A

A

A

Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/227 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

 

ДЕЗОКСИРИБОНУКЛЕЙН ХҮЧИЛ /ДНХ/-ИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээ (цаашид "шинжилгээ" гэх)  хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2.Шинжээч нь дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.

 

1.3.Шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

 

Хоёр.Шинжилгээний арга, аргачлал, үе шат

 

2.1.Шинжилгээг фрагментын анализ, нуклеотидын дараалал тогтоох гэсэн аргаар хийнэ.

 

2.2.Фрагментын анализ нь аутосомын болон Ү, Х хромосомын маркерт суурилсан, нуклеотидын дараалал тогтоох шинжилгээ нь бөөмийн болон митохондрийн ДНХ-ийн тодорхой хэсгийн нуклеотидын дараалал тогтоох гэсэн төрөлтэй байна.

 

2.3.Шинжилгээг дараах үе шаттай хийнэ:

 

2.3.1.ул мөр илрүүлэх, дээж авах;

2.3.2.нуклейн хүчлийг ялган цэвэршүүлэх;

2.3.3.нуклейн хүчлийн тоо хэмжээ, цэвэршилтийг тогтоох;

2.3.4.нуклейн хүчлийн тодорхой хэсгийг олшруулах буюу полимеразийн гинжин урвал явуулах, үнэлэх;

 

2.3.5.генетик анализаторт капилляр электрофорез явуулах;

2.3.6.үр дүнг боловсруулах;

2.3.7.өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хянах;

2.3.8.дүгнэлт гаргах.

 

2.4.Зарим объектын онцлогоос хамаарч шинжилгээний явцад нэмэлт цэвэршүүлэлт хийж, агууламж тогтоох, шалгалт тохируулга хийх зэрэг ажилбар хийж болно.

 

 

Гурав.Шинжилгээний объектод тавигдах шаардлага[

 

3.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна шинжилгээний объект нь дараах шаардлагыг хангасан байна:

 

3.1.1.холбогдох стандарт, заавар, журмын дагуу сорьц, дээжийг авч, зориулалтын сав, баглаа, боодолд хийж, хаяглан битүүмжилсэн;

 

3.1.2.шинжилгээний сорьц, дээж, загвар нь тухайн объектыг бүрэн төлөөлж чадахуйц, чанар, тоо хэмжээний хувьд стандарт шаардлагыг хангасан;

 

3.1.3.хүний биеэс авсан цус, бусад дээж, био-материалыг зориулалтын хөргүүр ашиглан 4-8C эсвэл -20C хэмийн зохих горимд тээвэрлэж, чанарыг алдагдуулаагүй;

 

3.1.4.цус, биологийн бусад ул мөр агуулсан шинжилгээний объект нь хуурай, чийггүй;

 

3.1.5.эд эрхтний хэсэг, ураг, үр хөврөл, эхэс бусад био-материал дээр формалин, спирт зэрэг бэхжүүлэгч бодис нэмээгүй.

 

Дөрөв.Шинжилгээний объектыг хадгалах[, устгах

 

4.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан  шинжилгээний объектыг хадгалж, устгана.

 

Тав.Шинжилгээ хийх

 

5.1.Шинжээчид  хуваарилагдсаны дараа шинжилгээ хийх объектыг эрх бүхий этгээдийн шийдвэр, бусад баримтад тодорхойлсонтой тулган хүлээн авч, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

 

 5.2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журам, стандарт, ажлын зааврын дагуу шинжилгээ хийнэ.

 

5.3инжилгээг шинжилгээний объектоос ул мөр илрүүлж бэхжүүлэх, дээж бэлтгэх, ДНХ ялгах, Полимеразын гинжин урвал явуулах, электрофорез явуулах, үр дүнг боловсруулах, үр дүнд дүн шинжилгээ хийх зэргээр лабораторийн тусгайлан заасан хэсэгт хийж гүйцэтгэнэ.

