- Нүүр
- Сайдын тушаал
- БИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/227 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
БИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад биологийн шинжилгээ (цаашид "шинжилгээ" гэх) хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.Шинжээч нь биологийн шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.
1.3.Шинжээч нь шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
Хоёр.Шинжилгээний арга, аргачлал, үе шат
2.1.Шинжилгээг физик, хими, серологи, иммунологи, иммунохроматограф, молекул биологийн аргад суурилсан, батлагдсан стандарт, ажлын зааврын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.2.Шинжилгээ нь дараах ерөнхий үе шаттай байна:
2.2.1.биологийн ул мөрийг илрүүлэх, дээжийг бэхжүүлж авах;
2.2.2.шинжилгээний аргачлалыг сонгох;
2.2.3.үр дүнг боловсруулах;
2.2.4.өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хянах;
2.2.5.дүгнэлт гаргах.
Гурав.Шинжилгээний[ объектод тавигдах шаардлага
3.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна шинжилгээний объект нь дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1.холбогдох стандарт, заавар, журмын дагуу сорьц, дээжийг авч, зориулалтын цаасан сав, баглаа, боодолд хийж, хаяглан битүүмжилсэн;
3.1.2.шинжилгээний сорьц, дээж, загвар нь тухайн объектыг бүрэн төлөөлж чадахуйц, чанар, тоо хэмжээний хувьд стандарт шаардлагыг хангасан;
3.1.3.цус, биологийн бусад ул мөр агуулсан шинжилгээний объект нь хуурай, чийггүй;
3.1.4.шинжлүүлэгчийн биеэс авсан шингэн цусны дээжийг улаан болон ягаан өнгийн тагтай хуруу шилэнд хийж, зааврын дагуу хаяглан, (+20)-(+80) хэмд хадгалж, лабораторид ирүүлсэн;
3.1.5.шинжлүүлэгчийн биеэс эр бэлгийн эс илрүүлэх шинжилгээнд 2-оос доошгүй хөвөн бамбараар стандарт зааврыг баримтлан арчдас дээж авч, наац бэлтгэн агаарт хатааж, агаар оруулах жижиг нүх бүхий савлагаа хийж, хаягжуулан ирүүлсэн.
3.2.Шаардлагатай тохиолдолд цусыг бэхжүүлэн хатааж шинжилгээнд ирүүлэх ба FTA card зэрэг зориулалтын хэрэгсэл эсхүл ариун бинт хэрэглэж болно.
3.3.Биологийн ул мөр бүхий объект, шинжилгээний сорьц, дээжийг (+20)-(+80) хэм бүхий хөргүүрт байрлуулан шилжүүлэх, зөөвөрлөх, тээвэрлэх горим баримтлан, горим зөрчигдсөнөөс үүссэн гэмтэл, доголдлын улмаас шаардлага хангахгүй болсон объектод шинжилгээ хийгдэхгүй.
Дөрөв.Шинжилгээний объектыг хадгалах, устгах
4.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шинжилгээний объектыг хадгалж, устгана.
Тав.Шинжилгээ хийх
5.1.Шинжээчид хуваарилагдсаны дараа шинжилгээ хийх объектыг эрх бүхий этгээдийн шийдвэр, бусад баримтад тодорхойлсонтой тулган хүлээн авч, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж дүгнэлт гаргана.
5.2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журам, стандарт, ажлын зааврын дагуу шинжилгээ хийнэ.
5.3.Үзлэг, шинжилгээ хийж ул мөр бэхжүүлэхдээ хэсэглэн авах, арчдас авах аргыг хэрэглэнэ. Дээж бэхжүүлэн авсны дараа түүний бүтэц, тоо ширхэг, чанарт ямар өөрчлөлт гарсан талаар тэмдэглэл хийж, дүгнэлтэд тусгана.
