцлал, аюулгүй байдал
8.1.Лабораторийн алба хаагч нь шинжилгээний үйл явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.
8.2.Лабораторийн алба хаагч нь шинжилгээ хийх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, хувь хүний нууцыг задруулахгүй байх арга хэмжээ авна.
8.3.Шинжээч техник, тоног төхөөрөмж дээрх өөрийн шинжилгээний үр дүнг нууцалж, аюулгүй байдлыг хангана.
Ес.Бусад
9.1.Шинжилгээ хийх явцад шинжээчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд шинжилгээний объектод үүссэн гэмтэл, хорогдлыг шинжилгээний байгууллага, шинжээч хариуцахгүй.
9.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A