 

5.4.Харьцуулах шинжилгээнд задлан шинжилгээ, үзлэгээр авч бэхжүүлсэн цус, арчдас болон бусад дээжийн санд бүртгэлтэй дээж, сорьц ашигласан бол хариуцсан албан хаагчид хүлээлгэн өгч бүртгэл хөтөлнө.

 

5.5.Шинжилгээний явцад цэвэршүүлэн ялгасан ДНХ-ийн уусмалыг -20С эсвэл -70С хүртэл хэмд, эмх цэгцтэй хадгална. Полимеразын гинжин урвалаар олшруулсан бүтээгдэхүүнийг -20С хэмд 7-14 хоног хадгалж болно.

 

 5.6.Шинжээч үзлэг, шинжилгээ хийж түүний бүтэц, тоо ширхэг, чанарт ямар өөрчлөлт гарсан талаар тэмдэглэж, дүгнэлтэд тусгана.

 

 

Зургаа.Лабораторид тавигдах шаардлага

 

6.1.Лаборатори нь шинжилгээний үйл ажиллагаанд зориулагдсан өрөө тасалгаа, хэсэгт байрлуулсан тоног төхөөрөмж, техник хэрэглэл, хэрэглэгдэхүүнтэй байна.

 

6.2.Лабораторийн тоног төхөөрөмжийг газардуулга болон зориулалтын төхөөрөмжтэй холбож, цахилгаан тасалдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

 

6.3.Шүүх шинжилгээний тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Стандарт, хэмжил зүйн газраас баталсан "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025 стандарт, зааврыг хэрэгжүүлж ажиллана.

 

6.4.Шинжилгээний тусгай горим, нөхцөл, хугацаа шаарддаг ажилбар гүйцэтгэж байгаа алба хаагчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах, тасалдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, хаалгыг чип, ID картаар нэвтрэх боломжтой цоожоор тоноглосон байна.

 

6.5.Шаардлагатай бэлэн байдлыг хангаж, яаралтай горимд ажиллах үед урвалжийн нөөцийг бүрдүүлсэн байна.

 

6.6.Нөөц урвалж, хэрэгслийн хадгалах хөргүүр, шүүгээ зэрэг нь цоожтой байна.

 

Долоо.Лабораторийн аюулгүй ажиллагаа

 

 7.1.Лабораторид ажиллах алба хаагч нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байна.

 

 7.2.Лабораторид ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгай хэрэгслүүдийг бэлэн байлгаж, аюулгүйн шүршүүр, нүд угаагуур суурилуулж, анхан шатны тусламжийн хайрцгийг ил байлгана.

 

 7.3.Лабораторийн алба хаагчид зохих хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлтэй ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө.

 

7.4.Лабораторид  бусад этгээд ажиллах, гадны хүн зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд удирдлагын зөвшөөрлөөр гадны хүн нэвтрүүлж болно.

 

7.5.Лабораторид гадны хүн нэвтрүүлсэн тохиолдолд нэг удаагийн иж бүрэн хамгаалах хувцас өмсүүлнэ.

 

7.6.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээд шинжилгээний үйл ажиллагаанд саад учруулахгүй аюулгүй ажиллагааны дэглэм баримталж, багаж, тоног төхөөрөмж болон лабораторийн эд зүйлсэд хүрэхийг хориглоно. 

 

7.7.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээдийн үйл ажиллагаанд лабораторийн эрх бүхий албан тушаалтан хяналт тавина.

 

 

Найм.Нууцлал, аюулгүй байдал

 

8.1.Лабораторийн алба хаагч нь шинжилгээний үйл явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.

 

8.2.Лабораторийн алба хаагч нь шинжилгээ хийх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, хувь хүний нууцыг задруулахгүй байх арга хэмжээ авна.

 

8.3.Шинжээч техник тоног төхөөрөмж дээрх өөрийн шинжилгээний үр дүнг нууцалж, аюулгүй байдлыг хангана.

 

Ес.Бусад

 

9.1.Шинжилгээ хийх явцад шинжээчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд шинжилгээний объектод үүссэн гэмтэл, хорогдлыг шинжилгээний байгууллага, шинжээч хариуцахгүй.

 

9.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---оОо---