A

A

A

Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/227 дугаар тушаалын тавдугаар хавсралт

 

 

БАКТЕРИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бактериологийн шинжилгээ (цаашид "шинжилгээ" гэх) хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2.Шинжээч нь бактериологийн шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.

 

1.3.Шинжээч нь шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

 

Хоёр.Шинжилгээний арга, аргачлал, үе шат

 

 2.1.Шинжилгээг ийлдэс судлал, микроскопоор харж оношлох, бактерийг өсгөвөрлөх, молекул биологийн аргаар хийнэ.

 

 2.2.Шинжилгээ нь дараах ерөнхий үе шаттай байна:

 

 2.2.1.шинжлүүлэгчийн биеэс дээж авах;

 2.2.2.авсан дээжийг бэхжүүлэх, ялгах;

 2.2.3.дээжийг урвал болон шинжилгээнд бэлдэх;

 2.2.4.шинжилгээний урвал явуулах;

 2.2.5.үр дүнг боловсруулах;

 2.2.6.гарсан үр дүнд шинжилгээ хийх;

 2.2.7.хэрвээ халдварт өвчин илэрсэн тохиолдолд батлах шинжилгээг нэг ба түүнээс дээш аргаар хийх;

 2.2.8.дүгнэлт гаргах.

 

Гурав.Шинжилгээний объектод тавигдах шаардлага

 

3.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна шинжилгээний объект нь дараах шаардлагыг хангасан байна:

 

3.1.1.холбогдох стандарт, заавар, журмын дагуу сорьц, дээжийг авч, зориулалтын сав, баглаа, боодолд хийж, хаяглан битүүмжилсэн;

 

3.1.2.шинжилгээний сорьц, дээж, загвар нь тухайн объектыг бүрэн төлөөлж  чадахуйц, чанар, тоо хэмжээний хувьд стандарт шаардлагыг хангасан;

3.1.3.хүний биеэс авсан цус, бусад дээж, биоматериалыг зориулалтын хөргүүр /4-8 хэм/, хөлдөөгч /-20 хэм/ ашиглан, зохих дулааны горимд шилжүүлэн, тээвэрлэж, чанарыг алдагдуулаагүй;

 

3.1.4.шинжлүүлэгчийн бэлэг эрхтнээс авсан наалдац нь тавиур шилний гуравны нэгээс хэтрэхгүй, жигд түрхэгдсэн.

 

Дөрөв.Шинжилгээний объектыг хадгалах, устгах

 

 4.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан  шинжилгээний объектыг хадгалж, устгана.

 

Тав.Шинжилгээ хийх

 

 5.1.Шинжээчид  хуваарилагдсаны дараа шинжилгээ хийх объектыг эрх бүхий этгээдийн шийдвэр, бусад баримтад тодорхойлсонтой тулган хүлээн авч, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж дүгнэлт гаргана.

 

 5.2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журам, стандарт, ажлын зааврын дагуу шинжилгээ хийнэ.

 

 5.3.Бактериологийн шинжилгээг лабораторийн тусгайлан заасан хэсэгт хийж гүйцэтгэнэ.

 

 5.4.Шинжээч үзлэг, шинжилгээ хийж түүний бүтэц, тоо ширхэг, чанарт ямар өөрчлөлт гарсан талаар тэмдэглэж, дүгнэлтэд тусгана.

 

Зургаа.Лабораторид тавигдах шаардлага

 

 6.1.Лаборатори нь био-аюулгүй байдлын хоёр ба түүнээс дээш зэргийг хангасан байна.

 

 6.2.Лаборатори нь шинжилгээний үйл ажиллагаанд зориулагдсан өрөө тасалгаа, хэсэгт байрлуулсан тоног төхөөрөмж, техник хэрэглэл, хэрэглэгдэхүүнтэй байна.

 

 6.3.Лабораторийн тоног төхөөрөмжийг газардуулга болон зориулалтын төхөөрөмжтэй холбож, цахилгааны хэлбэлзэл, тасалдлаас сэргийлэх арга хэмжээг авсан байна.

 

 6.4.Шүүх шинжилгээний тухай хууль, холбогдох хууль тогтоомж, "эрүүл мэндийн лаборатори-чанар ба чадавхад" тавигдах шаардлага MNS ISO 15189-2015, MNS ISO 17025:2018 стандарт, зааврыг хэрэгжүүлж ажиллана.

 

 6.5.Шинжилгээний тусгай горим, нөхцөл, хугацаа шаарддаг ажилбар гүйцэтгэж байгаа алба хаагчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах, тасалдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, хаалгыг чип, ID картаар нэвтрэх боломжтой цоожоор тоноглосон байна.

 

 6.6.Шаардлагатай бэлэн байдлыг хангаж, яаралтай горимд ажиллах үед урвалжийн нөөцийг бүрдүүлсэн байна.

 

 6.7.Нөөц урвалж, хэрэгслийн хадгалах хөргүүр, шүүгээ зэрэг нь цоожтой байна.

Долоо.Лабораторийн аюулгүй ажиллагаа

 

 7.1.Лабораторид ажиллах алба хаагч нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байна.

 

 7.2.Лабораторид ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгай хэрэгслүүдийг бэлэн байлгаж, аюулгүйн шүршүүр, нүд угаагуур суурилуулж, анхан шатны тусламжийн хайрцгийг ил байлгана.

 

 7.3.Лабораторийн алба хаагчид зохих хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлтэй ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө.

 

7.4.Лабораторид  бусад этгээд ажиллах, гадны хүн зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд удирдлагын зөвшөөрлөөр гадны хүн нэвтрүүлж болно.

 

7.5.Лабораторид гадны хүн нэвтрүүлсэн тохиолдолд нэг удаагийн иж бүрэн хамгаалах хувцас өмсүүлнэ.

 

7.6.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээд шинжилгээний үйл ажиллагаанд саад учруулахгүй аюулгүй ажиллагааны дэглэм баримталж, багаж, тоног төхөөрөмж болон лабораторийн эд зүйлсэд хүрэхийг хориглоно. 

 

7.7.Нэвтрэх зөвшөөрөл авсан этгээдийн үйл ажиллагаанд лабораторийн эрх бүхий албан тушаалтан хяналт тавина.

 

Найм.Нууцлал, аюулгүй байдал

 

8.1.Лабораторийн алба хаагч нь шинжилгээний үйл явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.

 

8.2.Лабораторийн алба хаагч нь шинжилгээ хийх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, хувь хүний нууцыг задруулахгүй байх арга хэмжээ авна.

 

8.3.Шинжээч техник тоног төхөөрөмж дээрх өөрийн шинжилгээний үр дүнг нууцалж, аюулгүй байдлыг хангана.

 

Ес.Бусад

 

9.1.Шинжилгээ хийх явцад шинжээчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд шинжилгээний объектод үүссэн гэмтэл, хорогдлыг шинжилгээний байгууллага, шинжээч хариуцахгүй.

 

9.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

---оОо---