5.4.Шинжилгээний объектоос ул мөр илрүүлж бэхжүүлэх, дээж бэлтгэх, шинжилгээний арга аргачлалыг сонгох, үр дүнг боловсруулах, үр дүнд дүн шинжилгээ хийх ажиллагааг гүйцэтгэхдээ тусгай лаборатори, тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмж бүхий орчинд хийж гүйцэтгэнэ.
5.5.Шинжилгээ хийж дууссаны дараа шинжилгээний объектыг дүгнэлтийн хамт эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө.
Зургаа.Лабораторид тавигдах шаардлага
6.1.Шүүх шинжилгээний тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Стандарт, хэмжил зүйн газраас баталсан "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025 стандарт, Албан тасалгааны хөдөлмөрийн нөхцөл ажлын байрны орчин MNS 4990:2015 стандарт, зааврыг үндэслэл болгон хэрэгжүүлж ажиллана.
6.2.Лаборатори нь дотоод орчны хими, физикийн зөвшөөрөгдөх нөхцөлийг хангах агааржуулалтын бие даасан систем, халдваргүйжүүлэх шүүлтүүр бүхий сорох шүүгээ, өрөөний хэм тохируулах хэрэгслээр тоноглогдсон байна.
6.3.Химийн хор, аюултай бодисыг тусгай шүүгээнд хадгалж ашиглана.
6.4.Галын аюулгүй байдал, цахилгааны хэлбэлзэл, хэт хүчдэлээс сэргийлэх арга хэмжээ авч, гэмтэл доголдолгүй, зориулалтын залгуурт тоног төхөөрөмжийг залгаж, шалнаас хөндий байрлуулсан байна.
6.5.Лабораторийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хэрэгжүүлэхдээ MNS ISO/IEC 17025 стандартыг мөрдлөг болгож, мэргэшсэн инженер, байгууллагатай гэрээ байгуулан ажиллана.
6.6.Шаардлагатай үед яаралтай горимд ажиллах урвалж бодис болон техник хэрэгслийн зохих нөөцийг бүрдүүлсэн байна.
6.7.Нөөц урвалж, хэрэгслийн хадгалах хөргүүр, шүүгээ зэрэг нь цоожтой байна.
Долоо.Лабораторийн аюулгүй ажиллагаа
7.1.Лабораторид ажиллах алба хаагч нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байна.
7.2.Лабораторид ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгай хэрэгслүүдийг бэлэн байлгаж, аюулгүйн шүршүүр, нүд угаагуур суурилуулж, анхан шатны тусламжийн хайрцгийг ил байлгана.
7.3.Лабораторийн алба хаагчид зохих хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлтэй ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө.
7.4.Лабораторид бусад этгээд ажиллах, гадны хүн зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд удирдлагын зөвшөөрлөөр гадны хүн нэвтрүүлж болно.
7.5.Лабораторид гадны хүн нэвтрүүлсэн тохиолдолд нэг удаагийн иж бүрэн хамгаалах хувцас өмсүүлнэ.
7.6.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээд шинжилгээний үйл ажиллагаанд саад учруулахгүй аюулгүй ажиллагааны дэглэм баримталж, багаж, тоног төхөөрөмж болон лабораторийн эд зүйлсэд хүрэхийг хориглоно.
7.7.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээдийн үйл ажиллагаанд лабораторийн эрх бүхий албан тушаалтан хяналт тавина.
8.1.Лабораторийн алба хаагч нь шинжилгээний явц, үр дүнгийн нууцлалыг хангаж, шинжилгээний урвалж, объектын аюулгүй байдлыг хангаж ажиллана.
8.2.Лабораторийн алба хаагч нь шинжилгээ хийх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, хувь хүний нууцыг задруулахгүй байх арга хэмжээ авна.
8.3.Шинжээч техник тоног төхөөрөмж дээрх өөрийн шинжилгээний үр дүнг нууцалж, аюулгүй байдлыг хангана.
Ес.Бусад
9.1.Шинжилгээ хийх явцад шинжээчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд шинжилгээний объектод үүссэн гэмтэл, хорогдлыг шинжилгээний байгууллага, шинжээч хариуцахгүй.
9.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A